Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 231

 

                                                                                                                                                                                                                                                                       

                                                                    

 

 

 

 

 

 

 

         Х.Энхтуяад холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Гансүх, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Энэрэл,

Ялтан Х.Энхтуяа, түүний өмгөөлөгч А.Энхбуйр,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхзул, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Х.Энхтуяа, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Энхтуяад холбогдох эрүүгийн 201626012649 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Боржигон овогт Халтарын Энхтуяа, 1963 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, ах, хүүхдүүд, зээ нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 1 дүгээр гудамжны 60 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ХБ63030865/,   

 

          Х.Энхтуяа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 44 дүгээр гудамжны 161 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу өөрийн төрсөн ах Х.Мөнхтайваныг өмөөрч хохирогч Б.Чойжилтой маргалдан, улмаар түүний зүүн мөрөн тус газар нь хутгалж, бие махбодид нь “Цээжний хөндийд нэвтэрч уушиг гэмтээсэн зүсэгдэж хатгагдсан шарх, цээжний хөндий дэх хий, шингэн хуралдалт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Х.Энхтуяад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Х.Энхтуяаг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Халтарын Энхтуяаг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Энхтуяад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Энхтуяа, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Энхтуяагаас 330.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Чойжилд олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Чойжил нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс, бусад зардал болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн урд хэсэгтээ цус болж хатсан, ирний хэсгээр мурийсан, саарал өнгийн төмөр хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Х.Энхтуяад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн тоолж, …Х.Энхтуяад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Х.Энхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Халтар овогтой Энхтуяа би 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Б.Чойжилын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдон 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 79 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Х.Энхтуяа миний бие 54 настай, ам бүл 10, ач, зээ, үр хүүхдүүдийн хамт өрх толгойлон амьдардаг.

2. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан 330.000 төгрөгийг төлсөн болно. Иймд миний ар гэр, хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгтээ 5 жил 1 сарын ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү” гэв.

Ялтан Х.Энхтуяагийн өмгөөлөгч А.Энхбуйр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс X.Энхтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцож, 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэсэн бөгөөд тогтоолд дурдсан “...гэм хорыг арилгаагүй, хохирлыг бүрэн төлөөгүй” гэсэн нь бодит байдалтай нийцээгүй, ялыг оногдуулахад буюу хөнгөрүүлэхэд нөлөөлсөн” гэж үзэж гомдол гаргаж байна. Мөрдөн байцаалт, прокуророос шүүхэд ирүүлсэн хавтаст хэргийн авагдсан баримтаар хохирогч Б.Чойжилын баримтаар бүрдүүлсэн 448.400 төгрөгийн хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан гэдэг үүднээс хөнгөрүүлэх хүсэлт гаргасан бөгөөд харин шүүхийн шатанд хохирогч 8.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 330.000 төгрөгийн баримт шинээр гаргаж ирснийг анхан шатны шүүх хохирлыг бүрэн төлөөгүй гэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд “...хохирлыг нөхөн төлсөн бол” гэсэнтэй агуулгын хувьд зөрчилдөж, ялыг хүндрүүлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Гэвч шүүгдэгч дээрх байдалдаа дүгнэлт хийж, хохирлыг гомдол гаргах хугацаанд бүрэн төлж барагдуулан, гэм хорыг арилгаж, хохирогч Б.Чойжил нь “хохирлыг барагдуулсан, цаашид гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэж бичгээр гаргаж өгсөн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм хорыг арилгасан болон хохирлыг бүрэн төлсөн зэргийг харгалзан Х.Энхтуяад оногдуулсан ялыг хуульд зааснаар хөнгөрүүлж өгнө үү гэж гомдол гаргаж байна” гэв.

Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энхтуяагийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Энхтуяа хийсэн хэрэгтээ гэмшиж, уучлалт гуйж байгаа байдал нь өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа байдлаас харагдаж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт 330.000 төгрөгийн хохирлын баримт гаргаж ирээд, түүнийг төлөөгүй, хохирлыг барагдуулаагүй байна гэдэг үндэслэлээр ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал үүсээгүй байсан. Харин хэрэг давж заалдах шатны шүүхэд хянагдаж хугацаанд ялтны зүгээс 330.000 төгрөгийн хохирлыг төлсөн байна. Иймд хуульд зааснаас доогуур ял оногдуулах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд заасныг шүүх хэрэглэх боломжтой гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлтэй оруулах үндэслэлтэй байна” гэв.

