Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2023/0037

 

“Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Оюуны өмчийн газрын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:      М.Батсуурь

Танхимын тэргүүн:    Д.Мөнхтуяа

Шүүгчид:                         Г.Банзрагч

                   Ц.Цогт

Илтгэгч шүүгч:           Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2022/0816 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2023/0182 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 187 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Т.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Л.Г, гуравдагч этгээд Л.А, түүний өмгөөлөгч Д.Н, О.Б нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1. “Р” ХХК нь Оюуны өмчийн газрын даргад холбогдуулан ... газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох тухай” А/72 дугаар тушаалын хавсралтаар мэдүүлгийн бүртгэлийн ****** дугаартай, улсын бүртгэлийн ***** дугаартай “Б” тэмдгийг Л.А-д эзэмшүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2. Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/72 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйл, шинжээчийн дүгнэлтийг тус тус үндэслэн 1 дэх заалтаар шаардлага хангасан, хавсралтад дурдсан *** барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэжээ.

2.1. Уг тушаалын хавсралт “Барааны тэмдгийн жагсаалт”-ын 18 дахь хүснэгтэд  Л.А-д “Б” үгэн барааны тэмдэг эзэмших эрхийг зөвшөөрч, мэдүүлгийн бүртгэлийн ***** дугаар, улсын бүртгэлийн ***** дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ олгожээ.

3. Нэхэмжлэгч “Р” ХХК нь дараах үндэслэлээр маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардсан байна. Үүнд:

3.1. “... “Б” гэх үгийг дангаар нь бүртгэсэн бүртгэл нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасантай нийцээгүй, маргаан бүхий А/72 дугаар тушаалаар “Б” гэх үгийг дангаар барааны тэмдгээр бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.16, 47.1.7-д зааснаар илт хууль бус байна. 2018 оноос эхлэн импортлон Монгол Улсын зах зээлд худалдан борлуулж байсан, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д зааснаар цаашид барааны тэмдгийг ашиглах эрхтэй. “М б” ХК-д давуу байдал олгож, “Р” ХХК-ийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулж, зах зээлээс шахан гаргах зорилгоор хууль бус үйл ажиллагаа явуулсан. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн заалтуудыг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу “Б” үгийн шүүлт хийхдээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэж, тайлбар, санал гаргах боломж олгох үүрэгтэй, “Б” барааны тэмдгийг ашиглаж буй “Р” ХХК-д уг бүртгэлийн талаар огт мэдэгдээгүй, энэ нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-т заасан зарчмыг зөрчсөн.

3.2. Шинжээчийн дүгнэлтэд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 5 дугаар зүйлд заасан шалгуурыг хэрхэн хангасан талаар дүгнэлтүүд огт тусгагдаагүй, шаардлага хангасан эсэхийг шалгахгүйгээр бүртгэгдээгүй бол бүртгэгдэх боломжтой гэх логикоор сэтгэж, өнгөцхөн дүгнэлт гаргасан, барааны тэмдгийн шинжээч нь “Б” үгэнд шүүлт хийхдээ Google хуудас ашигласан гэж тайлбар тавьж байгаа атлаа Орос хэл дээрх цахим эх сурвалжуудыг судлаагүй орхисон, хуулийн 5.2.5-д заасантай нийцэж байгаа эсэхийг шалгаагүй, Улсын дээд шүүхээс “Б” үг ердийн нэрийн үүргээр хэрэглэгдэж байгааг онцолж, “Б” гэх үгэн тэмдэг ялгагдах чадвартай илэрхийлэл байж чадахгүй тул барааны тэмдэг биш гэж дүгнэсэн, хариуцагчаас “Б” үгийг барааны тэмдгээр бүртгүүлснээр иргэн Л.А-д “Р” ХХК-ийн хууль ёсны худалдааг таслан зогсоох эрхийг олгож, улмаар нэхэмжлэгч компанийг зах зээлээс шахан гаргах үйл ажиллагаа явуулж байгаа нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 01/2063 дугаар албан бичгээр нотлогддог, Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 10 дугаар зүйлийн 1, 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн …” гэжээ.

4. Хариуцагч Оюуны өмчийн газрын даргаас (итгэмжлэгдсэн төлөөлөгч) нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:

4.1. “... Барааны тэмдгийн улсын бүртгэлийн 19872 дугаарт бүртгэлтэй “Б” гэсэн үгэн барааны тэмдгийн мэдүүлэгт Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн дагуу мөн хуулийн 5.2-т заасан шаардлагуудыг хангасан эсэхийг тогтоох шүүлтийг хийхдээ I, W, G -ийн санд үгэн тэмдгээр  хайлт хийсэн ба хайлтыг анхдагч огноо болох 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс өмнө бүртгэгдсэн болон мэдүүлсэн барааны тэмдгийн санд мэдүүлсэн бараа, үйлчилгээний Ниццийн ангиллын 17, 19, 35 ангиллуудад хийхэд өмнө бүртгэгдсэн буюу 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн анхдагч огноотой “Б” (дүрстэй) болон “Б Т”  (дүрстэй) гэсэн барааны тэмдгүүд иргэн Л.А-ын  нэр дээр эрхийн хамгаалалт хийгдсэн байсан ба өөр ижил кирилл үсгээр болон латин үсгээр бичигдсэн ижил болон төсөөтэй барааны тэмдэг бүртгэгдээгүй байсан, хуулийн 5.1-д заасан шаардлага хангасан эсэх шүүлтийг мэдээллийн цахим хуудас, Орос, Монгол хэлний тайлбар толь бичиг ашиглаж хийсэн, Монгол Улсын барааны тэмдгийн хайлтын сайтад бүртгэгдсэн санд “Б” гэдэг үг өмнө бүртгэгдээгүй, бүртгэгдсэн нь хосолмол тэмдэглэгээгээр иргэн Л.А-ын  нэр дээр бүртгэгдсэн байсан, өмнө бүртгэгдээгүй гэж үзээд Л.А-ын  нэр дээр бүртгэсэн, “Б” гэсэн үг ямар нэг утга агуулсан, мэдүүлсэн ангиллуудад хамаарах салбарт хэрэглэгддэг үг хэллэг гэсэн тайлбар байгаагүй нь барилгын болон тусгаарлагч материал, салбарын үг хэллэг болох мэдээлэл, гадаад үгнээс барилгын тусгаарлагч, материал, хөвөн чулуу гэсэн ямар нэг утгатай үг мөн гэж орчуулагдана гэсэн мэдээлэл, тайлбар байгаагүй зэрэг нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1.2-т заасан бараа үйлчилгээгээ заасан байна гэж үзэх үндэслэл болоогүй, харин Б т гэсэн үг хэллэг илэрсэн, энэ нь хайлмал эхлэхэд нөмрөгийн чулуулаг хийдэг лавын төрөл чулуу гэсэн мэдээлэл байсан, мөн мэдүүлсэн барааны тэмдэг нь чулуу, байгалийн баялагтай холбоотой ангилалд эрхийн хамгаалалт хийлгэх хүсэлт гаргаагүй, Оюуны өмчийн газрын бүртгэлийг илт хууль бус гэж үзэж байгаа нь өөрөө илт хууль бус үйлдэл.

4.2. ... 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан Л.А-ын  мэдүүлгийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзээд шинжээч барааны тэмдэг мөн гэж дүгнэлт гаргаад тус хуулийн 8 дугаар зүйлд зааснаар барааны тэмдгийг бүртгэсэн, Л.А-ын  бүртгүүлсэн барааны тэмдэг нь эрхийн 17, 19, 35 дугаар ангилалд хамаарах эрхийн хамгаалалт хийгдсэн, бүртгэгдсэн бараа үйлчилгээнийхээ хүрээнд үйлчилдэг, хуулийн 5.1.1, 5.1.2 дахь заалтуудыг зөрчөөгүй, бүртгэл хуулийн дагуу хийгдсэн. Ижил төсөөтэй тэмдгийн хувьд барааны тэмдгийн цахим санд хайлт хийхэд зөвхөн Монгол Улсын бүртгэгдсэн барааны тэмдгийн систем байна.  Монгол Улсад хэн түрүүлж бүртгүүлсэн нь давуу эрх олж авдаг, ашиглалт үүсэх шаардлагагүй байдаг. Барааны тэмдэг нь ялгагдах шинж чанартай, оноосон эсвэл нийлмэл нэр нь бараа үйлчилгээтэйгээ холбоогүй байх ёстой. Базальт гэдэг үгийн хувьд Монгол тайлбар толь бичгүүдэд хүрмэн чулуу гэсэн утгатай, иргэн Л.А-оос байгалиас олборлосон хүрмэн чулуун дээр Базальт гэдэг эрхийн хамгаалалт хийлгээгүй, “Б” гэсэн хийсвэр үгийг энэ барилгын тусгаарлах хөвөн дээр барааны тэмдгээр ашиглана гэж эрхээ бүртгүүлсэн. Нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулж тухайн барааг оруулж ирэхдээ барааны тэмдгээ бүртгүүлээгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Гуравдагч этгээд Л.А-оос нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:

5.1. “... Захиргааны акт илт хууль бус байх эсхүл хууль зөрчсөн байх ойлголтууд ялгаатай. Маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасан “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэдэгт тухайн захиргааны актыг гаргахдаа ямар ч хуульд үндэслээгүй байх, эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн эрхэд халдсан, халдах ёсгүй байсан актыг гаргасан, актын зохицуулалтын зүйлийг хэн ч хийж чадахааргүй байх, хуульд дээдлэх зарчмыг ноцтой зөрчсөн байхыг ойлгоно. Оюуны өмчийн газрын даргын 2019 оны А/72 дугаар тушаал нь хуулиар тусгайлан олгосон эрх, хуульд заасан үндэслэл, журам, хэлбэрийн шаардлагыг тус тус хангасан бөгөөд тэдэнд хуулиар тусгайлан олгосон эрх хэмжээнд нь багтсан, хууль тогтоомжид заасан үндэслэлтэй, хуульд заасан журам хэлбэрийг баримталсан шийдвэр юм. Өрсөлдөөний тухай хуулийн гуравдугаар бүлэг буюу 14-21 дүгээр зүйлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрх зүйн байдлыг хуульчилсан. Уг хуулийн биелэлтэд хяналт тавих чиг үүрэг, бүрэн эрхийг Оюуны өмчийн газарт хуулиар тусгайлан олгоогүй, тус хуулийн 3.3-т Оюуны өмчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа, үүссэн нөхцөл байдлыг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй гэж хуульчилсан. Харин маргаан бүхий захиргааны акт нь барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын асуудал бөгөөд Оюуны өмчийн газар нь уг актыг гаргахдаа Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 29 дүгээр зүйлийн 29.1.5, 29.1.6 болон 6 дугаар зүйлийн 6.1-д заасан үндэслэлээр “Б” гэх үгийг барааны тэмдгээр улсын бүртгэлд бүртгэж, онцгой эрх олгосон. Л.А  нь уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 12.3.1, 12.3.2, 12.3.4, 12.3.5-д заасан онцгой эрхээ хэрэгжүүлэх буюу зөрчлийг таслан зогсоолгох арга хэмжээ авхуулсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан заалтад хамаарна.

5.2. ... Оюуны өмчийн газар нь Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг зөрчөөгүй бөгөөд маргаан бүхий акт нь хуулиар тусгайлан олгосон эрх хэмжээнд нь багтсан, хууль тогтоомжид заасан үндэслэлтэй, хуульд заасан журам хэлбэрийг баримталсан шийдвэр юм. Захиргааны байгууллага иргэн Л.А-д ямар нэгэн давуу эрх олгоогүй. Мөн “Р” ХХК-ийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, эсхүл харьяатын адил эдлэх эрхийг хязгаарласан эсхүл хориглосон үйлдэл, эс үйлдэхүйг нэхэмжлэгч нь гаргаагүй, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйл нь нийт 6 хэсэг, 16 хэсэгтэй, мөн хэсгүүд нь маш олон төрлийн ялгаатай шалгуур шаардлагыг агуулдаг бөгөөд эдгээрийн аль хэсэг, заалт, шаардлагыг зөрчсөн талаарх үндэслэлээ огт дурдаагүй, улсын бүртгэлийн ****** дугаартай “Б” барааны тэмдэг тус хуулийн 5.1.1-д заасан шаардлагыг хангасан буюу “Б” гэсэн үг нь ямарваа график  гүйцэтгэл агуулаагүй стандарт шрифтээр бичигдсэн үсэг, тоо биш, ямар нэг зохиомж үүсгээгүй энгийн зураас,  геометрийн энгийн дүрс биш, шинжлэх ухаан, техникийн аливаа салбарын тэмдэглэгээ, нэр томъёо биш, мэдүүлж буй барааны тэмдгийг хэрэглэх бараа, үйлчилгээнд хамаарах үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хэрэглэгддэг тэмдэглэгээ, нэр томъёо биш, хэрэглээний явцад Ниццийн 17, 19, 35 дугаар ангиллын бараа, үйлчилгээ болон тэдгээртэй нэг төрлийн бараа, үйлчилгээний түгээмэл нэр болсон үг биш, “Б” нь утга санаа агуулаагүй зохиомол үг ...” гэжээ.

