Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 677

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, “У” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч Б.Ц-дхолбогдох зөрчлийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

       Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Б[1], хариуцагч Б.Ц, гэрч П.М[2], шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын агуулга.

 1.1. Гомдол гаргагч “У” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан гомдлын агуулга[3]: “

Гомдлын шаардлага: “Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Ц-ын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №003065* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох”,

Гомдол гаргах хугацааны талаар тайлбар: Гал түймрийн улсын хяналтын байцаагч Б.Ц-ын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №003065* дугаар шийтгэлийн хуудсыг Нийслэлийн онцгой байдлын газрын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 10\145* дугаар албан бичгээр шуудангаар хүргүүлснийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шуудан хүргэгч манай компанид гардуулан өгснөөр тухайн шийдвэрийг мэдэгдсэн болно.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оролцогч эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу буюу тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д тус тус заасны дагуу шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргахаар хуулийн зохицуулалттай байна.

Иймд дээр дурдсанчлан манай компанийн хувьд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр маргаан бүхий шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 28 хоногийн дотор буюу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Тухайн шийдвэрийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Манай компанид мэдэгдсэн болох нь Шуудангийн байгууллагын бичгээр нотлогдоно.

Гомдлын үндэслэл: Гал түймрийн улсын хяналтын байцаагч Б.Ц нь 180200030* дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №003065* дугаар шийтгэлийн хуудсаар манай компанид Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сая төгрөгийн торгуулийг оногдуулж, хохирол гэх 157 994 959 төгрөгийг төлөхийг шаардсан нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.

Тодруулбал, 2018 оны 03 дугаар сарын 03-аас 04-ний шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Жигжидийн зуслангийн задгайд байрлах Б.У-ын эзэмшлийн зуслангийн байшинд гал гарч хохирол учирсан гэх асуудлыг “У” ХХК-д холбогдуулан шалгаж байгаа гэсний дагуу дараахь нөхцөл байдлыг шалган тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзэн Нийслэлийн онцгой байдлын газрын “И” гэх байцаагчид хүсэлт гаргасан байдаг Үүнд

1. Тухайн гал гарсан гэх байшингийн бүтээц. хийцийн талаар шинжилгээ хийлгэх,

2. Тухайн байшингийн зураг төсөл батлагдсан эсэх, эрх бүхий этгээд байшинг холбогдох дүрэм. журам. зураг төслийн дагуу барьсан эсэх,

3. Баригдсан байшин нь галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг хангаж байсан эсэх,

4. Байшингийн дотор цахилгааны шугам сүлжээний \гэрэл разетка гэх мэт\ холболт хийсэн байдал нь галын аюулгүй байдлын болон холбогдох норм дүрмийн шаардлагад нийцсэн эсэх,

5. Байшингийн хийцлэл, материалын чийгшлийн хэмжээ,

6. Байшингийн агааржуулалтын шугам, хоолой хийгдсэн эсэх, норм дүрэм, журмын дагуу хийгдсэн эсэх,

7. Тухайн байшингийн цахилгааны утсыг хэн, хаанаас хэрхэн худалдан авч суурилуулсан болон тухайн суурилуулсан утасны чанар, аюулгүй байдлыг судлан шалгах,

8. Байшингийн дотор байсан бүх цахилгааны утаснаас дээж авч шинжилгээ хийлгэх,

9. Байшинд гал гарах үед цахилгаан хэлхээнд холбогдсон байсан тоног төхөөрөмжийг судлан тогтоох, энэ нь тухайн байшингийн нийт цахилгааны ачааллын хэмжээг тогтооход ач холбогдолтой,

10. Тухайн байшингийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний зөвшөөрөгдсөн хэмжээг тогтоох, энэ нь тухайн байшингийн зөвшөөрөгдсөн цахилгаан хэмжээг хэтрүүлсэн эсэхэд ач холбогдолтой бөгөөд гал гарах шалтгаан нь цахилгааны хэт ачааллаас үүссэн гэх шинжээчийн дүгнэлтийг бэхжүүлэх, улмаар тухайн хэтрүүлсэн шалтгаан нь ямар цахилгаан хэрэглээнээс хамааралтай буюу галын үндсэн шалтгаан нөхцөлийг тогтооход чухал ач холбогдолтой юм.

11. “У” ХХК-ийн нийлүүлсэн халаалтын тоног төхөөрөмжийн цахилгаан хэрэглээ, ашиглалтын горим, хэт ачааллаас хамгаалах техникийн шийдэл зэргийн талаар шинжилгээ, судалгаа хийлгэх,

12. Тухайн байшингийн гадна цахилгааны шугам сүлжээнд У ц т с ТӨХК-иас тавьсан шаардлага, зөвшөөрөл, холбогдох норм дүрэмд нийцүүлэн холбосон эсэх,

Дээрх нөхцөл байдлуудыг шалган тогтоох нь тухайн байшингийн галын шалтгааныг олж тогтооход ихээхэн ач холбогдолтой байх тул эрх бүхий этгээдээс дээрх асуудлыг тодруулан шалгах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн юм.

Тухайн байшинд гал гарсан шалтгаан нь “У” ХХК-ийн цахилгаан халаалтын тоног төхөөрөмж гэмтэж шатсанаас буюу уг төхөөрөмжөөс гад үүсээгүй болох нь хангалттай нотлогддог.

Мөн манай компанийн суурилуулсан халаалтын тоног төхөөрөмж нь ХБНГУ-ын стандартын дагуу бүтээгдэж холбогдох туршилтад оруулан шаардлагад нь нийцсэн болохыг тогтоосон бөгөөд Монгол Улсын хэрэглэгчид хэрэглэж эхэлснээс хойш 10 гаруй жилийн хугацаанд ямар ч доголдол, эвдрэл саатал үүсэж байгаагүй болно.

Иймд галын шалтгаан нь манай төхөөрөмжөөс шалтгаалах ямар ч боломжгүй гэж бид үзэж байна.

Мөн түүнчлэн тухайн байшингийн дотор цахилгааны /гэрэл, разетка гэх мэт/ шугам сүлжээний холболт нь ил хийгдсэн байсан бөгөөд эдгээрийн холболтууд мөн ил байдлаар байшингийн үндсэн хийцийн материал болох модон ханан дээр бэхлэгдсэн байсан нь галын аюулгүй байдлын шаардлагад нийцээгүй байсан гэж бид үзэж байгаа болно Манай компанийн зүгээс тухайн байшинд суурилуулагдсан нэг ч цахилгааны утсыг нийлүүлээгүй бөгөөд захиалагч өөрөө тухайн цахилгааны утсыг гарган өгсөн байдаг.

Харин Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээч, ахмад П.М-ын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 283/57* дугаар Шинжээчийн дүгнэлтийн хувьд дараах байдлаар илтэд үндэслэл муутай, бодит байдалд үл нийцсэн, хийсвэр байдлаар гарсан дүгнэлт гэж үзэж байна. Үүнд:

1. Шинжээч нь Хяналтын Прокурор Г.М-ын асуусан 1-р “Гал түймрийн голомт аль хэсэгт байсан бэ? гэсэн асуултад “Хэргийн газрын үзлэг гал түймрийн шаталтын явц, тархан дэлгэрэлтийн байдлаас үзэхэд галын голомт нь байшингийн дотор талдаа 1 дүгээр давхрын том өрөөний /ертөнцийн зүгээр/ зүүн урд талын хэсэгт байна.” гэсэн хариултыг өгсөн нь тухайн галын голомтын байрлалыг зөвхөн таамагт тулгуурлан тогтоосон гэж үзэхээр байна.

2. Шинжээч нь Хяналтын Прокурор Г.М-ын асуусан 2-р “Гал түймэр гарсан шалтгаан нөхцөл юу вэ?” гэсэн асуултад “Хэргийн газрын үзлэг, хавтаст хэргийн материал, фото зураг, гал түймрийн шатлагын явц, тархан дэлгэрэлтийн байдал галын голомт зэрэг нөхцөл байдлаас үзэхэд гал түймэр гарсан шалтгаан нь тухайн айлын тогны хэрэглээний ачаалал өндөр байснаас шалтгаалан цахилгаан дамжуулагч утсанд цахилгаан гүйдлийн ачаалал ихсэж, хэт ачаалал үүссэнээс цахилгааны богино холбоо үүсэж гал түймэр гарсан байх үндэслэлтэй байна.” гэж хариулсан атал “Тодруулбал: Тус өрөөнүүдэд халаалтын систем халаагч цахилгаан паар ашиглаж цахилгаан дамжуулагч утсанд өдөр, шөнийн туршид залгаатай байснаас үүдэн тооцоолж тохируулсан ачааллаас хэтрүүлж ачаалах үед цахилгааны утсанд хэт ачаалал шилжилтийн эсэргүүцэл, богино холболт зэрэг цахилгаан ашиглалтын зөрчлүүд үүсдэг” гэсэн мөн л таамаглал дэвшүүлж уг 2-р хариултыг ямар нэг бодит тооцоолол судалгаа, шинжилгээгүйгээр дүгнэлт гаргах замаар өгсөн гэж үзэх үндэслэлтэй юм Учир нь шинжээч дээрх байдлаар дүгнэлт хийхдээ дараах зүйлүүдийг тогтоогоогүйн улмаас хэт ерөнхий үндэслэл муутай таамаг төдий дүгнэлт гаргах үндэслэл болсон:

a) ямар халаалтын систем байсан,

b) ямар халаагч цахилгаан паар ашиглаж байсан,

c) ямар цахилгаан дамжуулагч утсанд өдөр, шөнийн туршид залгаатай байсан,

d) өдөр, шөнийн туршид аль, ямар халаагч цахилгаан паар залгаатай байсан,

е) өдөр шөнийн туршид залгаатай байсан гэх дүгнэлтийг юуг үндэслэж гаргасан,

f) Байшингийн дотор байсан бүх цахилгааны утаснаас дээж авч шинжилгээ хийлгээгүй,

g) Тухайн дээж авсан гэх цахилгаан утасны хүчилтөрөгчийн агууламжийг тогтоох нарийвчилсан шинжилгээ хийлгээгүй.

Гэтэл Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч Б Ц нь тухайн галын шалтгаан нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авах үүргээ биелүүлээгүй. Тухайн хэргийн талуудын эрх тэгш байдлыг хангаж зөрчил шалгах ажиллагааны талаар “У” ХХК-ийн талаас гаргасан үндэслэл бүхий хүсэлтийг хүлээж авч шийдвэрлээгүй. Оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг бүрэн эдлүүлээгүй. Хэргийн талаар нотолбол зохих зүйлүүдийг дутуу шалгаж, дээр дурдсан нөхцөл байдлыг шалгаж хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүй байгаа нь хэт нэг талыг барьсан үндэслэл муутай шийдвэрийг гаргахыг хүчлэн зорьсон гэж бид үзэж байна.

Тодруулбал, байцаагч Б.Ц нь шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрээ гаргасан гэх боловч тухайн шинжээчийн дүгнэлтэд манай компаниас нийлүүлсэн тоног төхөөрөмж шатсаны улмаас гал түймэр гарсан болохыг тогтоогоогүй байхад манай компанийг шууд буруутган торгууль оногдуулж, хохирол барагдуулахыг шаардаж буй шийдвэрийг гаргасан нь илтэд үндэслэл муутай болсон байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Ц-ын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №003065* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг хүсье.

Хоёр. Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

2.1 Хариуцагчаас 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа[4]: “...Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Ц би, “Зөрчлийн 180200030* дугаартай “У" ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гаргасан зөрчилд шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсаныг тогтоосон хугацаанд шийдвэрийг биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр эрх бүхий албан тушаалтны хүсэлтийг хэргийн материалын хамт Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10/1561 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

“У” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 395/18 дугаартай албан бичгээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай мэдэгдлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс эрх бүхий албан тушаалтан надад гардуулсан болно.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “оролцогч эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж заасан.

Гэтэл “У” ХХК-ийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ манай компанийн хувьд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан” гэж дурджээ

Иймд “У” ХХК нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл хэзээ гаргасан нь эргэлзээтэй байна.

“У” ХХК нь нэхэмжлэлдээ ... “2018 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүургийн 19 дүгээр хорооны нутаг, Жигжидийн зуслангийн задгайд байрлах иргэн Б.У-ын эзэмшлийн зуслангийн байшинд гал гарч хохирол учирсан гэх асуудлыг “У” ХХК-д холбогдуулан шалгаж байгаа гэсний дагуу дараахь нөхцөл байдлыг шалган тогтоох зайлшгүй шаардлагатай гзж үзэн Нийслэлийн онцгой байдлын газрын Идэрмөрөн гзх байцаагчид хүсэлт гаргасан байдаг” гэжээ.

“У” ХХК нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад хэрэгт ажиллагаа хийлгэх талаар хүсэлт бичгээр гаргаж байгаагүй, харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ирж мэдүүлэг өгөх талаар удаа дараа утсаар, албан бичгээр мэдэгдсээр байтал захирал Б.Ч нь өмгөөлөгчөө явуулна, эсвэл хөдөө явж байна гэх зэргээр ирж байгаагүй болно. Тухайлбал:

“У” ХХК-руу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зуйлийн 1.2-т заасны дагуу эрх бүхий албан тушаалтан эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж ирүүлэх талаар 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10/1293, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10/1357 дугаартай албан бичгийг тус тус шуудангаар хүргүүлж байсан боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ирүүлээгүй.

“У" ХХК-ийн ерөнхий захирал Б.Ч, өмгөөлөгч Ж.О нар Нийслэлийн онцгой байдлын газрын 105 тоот өрөөнд 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цаг 10 минутанд ирэхэд нь Б.Ч-ийг холбогдогчоор мэдүүлэг авахаар холбогдогчийн эрх үүргийг нь танилцуулсан боловч өмгөөлөгч Ж.О Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйл 4 дэх хэсгийн 4.9-д заасан эрхийн хүрээнд Зөрчлийн хэрэгтэй танилцаж, төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах эрхтэй. Иймд зөрчлийн хэргийн материалтай танилцах хэрэгтэй байна гэсний дагуу хэргийн материалтай өмгөөлөгч Ж.О танилцсан.