ХЯНАВАЛ:

Х.Энхтуяа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 44 дүгээр гудамжны 161 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу өөрийн төрсөн ах Х.Мөнхтайваныг өмөөрч хохирогч Б.Чойжилтой маргалдан, улмаар түүний зүүн мөрөн тус газар нь хутгалж, бие махбодид нь “Цээжний хөндийд нэвтэрч уушиг гэмтээсэн зүсэгдэж хатгагдсан шарх, цээжний хөндий дэх хий, шингэн хуралдалт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Чойжилын “...2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэртээ ээж дүү нарын хамт байж байтал орой 21 цаг өнгөрч байхад манай ээжийн найзууд болох Энхтуяа, Мөөжиг, Оюундарь нар ирсэн. Тухайн үед гэрт би, ээж, дүү, бэр эгч Шүрэнцэцэг нар байсан. Дээрх хүмүүс гэрт орж ирээд хамт 5, 6 шил "Шим" нэртэй архи, 1 том пиво хувааж уугаад байсан. Тухайн үед би дүү нартайгаа хамт хажууд нь байж байсан. Тэгээд гэрт байсан хүмүүс нилээн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд бүгд согтсон байсан. Тэгтэл Оюундарь эгч намайг хамт дэлгүүр явъя гээд дагуулаад автобусны буудлын хажууд байх Жаргалант дэлгүүр орж 2 шил архи авах гэсэн чинь Оюундарь эгчийн карт ажиллахгүй байна гээд надаас мөнгө зээлээд надаар архины мөнгөө төлүүлээд дэлгүүрээс гарч гэрт очсон. Тэгээд тэд архиа хувааж уугаад ихэнх нь тасарсан байсан. Тэгээд байж байхад Мөөжиг гээд ах манай ээжийг үнсээд дайраад байхаар нь би боль гээд салгасан чинь Энхтуяа эгч Мөөжиг ахыгаа өмөөрөөд намайг болон ээж гэр оронг минь доромжлоод байсан. Би тэгэхээр нь Мөөжиг ахыг гэрээсээ гаргасан. Тэгтэл Мөөжиг ах хаалга түлхээд орох гээд байсан. Би оруулахгүй гээд хаалга түгжээд байж байсан чинь араас Энхтуяа эгч над руу дайраад хэл амаар доромжлоод, чамайг ална гэх мэтийн заналхийлсэн үг хэлээд байхаар нь би манай орон гэрийг битгий доромжлоод байгаарай гэж хэлсэн. Тэгтэл Мөөжиг ах хаалга түлхээд орж ирэхээр нь би дахин гэрээсээ гаргаад хаалгаа хаагаад хойшоо хартал Энхтуяа эгч хутга барьчихсан миний зүүн эгэм хэсэгт хутгаар нэг удаа хатгасан. Тэгээд миний мөрнөөс цус гараад байхаар нь би даавуу аваад шархан дээрээ дараад бага дүү Дагвасүрэнг түргэн дууд гэж хэлээд үүдний шалан дээр явган суусан. Тухайн үед Энхтуяа эгч хутгаа арчаад над руу хараад суугаад байсан. Харин бусад хүмүүс нь тасарчихсан, юу болоод байгаа талаар мэдэхгүй байсан. Харин Оюундарь миний шархан дээр даавуу тавиад цус тогтоож байсан. Тэгээд удалгүй түргэний эмнэлэг болон цагдаа нар ирсэн. Тэгээд би цагдаа нарт юу болсон талаараа хэлээд Энхтуяа эгчийг цагдаа нарт өгөөд явуулсан. Харин гэрт ээж Буянжаргал, дүү Дагвасүрэн, Шүрэнцэцэг нар үлдсэн. Оюундарь надтай хамт түргэний машинд суугаад явсан. Мөөжиг гэдэг хүний бүтэн нэрийг болон одоо хаана байгааг мэдэхгүй байна. Энхтуяа, Мөөжиг хоёр төрсөн ах дүү юм. Тэгээд би ахыг нь хөөгөөд гаргахад ахыгаа өмөөрөөд гэрт агсам тавиад байсан. Шууд санаатайгаар намайг хутгалсан байх. Учир нь ийм зүйл болохын өмнө над руу дайраад ална, хядна гэх мэтийн зүйл хэлээд байсан. Мөн хутгалчихаад ямар нэгэн айж сандарсан зүйл байхгүй, намайг хараад байгаад байсан. Мөн эмнэлэг явсан хойгуур над руу залгаад би чамайг ална даа гэх мэтийн зүйл хэлээд байсан. Урьд нь 2015 оны намар гэрт шөнө Энхтуяа эгч нөхөртэйгээ хамт орж ирээд агсам тавиад байхаар нь би хөөж гаргатал гарахдаа өглөө хэвтэр дээр чинь ална хядна гэх мэтийн зүйл хэлж байгаад гараад явсан. Харин өглөө унтаж байтал гэрт орж ирээд намайг зодсон. Тухайн үед би цагдаагаар шалгуулж байгаад зүгээр орхичихсон. Би 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө Энхтуяа эгч манайд ирээд тохирох арга байна уу гэх мэтийн зүйл ярьж байгаад явсан байна лээ. Тухайн үед би унтаж байсан. Тэгээд сэрээд өдөр тийшээ би Энхтуяа эгчийн гэрт очиж уулзаад хохирол болох 8.000.000 төгрөг өгчих гэсэн. Энхтуяа эгч чадахгүй, одоо чиний хэрэг байхгүй гэх мэт зүйл хэлээд байсан. Тэгээд бас намайг дарамтлах гээд байгаа юм шиг чамайг цагдаад хэлнэ гээд байхаар нь би гараад явчихсан. Хэрэг болох үед Энхтуяа над руу дайраад гар хөл рүү цохиод байсан. Тэгж байгаад нэг удаа зүүн эгэм орчим хутгалсан. Одоо амьсгалахаар нэг л эвгүй зовиуртай байна. Мөн цээж хэсгээр хавдсан зовиуртай байгаа. Маш их гомдолтой, 8.000.000 төгрөг нэхэмжилж байна. Ажил хийх цаг хугацааг минь алдагдуулсан, мөн эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол гэж үзэн дээрх мөнгийг нэхэмжилж байна. Энхтуяа намайг эмнэлэгт хэвтэж байхад эмчилгээний зардал гэж манай гэрийнхэнд хэдэн төгрөг өгсөн байна лээ...” /хх-15-17/,

