Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2017/01171

 

Г.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын29-ний өдрийн 143/ШШ2017/00131 дугаар шийдвэртэй,

Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 203/МА2017/00019 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Г.Ц гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Б- ХХК-ний Өмнөговь салбарт холбогдох,

Т.Б- ХХК-ийн Өмнөговь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчийн Б/190 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ё.Цэен-Ойдовын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Ц миний бие Т.Б-ны Өмнөговь салбарт 2015 оны 02 сарын 11-ний өдрийн Б/10 тоот тушаалаар Өмнөговь салбарын ерөнхий нягтлан бодогчоор томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Өмнөговь салбарын захирлын 2015 оны 07 сарын 10 ний өдрийн Б/88 тоотоор тушаалаар салбарын ерөнхий нягтлан бодогчоор үндсэн ажилтнаар томилогдон хөдөлмөрийн нэмэлт гэрээг хугацаагүйгээр байгуулан ажилласан. Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд 2016 оны 12 сарын 13-ныг дуустал ажиллах хугацаандаа үнэнч шударга, сахилгын шийтгэл, алдаа дутагдалгүй, хууль журмын хүрээнд ажлын байрны тодорхойлолтод заасан эрх, үүргийг сайн биелүүлж ажилласан. Гэтэл салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч Ч.Бат-Эрдэнэ ажлаа хүлээж аваад 5 хоноод 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр намайг өрөөндөө дуудаж, Т.Б-ны салбарын удирдлагууд хуралдаад ажлаас халсан тушаалыг чинь төв банк руу явуулсан хариу нь удахгүй ирнэ, өнөөдөртөө багтаад ажлаа хүлээлцээрэй гэж хэлсэн. Тэр өдрийн 16 цагт Б/190 тоот тушаал хянагдаж ирсэн байна гээд надад танилцуулаад тушаалд дурдагдсан ажлын комисс ажил хүлээлцсэн. Ч.Бат-Эрдэнийн 2016 оны 12 сарын 13-ны өдрийн Б/190 тушаалаар “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлснийг хуулийн үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж байна. Миний бие уг тушаалыг үндэслэлгүйгээр гарсан гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 2016 оны 12 сарын 13-ны өдрийн Б/190 тоот тушаалыг хүчингүй болгон, Т.Б-ны Өмнөговь салбарын ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажилд эгүүлэн томилож өгнө үү. Би хоол унааны мөнгө нэхэмжлээгүй, үндсэн цалингаа буцаан авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Цэен-Ойдов шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г.Ц нь Т.Б-ны Өмнөговь салбарын Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Т14-221 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан туршилтаар ажиллаж байгаад 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Т14-303 дугаартай хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруулах гэрээгээр үндсэн ажилтан болж ажилласан, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Салбарын захирлын Б/190 тоот тушаалаар ажил олгогчийн санаачлагаар Г.Цтой байгуулсан дээрх гэрээнүүдийг цуцлан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Г.Ц нь ажиллах хугацаандаа хууль журмын хүрээнд ажиллаж хөдөлмөрийн сахилгын шийтгэл, алдаа зөрчилгүй ажиллаж байсан гэж нэхэмжлэлд дурджээ. Г.Ц нь ажиллах хугацаандаа дараах алдаа зөрчлүүдийг гаргаж байсан. Үүнд:

1.Монголбанкны хэлтэст сар, улирал бүр гаргаж хүргүүлдэг мэдээ тайланг удаа дараа зөрүүтэй гаргасан, Монголбанкны хэлтсийн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хэсэгчилсэн шалгалтаар иргэн Э.Сэлэнгэмөрөний дансан дахь 4,917,900 төгрөгийг Өмнөговь аймгийн “Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс” -ийн дансанд шилжүүлсэн нь илэрсэн зэрэг зөрчлүүдийг үндэслэн Т.Б-ны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалт “Банкинд мөрдөгдөж буй дүрэм журам, заавар, тушаал, шийдвэрийг зөрчихийг хориглоно”-ын дагуу Өмнөговь салбарын захирлын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/147 тушаалаар үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэл авахуулж байсан,

2. 2016 оны төсөвт автомашины засварын зориулалтаар 9,3 сая төгрөг батлагдсан байхад 12,1 сая төгрөгийн зардал гаргаж, “Т.Б-ны санхүүгийн гүйлгээний баримтыг хянах, зөвшөөрөх, батлах, эрх хэмжээний журам”-ыг зөрчин нийт 2,8 сая төгрөгөөр төсөв хэтрүүлэн зөвшөөрөлгүйгээр гаргасан. Г.Ц энэ ноцтой зөрчсөн шалтгаанаа тайлбарлахдаа Уг зардлын зөвшөөрлийг авах гэсэн боловч Төв банкны захирлууд солигдож байгаатай холбоотойгоор зардлын зөвшөөрөл олгохгүй байсан тул захирлууд томилогдож дуусахаар зөвшөөрлийг авахаар шийдэж уг зардлыг гаргасан...” гэжээ. Энэ нь зөвшөөрлийг өгөөгүй байхад санаатайгаар журам зөрчин гаргаснаа нотолж буй баримт юм.

