Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 211

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 17-р хороо, Өнөр хороолол, 33-р байр, 132 тоотод оршин суух, Харчин овогт Намсрайн Хундага/РД: ЧТ56033088/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Залуучуудын Өргөн чөлөө гудамж 2/3 дугаар байр, 04 тоотод оршин суух, Жавхлан овогт Батсайханы Дөлгөөн/РД: УШ81110605/-д холбогдох

 

Үндэслэлгүйгээр төлсөн 48 800 000/дөчин найман сая найман зуу/ төгрөгийг, нэмэлт зардал 306900/гурван зуун зургаан мянга есөн зуун/ төгрөгийг нийт 49 106 900/дөчин есөн сая нэг зуун зургаан мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.

 

Тодорхойлох нь:

  

Нэхэмжлэгч Н.Хундага шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Хундага миний бие иргэн Б.Дөлгөөний тавьсан санал болон “Голомт” банкны зээлийн төв бизнес төвийн удаа дараагийн тодорхойлолтуудыг үндэслэн иргэн Б.Дөлгөөний/УШ81110605/ өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн 000194908, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203010669 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 9 дүгээр байрны 2 тоотод байрлалтай 175 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 490 000 000/дөрвөн зуун ерэн сая/ төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэн Б.Дөлгөөнтэй “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”/цаашид гэрээ гэх/ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дахь хэсэгт зааснаар худалдан авагч тал буюу иргэн Н.Хундага миний бие орон сууцны үнэ болох 490 000 000 төгрөгийн төлбөрийг 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор худалдагч талд төлж барагдуулах үүрэг хүлээсэн бөгөөд миний бие гэрээ хийгдсэн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Голомт" банкны Зээлийн төв бизнес төвд /захирал Б.Ариунаа/ 490 000 000 төгрөгийг бэлнээр тушааж тус мөнгөнөөс 488.000.000 сая төгрөг нь иргэн Б.Дөлгөөний эзэмшлийн “Голомт” банкин дахь 2209254458 тоот дансанд шилжсэнээр миний бие тус үүргээ бүрэн биелүүлсэн. Харин худалдагч тал буюу иргэн Б.Дөлгөөн нь тус гэрээний хэд хэдэн заалтыг ноцтой зөрчиж худалдан авагч Н.Хундага миний хууль ёсны эрх ашиг зөрчөөд байна. Тухайлбал:

Талуудын хооронд байгуулсан гэрээний 1 дэх хэсэгт “Худалдагч тал нь худалдан авагчийн өмчлөлд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Бага тойруу 9-2 тоотод байрлах 175 м.кв орон сууцыг шилжүүлнэ” гэж заасан.

Гэтэл барилгын зохион байгуулалтын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий “Уран Асар" ХХКомпаний 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хийсэн нарийвчилсан хэмжилтээр тухайн орон сууц нь 175 м.кв бус 157.79 м.кв болох нь тогтоогдоод байна.

Гэрээний 3 дахь хэсэгт зааснаар 175 м.кв орон сууцны төлбөрийг 490 000 000 сая төгрөг байхаар харилцан тохиролцсон бөгөөд дээрхи байдлаар тухайн орон сууцны 1 м.кв тутмын үнэлгээ нь 2.800.000 төгрөг болж байна./490 000 000:175=2 800 000/. Гэтэл худалдан авагчийн өмчлөлд бүрэн шилжих ёстой 175 м.кв нь бодит байдал дээр 157.79 м.кв болсноор 17.21 м.кв-ийн зөрүү гарч /175 м.кв-157.79 м.кв=17.21/ иргэн Б.Дөлгөөн нь бодитой тогтоогдох ёстой 441 812 000 /157.79x2.800.000=441 812 000/ төгрөгийн төлбөр дээр 48 800 000 төгрөгийг үндэслэлгүйгээр нэмж иргэн Н.Хундага надаас гаргуулсан болох нь тогтоогдоод байна. Худалдагч тал буюу иргэн Б.Дөлгөөн нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Уг орон сууцыг банкны зээлийн барыдаанд байгаа 490.000.000 төгрөгийг төлж барагдуулбал уг зээл дуусгавар болно” гэж худалдан авагч талд мэдэгдэж байсан боловч бидний дунд гэрээ байгуулагдахаас өмнө 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 1396 дугаартай захирамжаар Б.Дөлгөөн нь иргэн Ц.Мөнхжаргалд 290 803 975 төгрөгийн өр төлбөртэй болох нь тогтоогдож уг шийдвэрийг баталгаажуулах зорилгоор Нийслэлийн ШШГАлбанаас битүүмжилэлтэй байсныг мэдэгдэлгүй гэрээний 4 дэх хэсгийг ноцтой зөрчсөн. Худалдагч тал буюу иргэн Б.Дөлгөөн нь дээрхи байдлаар иргэн Н.Хундага надад бодит байдлыг бүрэн гүйцэд танилцуулаагүйн улмаас миний бие тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлж чадалгүй 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хохирсон энэ байдал нь худалдагч талын буруутай үйлдлийн улмаас талуудын хооронд байгуулсан гэрээний 7 дахь хэсэг мөн зөрчигдөхөд хүргэсэн.