Захирал Б.Ч нь өмгөөлөгч Ж.О-ыг хэргийн материалтай танилцсаны дараа ямар цахилгаан дамжуулах утсанд бөмбөлөг үүссэн, байшин баригдахдаа стандарт шаардлага хангасан эсэх, бусад олон тодруулах шалтгаанууд байна. Хүсэлт гаргаж тодруулна. Холбогдогчоор мэдүүлэг өгөхгүй гэж хэлээд явсан зэрэг нь хэргийн материалд нотлох баримтаар авагдсан болно.

“У" ХХК нь галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөний улмаас 2018 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Жигжидийн зуслангийн задгайд байрлах иргэн Б.У-ын эзэмшлийн зуслангийн байшинд гал гарч, их хэмжээний буюу 160 994 959 төгрөгийн хохирол учирсан болох нь. хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, бөмбөлөг үүссэн гэх зэс голчтой цахилгааны утасыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 283/571 дугаартай шинжээчийн дүгнэлт, “В” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний №В18-4*, №В18-4* дугаартай тайлан, хохирогч Б.У, гэрч Б.У, Б.Ц, Н.Х, Т.Б нарын мэдүүлэг, хохирогч Б.У-аас ирүүлсэн “У” ХХК-ийн захирал нартай 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр уулзаж ярилцсан талаарх ярианы бичлэгийг бичсэн плаш диск, 7 хуудас материалыг зөрчлийн хэрэгт хавсаргах тухай тэмдэглэл, плаш дискэнд бичигдсэн хүмүүсийн ярилцлаганд үзлэг хийсэн талаарх тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Тухайлбал:

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 283/57* дугаартай шинжээчийн дүгнэлтээр: “... Хэргийн газрын үзлэг, хавтаст хэргийн материал, фото зураг, гал түймрийн шатлагын явц, тархан дэлгэрэлтийн байдал, галын голомт зэрэг нөхцөл байдлаас үзэхэд гал түймэр гарсан шалтгаан нь тухайн айлын тогны хэрэглээний ачаалал өндөр байснаас шалтгаалан цахилгаан дамжуулагч утсанд цахилгаан гүйдлийн ачаалал ихсэж, хэт ачаалал үүссэнээс цахилгааны богино холбоо үүсэж гал түймэр гарсан байх үндэслэлтэй байна.

Тодруулбал: Тус өрөөнүүдэд халаалтын систем халаагч цахилгаан паар ашиглаж цахилгаан дамжуулагч утсанд өдөр шөнийн туршид залгаатай байснаас үүдэн тооцоолж тохируулсан ачааллаас хэтрүүлж ачаалах үед цахилгааны утсанд хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл, богино холболт зэрэг цахилгаан ашиглалтын зөрчлүүд үүсдэг...” гэсэн дүгнэлт.

Хохирогч Б.У ... “би инженерт нь хандаж манай байшин дотор утаа юм шиг зүйл манантаж татаад, саун дотор байгаа юм шиг үнэр үнэртээд байна, нөхөр бид хоёр одоо хол газар руу явах гэж байгаа болохоор санаа зовоод ярьж байна” гэж тайлбарлан асууж хэлтэл инженер нь “танайх угаасаа тэгнээ нэг давхар чинь битүү цан цохисон, дээрээс модон байшин учраас дулаан аваад ирэхлээр уур гарч 2 давхар руу дэгдэх нь ойлгомжтой шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дахиад хол газар явах гэж байгаа тул ийм утаа үнэр үнэртээд байна гзж хэлтэл танай доод давхарт цанталт их байгаа учир доод давхрын халаалтыг миний тохируулсан горимоор ажиллуулаарай, дээд давхраа шөнийн цагаар ажилладаг горимоор нь байлгаарай гэсэн...." гэж,

Гэрч Б.Ц ... “Байшинд халаалт тавихад эхний ээлжид тухайн байшингийн жавар хуралтыг арилгахын тулд нэг давхрын халаалтуудыг өдөр, шөнөгүй асаах горимон дээр тавьсан. Хоёр давхарт урьд нь цахилгаан теннээр халааж байсан учир хүйтэн жаваргүй байсан тул паарыг шөнийн горим буюу 21 цагаас 06 цаг хүртэлх хугацаанд асааж ажиллахаар тохируулсан байсан...” гэж,

Хохирогч Б.У ас ирүүлсэн "У” ХХК-ийн захирлуудтай 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр уулзаж ярилцсан талаарх ярианы бичлэгийг бичсэн плаш дискэнд үзлэг хийсэн тэмдэглэлд .... “У” ХХК-ийн захирал Б.Ч ... “би та нарыг маш сайн ойлгосон, одоо уулзаад өшөө илүү ойлгож байна, гай дайрлаа, Ц гал дагуулж явдаг хүн байна. Төрсөн ахын маань хүүхэд 9-10 дугаар ангид байхад аавынх нь хашаан дотор дүнжин байшин барьсан. Ахтайгаа хоёулаа тэр дотор байсан, тэгээд өөрөө амьд гараад ах нь шатаж нас барсан. Миний ээж бас өвдөөд байшин бариад өөрийн компанийн халаалт тавьсан, юу болсон юм бүү мэд Ц хамт амьдарч байгаад тэндээс нүүгээд удаагүй байтал байшин шатаж, ээжийгээ арай хийж аварсан, ингээд энэ 3 дахь тохиолдол нь гарч байна, гал дагуулсан хүүхэд байна. Бид ямар ч галын дүгнэлт гарсан бай, та нарыг орхихгүй, та нартай ойрхон байж, 2 талаасаа санаа оноо авч нийлж байгаад байшингаа бүтээе, ачаалал хэтэрсэн байна ...” хохирогч Б.У ...“би Ц уу сауны үнэр шиг юм үнэртээд байна гэхэд манай захирлын ийм байшинд бас ийм үнэр гардаг, би 2 давхарт утаа маналзаад байна гэхэд аргагүй шүү дээ танай 1 давхар чинь цан цохисон мэдээж гэж Ц хэлсэн. Би 3-4 удаа залгасан, бид хол явлаа гэдгээ хэлэхэд 3-4 хоногтоо тасралтгүй ажиллуул гэсэн. Яг танай шаардлагын дагуу ампер нэм гэсний дагуу нэмсэн, ав гэсэн утас авсан, наад захын юм та нар мэдэх ёстой зүйл ...” Б.Ч ... Энэ бол цэвэр Цын буруу байна л даа, Утаа үнэртэж байна гэхэд ерөнхий инженертээ хэлээгүй...., хүн эндээгүй нь аз, одоо хэдүүлээ хохирлоо барагдуулчихъя, бид 100% байшин барьж өгье ...” гэж ярилцсан тэмдэглэл зэрэг болно.

Эрх бүхий албан тушаалтан би 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр "У” ХХК-ийн ерөнхий захирал Б.Чт хэргийн материал танилцуулах гэж 5 удаа 891114** дугаартай гар утас руу залгасан боловч аваагүй, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дээрх дугаарын утас руу залгаж холбогдон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дууссан, хэргийн материалтай ирж танилцана уу гэхэд, өмгөөлөгчөө тань руу холбоо бариулна гэж хэлээд эргэж холбогдоогүй, ирээгүй болно.

Иймд зөрчилд шийтгэл оногдуулах шийтгэлийн хуудсыг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 10/145* дугаартай албан бичгээр “У” ХХК-руу шуудангаар хүргүүлсэн.

Гэтэл “У” ХХК нь “ахлах дэслэгч Б.Ц-ын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №003065* дугаар шийтгэлийн хуудсаар гаргасан шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүссэн” тухай албан бичгийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн онцгой байдлын газарт ирүүлсэн.

Тус газар дээрх албан бичигтэй танилцаад “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “оролцогч эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу гомдлоо Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гарган хандана уу” гэсэн хариу албан бичгийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар “У” ХХК нь галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөний улмаас иргэн Б.У******* эзэмшлийн зуслангийн байшинд гал гарч, их хэмжээний буюу 160 994 959 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар учруулсан хохирол 157 994 959 төгрөгийг гаргуулж, 1000 нэгж буюу 1 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хэвээр үлдээж, “У” ХХК-ийн гаргасан зөрчилд шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсныг тогтоосон хугацаанд шийдвэрийг биелүүлээгүй байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлж өгнө үү” гэжээ.

Гурав. Гомдол гаргагч, хариуцагч талуудын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбаруудыг шүүх хуралдааны тэмдэглэлд[5] тусгав.

ҮНДЭСЛЭХ нь:

“У” ХХК-иас гаргасан Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Ц-ын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №003065* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гэсэн шаардлага бүхий гомдлыг дор дурдсан үндэслэлээр хүчингүй болгон шийдвэрлэв:

Гомдол гаргагчаас Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5.5 дахь заалтыг зөрчиж лабораторийн шинжилгээ хийлгээгүй, шинжээч буруу дүгнэлт гаргасан, гомдол гаргагч компани Галын аюулгүй байдлын дүрэм, журмын ямар заалт зөрчсөн нь тодорхойгүй, юунаас үндэслэж гал гарсан гэдгийг бүрэн тогтоогоогүй, гомдол гаргагч компанийн ажилтны гаргасан зөрчилд компанид хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй, хохирлын хэмжээг тогтоохдоо шинжээч томилох байтал хөндлөнгийн шинжээч биш “В” ХХК-иар хохирлын хэмжээг тогтоолгосон гэж маргажээ.

1.Анх Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаагчаас томилсон шинжээч болох Гамшгийн туршилт, шинжилгээний төвөөс гаргасан шинжээчээс асуусан хэргийн газраас хурааж авсан цахилгааны утсанд богино холбооноос үүдэлтэйгээр бөмбөлөг үүссэн эсэхийг тодорхойлох? гэсэн асуултад шинжээчээс Шинжилгээнд ирүүлсэн цахилгаан дамжуулах утсыг дээжлэн авсан цахилгаан дамжуулагч утсыг №1, 2, 3 гэж дугаарлав, дугаарласан дээжийг дээж авсан хэсэг болон бөмбөлөг үүссэн цахилгаан дамжуулах утсыг дараах зургаар харуулав. гэжээ. Мөн шинжээч нараас Бөмбөлөг илэрсэн цахилгааны утаснуудыг Геологийн төв лабораторид нарийвчилсан шинжилгээнд хамруулж бөмбөлөгт агуулагдах хүчилтөрөгчийн агууламжийг тодорхойлсноор гал гарах шалтгаалан нөхцөл болсон эсэхийг тодорхойлох боломжтой гэжээ.[6]

Улмаар бөмбөлөг үүссэн зэс голчтой цахилгаан дамжуулах утсанд шинжилгээ хийлгүүлэхээр Геологийн төв лабораторид 2 удаа хандсан[7] боловч тоног төхөөрөмж эвдрэлтэй гэсэн хариуг[8] 2 удаа хүргүүлсэн байна.

Энэ нөхцөл байдлаас шалтгаалж гал гарсан нөхцөл байдлыг тогтоолгохоор Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч П.М-ыг шинжээчээр томилж, шинжээч нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргажээ.[9]

Уг дүгнэлтээр гал гарсан шалтгаан нөхцөлийг галын голомт нь байшингийн дотор талдаа 1 давхрын том өрөөний /ертөнцийн зүгээр/ зүүн урд талын хэсэгт байна....гал түймэр гарсан шалтгаан нь тухайн айлын тогны хэрэглээний ачаалал өндөр байснаас шалтгаалан цахилгаан дамжуулагч утсанд цахилгаан гүйдлийн ачаалал ихсэж, хэт ачаалал үүссэнээс цахилгааны богино холбоо үүсэж гал түймэр гарсан байх үндэслэлтэй, ...Тус өрөөнүүдэд халаалтын систем халаагч цахилгаан паар ашиглаж цахилгаан дамжуулагч утсанд өдөр, шөнийн туршид залгаатай байснаас үүдэн тооцоолж тохируулсан ачааллаас хэтрүүлж ачаалах үед цахилгааны утсанд хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл, богино холболт зэрэг цахилгаан ашиглалтын зөрчлүүд үүсдэг. гэж тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч компанийн иргэн Б.У******* байшинд суурилуулсан халаалтын төхөөрөмж нь өдөр, шөнийн туршид залгаатай байснаас үүдэн цахилгаан дамжуулагч утсанд цахилгаан гүйдлийн ачаалал ихсэж, хэт ачаалал үүссэнээс цахилгааны богино холбоо үүсэж, тооцоолж тохируулсан ачааллаас хэтрүүлж ачаалах үед шилжилтийн эсэргүүцэл бий болсон зэрэг цахилгаан ашиглалтын зөрчлүүд илэрсэн гэдэг нь тогтоогдсон байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ. гэжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад У ХХК-иас уг шинжээчийн дүгнэлтийн үндэслэлийн талаар гомдол гаргаагүй, дахин шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэр гаргаагүй, дахин шинжилгээ хийсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймээс гомдол гаргагчаас Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5.5 дахь заалтыг зөрчиж лабораторийн шинжилгээ хийлгээгүй, шинжээч буруу дүгнэлт гаргасан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Гал гарсан зөрчлийг шалгах мөрдөн байцаах ажиллагааны явцад мөрдөн байцаагчаас томилсон шинжээч болох Гамшгийн туршилт, шинжилгээний төвөөс хэргийн газраас хураан авсан бөмбөгийг дугаарлан шинжилж, нарийвчлан шинжлэх талаар зөвлөмж өгсөн, мөн хэргийн газраас хураан авсан бөмбөлөг үүссэн зэс голчтой цахилгаан дамжуулах утсанд шинжилгээ хийлгүүлэхээр Геологийн төв лабораторид 2 удаа хандсан[10] боловч тоног төхөөрөмж эвдрэлтэй гэсэн хариуг 2 удаа хүргүүлсэн[11], мөн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын байцаагчаас Монгол алт корпорацийн технологийн судалгааны төвөөр дүгнэлт гаргуулахаар хандсан[12], улмаар Нийслэлийн прокурорын тогтоолоор Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шуурхай удирдлагын хэлтсийг галын шинжээчээр томилсон[13] гэдэг нь тогтоогдож байна.