3. 2016 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд Номгон тооцооны төвийн их засварын ажил тусгагдаагүй байхад 2,9 сая төгрөгөөр үүдний тамбар бариулж, үндсэн хөрөнгийн санхүүжилт дансанд бүртгэсэн ноцтой зөрчлийг 2016 оны 8 дугаар сарын 31-нд гаргасан. Энэ зөрчлийг гаргасан шалтгаанаа “...Санхүүгийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, их засвар, урсгал засварын ялгаагаа мэдэхгүй, ойлголт дутмаг байснаас гаргасан...” гэжээ. Энэ нь “Хөдөлмөрийн гэрээ”-ний 6.2.1, 6.2.3, 6.2.5 заалтуудаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйг нотолж байна.

4. Ажлын байрны тодорхойлолтод заагдсан “Тооцооны төвүүдийн бэлэн мөнгөний хангалт, нөөцийн зохистой хэмжээг тогтоож, сар бүр хянаж удирдах” гэсэн үндсэн үүргийг хангалттүй биелүүлсний улмаас касс дахь бэлэн мөнгөний лимит салбарын дүнгээр байнга хэтэрч “Нэгжийн кассын үлдэгдлийг удирдах, түүнд хяналт тавих журам”-ын дагуу Өмнөговь салбар нь 2016 оны 12 дугаар сарын байдлаар 35,5 сая төгрөгийн торгууль хүлээн алдагдсан боломжийн зардал гаргасан. Энэ зөрчлийн дагуу Орон нутгийн банкны газрын захирлаас Г.Цд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2100/01/-02 дугаартай “Зөрчлийн акт”-аар анхааруулах арга хэмжээ авч, зөрчлийг давтан гаргасан тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ буюу ажлаас халах хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдсэн. Гэтэл уг арга хэмжээ авагдсанаас хойш /2016.10.28-2016.12.12 хүртэлх хугацаанд/ дахин 21 удаа кассын лимит хэтрүүлсэн зөрчил гаргасан байна.

5. Мандал-Овоо тооцооны төвийн 3 ажилтны 2016 оны 5 дугаар сарын цалингаас суутгагдсан нийгмийн даатгалын шимтгэл болох 320,3 мянган төгрөгийг хуулийн хугацаанд нь зохих байгууллагын дансанд шилжүүлээгүй зөрчлийг нуун дарагдуулж 5 сар төлбөрийг саатуулсан нь 2016 оны 05,06,08,09,10 дугаар саруудын нийгмийн даатгалын тайлангаар баталгаажиж байгаа. Дээрх алдаа зөрчлүүдийг гаргаж, зарим зөрчил дээр арга хэмжээнүүд авагдаж байсан нь Г.Цгийн “Ажлын байрны тодорхойлолт” болон "Хөдөлмөрийн гэрээ”-гээр хүлээсэн үүргүүдээ биелүүлэлгүй, “Хөдөлмөрийн дотоод журам”, ажил олгогчтой байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-гээ удаа дараа ноцтой зөрчиж байсныг нотолж байна. Иймд салбарын захирлын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/190 тоот тушаал нь хууль журамд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр мөн гэдгийг нотолж тайлбар, баримтыг хүргүүлж байна гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 143/ШШ2017/00131 дугаар шийдвэрээр Хөделмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т зааснаар НЭХЭМЖПЭГЧ Г.Цгийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Б- ХХК-ийн Өмнөговь салбарын Захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/190 дугаар тушаалыг хүчингүй болгож, Т.Б- ХХК-ийн Өмнөговь салбарын Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 2,957,142 төгрөгийн олговорыг Т.Б- ХХК-ийн Өмнөговь салбараас гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Г.Цд буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,264 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 203/МА2017/00019 дугаар магадлалаар Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 131 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Цгийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Б- ХХК-ний Өмнөговь салбарт хариуцагдах хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн 62.264 /жаран хоёр мянга хоёр зуун жаран дөрвөн/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Цэен-Ойдов хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Өмнөговь аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 203/МА2017/00019 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй учир түүнийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд :

1.Давж заалдах шатны шүүхийн магадлалын ХЯНАВАЛ хэсэгт Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үидсэн дээр нотлох баримтыг үнэлнэ” гэсэн, хуулийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нъ үнэлнэ” гэж зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж, маргааны үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй” гэж үзсэн нь шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлээгүй нь дараах байдлаар тогтоогдож байна.

А. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдийн гарган өгсөн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үидэслэн шийдвэрлэсэн байдаг. Т.Б- ХХК-ийн зүгээс холбогдох нотлох баримтуудыг өөрийн хариу тайлбартай хамт ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасны дагуу нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд өгсөн бөгөөд нэхэмжлэгч талаас мөн адил дээрх хуулийн шаардлагыг хангаж бичмэл нотлох баримтыг хүргүүлсэн байдаг. Мөн түүнчлэн нэхэмжлэгч талаас нотлох баримтын шаардлагыг хангаагүй зарим баримтыг шүүх бүрэлдэхүүн үнэлээгүй байдаг. Өөрөөр хэлбэл ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасны дагуу ирүүлсэн нотлох бичмэл нотлох баримтуудыг анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 40.1, 40.2 дах заалтуудыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байгаа юм. Энэ тухай анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 131 дүгээр шийдвэр дурдсан байна. Гэвч Өмнөговь аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүх Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийг ИХШХШТХ-ийн 40.1, 40.2 дах заалтуудыг зөрчсөн гэж үзэх нь үндэслэлгүй байна.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалын ХЯНАВАЛ хэсэгт: “...Төв банкны Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн “Т.Б- ХХК-ийг төлөөлөх эрхийг олгож байна” гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт итгэмжлэл олгосон үндэслэл, эрх зүйн эх сурвалж зэрэг нь хэрэгт нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй байна. Дээр дурдсан нөхцөл байдлаас үзэхэд талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг, хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргээ бүрэн гүйцэд хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна” гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнээгүй нь дараах байдлаар тогтоогдож байна.

А. Б.Цэндсүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Т.Б- ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Улсын бүртгэлийн газрын Хуулийн этгээдийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байдаг бөгөөд хавтаст хэргийн 19 дүгээр хуудаст Т.Б- ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан байдаг. Т.Б- нь ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИ бөгөөд бүтэц зохион байгуулалт, эрх хэмжээ нь Компаний тухай хуулиар зохицуулагддаг. Мөн Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дах хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасны дагуу Т.Б- ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн нь банкийг төлөөлөх бүрэн эрхтэй байх бөгөөд энэхүү эрхийн хүрээнд холбогдох итгэмжлэлийг олгох эрхтэй байхад хэрэгт авагдсан дээрх нотлох баримт болон холбогдох хууль тогтоомжийг хэрэглэлгүй шийдвэрлэсэн нь хууль, эрх зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Б. Мөн Т.Б-ны Гүйцэтгэх захирлаас Н.Байгаль, Ё.Цэен-Ойдов нарт олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2 дах хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангах бөгөөд Н.Байгаль, Ё.Цэен-Ойдов нарт ИХШХШТХ-ийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан эвлэрэхээс бусад эрхийг олгосон байдаг. Уг итгэмжлэлийн дагуу хариуцагчийн зүгээс хэрэгт авагдсан нотлох баримттай танилцсан, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгч ИХШХШАжиллагаанд эрх, үүргээ эдлэн оролцсон байдаг. Түүнчлэн хэргийн оролцогчдийн зүгээс дээрх эрх, үүргээ хэрэгжүүлж чадаагүй, хууль ёсны эрх зөрчигдсөн эсэх талаар ямар нэгэн гомдол гаргаагүй байх бөгөөд ИХШХШТХ-ийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх нь хууль, эрх зүйн хувьд үндэслэлгүй шийдвэр болжээ.

3. Мөн хэсэгт “...Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг нэхэмжлэгчийн хүсэлтээр бүрдүүлэх ажиллагаа хийж хэрэгт хавсарган, улмаар шүүх хуралдаанаар шинжлэн судлах зэрэг ажиллагаа хийж, шийдвэрийн үндэслэх хэсэгт зарим нотлох баримтыг “....шаардлага хангаагүй” гэсэн дүгнэлт хийсэн нь хуульд заасан журамд нийцсэнгүй. Тухайлбал, хэргийн 5, 6, 78-115 хуудсанд авагдсан баримтууд нь хуульд заасан бичмэл нотлох баримтад тавигдах ямар шаардлагыг зөрчсөн, эдгээр баримтуудыг хэрхэхийг шийдвэрлэлгүй орхижээ” гэж дүгнэжээ.

А. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь шүүх хуралдаанд хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг зөрчөөгүй бөгөөд ИХШХШтХ-ийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй үнэлсэн бөгөөд 44.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй нотлох баримтыг шаардлага хангаагүй байгаа талаар шийдвэртээ дурдсан нь ИХШХШТХ-ийг зөрчөөгүй байх бөгөөд хэргийн оролцогчдийн зүгээс шаардлага хангаагүй нотлох баримтыг хасуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй тул шийдвэрлэлгүй орхисон нь хууль, тогтоомж болон шүүх хуралдааны процесс ажиллагааг зөрчсөн гэж үзэх хууль, эрх зүйн үндэслэлгүй юм. Иймд дээр дурдсан байдлуудаас үзэхэд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн, харин Өмнөговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь үндэслэлгүй шийдвэр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Г.Ц нь Т.Б-ны Өмнөговь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2015 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн Б/190 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 2 957 142 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Т.Б-ны Өмнөговь салбар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,  давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

Магадлалд заасан үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  168 дугаар зүйлийн 168.1-т заасан аль ч үндэслэлд нийцээгүй боловч хэргийн бодит байдал, ач холбогдол бүхий байдал тогтоогдоогүй тул шийдвэрийг өөрчлөх боломжгүй, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчийг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй этгээдэд гардуулсан гэж давж заалдах шатны шүүх үзжээ. Анхан шатны шүүх 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийг хувийг хариуцагчийн төлөөлөгч гэх З.Уянгад гардуулсан, хариуцагч нь 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хариу тайлбар гаргасан байна. Хариуцагч нь эрх бүхий этгээдэд нэхэмжлэлийг гардуулаагүй гэж маргаагүйгээс гадна итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж, нэхэмжлэлд хариу тайлбар бичснээс үзэхэд шүүхийн энэ ажиллагаа хариуцагчийн эрхийг зөрчөөгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийг хуулийн этгээдийн эрхгүй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.5, 29.6-д заасан зохицуулалтын дагуу дүгнэхдээ Т.Б-наас олгосон итгэмжлэл, Т.Б- болон Т.Б-ны Өмнөговь салбараас гаргасан баримтуудыг үндэслэн хариуцагчийг тодорхойлох шаардлагатай гэж үзжээ. Шүүхийн энэ дүгнэлт хуульд нийцээгүй байна. Шүүх хуулийн этгээдийн салбар нь хуулийн этгээдийн эрхгүй гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэхдээ Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байх тухай хэрэглэвэл зохих хэм хэмжээг анхаараагүй нь алдаатай болжээ. Т.Б-ны Өмнөговь салбар нь банкны зохих үйл ажиллагааг бие даан явуулах эрхтэйгээс гадна салбарын эрх баригч Т.Б-наас итгэмжлэл олгосноор хэргийн оролцогч гэж үзэх үндэслэл тогтоогдсон, энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхгүй байжээ. 

Харин анхан шатны шүүх тушаалын үндэслэл болох зөрчлийн талаар дүгнэлт хийхдээ ажилтны байгууллагын ерөнхий нягтлан бодогчийн хувьд хуулиар болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, банкны салбарын дүрэм зэрэг хэм хэмжээнд тулгуурлаагүй нь буруу болохоос гадна автомашины засварын зардлыг 2,8 сая төгрөгөөр хэтрүүлсэн, бэлэн мөнгөний лимитыг хэтрүүлсэн байхад хяналт тавиагүй, Номгон тооцооны төвд төсөвт тусгагдаагүй 2,9 сая төгрөгийн зардал гаргасан гэх зөрчлүүдэд хамаарах хамтын шийдвэр буюу Т.Б-ны Өмнөговь салбарын захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-60/,  Т.Б-ны Өмнөговь салбарын Техникийн комиссын хурлын тэмдэглэл /хх-101, 105, 109, 113/, авто инженерийн дүгнэлт зэрэг баримтуудыг үнэлээгүй, маргааны ач холбогдол бүхий байдлыг тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна.

Хяналтын шатны шүүхээс шийдвэрийг өөрчлөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэллээ.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны  6 дугаар сарын 07-ны өдрийн 203/МА2017/00019 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа 70 200 төгрөг, 62 266 төгрөг тус тус төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй..

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                      ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА