Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2017/01066

 

А.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01089 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1260 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч А.Ц-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Э Э Б”ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс автомашины зогсоолын талбайн зөрүү үнэ 7 553 173 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч А.Ц-гийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Ц-, хариуцагчийн өмгөөлөгч Л.Очбаяр, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Э Э Б” ХХКХХК-тай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдаж буй Нарлаг өргөө хотхонд байр захиалсан. Нэгэнт байр захиалсан учир 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Автомашины дулаан зогсоол захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж, тус хотхоны 51 тоот зогсоолыг 32 448 000 төгрөгөөр худалдан авахаар болж, гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Нарлаг өргөө хотхон 2014 оны эхний улиралд ашиглалтад орж, захиалсан орон сууцаа 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч байранд орох байсан боловч байрны шал чанарын шаардлага хангахгүй байсан тул “Э Э Б” ХХК-д шаардлага тавьж шалны цутгалт дахин хийлгэж, 2014 оны 11 дүгээр сард байранд орсон. 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдөр барилгын хэмжилт хийдэг “Уран асар” ХХК-иар хэмжилт хийлгэхэд зогсоолын дотор хүрээ буюу машин байрлуулах хэсгийн хэмжээ 12,69 м.кв, гадна хүрээ 15,22 м.кв талбайтай гэж гарсан. Тухайн үед компанийн захирал, борлуулалтын албаны ажилтануудад энэ талаар гомдол, шаардлага гаргаж өөр зогсоолоор солих санал гаргасан боловч зарагдаагүй байгаа зогсоолууд нь бүгд ижил 18 м.кв хэмжээнд хүрэхгүй байсан. Эцэст нь дулаан зогсоолын үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулахаар тус компанид хандахад зогсоолын хэмжээг 14 м.кв талбайтай гэж бичсэн өргөдөлд гарын үсэг зуруулахаар завдан, гэрээний эх хувийг компанид өгөхийг шаардаж, надад баримт үлдээхгүй байх буюу нотолгоог үгүй хийх далд санаатай байсан ба одоо болтол дулаан зогсоолын гэрчилгээг авч чадахгүй байгаа болно. Шүүхэд “Э Э Б” ХХК-д холбогдуулан захиалгаар бариулсан зогсоолыг гэрээнд заасан хэмжээгээр томруулах буюу доголдлыг арилгуулах, хэрэв арилгах боломжгүй бол 18 м.кв бүхий өөр зогсоолоор солиулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч маргаан бүхий авто зогсоолын хэмжээг шинжээч томилж хэмжүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүх шинжээч томилсон. Уг дүгнэлтээр маргаан бүхий зогсоолын хэмжээг 13.81 м.кв гэж гаргасан. Өөрөөр хэлбэл гэрээнд зааснаас 4.19 м.кв дутуу ба үнийг тооцвол /18 м.кв нь 32,448,000 төгрөг буюу 1 м.кв 1 802 667 төгрөг, нийт дутуу м.кв-ын хэмжээ/ 7 553 174 төгрөг байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Гэрээний нэг тал буюу захиалагч нь тодорхой байршил, талбайн хэмжээг тогтоон, автозогсоол захиалж, үүний төлөө хөлс төлөх, “Э Э Б” ХХК нь уг ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон байгаа нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинжийг агуулж байна. Иймд захиалгаар бариулсан автозогсоолын дутуу м.кв-ын үнэ болох 7,553,174 төгрөгийг хариуцагчаас гаргуулах ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасан ажлын хөлсийг зохих хэмжээгээр бууруулах агуулгаар тодорхойлогдож байгаа болно гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: А.Ц- 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гэрээний төлбөрөө бүрэн барагдуулснаар нэхэмжлэгчид дулаан автозогсоолыг хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч зогсоолыг хүлээн авах үедээ ямар нэгэн гомдол санал гаргаагүй. Нэхэмжлэгчийн гомдол гаргадаг шар зураас нь дулаан авто зогсоолыг эмх цэгцтэй байлгахын тулд татсан бөгөөд энэ нь дулаан зогсоолын талбайн хэмжээнд нөлөөлөхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01089 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасныг баримтлан хариуцагч “Э Э Б” ХХК-иас гаражийн метр квадратын зөрүү төлбөрт 6 850 134 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Ц-д олгож, нэхэмжлэлээс 703 038 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 802 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч А.Ц-д олгох, хариуцагч “Э Э Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 135 802 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Ц-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1260 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01089 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-д заасан үндэслэлгүй тул “Э Э Б” -д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний дагуу автомашины зогсоолын дутуу м.кв-ын үнийн зөрүү 7 553 173 төгрөг гаргуулах тухай А.Ц-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 135 810 шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч А.Ц- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Энэ маргаанд хуулийг зөв тайлбарлаж хэрэглэхийн тулд гэрээний зорилго, талууд юу тохиролцсон, гэрээний гол нөхцөл, талуудын хүсэл зориг зэрэг үндсэн шинжийг тодорхойлж, ач холбогдлыг өгөх нь зүйтэй байсан. Гэрээний дагуу хүлээлгэн өгсөн дулаан зогсоол нь гэрээгээр тохиролцсон хэмжээндээ хүрэхгүй, өөрөөр хэлбэл захиалагч талын гэрээ байгуулахдаа санаж зорьж байсан хүсэл зорилгод нийцэхгүй байгаа нь тухайн эд хөрөнгийн үнэ цэнэ буурсан гэх хангалттай нотолгоо болох үндэслэлтэй бөгөөд тухайн авто зогсоол дээр жижиг суудлын тэрэг байршуулж ашиглаж болох боловч том оврын жийп машин байршуулах боломжгүй байгаа нь тухайн зогсоолын үнэ цэнийг бууруулах бодитой үндэслэл юм. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч А.Ц- нь хариуцагч “Э Э Б” ХХК-д холбогдуулан ажлын үр дүн болох автомашины зогсоолын дутуу талбайн хэмжээнд дүйцэх хөлс 7 553 173 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “дулаан гараж захиалгаар барих” гэрээ нэхэмжлэлийн үндэслэл болсон байх ба ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хүчин төгөлдөр байдал, талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын үр дүн доголдолтой талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 353.2-т нийцсэн байна. Ажил гүйцэтгэгч “Э Э Б” ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарлаг өргөө хотхоны байранд 51 тоот 18 м.кв талбай бүхий зогсоолыг барьж 2013 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөх, захиалагч А.Ц- 32 448 000 төгрөгийг 2 хувааж төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн, А.Ц- нь төлбөрийг бүрэн төлж, гэрээний зүйлийг 2014 оны 11 дүгээр сард хүлээж авсан үйл баримтыг шүүх зөв тогтоожээ.