“Голомт” банкны Зээлийн төв бизнес төв нь /захирал Б.Ариунаа/ иргэн Б.Дөлгөөн болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газруудад удаа дараа албан бичиг, тодорхойлолтуудыг гаргаж өгч байсан бөгөөд дээрхи байдал нь иргэн Н.Хундага миний зүгээс тухайн орон сууцыг худалдан авч хохирол хүлээх гол үдэслэл болсон.

Мөн нөгөө талаас худалдах, худалдан авах гэрээ байгуулж, орон сууцны төлбөрт банкнаас гаргаж өгсөн 490 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг төлөх үйлдлийг “Голомт” банкны Зээлийн төв бизнес төв дээр хийсэн бөгөөд иргэн Н.Хундага миний бие гэрээ болон банкны тодорхойлолтонд тусгагдсан 490 000 000 төгрөгийн гүйлгээг тус төвөөр дамжуулан хийхэд 490 000 000 төгрөг бус 488 000 000 төгрөгийг худалдагч тал буюу Б.Дөлгөөний дансанд шилжүүлж тус банкнаас надад 488 000 000 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт өгч үлдэгдэл 2 000 000 төгрөг нь ямар нэгэн баримтгүй үлдсэн байгаа нь ч мөн тус төвийн үйл ажиллагаатай хамааралтай гэж миний бие үзэж байна.

Худалдагч тал Б.Дөлгөөн болон “Голомт” банкны Зээлийн төв бизнес төвийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэн Н.Хундага миний бие эрхийн зөрчилтэй, талбайн хэмжээ дутуу орон сууц худалдан авч тухайн нөхцөл байдлуудыг тодруулах зорилгоор хэмжилт хийлгэж “Уран Асар” ХХК-нд 247 500, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт мэдүүлэг лавлагаа гаргахад 20 000 төгрөг, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад 30 000 төгрөг, нотариатаар итгэмжлэл хийлгэх болон материал батлуулахад 9400 төгрөг нийт 306 900 төгрөгийн нэмэлт зардал гараад байна.

Иймд худалдагч тал Б.Дөлгөөнөөс зээлийн гэрээний дагуу иргэн Н.Хундагын миний худалдан авсан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 9 дүгээр байрны 2 тоотод байрлалтай орон сууцны төлбөрт үндэслэлгүйгээр төлсөн 17.21 м.кв-ын үнэ буюу 48 800 000 төгрөг, нэмэлтээр гаргасан 306 900, нийт 49 106 900 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв. 

      

   Хариуцагч Б.Дөлгөөн шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Г.Лхагвасүрэн миний бие Н.Хундагын нэхэмжлэлтэй, Б.Дөлгөөнд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буйн хувьд дараах хариу тайлбар, татгалзлалыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн үндсэн шаардлагын тухайд:

Б.Дөлгөөн нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Бага тойруу, 9 дүгээр байрны 2 тоотод байрлалтай Эрхийн Улсын бүртгэлийн Ү-2203010669 дугаарт бүртгэгдсэн 175 м.кв байрыг Н.Хундагад худалдахаар тохиролцож, Худалдах худалдан авах гэрээг байгуулснаар орон сууцны эзэмшил, өмчлөлийг Н.Хундагад шилжүүлсэн. Н.Хундага нь уг гэрээний дагуу 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхээр эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж, улмаар 2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 000401949 тоот гэрчилгээгээр хууль ёсны өмчлөгч болж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг бүрэн биелэсэн.