Үүнээс дүгнэхэд Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д Гал түймрийн улсын хяналтын байцаагч ... итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргана. гэж заасны дагуу шинжилгээ хийлгүүлэхээр удаа дараагийн боломжит ажиллагааг хийсэн, улмаар мэргэжлийн шинжилгээ хийдэг байгууллагыг томилж шинжээчийн дүгнэлт гаргасан нөхцөл байдал тогтоогдож байх тул хариуцагч улсын байцаагчийг энэхүү хуулийн заалтыг баримтлаагүй, галын нөхцөл байдлыг тогтоох шинжилгээ хийлгээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

2.Гомдол гаргагч компанийн халаалтын төхөөрөмжийн холболт хийж, уг төхөөрөмжийг суурилуулж, ажлуулснаас тухайн айлын тогны хэрэглээний ачаалал өндөр болсноос шалтгаалан цахилгаан дамжуулагч утсанд цахилгаан гүйдлийн ачаалал ихсэж, хэт ачаалал үүссэнээс цахилгааны богино холбоо үүссэнээс шалтгаалж иргэн Б.У-ын зуслангийн байшинд гал гарсан гэдэг нь

-шинжээчийн дүгнэлт[14]

-Б.У ... би инженерт нь хандаж манай байшин дотор утаа юм шиг зүйл манан татаад, саун дотор байгаа юм шиг үнэр үнэртээд байна, нөхөр бид хоёр одоо хол газар руу явах гэж байгаа болохоор санаа зовоод ярьж байна гэж тайлбарлан асууж хэлтэл инженер нь танайх угаасаа тэгнээ нэг давхар чинь битүү цан цохисон, дээрээс модон байшин учраас дулаан аваад ирэхлээр уур гарч 2 давхар руу дэгдэх нь ойлгомжтой шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би дахиад хол газар явах гэж байгаа тул ийм утаа үнэр үнэртээд байна гэж хэлтэл танай доод давхарт цанталт их байгаа учир доод давхрын халаалтыг миний тохируулсан горимоор ажиллуулаарай, дээд давхраа шөнийн цагаар ажилладаг горимоор нь байлгаарай гэсэн...." гэсэн компанийн инженер Б.Цэ-ын зааварчилгаа[15],

-гэрч компанийн инженер Б.Цэ ... Байшинд халаалт тавихад эхний ээлжид тухайн байшингийн жавар хуралтыг арилгахын тулд нэг давхрын халаалтуудыг өдөр, шөнөгүй асаах горимон дээр тавьсан. Хоёр давхарт урьд нь цахилгаан теннээр халааж байсан учир хүйтэн жаваргүй байсан тул паарыг шөнийн горим буюу 21 цагаас 06 цаг хүртэлх хугацаанд асааж ажиллахаар тохируулсан байсан... гэсэн тайлбар[16],

