Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2019/0676

 

                                             “Ус” ХХК-ийн гомдолтой

                                                   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Б, Ж.О, хариуцагч Б.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0677 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Базарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “Ус” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын улсын байцаагч Б.Ц-д холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0677 дугаар шийдвэрээр:

 “Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8-д  заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Ус” ХХК-ийн Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын улсын байцаагч Б.Цэдэнсодномын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0030651 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Б давж заалдах гомдолдоо: “... Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5.5 дахь хэсгийн хэрэглээний тухай:

Хуулийн дээрх хэсэгт “Гал түймрийн улсын хяналтын байцаагч хууль тогтоомж галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргана” гэж заасан. Ийм маргаан бүхий шийтгэлийн хуудас нь галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн байж хуульд нийцсэн, үндэслэл бүхий болох юм. Өөрөөр хэлбэл, улсын хяналтын байцаагч нь гал түймрийн талаар аливаа шийдвэр гаргахдаа өөрийн үзэмжид үндэслэж болохгүй..

Маргаан бүхий шийтгэлийн хуудас нь хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичигт үндэслээгүй тухайд:

Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах тавигдах шаардлагыг зөрчсөн бол хариуцлага оногдуулах тухай заасан. Гэтэл хариуцагч нь гомдол гаргагчийг галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах шаардлагыг зөрчсөн гэж буруутгасан хэмээн анхан шатны шүүхэд тайлбарласан ч ямар хууль тогтоомж, дүрэм журмын аль заалт, хэсгийг зөрчсөн тухай шийтгэлийн хуудсандаа тусгаагүй бөгөөд шүүхэд ч тайлбарлаж чадаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасны дагуу шийтгэлийн хуудсанд түүнийг гаргах болсон бодит нөхцөл байдал болон хууль зүйн үндэслэлийг заах шаардлагатай. Энэ хүрээнд галын аюулгүй байдлын тухай ямар хууль тогтоомж, дүрэм журмын аль хэсэг зөрчигдсөн болохыг заах шаардлагатай боловч шийтгэлийн хуудас нь тус шаардлагыг хангаагүй.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шийтгэлийн хуудасны үндэслэл болсон 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 283/571 дүгээр шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч П.Мөнхбатыг гэрчээр асуусан. Ингэхдээ түүний гаргасан шинжээчийн дэгнэлт нь гал түймэрт гомдол гаргагч компанийг гэм буруутай гэх үзсэн эсэх буюу тэрээр “нэхэмжлэгчийн буруугаас гал гарсан” хэмээн дүгнэсэн эсэхийг бид асууж тодруулсан. Үүнд тэрээр би зөвхөн гал гарсан шалтгааныг тогтооно гэж хариулсан. Иймд түүний шинжээчийн дүгнэлт нь гомдол гаргагчийг гал түймэрт шууд буруутгасан баримт биш юм. Харин хариуцагч тус дүгнэлтийг яагаад нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болгосноо тайлбарлаж чадаагүй. Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсийн 2-т шинжээчийн дүгнэлт нь шийтгэлийн хуудсыг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэл болох тухай тайлбарласан нь үндэслэлгүй юм.

Шийтгэлийн хуудас нь лабораторийн дүгнэлтэд үндэслээгүй тухайд:

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасны дагуу маргаан бүхий шийтгэлийн хуудас нь итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэх учиртай боловч лабораторийн дүгнэлтэд үндэслээгүй гэж бид маргасан. Анхан шатны шүүх бидний энэхүү үндэслэлийн няцаасан үндэслэлээ шүүхийн шийдвэрийн 10 дахь талд тайлбарлахдаа “... шинжилгээ хийлгүүлэхээр удаа дараагийн боломжит ажиллагааг хийсэн, улмаар мэргэжлийн шинжилгээ хийдэг байгууллагыг томилж шинжээчийн дүгнэлт гаргасан нөхцөл байдал тогтоогдож байгаа тул хариуцагч улсын байцаагчийг энэхүү хуулийн заалтыг баримтлаагүй, галын аюулгүй нөхцөл байдлыг тогтоох шинжилгээ хийлгээгүй гэж үзэх үндэслэлгүй байна” хэмээн тайлбарласан байна. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасны дагуу  хариуцагчийг лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэрээ гаргах тухай заасан тул боломжит ажиллагааг хийсэн буюу лаборатори бүхий байгууллагад дүгнэлт гаргуулахаар хүсэлт тавьсан эдгээр шийдвэрийг зөвтгөх үндэслэлгүй юм.

Шинжээчийн дүгнэлт нь лабораторийн дүгнэлтэд үндэслээгүй тул түүнийг зөв, үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй юм. Зөрчлийн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийн “2 дугаар асуултын хариулт” хэсэгт “бөмбөлөг илэрсэн цахилгааны утаснуудыг Геологийн төв лабораторид нарийвчлан шинжилгээнд хамруулж бөмбөлөгт агуулагдах хүчилтөрөгчийн агууламжийг тодорхойлсноор гал гарах шалтгаан нөхцөл байгаа эсэхийг тодорхойлох боломжтой болно” гэж заасан. “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын 2018.04.04-ний өдрийн хариу албан бичигт “шинжилгээний ажлыг одоогоор гүйцэтгэх боломжгүй” хэмээн хариу мэдэгдсэн. Мөн тус газрын 2018.05.18-ны өдрийн “хариу хүргүүлэх тухай” албан бичигт “... цахилгааны шинжилгээний төрөл бидний итгэмжлэлийн хүрээний аргад орохгүй бөгөөд манай байгууллагад ашиглагдаж буй тоног төхөөрөмж, шинжилгээний арга, аргачлал ... цахилгааны утсанд шинжилгээг гүйцэтгэхэд зориулагдаагүй тул тус дээжинд хүчилтөрөгчийн агууламжийг тодорхойлох шинжилгээний ажлыг гүйцэтгэх боломжгүй байна” хэмээн тайлбарлажээ. Зөрчлийн хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2018.07.05-ны өдрийн албан бичигт “... галын шинжээчийн дүгнэлтийг гаргахад Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д зааснаар хэрэгт ач холбогдол бүхий бөмбөлөг үүссэн цахилгаан дамжуулах утасны хүчилтөрөгчийн агууламжийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай байна. Иймд дээрх асуудлаар Онцгой байдлын Ерөнхий газарт хандана уу” гэсэн байдаг. Энэ бол шийтгэлийн хуудасны үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтийг гаргасан П.М-ын ажилладаг байгууллагын хариу албан бичиг билээ. Тус албан бичигт тайлбарласнаар галын шинжээчийн дүгнэлтийг гаргахад бөмбөлөг үүссэн цахилгаан дамжуулах утасны хүчилтөрөгчийн агууламжийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай байсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг хэрэглээгүй тухайд:

Хэрэв гал гарсан шалтгаан нь нэхэмжлэгч компанийн ажилтнуудын буруугаас болсон гэж үзвэл буруутай ажилтныг эсхүл хуулийн этгээдийг торгох эсэхийг тогтоох шаардлагатай. Байгууллагын ажилтан зөрчил гаргасан тохиолдолд ямар нөхцөлд байгууллагад хариуцлага оногдуулах тухай Зөрчлийн тухай хуулийн дээрх хэсэгт заасан. Үүнд хуулийн этгээдийг төлөөлөн түүний ашиг сонирхлын төлөө зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах тухай заасан.

Анхан шатны шүүх энэ талаар дүгнэхдээ “... гэрээг тус компанийн нягтлан бодогч болон иргэн Б.У-ын эгч Л.Х нар харилцан тохиролцож байгуулжээ. Иймээс ажилтны гаргасан зөрчилд компани хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй гэж гомдол гаргагч талаас маргаж байгаа нь үндэслэлгүй байна” хэмээн дүгнэжээ. Эндээс дүгнэхэд шүүх ажил гүйцэтгэх гэрээг компани байгуулсан тул компанид хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн гэж ойлгогдож байна. Гэвч гал гарсан явдалд гэрээ байгуулсан этгээд буруугүй тул гэрээ байгуулснаар хуулийн этгээдийг торгоно гэж дүгнэх ямар ч үндэслэлгүй юм. Гэрээг компани байгуулсан нөхцөлд компанийг торгоно гэж үзвэл гэрээ байгуулагдаагүй харилцаанаас үүссэн зөрчлийн бүхий л тохиолдолд компаний ажилтан хариуцлага хүлээх болно.

Зөрчлийн тухай хуулийн дээрх хэсэгт хуулийн этгээдийг төлөөлж, түүний ашиг сонирхлын төлөө зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдийг торгох тухай заасан. Иймд хэрэв төхөөрөмжөөс шалтгаалан гал гарсан гэж үзвэл нэхэмжлэгч компанийн ажилчид хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө зөрчил гаргасан тохиолдолд л нэхэмжлэгч компанийг торгох үндэслэлтэй болох юм. Тухайлбал, хуулийн этгээдийн нягтлан бодогч нь тус хуулийн этгээдийг төлөөлөн, татвар бага төлөх тухай ашиг сонирхлын төлөө татварын тайланг буруу гаргасан бол татвар төлөхөөс зайлсхийх зөрчил үйлдсэний хариуцлагыг тус хуулийн этгээд хүлээх, хэрэв хуулийн этгээдийн удирдлага нь тийнхүү татвараас зайлсхийх сонирхолгүй байхад нягтлан өөрөө мэдэж алдаатай тайлан гаргасан бол хуулийн этгээд хариуцлага хүлээх учиргүй юм.

Хохирлын хэмжээний тухай:

Бидний гаргасан хүсэлтийн дагуу “В” ХХК-иас тодруулга, тайлбар авахад байшин дотор байсан гэх зүйлсийг тус компани харж дүгнэлт гаргаагүй, гагцхүү үнэлгээ гаргуулсан хүн болох н.Ж-ийн гаргаж өгсөн мэдээлэл, жагсаалтыг үнэн зөв хэмээн үзэж дүгнэлт гаргасан тухай тайлбарласан байсан. Тус эд хөрөнгүүд гал гарах үед байсан болох нь тогтоогдохгүй байгаа. Шинжээчээс энэ талаар асуухад “галын улмаас байшин дотор юу байсан эсэх нь мэдэгдэхгүй болсон байсан” гэж хариулсан. Байшингийн эзэн талаас тухайн хөрөнгүүдийн зургийг гаргаж өгсөн гэх боловч тэрээр гал гарсан үеийн бус байшинг анх барьж байх үеийн зураг тул гал гарахад тэдгээр зүйлс байсан гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн зурагт хохирлын үнэлгээнд тусгасан зүйлс бүрэн байхгүй байгаа. Иймд байшин дотор байсан гэх зүйлсийн үнэлгээг хохиролд тооцсныг зөвтгөсөн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм.

Бид байшингийн үнэлгээний талаар шүүхийн журмаар шинжээч томилуулахыг хүссэн боловч шүүгч хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. “В” ХХК-иас шүүхийн журмаар баримт гаргуулснаар энэ асуудал тодорхой болно. Мөн нэхэмжлэгч компани зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээтэй холбоотой маргаагүй гэж тайлбарласан. Ийнхүү шалтгаанаар шүүхийн журмаар үнэлгээ хийлгүй, үнэлгээг хууль ёсны гэж үзэж буй нь үндэслэлгүй юм. Учир нь үнэлгээний тайланг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч компани, түүний өмгөөлөгчид танилцуулж байагаагүй.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээ хийх бол шинжээч томилж, эрх бүхий албан тушаалтан үнэлгээ хийлгэх учиртай. Үнэлгээ хийж буй этгээдэд хууль сануулсаны үндсэн дээр, хараат бусаар үнэлгээ хийлгэх шаардлагатай. Гэвч “В” ХХК нь өөрсдийн үнэлгээг ийнхүү маргаан хянан шийдвэрлэхэд ашиглагдана гэж бодож гаргаагүй тул хариуцлага хүлээхгүй бөгөөд үнэлгээ гаргуулсан н.Жавхлан гэж хүнтэй харилцан хамаарал бүхий этгээд байх бүрэн боломжтой. Иймд түүнийг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй юм. Шүүх бидний энэхүү тайлбарт дүгнэлт хийгээгүй.

Гомдол гаргагчийн зүгээс тус байшингийн цахилгаан холболт нь алдаатай, буруу байсан бөгөөд түүнээс үүдэн гал гарсан байх магадлалтай талаар хэлдэг. Үүнтэй холбоотой гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.О нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гал гарсан шалтгааныг тогтооход чиглэсэн ажиллагаа хийх тухай хүсэлт гаргасан боловч хариуцагч уг хүсэлтийг шийдвэрлээгүй байсан. Анхан шатны шүүх энэ талаар гаргасан бидний тайлбарт дүгнэлт хийгээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, анхан шатны шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг “Ус” ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

          Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын улсын байцаагч нь 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг, Жигжидийн зуслангийн зайдгайд байрлах Б.У-ын эзэмшлийн зуслангийн байшинд гал гарч, их хэмжээний хохирол учирсан гэх гомдлын дагуу хяналт шалгалт явуулж, “Ус” ХХК-ийг галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсний улмаас Б.Уянгын эзэмшлийн байшинд гал гарсан хэргийн үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзэн, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0030651 дүгээр шийтгэлийн хуудсаар “Ус” ХХК-ийг Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д заасныг үндэслэн 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, учруулсан хохирол 157,994,959 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

          1. “Ус” ХХК-ийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “ ... шийтгэлийн хуудас нь итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэх учиртай боловч лабораторийн дүгнэлтэд үндэслээгүй” гэжээ.           

