Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2017/01089

 

 

 

 

 

        2017 оны 03 сарын 29 өдөр

          Дугаар 101/ШШ2017/01089

Улаанбаатар хот

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                            

             Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А.Ц нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э ХХК холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу автомашины зогсоолын дутуу м.кв-ын зөрүү үнэ 7,553,173 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.******* /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2024/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.                           

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

    

Нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие “*******” ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдаж буй ******* хотхонд байр захиалсан. Байр захиалсаны үндсэн дээр 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Автомашины дулаан зогсоол захиалгаар бариулах тухай гэрээ байгуулан ******* хотхоны 51 тоот зогсоолыг 32,448,000 төгрөгөөр худалдан авахаар болсон бөгөөд гэрээнд заасан төлбөрийг гэрээний дагуу бүрэн төлж барагдуулсан. ******* хотхон нь 2014 оны эхний улиралд ашиглалтанд орсон. Миний бие захиалсан орон сууцаа 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч байрандаа орох байсан боловч байрны шал нь овон товон ихтэй чанарын шаардлага хангахгүй байсан тул ”*******” ХХК-д шаардлага тавьж шалаа хуулуулж, шалны цутгалт дахин хийлгүүлж 2014 оны 11 дүгээр сард байрандаа орсон. Оршин суугчдын зүгээс байрны автомашины дулаан зогсоол нь гэрээнд заасан хэмжээндээ хүрэхгүй, зогсоол хоорондын зай хэтэрхий ойрхон, стандартад нийцэхгүй байгаа талаар гомдол ихээр яригдах болсон тул өөрийн худалдан авсан зогсоолыг хэмжүүлэхээр шийдэж 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдөр барилгын хэмжилт хийдэг “*******” ХХК-иар хэмжилт хийлгүүлтэл зогсоолын дотор хүрээ буюу машин байрлуулах хэсгийн хэмжээ 12,69 м.кв, гадна хүрээ нь 15,22 м.кв талбайтай гэж гарсан. Тухайн үедээ тус компанийн захирал болон борлуулалтын албаны ажилтануудад зогсоолын хэмжээ гэрээнд заасан хэмжээнээс бага байгаа талаар гомдол, шаардлага гаргахад өөр зогсоолоор солих санал тавьж, солих боломжтой буюу зарагдаагүй байгаа зогсоолуудын жагсаалтыг өгсөн. Тухайн гаргаж өгсөн жагсаалтын дагуу судлан үзэхэд солихоор санал болгосон зогсоолууд нь бүгд яг ижил буюу 18 м.кв хэмжээнд хүрэхээргүй байсан бөгөөд зарим зогсоолууд нь бүүр манай зогсоолоос жижигхэн зогсоолууд байсан. Эцэст нь дулаан зогсоолын үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулахаар тус компанид хандахад зогсоолын хэмжээг 14 м.кв талбайтай гэж бичсэн өргөдөл дээр гарын үсэг зуруулахаар завдсан бөгөөд гаражийн гэрээний эх хувийг компанид өгөхийг шаардсан. Энэ нь гэрээний эх хувийг надад үлдээхгүй байх буюу 18 м.кв гэж заасан гэрээг надад үлдээхгүй байх буюу нотолгоог үгүй хийх гэсэн далд санаатай үйлдэл юм. Одоо болтол миний бие дулаан зогсоолынхоо үл хөдлөхийн гэрчилгээг авч чадахгүй байгаа болно.