Гэтэл хожим буюу орон сууцны эзэмшил, өмчлөлийг хүлээн авснаас хойш 11 сарын дараа худалдан авсан орон сууц биет байдлын доголдолтой байсан хэмээн зөрүү төлбөрийг буцаан гаргуулахаар нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үздэг.

Хэрэв худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй, харин худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байдаг.

Гэвч Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцдог. Харин эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахыт Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан.

Нөгөөтэйгүүр хариуцагч Б.Дөлгөөн нь гэрээний зүйл болох орон сууцыг өөр этгээдээс Бэлэглэлийн гэрээний дагуу хүлээн авсан, Н.Хундагыг ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл дээрх доголдлын талаар мэдээгүй явжээ.

Нэхэмжлэгч Н.Хундага 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр орон сууцыг хүлээн авсан байх ба орон сууцны талбайн хэмжээ бага болохыг тухайн үед мэдэх боломжтой байсан тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авсан орон сууцны талбай дутуу талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

Орон сууцны талбайн хэмжээ дутуу байх эд хөрөнгийн доголдол нь орон сууцыг эзэмших, ашиглах явцад бий болохгүй, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авах үед ч байсан доголдол тул мэдэх боломжтой юм. Доголдолтой эд хөрөнгийг мэдэх боломжтой байхад хүлээн авсан нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 6/884 тоот албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000401949 тоот гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогддог.

Түүнчлэн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасны дагуу гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн эл шаардлага хангагдах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Н.Хундага, хариуцагч Б.Дөлгөөнд холбогдуулан үндэслэлгүйгээр төлсөн 48 800 000/дөчин найман сая найман зуу/ төгрөгийг, нэмэлт зардал 306 900/гурван зуун зургаан мянга есөн зуу/ төгрөгийг, нийт 49 106 900/дөчин есөн сая нэг зуун зургаан мянга есөн зуу/ төгрөгийг, гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Б.Дөлгөөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Зохигчид 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”/хх-12/ байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний 1, 2, 3-т зааснаар хариуцагч нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 9 дүгээр байрны 2 тоот, 175 метр квадрат орон сууцыг 490 000 000/дөрвөн зуун ерэн сая/ төгрөгөөр нэхэмжлэгчид худалдах, нэхэмжлэгч орон сууцны үнэд 490 000 000/дөрвөн зуун ерэн сая/ төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн болох нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний гэрээний хуулбараар/хх-12/ тогтоогдож байна.

 

2014 оны 12 дугаар сарын 31-ний гэрээ нь Иргэний хуульд нийцсэн байх тул тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Зохигчид хариуцагч 2 тоот орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн болон нэхэмжлэгч орон сууцны үнэ 490 000 000/дөрвөн зуун ерэн сая/ төгрөгийг бүрэн төлсөн талаар маргаагүй болно.

 

2014 оны 12 дугаар сарын 31-ний гэрээний 2-т хариуцагч нэхэмжлэгчийн өмчлөлд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн орон сууцыг шилжүүлэх үүрэг хүлээсэн болох нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний 1-т зааснаар хариуцагч нэхэмжлэгчийн өмчлөлд 175 метр квадрат талбайтай орон сууц шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч 164.83 метр квадрат талбайтай орон сууц шилжүүлсэн болох нь “Уран-Асар” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн сууцны нийт талбайн хэмжээний дүгнэлтээр/хх-25/ тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь “Уран-Асар” ХХК-ийн хэмжилтээр 2 тоот орон сууцны талбай 157.79 метр квадрат болох нь тогтоогдсон гэж тайлбарлаж байх боловч “Уран-Асар” ХХК-ийн Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан MNS 6058:2009 Монгол Улсын стандартын/хх-26-29/ дагуу 2 тоот орон сууцад хийсэн хэмжилтээр/хх-25/ 2 тоот орон сууцны нийт талбай 164.83 метр квадрат болох нь тогтоогдсон байна.   

 

Хэрэгт “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт/хх-113-115/ баримтаар авагдсан байх боловч “Мөнх-Оргил” ХХК нь 2 тоот орон сууцны талбайн хэмжилтийг MNS 6058:2009 стандартаар бус Барилга, хот байгуулалтын сайдын 2006 онд баталсан хүчингүй журмын/хх-127-132/ дагуу хийсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр/хх-113-115/ тогтоогдож байна.

 

Түүнчлэн “Мөнх-Оргил трейд” ХХК шинжээчийн дүгнэлтэд “Бьюлдингстехноложи” ХХК/хх-125/ болон иргэн Б.Эрдэнэбаярын тусгай зөвшөөрлийг/хх-122/ хавсаргасан байх ба “Мөнх-Оргил трейд” ХХК нь барилгын зураг төслийн тусгай зөвшөөрөл эзэмшдэг болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байна.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.” гэж заасан.

 

Хариуцагч 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний 1-т зааснаар нэхэмжлэгчийн өмчлөлд 175 метр квадрат талбайтай орон сууц шилжүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, “Уран-Асар” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн сууцны нийт талбайн хэмжээний дүгнэлтээр/хх-25/ тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч 2 тоот орон сууц биет байдлын доголдолтой буюу орон сууцны талбайн хэмжээ 175 метр квадратад хүрэхгүй гэдгийг мэдэх боломжтой байсан гэж тайлбарлаж байх боловч тус тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд 164.83 метр квадрат талбайтай буюу биет байдлын доголдолтой орон сууц шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, “Уран-Асар” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн сууцны нийт талбайн хэмжээний дүгнэлтээр/хх-25/ тогтоогдож байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2 тоот орон сууцны нэг метр квадратын үнийг тодорхойлоогүй гэж тайлбарлаж байх боловч 2014  оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний 1, 3-т зааснаар 2 тоот 175 метр квадрат талбайтай орон сууцны нийт үнийг 490 000 000/дөрвөн зуун ерэн сая/ төгрөг гэж заасан байх тул 2 тоот орон сууцны 1 метр квадратын үнийг 2 800 000/хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна.    

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Дөлгөөнөөс 2 тоот орон сууцны метр квадратын зөрүү төлбөрт 28 476 000/хорин найман сая дөрвөн зуун далан зургаан мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Хундагад олгож, орон сууцны зөрүү төлбөрт нэхэмжилсэн төлбөрөөс 20 324 000/хорин сая гурван зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.  

Нэхэмжлэгч хариуцагчаас “Уран Асар” ХХК-иар хэмжилт хийлгэсэн 247500 төгрөгийг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт мэдүүлэг лавлагаа гаргахад 20 000 төгрөгийг, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад 30 000 төгрөгийг, нотариатаар итгэмжлэл хийлгэх болон материал батлуулахад гаргасан 9400 төгрөгийг, нийт 306900/гурван зуун зургаан мянга есөн зуу/ төгрөгийн зардлыг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т “учруулсан хохирлыг арилгуулах” гэж заасан.

 

Хариуцагч 2014  оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйтэй холбогдон нэхэмжлэгчид “Уран Асар” ХХК-иар талбайн хэмжилт хийлгэхэд 247500/хоёр зуун дөчин долоон мянга таван зуу/ төгрөгийн/хх-25/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас лавлагаа авахад 20 000/хорин мянга/ төгрөгийн/хх-17/, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад 30 000/гучин мянга/ төгрөгийн/хх-9/, нийт 297 500/хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийн зардал буюу хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдож байна

 

Нэхэмжлэгчид нотариатаар итгэмжлэл гэрчлүүлэх болон материал батлуулахад 9400/есөн мянга дөрвөн зуу/ төгрөгийн зардал буюу хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх заалтад зааснаар хариуцагчаас учирсан хохирол буюу зардалд 297 500/хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдсэн 9400/есөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Дөлгөөнөөс метр квадратын зөрүү төлбөрт 28 476 000/хорин найман сая дөрвөн зуун далан зургаан мянга/ төгрөгийг, нэмэлт зардалд 297 500/хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг, нийт 28 773 500 /хорин найман сая долоон зуун далан гурван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Хундагад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 20 333 400/хорин сая гурван зуун гучин гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

Тогтоох нь:

 

   1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Дөлгөөнөөс метр квадратын зөрүү төлбөрт 28 476 000/хорин найман сая дөрвөн зуун далан зургаан мянга/ төгрөгийг, нэмэлт зардалд 297 500/хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг, нийт 28 773 500 /хорин найман сая долоон зуун далан гурван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Хундагад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 20 333 400/хорин сая гурван зуун гучин гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Хундагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405000 төгрөгөөс 403484 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611016809 тоот данснаас илүү төлсөн 1515 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Хундагад олгож, хариуцагч Б.Дөлгөөнөөс улсын тэмдэгтийн хураамжид 403484 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Хундагад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