Гэрээний зүйл болох автомашины зогсоол гэрээнд заасан 18 м.кв талбайд хүрээгүй, 13,81 м.кв хэмжээтэй, биет байдлын доголдолтой гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзсэн боловч талбайн хэмжээ  дутуу байгаагаас шалтгаалж зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон, түүний зах зээлд борлогдох бодит үнэ цэнэ буурсан гэх үйл баримтыг нотлоогүй тохиолдолд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар ажлын хөлсийг бууруулахаар шаардах эрхгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт байгаа баримтыг бүрэн үнэлж чадаагүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс  “ ...зогсоол хоорондын зай хэтэрхий ойрхон, манай зогсоол хоёр тал руугаа машины хаалга онгойх ямар ч боломж байхгүй, анх худалдаж авах үед үзүүлсэн зураг, одоо байгаа зураг өөр байгаа, одоо байгаа байдлаар нь аваад зөрүү мөнгөө авах хүсэлтэй байна...” /хх1, 216/ гэж, зогсоолыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон гэж үзээгүй ч ашиглах хүрээ хязгаарлагдсан, 18 м.кв талбайтай байх зогсоол 13,81 м.кв хэмжээтэй болсноор уг эд хөрөнгийн үнэ буурсан байдлаар эд хөрөнгийг хүлээн авсан тухай агуулгыг тодорхойлжээ.

Хариуцагч дээрх нөхцөл байдлыг баримтаар үгүйсгэж чадаагүй юм. Нэхэмжлэгч ажлын үр дүнгийн үнэ буурсан хэмжээг тогтоохдоо дутсан талбайн хэмжээг ажлын хөлстэй харьцуулж, хувь тэнцүүлж тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй болно. 

Доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар захиалагч буюу нэхэмжлэгч шаардах эрхтэй тул нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т нийцсэн байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 1260 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01089 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 124 552 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

      ШҮҮГЧ                                                       П.ЗОЛЗАЯА