Тус дүүргийн шүүхэд “*******” ХХК-д холбогдуулан захиалгаар бариулсан авто зогсоолын гэрээнд заасан хэмжээгээр томруулах буюу доголдлыг арилгуулах хэрэв доголдлыг арилгах боломжгүй байвал 18 м.кв бүхий өөр зогсоолоор солиулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Талуудын хооронд байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Автомашин дулаан зогсоол захиалгаар бариулах тухай гэрээ”-ний дагуу ******* хотхоны 51 тоот, 18 м.кв бүхий зогсоолыг 32,448,000 төгрөгөөр худалдан авахаар болсон бөгөөд гэрээнд заасан төлбөрийг гэрээний дагуу бүрэн төлж барагдуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр маргаан бүхий авто зогсоолын хэмжээг хэмжүүлэхээр шинжээч томилуулах хүсэлт гаргасны үндсэн дээр шүүхээс шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гарсан байх бөгөөд уг дүгнэлтээр маргаан бүхий авто зогсоолын хэмжээг 13.81 м.кв байна гэж дүгнэлт гаргасан байна. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан хэмжээнээс 4.19 м.кв дутуу байна гэсэн үг юм. Дутуу м.кв-ын үнийг тооцвол 18 м.кв =32,448,000 төгрөг буюу 1 м.кв 1,802,667 төгрөг*4,19=7,553,174 төгрөг байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг мөн түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний нэг тал буюу захиалагч нь тодорхой байршил, талбайн хэмжээг тогтоон, автозогсоол захиалж, үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал буюу “*******” ХХК нь уг ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон агуулга нь гэрээний үндсэн зорилго байгаа нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинжийг агуулж байна.

Иймд захиалгаар бариулсан автозогсоолын дутуу м.кв-ын үнэ болох 7,553,174 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Монгол Улсын Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасан ажлын хөлсийг зохих хэмжээгээр бууруулах агуулгаар тодорхойлогдож байгаа болно гэв.

 

            Хариуцагч “*******” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* би нэхэмжлэгчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч А.******* нь 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гэрээний төлбөрөө бүрэн барагдуулснаар нэхэмжлэгчид дулаан автозогсоолыг хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч нь уг дулаан автозогсоолыг хүлээн авах үедээ ямарваа нэгэн гомдол санал гаргаагүй байдаг. Нэхэмжлэгчийн гомдол гаргадаг шар зураас нь дулаан авто зогсоолыг эмх цэгцтэй байлгахын тулд татсан бөгөөд энэ нь дулаан авто зогсоолын талбайн хэмжээнд нөлөөлөхгүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан “автомашины дулаан зогсоолыг гэрээнд заасан хэмжээгээр томруулах буюу доголдлыг арилгуулах хэрэв доголдлыг арилгах боломжгүй байвал 18 м.кв бүхий өөр зогсоолоор солиулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “захиалгаар бариулсан автозогсоолын дутуу м.кв-ын үнэ болох 7,553,174 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

 

Нэхэмжлэгч нь уг дулаан автозогсоолыг хүлээн авах үедээ ямарваа нэгэн гомдол санал гаргаагүй, нэхэмжлэгчийн гомдол гаргадаг шар зураас нь дулаан авто зогсоолыг эмх цэгцтэй байлгахын тулд татсан бөгөөд энэ нь дулаан авто зогсоолын талбайн хэмжээнд нөлөөлөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагч маргаж байна.

 

А.*******, “*******” ХХК-ийн хооронд 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр АГ-007/13 дугаартай “Дулаан гараж захиалгаар барих тухай гэрээ” байгуулагдаж, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарлаг-Өргөө хотхоны 51 тоотод байрлах, 18 мкв талбайтай  гаражийг 32,448,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан өдрөө урьдчилгаа 50 хувь болох 16,224,000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 16,000,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 224,000 төгрөгийг тус тус хариуцагчид төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарлаг-Өргөө хотхонд орон сууц захиалсан бөгөөд мөн уг орон сууцны подвалийн давхарт байрлах 51 тоот гаражийг захиалсаны дагуу 2014 оны 7 дугаар сард орон сууц, гаражийг хариуцагч компаниас хүлээн авч, 2014 оны 11 дүгээр сараас гаражийг ашиглаж эхэлсэн байх бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий “Уран-Асар” ХХК-иар 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 51 тоот гаражид хэмжилт хийлгэхэд гаражийн дотор хүрээ 12,69 мкв, гадна хүрээ 15,22 мкв гэсний дагуу нэхэмжлэгч доголдолыг арилгуулах, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.2-т “Захиалагчийн буруутай үйл ажиллагаанаас бус барилгын ажилд гарсан доголдол, чанарын дутагдлыг гаражийн барилгыг улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш нэг жил, дулаан халаалтын системд гарсан доголдол дутагдалд 6 сарын баталгаа өгөх ба үүнийг хүлээн авсан өдрөөс мөрдөж эхлэх бөгөөд баталгаат хугацаанд гарсан доголдлыг өөрсдийн хөрөнгөөр засварлаж өгөх үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.2-т “Хууль буюу гэрээнд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно” гэж заасан хуулийн зохицуулалтад нийцэж байна.