6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Оюуны өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.2.5, 5.2.8, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1-д заасныг баримтлан “Р” ХХК-аас Оюуны өмчийн газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох тухай А/72 дугаар тушаалын хавсралтаар мэдүүлгийн бүртгэлийн ******** дугаартай, улсын бүртгэлийн ******* дугаартай “Б” барааны тэмдгийг гуравдагч этгээд Л.А-од эзэмшүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2022/0816 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Р” ХХК-ийн “Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох тухай” А/72 дугаар тушаалаар “Б” гэх үгийг барааны тэмдгээр бүртгэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хяналтын журмаар гаргасан гомдлыг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 187 дугаар тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

9. Нэхэмжлэгч “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Т.Х нараас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2023/0182 дугаар магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргажээ. Үүнд:

9.1. “... Анхан болон давж заалдах шатны шүүх Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрүүтэй тайлбарласан. Оюуны өмчийн газрын улсын байцаагчид холбогдох зөрчлийн дээрх хэргийг Улсын дээд шүүхээс  хянан шийдвэрлэсний дараа мөн тус газрын улсын байцаагч Ч.Э нь иргэн Л.А-оос гаргасан “Р” ХХК-ийг “.. эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй улсын бүртгэлийн дугаартай ******* “Б” барааны тэмдэг ашигласан” гэх гомдлыг шалгаад, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр зөрчлийн ***** дугаар хэрэг нээж, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ****** дугаар шийтгэлийн хуудсаар “Р” ХХК-ийг ****** төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, *** боодол шилэн хөвөнг устгалд оруулах албадлагын арга хэмжээг авсан. Улсын байцаагч нарын эдгээр шийдвэрийн үр дагавраар нэхэмжлэгч “Р” ХХК нь “Б” материалаар хийгдсэн барилгын дулаан тусгаарлагч бүтээгдэхүүнийг худалдан борлуулах үндсэн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн.

9.2. Ийнхүү чулуун хөвөнгөөс гаргаж авдаг барилгын дулаалгын материал “Б”-г Оюуны өмчийн газраас барааны тэмдгээр бүртгэж, Л.А-од эзэмшүүлэх онцгой эрх олгосон нь холбогдох хуульд нийцээгүй, “Ноос, ноолуур, зөгийн бал, сүү” гэх мэтээр бараа бүтээгдэхүүний өөрийн бусдаас ялгагдах нэр нь барааны тэмдэг биш, харин тэдгээрийн үйлдвэрлэгч, зах зээлд борлуулагчийн бусдаас ялгагдах зорилгоор зохиосон “ялгагдах чадвартай илэрхийлэл” нь барааны тэмдэг болох талаар хуульд заасан байгаа нь “Б” гэх үгийг барааны тэмдгээр бүртгэсэн Оюуны өмчийн газрын даргын шийдвэр хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

9.3. Хэрэгт цугларсан “Шинжлэх ухааны академийн Хэл шинжлэлийн хүрээлэн, Геологийн хүрээлэн”-гийн бичгийн нотлох баримтуудыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөрүүтэй дүгнэх байдлаар маргаанд холбогдох Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.2.5, 5.2.8 дахь заалтыг хоёр шатны шүүх өөр өөрөөр тайлбарлан хэрэглэсэн.

9.4. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 46 дугаар тогтоолын холбогдох дүгнэлтийг анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт зааснаар үнэлснийг давж заалдах шатны шүүх хэрхэн дүгнэсэн нь магадлалаас тодорхойгүй.

9.5. ... Чулуун хөвөнгөөр хийсэн барилгын дулаалгын материалаа “Б” гэж нэрлэсэн байгаа энэ тохиолдолд “Б”-г оноосон нэр гэж үзэхээр байна” хэмээн дүгнэсэн нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан ““барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг” гэснийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

9.6. Түүнчлэн хэрэгт авагдсан Шинжлэх ухааны академийн Геологийн хүрээлэн болон бусад баримтаар “Б Т” гэдэг нь өөрөө барилгын дулаан тусгаарлагч материалын үндсэн түүхий эд ба ингэснээрээ “Б Т”-аар хийсэн бүтээгдэхүүнийг “Б” хэмээн нэрлэж, үүнийг оюуны өмчийн бүтээл буюу ялгарах барааны тэмдэг хэмээн үзэж бүртгэх нь Оюуны өмчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан “оюуны өмч” гэж оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон зохиогчийн эрхийн бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн обьект болон аж үйлдвэрийн өмчийн” гэсэнтэй нийцэхгүй.

9.7. Аливаа барааны тэмдэг нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3, 5 дугаар зүйлд нийцэх нь хуулийн шаардлага бөгөөд ийнхүү нийцээгүй нь тухайн барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болох тул давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзэхгүй. Мөн магадлалын 3.6-д “... мөн гуравдагч этгээдийн хувьд “Б” барааны тэмдгийг Монгол Улс төдийгүй Хятад улсад бүртгүүлж, эрхийн хамгаалалт хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд Оюуны өмчийн газрын Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан барааны тэмдэгт тавих шаардлагыг хангасан гэж үзэж барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэснийг буруутгах, илт хууль бус гэж үзэх боломжгүй юм” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.

9.8. Хариуцагч Оюуны өмчийн газрын даргын “Б” гэх үгийг барааны тэмдгээр бүртгэсэн шийдвэр нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3, 5 дугаар зүйлд заасантай нийцээгүйгээрээ уг шийдвэрийг бодит байдалд биелүүлэх боломжгүй гэж үзнэ. Учир нь дээр дурдсанаар “Б” нь барилгын дулаалгад ашиглагддаг материалын нэр бөгөөд уг нэр үгийг дан ганц этгээдэд эзэмших шийдвэрийг олгосноороо бусад аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс уг гарал үүсэл бүхий бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахад нэхэмжлэгч компанид ногдуулсан зөрчил дахин давтагдах шинжтэй хариуцагчийн уг шийдвэр бодит байдалд хэрэгжих боломжгүй буюу гуравдагч этгээд нь “Б” барааны тэмдгийг эзэмших эрх олгогдсон энэ шийдвэрээр өөртөө эрх зүйн эерэг үр дагаврыг бодит байдалд олж авах буюу шийдвэр биелэгдэх боломжгүй юм. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

9.9. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн шийдвэрийг зөв хэмээн дүгнэхдээ Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэх замаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, “Б” гэх үгийг барааны тэмдгээр бүртгэсэн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “илт хууль бус” захиргааны актын шинжид хамаарч байгаа эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, анхан шатны шүүхийн маргаан бүхий шийдвэр “илт хууль бус” байх хуулийн дээрх заалтад хамаарч байгаа талаар өгсөн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх үгүйсгэсэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Мөн давж заалдах шатны шүүхээс маргааны гол үйл баримтад дүгнэлт өгч чадаагүй, иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд  холбогдуулж “гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн тайлбарыг бичгээр ирүүлсэн байна. Үүнд:

 10.1. “... Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.5, 29.1.6-д заасны дагуу захиргааны акт гаргасан байгаа нь хуулиар зохицуулаагүй болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих мөн хуулиас гадуур бүрэн эрхээ хэтрүүлсэн, хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн эрхэд халдаж, гаргах ёсгүй байсан захиргааны акт буюу эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

10.2. Нэхэмжлэлд дурдсан Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтыг  буюу “тухайн бараа үйлчилгээгээ тодорхойлсон нэр” байна гэж үзэх үндэслэл байхгүй.  ... “Б” гэсэн үг хэллэг нь мэдүүлсэн бараа бүтээгдэхүүнээ тодорхойлсон үг хэллэг биш гэж үзэх хангалттай үндэслэл юм. Нэхэмжлэгч талын дурдаад буй оросын худалдаа, арилжааны сайт болох www.ayori.ru нь 2020 оноос эхлэн нээгдсэн, харин “Б” барааны тэмдгийн мэдүүлгийн анхдагч огноо 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр бөгөөд шүүлтийг 2018-2019 онд хийсэн бөгөөд энэ тухай мэдээллийг харах ямар ч боломжгүй. Энэ тухай тэмдэглэл нь цахим хуудаст байгаа (хуулбарыг хавсралтаар хавсаргав) мөн энэ сайт нь Орос хэл дээр бөгөөд тухайн мэдээллийг хэн оруулсан, үнэн зөв эсэх нь баталгаагүй бөгөөд Оюуны өмчийн газар нь Орос хэл дээр хайлт шүүлт хийх хууль зүйн үндэслэл байхгүй.

10.3. Нэхэмжлэлд дурдсан Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5-д заасан “бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй” бол гэдэг үндэслэлд Б Т гэсэн үг хэллэг нь барааны чанарыг тодорхойлсон болон барааны гарал үүсэл буюу ямар нэг улсын нэр, газар, бүс нутагтай хамааралтай үг хэллэг агуулаагүй. Гарал үүсэл гэх хэллэгийн олон улсын нэршил нь “geographical origin” бөгөөд энийг Парисын конвенцын 6 quinguies зүйлийн В дэх заалтын Англи хэл дээрх эх хувь болон Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн Англи хэл дээрх орчуулгаас харж болно. Дээрх үндэслэлүүдээс үзэхэд уг хуулийн 5.2.5-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх хууль зүйн боломжгүй.

10.4. Түүнчлэн барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох асуудлыг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4-т заасны дагуу Маргаан шийдвэрлэх комисс хянан шийдвэрлэнэ гэж журамласан байдаг ба түгээмэл тэмдэгт тооцох эрх хэмжээ Оюуны өмчийн газар болон тус газрын шинжээчид олгогдоогүй. Хуулиар тусгайлан эрх олгоогүй этгээдээс аливаа барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцож, шийдвэр гаргахыг шаардах нь хууль зүйн үндэслэлгүй юм. “Б” гэсэн тэмдгийг түгээмэл тэмдгээр тооцуулах тухай хүсэлт өнөөдрийн байдлаар аливаа этгээд Маргаан шийдвэрлэх комисст гаргаагүй байна. Мөн нэхэмжлэлд “Б” гэдэг үг барааны тэмдэг болохгүй гэж гомдол гаргаад байгаа мөртлөө одоо ямар барааны тэмдгийг түгээмэл тэмдэг байсан гэж маргаанд байгаа нь ойлгомжгүй байна ...” гэжээ.

11. Гуравдагч этгээд Л.А-ын  өмгөөлөгч Д.Н, О.Б нараас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж “гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулга бүхий байр суурийг илэрхийлсэн тайлбаруудыг бичгээр ирүүлсэн байна. Үүнд:

11.1. “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Оюуны өмчийн тухай хууль, Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээр, Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын агуулга, зорилго, зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр юм. Аж үйлдвэрийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн тогтоолоор “Б” барааны тэмдгийг Л.А-од олгосон шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн, энэ тогтоолын талаар аливаа гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн, ... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7 дэх хэсэгт заасан илт хууль бус захиргааны актын үндэслэлд хамаарахгүй, барааны тэмдэг хуульд нийцэж байна.

11.2. ... Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.2.5, 5.2.8 дахь хэсэгт заасан шалгуур бүрэн хангасан болон Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээр (ТРИПС) 15 дугаар зүйлийн 1-д нийцсэн хүчин төгөлдөр захиргааны акт, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгүүд нь харилцан биеэ үгүйсгэсэн, утга агуулгын хувьд алдаатай буюу үндэслэх хэсгийн 1, 6, 11, 12 болон бусад хэсгүүдэд бусдын барааны тэмдэг гэж дүгнэсэн атлаа, 10, 11, 13 дахь хэсэгт барааны тэмдэг биш гэж дүгнэсэн. Мөн эрхийн хамгаалалт хийлгэсэн (өмчлөлийг тодорхойлох) бараа, үйлчилгээний жагсаалт болон Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд огт дүгнэлт хийгээгүйгээс үзэхэд, хэрэгт авагдсан нотлох баримтад бүрэн бодитой дүгнэлт хийгээгүй, хэргийн нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлтийг агуулсан үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг шүүхийн шийдвэр хангаагүй.

11.3. ... “Б” барааны тэмдгийг нийтэд түгээмэл тэмдэгт тооцуулах хүсэлт гаргаагүй, эрх бүхий этгээд хүлээн авч шийдвэрлээгүй, албан ёсны тогтмол хэвлэлд нийтлээгүй, мөн эдгээртэй холбоотой нэг ч баримт хэрэгт авагдаагүй байхад хариуцагчийг хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй хэмээн буруутгаж, мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан хэмээн дүгнэсэн нь алдаатай, шийдвэрийн үндэслэх хэсгийн 11, 12-т хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг нэхэмжлэгчид ашигтайгаар илтэд буруу үнэлсэн, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5, 5.2.8 дахь заалтыг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн буюу уг заалтыг зөрчсөн гэх нөхцөл байдал зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй ..., мөн Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2, 13.2.7 дахь заалтыг буруу тайлбарлаж, нотлох баримтыг буруу үнэлсэн ..., нэхэмжлэгч нь улсын хилээр “шилэн  хөвөн” импортлон оруулж ирэхдээ “Б” гэх шошго ашигладаг, хэрэглэгчдийг төөрөгдүүлж, шударга бусаар давуу байдал олох, улмаар энэхүү хууль бус үйлдлээ халхлах зорилгоор “... иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдлаа” хэмээх хууль бус үндэслэлээр маргаж буй үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтыг дүгнээгүй нь алдаа болсон гэж үзэж байна.

11.4. ... Шинжлэх ухаан, техникийн бүхий л салбарт “Б” гэх нэр томъёо байхгүй, барааны тэмдгийг бүртгэх зорилгоор бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох тухай Ниццийн хэлэлцээрийн 01-ээс 45 дугаар ангиллын бараа, үйлчилгээний жагсаалтад “Б” гэх үг огт байхгүй буюу нэр томъёо биш, барааны тэмдэг нь утга, агуулгын хувьд оноосон нэртэй ижил, “Б” гэх үг нь зохиомол/утга илэрхийлдэггүй буюу ялгамжтай шинж чанартай үгэн тэмдэг, хэрвээ Монгол хэлний үгийн санд оруулах болон нэр томъёонд оруулах тохиолдолд Монгол хэлний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7.4, 22.7.5 дахь заалтаар Монгол хэлний бодлогын үндэсний зөвлөлд тус чиг үүрэг, бүрэн эрхийг олгож хуульчилжээ, шүүхээс уг үгийг оноосон нэр гэж зөвшөөрсөн атлаа яагаад оноосон нэрийг нэр томъёо гэж тайлбарлаж буй үндэслэлээ огт дурдаагүй, анх 2007 онд барааны тэмдгээр бүртгэгдсэнээс хойш 15 жилийн турш ашиглалтын явцад хангалттай ялгагдах чадвартай болсон, мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг давхар хангана, шинжлэх ухааны эх сурвалж бүхий нотлох баримтуудыг үнэлээгүй, ... дүгнэлт өгөөгүй бараа, үйлчилгээг илт хууль бусад тооцох хууль зүйн үндэслэл болон нотлох баримтаа огт дурдаагүй нь хуульд нийцээгүй, барааны тэмдгийн ялгагдах чадварыг тогтоох хууль зүйн эсхүл бодит боломжгүй, ... Л.А  нь 2007 оноос Монгол Улсад чулуун хөвөн дулаалгын материал үйлдвэрлэх металл бус хүнд үйлдвэрийн технологийг нэвтрүүлж, хөгжүүлж ирсэн, түүний 20 гаруй жилийн хөдөлмөрийн үр дүнд зах зээл, хэрэглэгчдэд танигдсан “Б” барааны тэмдгийг ашиглаж шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох зорилгоор хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж буй үйлдлээ няцаадаггүй, яагаад сонгох боломжоо ашигладаггүй тухайгаа тайлбарладаггүй.

11.5. ... “Б” барааны тэмдгийг бүртгэх тухай үйл баримт, эрх зүйн харилцааны маргааныг шүүхээр буюу Улсын дээд шүүхийн 2020 оны 46 дугаар тогтоолоор захиргааны маргааны зүйл биш, маргаан бүхий захиргааны акт 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гарсан байхад 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр батлагдсан Оюуны өмчийн тухай хуулийг буцааж хэрэглэсэн, ... нэхэмжлэгч компани нь үйл ажиллагаа явуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ больсон, татан буугдсан компанийн нэрийг ашиглан Монгол Улсын хилээр “Б” нэр бүхий чулуун хөвөн дулаалгын материалыг нийлүүлж, “М б” ХК-ийн үйлдвэрлэн зах зээлд танигдсан бүтээгдэхүүнийг дууриалгасан ногоон өнгийн ууттай, ижил нэр бүхий бүтээгдэхүүнээр хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж, худалдах шударга бус өрсөлдөөнөө хаацайлах зорилгоор удаа дараа гомдол гаргадаг, хууль бус нөлөөллийн аргыг байнга хэрэглэдэг, Т компани нь Оросын холбооны улсад болон өөр улсад экспортлох ямар ч бүтээгдэхүүндээ “Б” нэрийг өгөөгүй, зөвхөн нэхэмжлэгчийн захиалгаар “Б” нэр бүхий ууттай бүтээгдэхүүнийг гаргасан, энэ нэрийг Орос, Монгол улс болон дэлхийд барааны тэмдгээр бүртгүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог, “М б” ХК нь өөрийн үйлдвэрлэсэн “Б”, “B W” брэнд нэр бүхий бараа бүтээгдэхүүнийг дотооддоо худалддаг, Т болон Р компанитай өрсөлдөөгүй, ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлийг тодорхой хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчийн хяналтын гомдолд хуулийн аль ч үндэслэл байхгүй, хэдийгээр тус хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасныг хяналтын гомдолдоо үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж байх боловч гомдолд дурдсан агуулгаар энэ үндэслэл тогтоогдоогүй, ... Аж үйлдвэрийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөл буюу барааны тэмдгийн талаар мэргэшсэн бүрэлдэхүүнтэй зөвлөл “Б” барааны тэмдгийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй нийцэж байгаа ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

13. Маргаан бүхий Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/72 дугаар тушаалын хавсралтаар Л.А-од “Б” үгэн барааны тэмдгийг бараа үйлчилгээний олон улсын ***, **, ** ангиллаар барааны тэмдэг эзэмших эрхийг зөвшөөрч, мэдүүлгийн бүртгэлийн ***** дугаар, улсын бүртгэлийн ***** дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ олгосон, нэхэмжлэгчээс “... Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасантай нийцээгүй байхад үгийг дангаар барааны тэмдгээр бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д зааснаар илт хууль бус акт, ... “Б” гэх үгийг барааны тэмдэгтээр бүртгэхдээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдэд мэдэгдэж, санал аваагүй ...” гэж маргажээ. 

14. Давж заалдах шатны шүүхээс “... “Б”-ыг оноосон нэр гэж үзнэ, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан барааны тэмдэгтэд тавих шаардлагыг хангасан гэж улсын бүртгэлд бүртгэснийг буруутгах, илт хууль бус гэж үзэх боломжгүй, ... Л.А-ын  нэр дээр “Б” барааны тэмдэг түрүүлж бүртгэгдсэн, “Т Б” барааны тэмдгийн “Б” гэх үг хамгаалагдах боломжгүй, хариуцагчаас хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд мэдүүлгийн бүрдлийг хянаж, шүүлт хийж, хуульд заасан журмын дагуу бүртгэж, гэрчилгээ олгосныг илт хууль бус гэж дүгнэх боломжгүй ...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

15. Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.1-д зааснаар “барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, ...” зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” тусгай зарчмыг баримтлах учиртай.

16. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг” ойлгохоор заажээ. 

17. Харин барааны тэмдэгт нь “үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томъёо дангаараа байвал” ялгагдах шинж чанар агуулаагүй буюу барааны тэмдэгтэд тавигдах шаардлагыг хангаагүйд тооцох талаар хууль тогтоогчоос тухайлан Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтаар зохицуулжээ. Уг зохицуулалтын агуулга нь ерөнхий утгаараа “төрийн байгууллага, албан тушаалтанд зөвшөөрснөөс бусдыг хориглох, иргэнд хориглосноос бусдыг зөвшөөрөх” гэсэн эрх зүйт ёсны зарчмын тусгал юм. 

18. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчоос ялгагдах шинж чанар агуулаагүй зүйл (хууль зүйн үндэслэл)-ийг барааны тэмдэгтэд тооцохгүй гэж Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тухайлан заасан нь угтаа хориглосон агуулгыг илэрхийлнэ.

19. Тухайн тохиолдолд, гуравдагч этгээд Л.А-ын  2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Оюуны өмчийн газарт гаргасан ““Б”-ийг барааны тэмдэгтээр бүртгүүлэх” мэдүүлэг нь дээрх хуульд заасан “ялгагдах шинж чанар агуулсан барааны тэмдэгт байх” шаардлагыг хангаагүй, зөвхөн “Б” гэсэн үгийг дангаар нь буюу өвөрмөц, ялгагдахуйц байх шинжийг агуулаагүй байхад хариуцагчаас уг нэрийг дангаар нь барааны тэмдэгтээр бүртгэж, гэрчилгээ олгосон үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” зарчимд нийцээгүй гэж үзнэ.

20. Тодруулбал, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томъёо дангаараа байвал” гэж заасан тохиолдолд барааны тэмдэг олгохыг хориглосон байхад хариуцагч Оюуны өмчийн газраас гуравдагч этгээдийн “Б” гэх нэр томъёог бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймээс уг бүртгэл буюу захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” үндэслэлээр илт хууль бус акт болох нь тогтоогдож байна. 

21. Хэдийгээр уг бүртгэл нь гуравдагч этгээдийн хувьд эерэг үйлчлэлтэй боловч нэхэмжлэгчийн хувьд сөрөг нөлөөлөл үзүүлж буй тул тухайн тохиолдолд “нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль зүйн хувьд халдсан” гэх нөхцөл хамаарна гэж үзлээ, энэ талаарх анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй. Харин маргаан бүхий актын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” алдаа тогтоогдохгүй байна. 

22. Түүнчлэн гуравдагч этгээдээс “ ... “Б” гэдэг үгийг өөрөө зохиосон, үүсмэл нэр ...” гэх агуулгаар маргаж байгаа боловч уг нэр орсон бараа бүтээгдэхүүнийг 2018 оноос хойш нэхэмжлэгч этгээд импортлон худалдан борлуулж байсан нь тогтоогдох тул нэхэмжлэгчийн “ ... “Б” нэрийг дангаар барааны тэмдгээр бүртгэсэн нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасанд нийцээгүй ...” гэсэн  хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй. 

23. Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2023/0182 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2022/0816 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 (2015 он)-д заасныг тус тус баримтлан “Р” ХХК-иас Оюуны өмчийн газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох тухай” А/72 дугаар тушаалын хавсралтаар мэдүүлгийн бүртгэлийн ***** дугаартай, улсын бүртгэлийн ***** дугаартай “Б” тэмдгийг Л.А-од эзэмшүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     М.БАТСУУРЬ

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 Д.МӨНХТУЯА

                            ШҮҮГЧИД                                                                      Г.БАНЗРАГЧ 

                                                                                                       Ц.ЦОГТ

                                                 Х.БАТСҮРЭН