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-д “Гал түймрийн улсын хяналтын байцаагч хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргана” гэж заасны дагуу хариуцагч нь гал гарсан шалтгааныг тогтоохтой холбоотой “хэргийн газраас авсан бөмбөлөг үүссэн цахилгааны утсанд хүчил төрөгчийн хэмжээг тодорхойлуулж гал гарахад нөлөөлсөн эсэхийг тогтоох” итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлт гаргуулах талаар бүхий л арга хэмжээ авсан болох нь тогтоогдохгүй байна.

Зөрчлийн хэрэгт Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн шинжээч нар 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 9/46 дугаар дүгнэлтдээ Геологийн төв лабораторид нарийвчилсан шинжилгээнд ... хамруулах боломжтой гэсний дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолоор тус лабораторийг шинжээчээр томилсон боловч тоног төхөөрөмж эвдрэлтэй гэсэн хариу ирсэн, мөн хэрэгт “Монголын алт корпорацийн технологи судалгааны төвийг шинжээчээр томилсон мөрдөгчийн тогтоол /61-р хуудас/ байгаа боловч уг газраас хариу ирээгүй, улсын байцаагч өөрийн биеэр очиход боломжгүй гэсэн гэж тайлбарлах боловч албан ёсоор хандаж, ямар шалтгаанаар шинжилгээ хийгээгүй нь тодорхойгүй байх тул лабораторийн дүгнэлт гаргуулахаар зохих журмын дагуу боломжит арга хэмжээг авсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй болсон байх тул лаборатарийн дүгнэлт гаргуулах боломжит арга хэмжээг бүрэн авах шаардлагатай байна.

Мөн улсын байцаагч дээрх лабораторийн дүгнэлт гаргуулах талаар боломжит арга хэмжээг авсан ч уг дүгнэлтийг гаргах боломжгүй тохиолдолд гал гарсантай холбоотой бусад нөхцөл байдал, туршлагын үндсэн дээр дүгнэлт гаргасныг буруутгахгүй. Гэвч уг дүгнэлт эргэлзээтэй гэж зөрчилд холбогдогч үзсэн тохиолдолд түүний хүсэлтээр дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, бусад нөхцөл байдал, туршлагадаа үндэслэн гаргасан шинжэээчийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг тогтоох зэргээр гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоох талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 4.11 дүгээр зүйлийн 6-д “Оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно” гэж заасан арга хэмжээг аваагүй байна.

2. Түүнээс гадна улсын байцаагч нь хохирлын хэмжээг тогтоосон үнэлгээг зөрчилд холбогдогчид танилцуулах, шаардлагатай бол оролцогчийн хүсэлтээр дахин үнэлүүлэх, урьд нь зөрчилд холбогдогч болон хохирогч нарын тохиролцож байсантай холбоотой оролцогч нар хохирлыг тохиролцож тогтоох боломжийг олголгүй зөвхөн хохирогчийн өгсөн баримтаар тогтоосон хөрөнгийн үнэлгээгээр хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1-д заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хүсэлт гаргах эрхийг хангаагүй байна.

          Иймээс энэ талаар гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж,  дээр дурдсан зөрчлийн талаар нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар  2 сарын хугацаагаар шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв.

          Харин давж заалдах гомдолд дурдсан “ажилтны буруу байхад хуулийн этгээдэд шийтгэл ногдуулсан” гэх боловч нэгэнт тус компанитай гэрээ байгуулж, халаалтын төхөөрөмж тавиулсан, уг төхөрөмжийн холбоголт хийсэн ажилтан тус компанийн ажилтан мөн байх тул тухайн төхөөрөмжөөс болж гал гарсан нь тогтоогдсон тохиолдолд зөрчилд холбогдогчийг хуулийн этгээдээр тогтоон хохирлыг гаргуулж, харин тухайн хуулийн этгээд буруутай ажилтандаа зохих арга хэмжээ авах боломжтой тул уг гомдлыг хангах үндэслэлгүй.