 

Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарлаг-Өргөө хотхон, 119 автомашины гаражтай, үйлчилгээтэй, 262 айлын орон сууцны барилгыг 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2014/113 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар улсын комисс хүлээн авч, оршин суугчид нь 2014 оны 7 дугаар сард өөрсдийн өмчлөлийн орон сууц, гаражийг хүлээн авсан боловч орон сууцанд засвар үйлчилгээ хийж, 11 дүгээр сараас орон сууцандаа нүүн орж, гаражийг ашиглаж эхэлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримт, хуулийн зохицуулалт болон гэрээний заалтаас үзэхэд орон сууцны барилгыг хариуцагч нь 2014 оны 02 дугаар сарын 17-нд улсын комисс хүлээгэн өгч, иргэдэд 2014 оны 7 дугаар сард орон сууц, гаражийг хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч нь 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гаражийн доголдол буюу талбайн метр квадратын зөрүүг гэрээнд заасан баталгаат хугацааны дотор /1 жил/ илрүүлсэн байх бөгөөд энэхүү хугацаанаас хойш баталгаат 1 жилийн хугацааг тоолох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь гаражийн доголдлын талаар хариуцагчид гомдол гаргаж байсан гэх боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй байх боловч дээрх 1 жилийн хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т “доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах”-аар захиалагч буюу нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан “*******” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн мкв-ын зөрүүг 13,81 мкв тооцож, талбайн мкв-ийн зөрүүг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд энэхүү “*******” ХХК-ийн дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хариуцагчийн хүсэлтийн дагуу дахин шинжээчээр “*******” ХХК-ийг томилсон бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй “*******” ХХК-ийн дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх үндэслэлгүй байна.

 

Харин хариуцагч “*******” ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 50 дугаартай албан бичгийг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичигт “… Г725/2 дугаар авто зогсоолын 51 тоот 14.2 мкв талбайтай дулаан зогсоолыг өмчлөгч Амгалан овогтой ******* нь тус дулаан зогсоолын үнийг бүрэн төлсөн тул манай компанитай төлбөр тооцоогүй болно” гэснээс үзэхэд хариуцагч нь гаражийн мкв-ийн зөрүүтэй буюу доголдолтой байдлыг өөрсдөө илэрхийлж, хүлээн зөвшөөрч байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Үүнээс үзвэл 51 тоот гаражийн мкв-ийн зөрүү нь 3.8 мкв /18-14.2/ гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд гаражийн нийт үнийн дүн болох 32,448,000 төгрөгийг гэрээнд заагдсан 18 мкв-т хуваахад 1,802,667 төгрөг гарч байх тул 3.8 мкв-аар тооцоход 6,850,134.6 төгрөг болж байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар шүүх хуралдааны товыг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч тал хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас гаражийн метр квадратын зөрүү төлбөрт 6,850,134.6 /зургаан сая найман зуун тавин мянга нэг зуун гучин дөрвөн төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 703,038.4 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,802 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч А.*******д олгож, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 135,802 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.*******д олгосугай. 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ЭНХЖАРГАЛ