Гэрч Х.Мөнхтайваны “…Тухайн өдөр би гэрээсээ гараад явж байгаад Буяатай уулзаад хамт гэрт нь очсон. Тухайн үед Буяагийн /Д.Буянжаргал/ хоёр хүүхэд нь Шүрээтэй /Шүрэнцэцэг/ хамт байж байсан. Гэрт нь байж байтал гаднаас Дариа, Энхтуяа хоёр дэлгүүр орчихоод ирлээ гээд нилээн хэдэн шил архи болон нэг том пиво авчихсан байсан. Тэгээд бид нар тойрч суугаад нөгөө авсан архиа хувааж ууж байсан. Буяа миний хажуунаас үнсээд “би чамтай сууна” гэх мэтийн зүйл яриад байж байсан. Буяагийн том хүү Чойжил Буяа бид хоёрыг салгаад намайг татаад гэрийн гадаа гаргасан. Би буцаж орох гэтэл оруулахгүй байсан. Тухайн үед дотор том хүү Чойжил хутгалуулчихсан байдалтай эмнэлэг болон цагдаа нар ирчихсэн байсан. ...Тухайн өдөр манайх яс чанаж идсэн. Одоо бодоод байхад Энхтуяа махтай төмөр савнаас юм аваад цохих гэж байгаад хутга аваад санаандгүй цохисон байх. ...Энхтуяагийн ах Мөөжиг /Мөнхтайван/ бид хоёрыг хамтран амьдарна гэх зэрэг зүйл яриад байж байтал манай хүү "чамайг ээжтэйгээ хамт байлгахгүй" гээд маргаан болоход дундуур нь Энхтуяа ахыгаа өмөөрөөд маргалдаж байгаад ийм асуудал болсон юм шиг байна лээ...” /хх-18-19/,