-Б.У-аас ирүүлсэн "У” ХХК-ийн захирлуудтай 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр уулзаж ярилцсан талаарх ярианы бичлэгийг бичсэн плаш дискэнд үзлэг хийсэн тэмдэглэлд .... “У” ХХК-ийн захирал Б.Ч ... би та нарыг маш сайн ойлгосон, одоо уулзаад өшөө илүү ойлгож байна, гай дайрлаа, Ц гал дагуулж явдаг хүн байна. Төрсөн ахын маань хүүхэд 9-10 дугаар ангид байхад аавынх нь хашаан дотор дүнзэн байшин барьсан. Ахтайгаа хоёулаа тэр дотор байсан, тэгээд өөрөө амьд гараад ах нь шатаж нас барсан. Миний ээж бас өвдөөд байшин бариад өөрийн компанийн халаалт тавьсан, юу болсон юм бүү мэд Цэ хамт амьдарч байгаад тэндээс нүүгээд удаагүй байтал байшин шатаж, ээжийгээ арай хийж аварсан, ингээд энэ 3 дахь тохиолдол нь гарч байна, гал дагуулсан хүүхэд байна. Бид ямар ч галын дүгнэлт гарсан бай, та нарыг орхихгүй, та нартай ойрхон байж, 2 талаасаа санаа оноо авч нийлж байгаад байшингаа бүтээе, ачаалал хэтэрсэн байна ... хохирогч Б.У ...би Ц уу сауны үнэр шиг юм үнэртээд байна гэхэд манай захирлын ийм байшинд бас ийм үнэр гардаг, би 2 давхарт утаа маналзаад байна гэхэд аргагүй шүү дээ танай 1 давхар чинь цан цохисон мэдээж гэж Ц хэлсэн. Би 3-4 удаа залгасан, бид хол явлаа гэдгээ хэлэхэд 3-4 хоногтоо тасралтгүй ажиллуул гэсэн. Яг танай шаардлагын дагуу ампер нэм гэсний дагуу нэмсэн, ав гэсэн утас авсан, наад захын юм та нар мэдэх ёстой зүйл ... Б.Ч ... Энэ бол цэвэр Цын буруу байна л даа, Утаа үнэртэж байна гэхэд ерөнхий инженертээ хэлээгүй...., хүн эндээгүй нь аз, одоо хэдүүлээ хохирлоо барагдуулчихъя, бид 100% байшин барьж өгье ... гэсэн ярилцсан тэмдэглэл[17] зэргээс тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд гомдол гаргагч компаниас халаалтын төхөөрөмжийн холболтыг галын аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн хийж, цахилгаан гүйдлийн ачаалал ихсэх, хэт ачаалал үүссэнээс цахилгааны богино холбоо үүсэхээс урьдчилан сэргийлэх нөхцөл байдлыг авч хэрэгжүүлсэн тохиолдолд галын аюулгүй байдлыг хангах боломжтой байсан, галын аюулгүй байдлыг хангаагүй гэдгээ гомдол гаргагч компанийн эрх бүхий этгээдүүд хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Иймд хариуцагчаас гомдол гаргагч компанийг Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

3. “У” ХХК-ийн захирлын баталсан Бараа материал нийлүүлж, суурилуулах гэрээ-г тус компанийн нягтлан бодогч болон иргэн Б.У-ын эгч Л.Х нар харилцан тохиролцож байгуулжээ[18].

Иймээс гомдол гаргагч компанийн ажилтны гаргасан зөрчилд компанид хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй гэж гомдол гаргагч талаас маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

4. “В” ХХК-ийн үнэлгээчин Сангийн яамны 2017 оны 25* дугаар тушаалаар олгогдсон 14060003* тоот гэрчилгээтэй, Санхүүгийн зохицуулах хорооноос 2010 онд олгосон даатгалын хохирол үнэлэх тусгай зөвшөөрөл бүхий 23* тоот гэрчилгээтэй Ц.Т нь иргэн Б.Ж-ийн захиалгаар Жигжид зуслангийн байшинд үзлэг хийж, тус орон сууц нь бүхэлдээ шатаж, барилгын суурь болон хана шатсан учир захиалагчаас ирүүлсэн байшинг барьж байх үеийн болон баригдаж дууссаны дараах фото зураг, байшинг барьж байх үеийн видео бичлэг, барилгын материалын баримт, барилгын план зураг, халаалтын тоног төхөөрөмж болон суурилуулалтын зардал, ашиглалтын элэгдлийг тооцон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8 дахь хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээг гаргасан гэдэг нь Хөрөнгийн үнэлгээний тайлан[19], “В” ХХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээс тогтоогдож байна.

Уг үнэлгээ хийсэн тайлан, үнэлгээнд гомдол гаргагч компаниас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргасан, өөр үнэлгээчнээр дахин үнэлүүлэх талаар гомдол гаргасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймээс хохирлын хэмжээг тогтоохдоо шинжээч томилох байтал хөндлөнгийн шинжээч биш “В” ХХК-иар хохирлын хэмжээг тогтоолгосон гэх гомдол гаргагчийн маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Дүгнэхэд, хариуцагч улсын байцаагчийн шийтгэлийн хуудас үйлдсэн үйлдлийг хуульд нийцээгүй бөгөөд уг шийтгэлийн улмаас гомдол гаргагч компанийн үйлдээгүй зөрчилдөө шийтгэл хүлээхгүй байх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

 

          3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага ТОГТООХ нь:

 

1.Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8-д заасныг тус тус үндэслэн “У” ХХК-ийн Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Ц-ын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №003065* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гэсэн шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид гомдол гаргагчаас төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                             А.С

 


[1] 128/2018/0997/3 индекстэй хэргийн /цаашид хэргийн гэх/  дахь тал

[2] Хэргийн  дахь тал

[3] Хэргийн 1-5 дахь тал

[4] Хэргийн 46 дахь тал

[5] Хэргийн 52-54, 92-93, 120-126, тал