Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар       

 

Нэхэмжлэгч: ******* *******, *******,******* тоотод оршин суух ******* /РД:*******/

  

Хариуцагч:  Т*******

 

Төрийн банкны Өмнөговь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчийн Б/190 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 11 700 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Цэен-Ойдов, Н.Байгаль, нарийн бичгийн дарга Ч.Түвшинсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* миний бие Төрийн банкны Өмнөговь салбарт 2015 оны 02 сарын 11-ний өдрийн Б/10 тоот тушаалаар Өмнөговь салбарын ерөнхий нягтлан бодогчоор томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Өмнөговь салбарын захирлын 2015 оны 07 сарын 10-ны өдрийн Б/88 тоот тушаалаар салбарын ерөнхий нягтлан бодогчоор үндсэн ажилтнаар томилогдон хөдөлмөрийн нэмэлт гэрээг хугацаагүйгээр байгуулан ажилласан. Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд 2016 оны 12 сарын 13-ныг дуустал ажиллах хугацаандаа үнэнч шударга, сахилгын шийтгэл, алдаа дутагдалгүй, хууль журмын хүрээнд ажлын байрны тодорхойлолтод заасан эрх, үүргийг сайн биелүүлж ажилласан. Гэтэл салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч Ч.Бат-Эрдэнийн 2016 оны 12 сарын 13-ны өдрийн Б/190 тушаалаар “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 , 40.1.5 дахь заалтыг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлснийг хуулийн үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж байна. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ огт авагдаж байгаагүй, мөнгөн хөрөнгийг салбарын захирлын зөвшөөрөл болон салбарын захирлын зөвлөлийн шийдвэрийн дагуу зарцуулж байсан бөгөөд ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гаргаагүй болно. Миний бие уг тушаалыг үндэслэлгүйгээр гарсан гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 2016 оны 12 сарын 13-ны өдрийн Б/190 тоот тушаалыг хүчингүй болгон, Төрийн банкны Өмнөговь салбарын ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажилд эгүүлэн томилж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “******* миний бие Төрийн банкны Өмнөговь салбараас ажлаас үндэслэлгүй халагдсан, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан билээ. Уг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 2957142 төгрөгийг Төрийн банкнаас гаргуулан нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон нэмэгдүүлсэн шаардлагадаа: Төрийн банкны Өмнөговь салбарын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан ******* намайг 2016.оны 12 дугаар сарын 13-ны өдөр салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч Ч.Бат-Эрдэнийн Б/190 тушаалаар “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 40 дүгээр  зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлснийг хуулийн үндэслэлгүй чөлөөлсөн гэж 2017 оны 1 сарын 4-ний өдөр Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг Б/190 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 заалтуудыг үндэслэн  хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй, 2016 оны автомашин засварын батлагдсан төсвөөс 2,800,000 төгрөгийг хэтрүүлэн гаргасан, тооцооны төвүүдийн бэлэн мөнгөний хангалт, нөөцийн зохистой хэмжээг тогтоож, сар бүр хянаж, удирдах гэсэн ажил орхигдсоноос касс дахь бэлэн мөнгөний лимит тогтмол хэтэрч 35,5 сая төгрөгний зардал тооцогдсон нөхцөл бүрдсэн, Номгон тооцооны төвд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний их засварт тусгагдаагүй 2,9 сая төгрөгийг өргөтгөл хийхэд зарцуулсан зэрэг зөрчлүүдийг гаргасан гэсэн хууль бус үндэслэлээр ажлаас халсан. Ерөнхий нягтлан бодогч байсан ******* би Төрийн банкинд эд хөрөнгийн хохирол учруулаагүй, бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах үйлдэл гаргаж байгаагүй. Дээрхи зөрчлүүд нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчилд хамаарахгүй гэж үзэж байна. Уг тушаалд дурьдагдсан ажлаас халах үндэслэлүүдийг ******* өөрөө дур мэдэн ганцаар шийдвэр гаргаж хийгээгүй, салбарын техникийн комиссын хурлын шийдвэрийн дагуу Төрийн банкны авто инженерийн дүгнэлтийн дагуу хамтын шийдвэрээр хийгдсэн байдаг. Ажлаас халсан Б/190 тоот тушаалд дурьдагдсан зөрчлүүдийг гаргасан гэж ажлаас халсантай санал нийлэхгүй доорхи тайлбарыг өгч байна. Нэг. Төрийн банкны салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчийн А/190 тоот тушаалын “Тооцооны төвүүдийн бэлэн мөнгөний хангалт нөөцийн зохистой хэмжээг тогтоож, сар хэтэрч 35,5 сая төгрөгийн зардал тооцогдох нөхцөл бүрдсэн”. Төрийн банкны Өмнөговь салбар, 19 тооцооны төвд 2016 оны 04-р сараас 2016 оны 07 сар хүртэл хугацаанд Төрийн банкны Дотоод Хяналт Шалгалтын Газраас ээлжит иж бүрэн шалгалт хийгдэж, уг шалгалтаар кассын  лимитийг тооцооны төвүүдэд бодитойгоор хуваарилаагүйгээс салбарын кассын лимит хэтэрсэн, цаашид төв банкны Орон нутгийн салбарын