Насанд хүрээгүй гэрч Б.Дагвасүрэнгийн “...Тэр өдөр би хичээлээ тараад гэртээ ирсэн чинь гэрт ээж, Дариа эгч, манай ах Чойжил байсан. Тэгээд би цай ундаа уугаад байж байсан чинь манай ширээн доор архи тавьчихсан байсан. Тэгээд би хоол цайгаа уучихаад орон дээрээ хэвтээд утсаар тоглож байтал гаднаас Туяа эгч орж ирсэн. Туяа эгчийг ирэхээс өмнө Мөөжиг ах орж ирсэн байсан. Тэд архиа ууж байгаад маргалдаад хутга дээрээ тулсан юм шиг байна лээ. Нэг мэдсэн л Чойжил ахыг Туяа эгч хутгалчихсан, хутгаа нэг юмаар арчаад Чойжил ахын хажууд зогсож байсан. Тэгэхээр нь би цагдаа гээд 102 дугаарт дуудлага өгсөн. Бас эмнэлэг болох 103 дугаарт дуудлага өгсөн. Удалгүй цагдаа, эмнэлэг хоёр ирсэн. Түргэн Чойжил ахыг авч явахад Дариа эгч хамт явсан. Харин цагдаа нар Мөөжиг ах, Туяа эгч хоёрыг аваад явсан. ...Нэг харсан чинь Чойжил ахын зүүн мөр хэсэгт хутгалчихсан байдалтай хажууд нь Туяа эгч цустай хутга барьчихсан, хутгаа арчаад байж байсан...” /хх-23/,

Гэрч Б.Ганзоригийн “...Тухайн үед би Сэлбэ-115 чиглэлд цагдаагийн ахлах дэслэгч Я.Болор-Эрдэнийн хамт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнө 00 цагийн үед Сэлбэ 10-аас Хилчины 44-161 тоотод ээжийн найз Энхтуяа гэгч эмэгтэй манай ахыг хутгалчихлаа гэсэн дуудлага мэдээлэл авч тухайн хэргийн газар хойшлуулашгүйгээр очсон. Тухайн хүмүүс нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тухайн айлын эрэгтэй хүүхдийг хамт байсан Энхтуяа гэгч эмэгтэй хутгалсан байсан. Би хэргийн газар Я.Болор-Эрдэнийн хамт очсон. Хэргийн газар ороход бүгд нилээн согтуу байдалтай байсан. Тухайн үед хутгалуулсан залуу болон түүний дүү хоёр л эрүүл байсан. Тэгээд Болор-Эрдэнэ бид хоёр яаралтай 103 дуудан хутгалуулсан гэх залууг гэрт байсан нэг эмэгтэйтэй хамт явуулсан. Тэгээд Энхтуяа гэгч эмэгтэйг сэлбэ 10 дээр авчиран хүлээлгэн өгсөн. Би хэргийн газраас тухайн эрэгтэйг хутгалсан гэх төмөр хутгыг хураан авч тэмдэглэл үйлдэн сэлбэ 10-т хүлээлгэн өгсөн. ...Нэг залуу мөр орчмоо хутгалуулсан байсан. Харин хутгалсан гэх эмэгтэй согтуу сууж байсан...” /хх-27/,

Гэрч Д.Алтанзулын “...2016 оны 10 дугаар сарын 27-ны орой хэдэн цаг гэдгийг нь мэдэхгүй байна. Тухайн үед манай Буянжаргал гэдэг дүүгийн гэрт Дариа, Туяа гээд нэг эмэгтэйгийн ах, Туяа, Шүрэнцэцэг, Дагвасүрэн, Чойжил нар байж байсан юм байна лээ. Орой хоол хийгээд, ...Туяа, Шүрэнцэцэг, Туяагийн ах, Дариа, Буянжаргал нар нэг шил архи уугаад байж байхад нь манай дүү Чойжил, Дагвасүрэн, Дариа нар хөзөр тоглож байсан юм байна лээ. ...Туяа гэдэг хүний ах нь манай дүү Чойжилд би танай ээжтэй сууна гэх мэт зүйл хэлээд жаахан дарамтлах маягтай байгаад байхаар нь Чойжил гэрээсээ хөөж гаргасан чинь буцаад ороод ирсэн. Дахин хөөгөөд гаргасан чинь Туяа "чи манай ахыг хөөдөг хэн юм" гэж хэлээд маргаж байгаад хутга аваад хатгачихсан гэсэн. Миний мэдэх зүйл бол энэ байна. Надад хэргийн талаар Дариа, Дагвасүрэн хоёр ингэж хэлсэн...” /хх-24/,

Гэрч О.Түмэнбаярын “...Энхтуяа бид хоёр хамтран амьдрагч, хамт амьдраад 10 жил болж байна. Анх 2006 онд танилцаад хамт байх болсон. Энхтуяа Сонгинохайрхан дүүргийн 22 хороо, Тахилтын 1-60 тоотод зээ нарын хамтаар амьдардаг. Хоёр том охиныхоо хүүхдүүдийг хараад гэртээ байдаг. Хувь хүний хувьд цагаан цайлган сэтгэлтэй, хүнд тусч, хааяа огцом ууртай, тамхи татдаг, архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэнэ. ...Хүмүүстэй нийлэхээрээ уучихдаг, нэг ёсны хүнд уруу татагдаад уучихдаг. 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Энхтуяа дүү Гүнжидмаагийнд очоод ирье гээд орой 20 цагийн үед явсан байх, би сайн мэдэхгүй байна. Тэгээд орой гэртээ ирэхгүй байхаар нь гайхаад байж байтал өглөө Т.Хулан гээд охин нь орж ирээд ээж цагдаа дээр асуудалтай болчихсон байна гэж хэлээд би мэдсэн...” /хх-20/,

Гэрч Т.Дэлгэрмөрөнгийн “...Энхтуяа миний ээж. ...Тамир над руу залгаад ээж хүн хутгалчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн хэрэг гарсан газар нь очсон. Намайг очиход үл таних хоёр хүн согтуу байсан. Нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн байсан. Тэгээд ороод харахад ээж байхгүй байхаар нь төмөр замын эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэхэд очоод ээжтэй уулзах гэтэл бид нарыг уулзуулаагүй. ...” /хх-26/,

Х.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэртээ хамтран амьдрагч Түмэнбаяр, 4 зээтэйгээ хамт байж байтал 15 цагийн үед Дариа над руу яриад би Буяа эгчийнд байж байя, та завтай болохоороо хүрээд ирээрэй гэж байсан. Дахин 17 цагийн үед над руу Дариа залгаад та ирэх болж байна уу, Буяа эгчийнд Шүрээ бид гурав байна, та хүрээд ир гээд байсан. ...Орой 18 цагийн үед гараад явсан. Буяагийнд 10 минутын дараа очсон. Тэгээд намайг Буяагийнд ороход Буяа, Шүрээ, Дариа гурав 2 шил архи, 1 том пиво ширээн дээр гаргаад тавьчихсан байсан. Тухайн үед нэг шил архины талыг нь уучихсан байсан. Тэгээд би гэрт ороод тэд нартай мэндлээд хамт суусан. Тухайн үед гэрт Буяа, Шүрээ, Дариа, Чойжил, Чойжилын дүү Бондоохой гээд хүүхэд байсан. Тэгээд бид хэд хамт сууж байгаад нөгөө авсан архиа Буяа, Шүрээ, Дариа гурав хуваагаад уусан. Харин би архи ууж чадахгүй болохоор пивоноос нь уугаад байж байтал гаднаас манай төрсөн ах Мөнхтайван орж ирээд бид нартай хамт суусан. Тэгээд бид нар хамт сууж байгаад юм яриад байж байсан. Мөнхтайван ах Буяатай хамт амьдарна сууна гэх мэтийн зүйл яриад бид нар тоглож байтал хажуунаас Чойжил орж ирээд "танайх шиг архичин гэрийнхэнтэй ээжийгээ хамт амьдруулахгүй" гээд Мөнхтайван ах болон намайг доромжилж эхэлсэн. Тэгээд байж байгаад Чойжил босч ирээд Мөнхтайванг гэрээс хөөгөөд гаргахаар нь би уурлаад Чойжилтой хэрэлдэж байтал Чойжил намайг нэг удаа түлхээд газар унагаачихсан. Тухайн үед газар унахад миний хажууд төмпөнтэй яс байсан. Тэгэхээр нь нэг юм аваад Чойжилын зүүн мөр хэсэгт нь 1 удаа газраас авсан зүйлээрээ цохих шиг болсон. Тухайн үед би хутга гэж мэдээгүй, ямар ч байсан газар унахдаа нэг юм аваад цохих шиг болсон. Гэхдээ энэ талаараа би сайн санахгүй байна. Учир нь би пивоноос нилээн уучихсан, согтуу байсан гэж хэлж болно. Нэг мэдэхэд Дариа бид хоёрыг салгаж байсан. Удаагүй эмнэлэг цагдаа ирсэн. Эмнэлэг ирээд Чойжилыг аваад явсан. Харин цагдаа нар намайг төмөр замын эрүүлжүүлэхэд аваачсан. Би тэндээ хоноод өглөө нь Сонгинохайрхан дүүргийн цагдаа дээр ирсэн. Буянжаргал, Мөнхтайван хоёр хамт амьдарна гэж байсны төлөө Чойжил уурлаад гэрт маргалдаан болж эхэлсэн. Тухайн үед би гэрт байсан том пивыг бүгдийг нь уучихсан байсан. Тухайн пиво нь 1 литр 500 граммын Нийслэл нэртэй пиво байсан. ... Чойжил эрүүл байсан. Чойжил бид хоёр тухайн өдөр хэрэлдэж маргалдаад байж байсан чинь Чойжил түрүүлээд намайг түлхэж унагаасан. Би газар унаад босохдоо төмпөнд байсан зүйлээс нэг юм аваад боссоноо санаж байна. Би Чойжилын зүүн мөр хэсэгт нь нэг удаа гэж санаж байна. Тухайн үед Чойжил над руу тонгойсон байдалтай байсан. Би бодохдоо намайг цохих гэж байна гэж бодсон. Чойжил бид хоёрын дунд урьд таарамжгүй харилцаа байхгүй. ...Бид нар зүгээр юм яриад тоглож байтал Чойжил хажуунаас орж ирээд манай гэр бүлийг доромжлоод манай ахыг гэрээс хөөж гаргасан. Би Чойжилыг болгоомжгүй хутгалсан. Учир нь тэр залуугийн хувьд эрүүл байсан. Залуу хүн өөрийгөө хамгаалах чадвартай байсан...” /хх-47-48/,

“...2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би гэртээ байж байтал манай хөрш болох Оюундарь над руу утсаар залгаад “Туяа эгчээ би Буянжаргал эгчийн гэрт очоод байж байя, та араас хүрээд ирээрэй” гэж хэлсэн. ...Орой 17 цагийн үед гэрээсээ Буянжаргалынх руу гарсан. Буянжаргалынд 15 минут орчмын дараа очсон. Намайг Буянжаргалын гэрт ороход Оюундарь, Буянжаргал, Шүрэнцэцэг нар 1 шил 0.75 литрийн архи голдоо тавьчихсан хуваагаад ууж байсан. Тэгээд намайг гэрт ороход тэд нар надад 1 том 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво аваад тавьчихсан байсан. Тэгээд бид нар бүгд тойрч сууж байгаад хоорондоо юм ярьж байгаад архи, пивоо уусан. Би цагаан архи уугаагүй, пиво уусан, би архи ууж чаддаггүй. Тэгтэл нөгөө хэдийн архи нь дуусаад 1 шил архинд Чойжил, Оюундарь хоёр явсан. Би тухайн үед нилээн согтчихсон байдалтай байсан. Нэг мэдэхэд манай ах Мөнхтайван Буянжаргалтай тэврэлдчихсэн байдалтай хамт амьдарна, сууна гэх мэтийн зүйл яриад инээлдээд байж байсан чинь Буянжаргалын хүү Чойжил босч ирээд манай ах Мөнхтайван руу дайраад чам шиг архичин шоронгийн хадаас болсон хүнтэй ээжийгээ хамт амьдруулахгүй гэж орилж байгаад манай ахыг гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгэхээр нь би ахыгаа өмөөрөөд Чойжилтой муудалцаад байж байсан. Чойжил намайг үүдний хэсэгт түлхсэн. Тэгээд би газар унаад босохдоо газар байсан төмпөн дотроос нэг зүйл аваад Чойжилын мөр хэсэгт нь авсан зүйлээрээ 1 удаа цохисон. Тэгтэл миний газраас авсан зүйл маань хутга байсан юм байна лээ. Би уг нь Чойжилыг хутгалах санаа байгаагүй. Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор нилээн манараад ийм зүйл хийчихсэн. ...Чойжил манай ах Мөнхтайвантай маргалдсан учраас ийм зүйл болсон. Учир нь Чойжил босч ирээд манай ахыг доромжилсон. Гэр бүлийг минь гуйлгачин гэх мэтийн зүйл хэлээд доромжлоод байсан. Бид хоёр хэрэлдээд намайг түлхэж унагаасан байх. Тэгээд би газар унаад босохдоо үүдний хэсэгт газар байсан савнаас нэг зүйл аваад цохисон. Би яс байна гэж бодсон. Тэгсэн хутга байсан юм байна лээ. Би Чойжилын эмчилгээний зардал гэж 460.000 төгрөг өгсөн. Одоо Чойжил надаас 8.000.000 төгрөг нэхэмжилээд байгаа. Би тухайн мөнгийг өгөх боломжгүй...” /хх-50-51/, гэх мэдүүлгүүд болон  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 14875 тоот акт, дүгнэлтийн “...Б.Чойжилын биед цээжний хөндийд нэвтэрч уушиг гэмтээсэн зүсэгдэж хатгагдсан шарх, цээжний хөндий дэх хий, шингэн хуралдалт бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” /хх-32/ гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 10361 тоот, дүгнэлтийн “...Шинжилгээнд ирүүлсэн 12 см төмөр иштэй 25.5 см урттай хутган дээр цус илэрсэн. Бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй байна. Харьцуулан шинжлэхээр авсан гэх цагаан өнгийн марль мэт зүйлд шингээсэн хүрэн өнгийн хатсан зүйл дээрх цус нь АВО системээр В /III/ бүлгийн харъяалалтай байна...” /хх-34/ гэх дүгнэлт, “Нэг ширхэг төмөр хутгыг” эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тогтоол /хх-13/, хохирлын баримт /хх-55-59/, хохирлын тооцоо /хх-60/, хохирол төлсөн тухай баримт /хх-52-54/, Дуудлага мэдээлэл хүлээн авсан тухай бүртгэлийн хуулбар /хх-64/, хохирогч Б.Чойжилын өвчний түүх /хх-64-107/, шүүгдэгч Х.Энхтуяагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-108/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.    

Ялтан Х.Энхтуяа, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нар нь “…Шүүгдэгч Х.Энхтуяад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү…” гэх давж заалдах гомдлуудыг тус тус гаргаж байх ба гомдлыг хүлээн авч хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Учир нь ялтан Х.Энхтуяа нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг баримтаар нотлогдсон хэмжээнд нөхөн төлсөн, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээсэн зэрэг түүний хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжтой гэж шүүх үзэв.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Энхтуяаг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Х.Энхтуяаг 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.ДАВААСҮРЭН

 ШҮҮГЧИД                                                   Д.ГАНСҮХ

         Д.МЯГМАРЖАВ