удирдлагын газар, Бүртгэлийн бодлого хяналтын хэлтэс давхар хяналт тавьж арга зүйн зөвөлгөө өгч ажиллахыг үүрэг болгон, Өмнөговь салбарын кассын лимитийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан. Энэ нотлох баримтыг 2017 оны 12 сарын 14-ний өдөр Төрийн банкнаас гаргуулан авсан нь хавтаст хэрэгт бий. Иймээс кассын лимитийн хэтрэлт нь Тооцооны төвүүдийн бэлэн мөнгөний хангалт нөөцийн зохистой хэмжээг нь тогтоож, сар бүр хянаж удирдах гэсэн ажлыг орхигдсонтой холбоотой гэсэн нь үндэслэлгүй байна. Төрийн банкны Өмнөговь салбарын харьяа Номгон тооцооны төвд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний их засварт тусгагдаагүй 2,9 сая төгрөгийг өргөтгөл хийхэд зарцуулсан зөрчлийг ганцаараа дур мэдэн шийдвэр гаргаагүй захирлын зөвлөлийн 2016 оны 07 сарын 25-ны өдрийн 56 тоот хурлын шийдвэрээр хийсэн. Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2014 оны 05 сарын 29-ний өдрийн “Худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрх олгох тухай” А/268 тоот тушаалаар Төрийн банкны орон нутгийн салбарын захирлуудад 5,0 сая төгрөгнөөс доош өртөгтэй барилгын засварын ажлыг хийх эрхийг олгосон байдаг. Энэ тушаалын дагуу Номгон тооцооны төвийн засварын ажлыг Өмнөговь салбарын захирлын зөвлөлийн хурлаас хийхийг зөвшөөрч, Ш.Мишигжаргал захирал засварын ажлыг эхлүүлэх цохолтыг хийсэн. Төрийн банкны Өмнөговь салбарт Төрийн банкны Номгон тооцооны төвөөс ирүүлсэн 2016 оны 07 сарын 28-ны №15 тоот албан бичгийг салбарын захирал Ш.Мишигжаргал цохолт хийн Номгон тооцооны төвд явуулсанаар уг барилгын засварын ажлыг хийсэн. Уг барилгын засварын ажлыг Төрийн банкны Өмнөговь салбарын Номгон тооцооны захирал Р.Одхүүг барилгын засвар гүйцэтгэгчтэй гэрээг хийн ажлыг эхлүүлэн, хүлээн авсан байдаг. Дээрхи үйл ажиллагааг нотлох баримт болох Төрийн банкны гүйцэтгэх Захирлын  268 тоот тушаал, Номгон төвийн 15 тоот албан бичгийг захирал Ш.Мишигжаргал цохолт хийсэн баримт, Номгон төвийн захирал Р.Одхүүгийн хийсэн засварын ажлын гэрээ, ажил хүлээлцсэн актыг Төрийн банкнаас гаргуулан авсаныг хэрэгт хавсаргасан байгаа. 2016 оны автомашины засварын зардлыг батлагдсан төсвөөс 2,8 сая төгрөгөөр хэтрүүлсэн зөрчилийг салбарын техникийн комиссын шийдвэр, Төрийн банкны автоинженерийн дүгнэлтийн дагуу салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор салбарын захирлын зөвшөөрлөөр хийсэн. Салбарын автомашинуудад эвдрэл гэмтэл гарсаныг автозасварын газарт оношлуулан, салбарын техникийн комиссын хурлаар уг гэмтлийг хэрхэн шийдвэрлэхийг хэлэлцэн, Төв Төрийн банкны Авто инженерийн дүгнэлтийн дагуу уг сэлбэгийг сольж засварлан салбарын үйл ажиллагааг хэвийн явуулсан. Салбарын техникийн комисс 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр, 09 дүгээр сарын 21, 10 дугаар сарын 24-нд тус тус хуралдан эвдэрсэн сэлбэгүүдийг шинээр солих саналыг Төрийн банкны Захиргаа аж ахуйн хэлтэсийн Авто инженерт холбогдох материалыг явуулсан. ЗАА Автоинженерийн уг сэлбэгийг шинээр сольж тавих дүгнэлтийг 2016 оны 08 сарын 19, 09 сарын 21, 10 сарын 24-ний өдрүүдэд тус тус гарган Өмнөговь салбарт ирүүлсэн нотлох баримтыг хэргийн материалд хавсаргасан. 2016 оны 09 сарын 07-ны өдөр Загсүүжин говь ХХК 1,320,000 төгрөг сэлбэгийн үнэ, 2016 оны 09 сарын 07-ны өдөр Загсүүжин говь ХХК 700,000 төгрөг сэлбэгийн үнэ, 2016 оны 09 сарын 09-ний өдөр Загсүүжин говь ХХК 138,000 төгрөг засварын хөлс, 2016 оны 10 сарын 17 ний өдөр 265,000 Баганы хайрхан ХХК Ниссан патролны аккумляторын үнэ, 2016 оны 10 сарын 24-ний өдөр 320,000 Улаанбаатар хот  Да Хүрээ зах Д-27 лангуу перда дискны үнэ, 2016 оын 10 сарын 24-ний өдөр 130,000 Хангүрд ХХК перда диск шинээр тавьсаны ажлын хөлсийг Ш.Мишигжаргал захирлын цохолтын дагуу үнийг шилжүүлсэн. Иймд 2016 оны 12 сарын 13-ны өдөр салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчийн Б/190 тоот тушаалыг хүчингүй болгон урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг хуулийн дагуу тооцон олгож, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 сарын 13-ны өдрийн ******* Төрийн банкны салбарын захирлын тушаал байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заалт мөн Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйл 7.4.2, 7.4.5, 7.4.18 зэрэгт  заасныг зөрчсөн гэж үзэн ажлаас халсан тушаалын үндэслэх хэсэгт тусгасан байдаг. 40.1.4, заасан үндэслэл нь хөдөлмөрийн зөрчил удаа дараа гаргасан байхыг шаардсан байдаг. 40.1.5 дахь заалт өмнө нь захирлын санаачилгаар ажлаас халсан үндэслэлээр урьд өмнө нь хөдөлмөрийн сахилга гаргасантай холбоотойгоор зөрчил гаргаж байсан үндэслэл байдаг.  Хөдөлмөрийн дотоод журам болон, хөдөлмөрийн гэрээнд Төрийн банкны ******* салбарын захирал Ш.Мишигжаргал нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Хэрэгт энэ талаар зөрчил гаргасан нотлох баримт байдаггүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Хөдөлмөрийн гэрээний 7.4.2, заасан банкны дотоод журамд заасанчлан дотоод дүрэм журам зөрчсөнийг банкны дотоод хяналт шалгалтаар тогтоосон гэж зааж өгсөн байдаг. Энэ ажлаас халсан тушаал дээрээ энэ заалтыг баримталсан байдаг болов ч ******* нь Банкны дотоод дүрэм зөрчсөн нь нотлогдоогүй байгаа. Тус гэрээний 7.4.5 дахь заалтуудыг зөрчөөгүй, мөнгө авсан бусад зөрчил гаргасан гэсэн нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байдаг. Өөрөөр хэлбэл ажлаас халсан тушаалд заасан дурдсан заалтыг нотолсон баримт байхгүй байхад ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.  Уг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Хохирол учруулсан үйлдэл хийгээгүй гэдгээ өөрөө тодорхой хэлсэн. Аливаа шийдвэрийг удирдлагын шийдвэрээр гаргаж, мөнгийг зохих газарт нь олгож байсан. Энэ хэрэг нь анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхэд хянан хэлцэгдэж өмнөх шүүх хурал болон өмнөх шатны шүүхийн шийдвэрийн талаар би тайлбар хийгээгүй. Гэтэл хариуцагчийн төлөөлөгчийн хэлснээр анхан шатны шүүхэд энэ хүн өөрсдөө хэргээ хүлээсэн гэсэн. Миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гаргасан тайлбар бол Төрийн банкны Өмнөговь салбарын захирлын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тушаалын үндэслэх хэсгийн заалтуудыг баримтлан үндэслэж тушаал гаргахдаа, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь заасан үндэслэлээ нотолж чадаагүй байж, Хөдөлмөрийн гэрээний 7.4.1, 7.4.5 дахь заалтыг баримтлан ажлаас халах үндэслэл нь хууль бус гэж тайлбар гаргасан. Нэгэнт бид нар хуульчид учраас өмнөх хурлын хүчингүй болсон шийдвэрийг үндэслэж үг хэлээгүй. Одоо анхан шатны шүүх хуралдаан явагдаж байна. Дотоод хяналт шалгалтын илтгэх хуудас нь 2016 оны 12 дугаар сарын 05 өдөр гаргаад, шалгасан өдөр нь 2016 он 12 дугаар сарын 06-ны өдөр нэг өдрийн дотор Улаанбаатар хотод байгаа Төрийн банкны хяналт шалгалтын захирал нь гаргасан байдаг. Гэтэл Өмнөговь аймаг Улаанбаатар хотоос хэр хол байдаг билээ, шалгасан зөрчлийн хувьд үндсэндээ гурван зөрчлийг илрүүлээд гарын үсэг зурсан байдаг. Байгууллагын дотоод хяналт шалгалт явуулж байгаа тохиолдолд шалгагдаж байгаа этгээдэд заавал мэдэгдэх ёстой. Хийсэн шалгалтынхаа үр дүнг танилцуулах ёстой байдаг. Хөдөлмөрийн тухай хуульд шалгагдсан этгээдэд заавал танилцуулж гарын үсэг зурсан байх ёстой байдаг. Гэтэл шалгагдсан этгээдэд мэдэгдээгүй, танилцуулаагүй байсан. Шалгагдсан этгээдэд танилцуулаад дараа дараагийн шатанд хандах эрхийг нь олгох ёстой байсан. Гэтэл шууд ажлаас халах тушаал гаргасан байдаг. Ажлаас халах тушаал нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шалгах хүсэлт аваад 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шалгасан шийдвэрээ гаргаад 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ажлаас халсан шууд 7 хоногийн дотор ажлаас халсан байдаг. Ажлаас халсан хүн нь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч ажлаас халсан байгаа. Энэ нь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч гэдэг нь тухайн салбарынхаа өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүрэг гүйцэтгэдэг. *******г ажлаас халаад дараа нь өөрөө 2016 оны 12 дугаар сард ажлаасаа гарсан байдаг. Мөн илтгэх хуудсан дээр ямар хуулийн ямар зүйл заалтыг яагаад зөрчсөн талаар бичээгүй байдаг. Мөн хариуцагчийн төлөөлөгч түрүүнд хэлэхдээ нэхэмжлэгч хууль зөрчсөн гээд байсан. Гэтэл хууль зөрчөөгүй журам зөрчигдсөн байдаг. Хууль зөрчиж гаргасан журмыг бид нар баримтлахгүй. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, хууль тогтоох эрх бүхий байгууллагаас батлан гаргасан хууль тогтоомжид нийцсэн журмыг мөрдөх ёстой. Мөн салбарын захирал Ш.Мишигжаргал өөрөө гарын үсэг зурж энэ мөнгийг шилжүүл гэсэн цохолттой байсан. Үүний дагуу ерөнхий нягтлан бодогч гүйлгээ хийсэн байдаг. Ийм үйл ажилллагаа хийсэн хүнийг дур мэдэн төрийн банканд ноцтой хохирол учруулсан гэж үзэх боломжгүй. Мөн ажлаас халсан нь үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Цэен-Ойдов шүүхэд гаргасан хариу тайбартаа: “******* нь Төрийн банкны Өмнөговь салбарын Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Т14-221 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан туршилтаар ажиллаж байгаад 2015 оны 7 дугаар сарын 10-ний өдөр Т14-303 дугаартай хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруулах гэрээгээр үндсэн ажилтан болж ажилласан. 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Салбарын захирлын Б/190 тоот тушаалаар ажил олгогчийн санаачилгаар *******той байгуулсан дээрх гэрээнүүдийг цуцлан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. ******* нь ажиллах хугацаандаа хууль журмын хүрээнд ажиллаж хөдөлмөрийн сахилгын шийтгэл, алдаа зөрчилгүй ажиллаж байсан гэж нэхэмжлэлд дурджээ. ******* нь ажиллах хугацаандаа дараах алдаа зөрчлүүдийг гаргаж байсан. Үүнд:

1.Монголбанкны хэлтэст cap, улирал бүр гаргаж хүргүүлдэг мэдээ тайланг удаа дараа зөрүүтэй гаргасан, Монголбанкны хэлтсийн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хэсэгчилсэн шалгалтаар иргэн Э.Сэлэнгэмөрөний дансан дахь 4,917,900 төгрөгийг ******* “Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс” -ийн дансанд шилжүүлсэн нь илэрсэн зэрэг зөрчлүүдийг үндэслэн Төрийн банкны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалт “Банкинд мөрдөгдөж буй дүрэм журам, заавар, тушаал, шийдвэрийг зөрчихийг хориглоно”-ын дагуу Өмнөговь салбарын захирлын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/147 тушаалаар үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэл авахуулж байсан,

2.2016 оны төсөвт автомашины засварын зориулалтаар 9,3 сая төгрөг батлагдсан байхад 12,1 сая төгрөгийн зардал гаргаж, “Төрийн банкны санхүүгийн гүйлгээний баримтыг хянах, зөвшөөрөх, батлах, эрх хэмжээний журам ”-ыг зөрчин нийт 2,8 сая төгрөгөөр төсөв хэтрүүлэн зөвшөөрөлгүйгээр гаргасан. ******* Энэ ноцтой зөрчсөн шалтгаанаа тайлбарлахдаа “... Уг зардлын зөвшөөрлийг авах гэсэн боловч Төв банкны захирлууд солигдож байгаатай холбоотойгоор зардлын зөвшөөрөл олгохгүй байсан тул захирлууд томилогдож дуусахаар зөвшөөрлийг авахаар шийдэж уг зардлыг гаргасан...” гэжээ. Энэ нь зөвшөөрлийг өгөөгүй байхад санаатайгаар журам зөрчин гаргаснаа нотолж буй баримт юм.

3.2016 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд Номгон тооцооны төвийн их засварын ажил тусгагдаагүй байхад 2,9 сая төгрөгөөр үүдний тамбар бариулж, үндсэн хөрөнгийн санхүүжилт дансанд бүртгэсэн ноцтой зөрчлийг 2016 оны 8 дугаар сарын 31-нд гаргасан. Энэ зөрчлийг гаргасан шалтгаанаа “...Санхүүгийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, их засвар, урсгал засварын ялгаагаа мэдэхгүй, ойлголт дутмаг байснаас гаргасан...” гэжээ. Энэ нь “Хөдөлмөрийн гэрээ”-ний 6.2.1, 6.2.3, 6.2.5 заалтуудаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйг нотолж байна.

4.Ажлын байрны тодорхойлолтод заагдсан “Тооцооны төвүүдийн бэлэн мөнгөний хангалт, нөөцийн зохистой хэжээг тогтоож, cap бүр хянаж удирдах” гэсэн үндсэн үүргийг хангалттүй биелүүлсний улмаас касс дахь бэлэн мөнгөний лимит салбарын дүнгээр байнга хэтэрч “Нэгжийн кассын үлдэгдлийг удирдах, түүнд хяналт тавих журам”-ын дагуу Өмнөговь салбар нь 2016 оны 12 дугаар сарын байдлаар 35,5 сая төгрөгийн торгууль хүлээн алдагдсан боломжийн зардал гаргасан. Энэ зөрчлийн дагуу Орон нутгийн банкны газрын захирлаас *******д 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2100/01/-02 дугаартай “Зөрчлийн акт”-аар анхааруулах арга хэмжээ авч, зөрчлийг давтан гаргасан тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ буюу ажлаас халах хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдсэн. Гэтэл уг арга хэмжээ авагдсанаас хойш /2016.10.28-2016.12.12 хүртэлх хугацаанд/ дахин 21 удаа кассын лимит хэтрүүлсэн зөрчил гаргасан байна.

5.Мандал-Овоо тооцооны төвийн 3 ажилтны 2016 оны 5 дугаар сарын цалингаас суутгагдсан нийгмийн даатгалын шимтгэл болох 320,3 мянган төгрөгийг хуулийн хугацаанд нь зохих байгууллагын дансанд шилжүүлээгүй зөрчлийг нуун дарагдуулж 5 cap төлбөрийг саатуулсан. 2016 оны 05,06,08,09,10 дугаар саруудын нийгмийн даатгалын тайлангаар баталгаажиж байгаа. Дээрх алдаа зөрчлүүдийг гаргаж, зарим зөрчил дээр арга хэмжээнүүд авагдаж байсан нь *******гийн “Ажлын байрны тодорхойлолт” болон ’’Хөдөлмөрийн гэрээ”-гээр хүлээсэн үүргүүдээ биелүүлэлгүй, “Хөдөлмөрийн дотоод журам”, ажил олгогчтой байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-гээ удаа дараа ноцтой зөрчиж байсныг нотолж байна. Иймд салбарын захирлын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/190 тоот тушаал нь хууль журамд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр мөн гэдгийг нотолж тайлбар, баримтыг хүргүүлж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Салбарын захирлын цохолтын дагуу хийсэн, Мөн Хөдөлмөрийн гэрээний 7.4.2 заасанчлан дотоод дүрэм журам заавар зөрчөөгүй. Мөн төрийн банкинд хохирол учруулсан үйлдэл гаргаагүй гэж байна. Ажил олгогчийн зүгээс Өмнөговь салбарт хяналт шалгалт хийж уг шалгалтын явцад төсөвт тусгагдаагүй зардал гаргасан Төрийн банкны дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан дотоодын хяналт шалгалтын тэмдэглэл дээр тусгагдсан байдаг. Тус тэмдэглэлдээр юу тусгасан байдаг вэ? гэхээр Өмнөговь салбарт авто машины засварын төсөвт хэдэн төгрөг төсөвлөсөн, хэдийг хэтрүүлсэн, урсгал зардалд хэдийг төсөвлөсөн байгаа, хэдийг хэтрүүлсэн байгааг тусгасан байдаг. Нөхцөл байдал яаж гарч ирсэн бэ гэхээр Номгон тооцооны төвийн 2016 оны төсөв батлагдахдаа, Өмнөговь салбарт 9.331.500 төгрөг төсвөөр батлагдсан байдаг. Төсвийн гүйцэтгэлийн тайлан болон 2016 оны төсвийг хооронд нь харьцуулаад үэзхээр нийт авто засварын урсгал зардал нь 12.149.600 төгрөг гаргаад 2,118,100 төгрөгөөр хэтэрсэн зүйл байдаг. Төрийн банкны санхүүгийн гүйлгээний баримт хянах журам гэж байдаг. Тус баримт хянах журамд санхүүгийн төлөвлөгөөнд тусгагдсан аливаа зардлыг төсвөөс хэтрүүлэхгүй байх төлөвлөөгүй зардлыг гаргахгүй байх үүргийг банкны бүх ажилтан хүлээх бөгөөд, банкны үйл ажиллагаанд зайлшгүй зарцуулагдах төсөвлөгдөөгүй зардлын зөвшөөрлийг орон нутгийн үйл ажиллагааны хэлтсээс авна гэсэн байдаг. Гэтэл автоинженерийн дүгнэлтээс үндэслээд гэж хэлсэн автоинженерийн дүгнэлт нь өөрөө засвар хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж байгаа болов ч зөвшөөрөл олгож байгаа үйлдэл биш юм. Монгол тооцооны төв дээр засвар хийсэн байдаг. Таамбар барьж засвар хийхдээ 2,9 сая төгрөгөөр Таамбар бариулсан байдаг. Үүнтэй холбоотой бүх баримт бичиг хавтаст хэрэгт авагдсан байдаг. Төрийн банкны Өмөнговь салбар дахь 2016 оны төсөв байгаа. Уг төсөв дээр урсгал засварт 15 сая төгрөг төсөвлөсөн байдаг. Гэтэл 15 сая төгрөгний урсгал засвараа хийхдээ уг төсвөө дуусгаад нэмээд 2,9 сая төгрөг гаргасан байдаг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 12.1.6 заасан албан татвар ноогдох орлогоос хасаж тооцох зардал нь тухайн үл хөдлөх хөрөнгийн хувьд үлдэгдэл өртөгийн 2 хувиас хэтрэхгүй байна, хэрэв хэтэрсэн бол их засварын зардалд тооцно гэсэн байдаг. Номгон тооцооны төвийн өртөг нь 53 сая байдаг. 53 саяын 2 хувь нь 1.060.000 төгрөг байдаг. 2,9 сая төгрөгний зардал гаргаад таамбар бариулаад энэ хөрөнгөө урсгал зардалын засвараас гаргасан нь хууль зарчсөн асуудал болж байгаа. Миний үзэж байгаагаар кассын лимит хэтэрч байна гэсэн. Кассын лимит нь удаа дараа хэтэрч байсан. Энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Кассын лимит хэн яаж хэрхэн хангаж ажиллах ёстой бэ гэхээр, Төрийн банкны нэгжийн кассын удирдлагын удирдах журам гэж байдаг. Энэ журмын 3 дугаар зүйлийн 3.1 зааснаар удирдлагын хорооноос тухайн нэгжийн захирал, ерөнхий нягтлан бодогч, ахлах теллер хариуцах ба лимитийг мөрдөж ажиллана гэж заасан байгаа. ******* ерөнхий нягтлан бодогчийн хувьд зөвхөн салбар биш салбарын харъяа нэгжүүдийн бүх кассын лимитийг болон бэлэн мөнгөний зузаатгал, бэлэн мөнгөний хангалтыг хангаж, хянаж ажиллах ёстой байдаг. ******* нь энэ ажлуудын хангаж ажиллаж байгаагүй байдаг. Кассны лимит хэтэрснээр ямар үр дагавар үүссэн бэ гэхээр, Төрийн банкны нэгжийн кассын удирдлагын удирдаж журмын 3 дугаар зүйлийн 3.7 зааснаар 45,5 сая төгрөгний алдагдсан боломжийн зардалд тооцсон байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь торгууль тооцогдож байна гэсэн үг. ******* нь дээр дурьдсан журмуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээний 7.4.2, 7.4.5, мөн хөдөлмөрийн дотоод журмын 5.21.5 дахь заалтын мөн зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь өөрийн байгууллагын дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон байдаг. Ийм учраас ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэнээр манай үйлчлүүлэгч маань ямар нэгэн зөрчил гаргаагүй нь хангалттай тогтоогдсон гэсэн. Шүүх хуралдаанд аливаа тайлбарыг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Гэтэл огтоос худал тайлбар гаргаж байгаад гайхаж байна. Өмнөх шүүх хуралдаанд тухайн тушаалыг гаргасан салбарын үүрэг гүйцэтгэгч гээд байгаа. Ч.Бат-Эрдэнийн тушаал байхгүй учраас давж заалдах шатны шүүх болон улсын дээд шүүхээс буцаасан ийм л зүйл байгаа. Гэтэл энэ хүн зөрчил гаргаагүй байна гэсэн байдлаар буцаасан зүйл байхгүй байна. Анхан шатны шүүх хурлаар зөрчил гаргасан нь үнэн. Энэ талаар хурлын тэмдэглэлээс харагдаж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Түрүүнд хэлсэнээр ноцтой хохирол учруулсан гэсэн. Хуулинд бол ноцтой хохирол гэсэн зүйл байхгүй. Харин ноцтой зөрчил гэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбар байдаг. Энэ тайлбарын 15.4.2 зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 зааснаар ноцтой зөрчил гэдэг нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нөлөөлөхөд сөрөг үр дагавар бий болгосон. Уг ажилтан Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нөлөөлсөн харш үйлдэл эс үйлдэл байна гэсэн байдаг. Энэ хүн Хөдөлмөрийн гэрээнд заасан эрх үүргээ зөрчсөн байна гэж үзэж байна. Харин Төрийн банкны нэр хүндэд халдахуйц сөрөг үр дагавар бий болгосон гэсэн утгаар хэлээгүй байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 яагаад баримтлах болсон талаар гэвэл ажил олгогчийн итгэлийг алдсан, салбар болон харъяа 19 нэгжийн кассын лимитийг хангах, бүх төлбөр тооцоо татвар төлөлтийн тайлан тооцоог бүгдийг гаргадаг. Энэ утгаараа энэ хүн ажил олгогчийн итгэлийг алдсан яагаад гэвэл хууль зөрчсөн, журам зөрчсөн гэж үзэж байна. Номгон тооцооны урсгал засварыг гаргахдаа хууль зөрчсөн, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.2 зааснаар урсгал засварын зардал нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үлдэх өртөгийн 2 хувиас хэтэрч болохгүй гэсэн. Тус 2 хувиас хэтрэх юм бол их засварт тооцно гэсэн энэ талаар хуульчлаад өгсөн байдаг. *******гийн хувьд нягтлан бодох бүртгэл хийхдээ урсгал засвараас гаргалгүй, үндсэн хөрөнгийн санхүүгээс бүртгэлгүй, бүр их засварт бүртгэлгүй санхүүжилтэнд бүртгэсэн ийм ноцтой асуудал гаргасан. Энэ хүн Хөдөлмөрийн гэрээгээ зөрчөөгүй гэсэн. Кассын лимитын талаар өөрөө дур мэдэн шийдвэр гаргаагүй гэсэн. Гэхдээ *******гийн ажлын байрны тодорхойлолт авагдсан байгаа. Тус тодорхойлолтыг гүйцэтгэх үндсэн үүрэгт зааснаар салбар тооцооны төвүүдэд хийгдэх хөрөнгө оруулалт, их засварын төлөвлөгөөг тооцооны төв хариуцсан мэргэжилтний хамт боловсруулан салбарын захирлын зөвлөлд хэлэлцүүлж, улмаар Төв банкны орон нутгийн үйл ажиллагааны хэлтэст тайлагнаж шийдвэрлүүлэнэ гэж заасан байдаг. Гэтэл огт орон нутгийн үйл ажиллагааны хэлтсээс зөвшөөрөл аваагүй байдаг. 2,9 сая төгрөгийн зардал гаргаж байгаа нь тухайн Номгон тооцооны төвийн 2 хувиас хэтэрч байгаа учраас их засварт бүртгэх ёстой байсан. Энэ талаар орон нутгийн үйл ажиллагаанаас зөвшөөрөл аваагүй байгаа. Мөн түүнчлэн энэ албан тушаал нь салбар нэгжүүдийн кассын лимит, болон бэлэн мөнгөний зузаатгалыг хангаж ажиллах ёстой байдаг. Энэ кассын лимит удаа дараалан хэтэрсэн. Энэ хэтэрсэний үр дүнд журамд заасны дагуу алданги торгууль тооцогдсон байдаг. 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шалгасан 16/А162 тоот илтгэх хуудас байгаа. Энэ илтгэх хуудсан дээр орон нутгийн банкны газрууд, үйл ажиллагааны хэлтсээс, Өмнөговь салбарын захирал Ш.Мишигжаргал болон ерөнхий нягтлан бодогч ******* нар нь салбарын үйл ажиллагааг хангалтгүй зохион байггуулж их хэмжээний алдагдалтай ажиллаж байгаа тул гарч буй зөрчлийг зайнаас шалгаж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байна гэсэн. Уг илтгэх хуудсан дээр авто машины засвар зардал 9.331.500 төгрөг батлагдсан байхад, 12,149,600 төгрөгний зардал гаргасан. 2,818,100 төгрөгийн зардал хэтрүүлэн гаргасан байна. Ямар ч байгууллага оны эхэнд төсвөө баталдаг.  Батлагдсан төсөвтөө түүнийгээ тааруулан захиран зарцуулах нь ажилтнуудын эрх үүрэг байдаг. Уг баталсан төсвөөс хэтрүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа нь банкинд сөрөг үр дагавар гаргаж байна гэж үзэж байна. Мөн ******* хэрэг үүсэхээс өмнө баримт дээр хуулбар үнэн дарсан баримтуудыг өгсөн байдаг. Энэ нь зөрчил мөн гэж үзэж байна. Эхний асуултын хувьд хурлын тэмдэглэл дээр хэн ч юу ч хэлж болно. Эцсийн шийдвэр чухал. Санхүүгийн гүйлгээ бүртгэх хянах  журмын 3.3 дахь хэсэгт зааснаар 3.1 дахь хэсэг болон 3.2 дахь хэсэгт зааснаас бусад батлагдсан төсвийн дагуу гарах банкны үйл ажиллагааны зардлыг шат шатны удирдлагуудаар хянуулж зөвшөөрөл авч эрхийн дээд хэмжээг доорх байдлаар авч гаргана гэсэн байгаа. Үүн дээр салбарын захирал 10 саяас дээш орон нутгийн салбарын удирдлагын газрын захирал зөвшөөрч 1-10 сая төгрөгийн эрх хэмжээ байхын хувьд байгаа, гэхдээ нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Авто машины засварын төсвөөс хэтэрсэн зардал гарсан байгаа. Мөн Номгон тооцооны төвийн урсгал засвар биш их засварыг хийхдээ үндсэн хөрөнгийн санхүүжилтанд бүртгэгдсэн ноцтой зөрчил гаргасан. Үүнийг төсөв хэтрүүлсэн гэж үзэж байна. Үндсэн хөрөнгийн санхүүжилт 0 төгрөг байхад тайлан дээр 2,9 төгрөг гээд зардал гараад ирсэн байдаг тул энэ журмыг зөрчсөн гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч *******, хариуцагч “Төрийн банк ХХК”-ийн Өмнөговь салбараас Өмнөговь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчийн Б/190 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Т*******ын ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 11.700.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгахыг шаарджээ.

Хариуцагч “Төрийн банк ХХК”-ийн Өмнөговь салбар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч *******г банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдэл гаргасан нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон гэж үзэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж маргадаг.

 

  “Төрийн банк ХХК”-ийн Өмнөговь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б/190 дугаартай тушаалаар тус салбарын ерөнхий нягтлан бодогч *******г хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.3, 5.28.2, 5.28.4, 5.28.17 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.2, 7.4.5, 7.4.18 дахь заалт салбарын захирлын зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 94 тоот хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Нэхэмжлэгч ******* нь ”Төрийн банк” ХХК-ийн­ Өмнөговь салбарын захирлын 2015 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар тус салбарын ерөнхий нягтлан бодогчоор томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байжээ. (Х.х 6, х.х 8-11 тал)

 

Ажил олгогч байгууллага, ажилтан *******той байгуулсан хөдөлмөрийн гэрээндээ банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдлийг дотоодын хяналт шалгалтаар тогтоосон /7.4.2/, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон /7.4.5/, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй /7.4.18/ тохиолдолд “Хөдөлмөрийн тухай” хуулийн 40.1.4-т заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцсон байна. /хх-ийн 24-27/

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж дараах тайлбарыг гаргадаг :

- Автомашины засварын зардал 2.8 сая төгрөгийн гүйлгээг “Төрийн банк”-ны автомашин ашиглалтын журмын дагуу “Төрийн банк”-ны салбарын техникийн комисс, авто инженерийн дүгнэлтийн дагуу хийж “Төрийн банк”-ны Өмнөговь салбарын захирлын цохолтоор уг гүйлгээг хийсэн.

- Номгон тооцооны төвд тампар барих ажлыг салбарын захирлын зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 56 тоот хурлаар хэлэлцэн тухайн ажлыг хийлгүүлэхээр шийдвэр гаргасан энэ шийдвэр болон салбарын захирлын цохолтын дагуу уг ажлыг эхлүүлэн холбогдох мөнгөн гүйлгээг хийж байсан.

- Тооцооны төвүүдийн кассын лимитийг 09 дүгээр сарын 14-ны өдөр шинчлэн захирлын зөвлөлөөр хэлэлцүүлж шинчлэсэн лимитийг тооцооны төвүүдэд хүргүүлсэн, орон нутгийн онцлогийг харгалзан Өмнөговь салбарын кассын лимитийг шинчлэн нэмэгдүүлэн тогтоолгох тухай зохих газар нь уламжилж байсан зэргээс тооцооны төвүүдийн бэлэн мөнгөний хангалт нөөцийн зохистой хэмжээг тогтоож, сар бүр хянаж удирдах гэсэн ажлыг орхигдуулаагүй.

- Ерөнхий нягтлан бодогчийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа улирал бүр гарган хүргүүлдэг мэдээ тайланг зөрүүтэй гаргасан гэсэн үндэслэлээр салбарын захирлын тушаалаар 2015 онд сахилгын шийтгэл авахуулж байсан. Энэ нь хөдөлмөрийн хуулийн 131.4-т заасны дагуу 1 жилийн хугацаа өнгөрсөн тул энэ шийтгэл хүчингүйд тооцогдсон. Энэ алдаагаа цаашид давтан гаргаагүй бөгөөд өөрийн хариуцсан мэдээ тайланг зөрүүгүй гаргаж хүргүүлж байсан ба дахин хөдөлмөрийн хуулийн дагуу тушаалаар авагдсан өөр арга хэмжээ байхгүй гэдэг.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар  *******г

- Төрийн банкны санхүүгийн гүйлгээний баримтыг хянах, зөвшөөрөх, батлах эрх хэмжээний журам зөрчсөн тус журамд санхүүгийн төлөвлөгөөнд тусгагдсан аливаа зардлыг төсвөөс хэтрүүлэхгүй байх, төлөвлөөгүй зардлыг гаргахгүй байх үүргийг банкны бүх ажилтан хүлээх бөгөөд банкны үйл ажиллагаанд зайлшгүй зарцуулагдах төсөвлөгдөөгүй зардлын зөвшөөрлийг орон нутгийн үйл ажиллагааны хэлтсээс авна гэснийг зөрчиж автомашины засварын зардлыг 2.8 сая төгрөгөөр хэтрүүлсэн,

 - Номгон сумын тоцооны төвд тамбар барьж засвар хийлгүүлэхдээ 2.9 сая төгрөгний их засварт тусгагдаагүй зардал гаргаж энэ хөрөнгөө урсгал засварын төсвөөс гаргаж хууль зөрчсөн,

- Төрийн банкны нэгжийн кассын үлдэгдлийг удирдах, түүнд хяналт тавих журмын 3.1-д зааснаар удирдлагын хорооноос нэгжийн кассын үлдэгдэлд тогтоосон лимитийг тухайн нэгжийн захирал ерөнхий нягтлан бодогч ахлах теллэр хариуцах ба лимитийг мөрдөж ажиллана гэж заасан байгаа. ******* нь ерөнхий нягтлан бодогчийн хувьд зөвхөн салбар биш салбарын харъяа нэгжүүдийн бүх кассын лимитийг болон бэлэн мөнгөний зузаатгал бэлэн мөнгөний хангалтыг хангаж хянаж ажиллах үүргээ зөрчиж кассын лимитийг 35.5 сая төгрөгийн алдагдсан боломжийг зардалд тооцогдох нөхцөл бүрдүүлсэн гэж үзэн дээрхи зөрчлүүд нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон гэсэн тайлбарыг гаргаж маргадаг.

 

Төрийн Банкны хөдөлмөрийн дотоод журамд /2.7/ газар, хэлтэс, нэгжийн захирал нь ажил үүргийн дагуу болон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргах ба эрх хэмжээнээс давсан асуудлыг банкны удирдлага болон холбогдох хороогоор хэлэлцүүлэн шийдвэрлүүлэнэ. Мөн журмын 1.5.2-т удирдлага гэж ... орон нутгийн нэгжийн захирлыг хэлнэ.

Ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод: харъяалагдах ажлын байр болон албан тушаалд салбарын захирал ОНҮАХ-н захирал байхаар, гүйцэтгэх үндсэн үүрэгт удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлэхээр заажээ.

 

*******г автомашины засварт 2.8 сая төгрөгний зардал зөвшөөрөлгүй дур мэдэн хэтрүүлэн гаргасан, Номгон тооцооны төвд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд их засварт тусгагдаагүй байхад 2.9 сая төгрөгөөр тампар бариулж үндсэн хөрөнгийн санхүүжилтэд бүртгэсэн зөрчил гаргасан, энэ нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон гэх боловч дээрх үйлдлүүдийг авто инженерийн дүгнэлт болон салбарын захирлын зөвшөөрлийн үндсэн дээр (цохолтоор) хийсэн болох нь авто инженерийн дүгнэлт “Заг сүүжин ХХК”-ийн нэхэмжлэхүүд зарлагын баримтууд “Төрийн банк”-ны мимориалын баримт зэргээр нотлогдож байна.

Өмнөговь салбарын захирал Ш.Мишигжаргал нь банкны тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргаж цохолт хийж тухай бүрд нь мөнгийг шилжүүлүүлэх үүрэг даалгаврыг өгсний дагуу ******* нь хөдөлмөрийн дотоод журам болон ажлын байрны тодорхойлолтод зааснаар удирдлагаас  өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн байх тул түүнийг дээрхи зөрчлүүдийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн *******г касс дахь бэлэн мөнгөний лимит салбар болон харъяа 19 тооцооны төвийн хэмжээнд хэтэрч 35.5 сая төгрөгийн зардалд тооцогдох алдагдал бий болох нөхцөл бүрдүүлсэн гэж дүгнэжээ.

******* нь тооцооны төвүүдийн кассын лимитийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шинэчлэн, захирлын зөвлөлөөр хэлэлцүүлж, шинэчилсэн лимитийг тооцооны төвүүдэд хүргүүлсэн, орон нутгийн онцлогийг харгалзан Өмнөговь салбарын кассын лимитийг шинэчлэн, нэмэгдүүлэн тогтоолгох тухай зохих газарт уламжилж байсан болох нь Төрийн банкны Өмнөговь салбарын захирлын зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаартай хурлын тэмдэглэл, Өмнөговь салбарын захирлын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/36 дугаартай тушаал  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд үүнийг няцаасан баримт хариуцагч тал гаргаагүй байна. Тооцооны төвүүдийн бэлэн мөнгөний хангалт нөөцийн зохистой хэмжээг тогтоож, сар бүр хянаж удирдах гэсэн ажлыг орхигдуулсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд *******г дээрх зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцсалсан нь тогтоогдохгүй байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Өмнөговь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчийн Б/190 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Банкны дотоод журмын 5.28.4-д зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон, 5.28.17-д ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

 

******* нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан,  ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй гэдэг нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдоогүй, энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.

 

Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.5-д  зааснаар “Төрийн банк ХХК”-ийн  Өмнөговь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчийн  2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгож *******г урьд эрхэлж байсан Өмнөговь салбарын ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ. 

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэжээ.

******* нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл ажилгүй байсан ба түүний дундаж цалин хөлс нь /сүүлийн 3 сарын /09, 10, 11 сар / цалин-2 660 818 төгрөг, нэг сарын дундаж цалин-887 000 төгрөг, 887 000*13 сар/ 11 700 000 төгрөг болжээ.

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11 700 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хуульд заасны дагуу нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасны дагуу “Төрийн банк ХХК”-ны Өмнөговь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчийн  2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгож *******г урьд эрхэлж байсан Өмнөговь салбарын ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Т*******аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11 700 000 төгрөгийг гаргуулан *******д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар *******гийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56  дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132 464 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гоос улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 69 686 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод, хариуцагч Т*******аас улсын тэмдэгтийн хураамжид 272 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Р.УРАНЧИМЭГ