Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2019/0639

 

“Н з т н”

ОНӨААТҮГ-ын гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Ц.Б, хариуцагч Б.С, Д.Х, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0650 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч “Н з т н” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Н з т н” ОНӨААТҮГ-ын гомдолтой, Сонгинохайрхан дүүргийн Татварын хяналтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.С, Д.Х нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0650 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар:

 Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5, 4.15 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Татварын улсын байцаагч Б.С, Д.Х нарын 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 341804127 дугаартай шийтгэлийн хуудсыг 6 сарын хугацаатай түдгэлзүүлж,

2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар захиргааны байгууллагаас шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б давж заалдах гомдолдоо: “... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5-д “эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ” гэж заасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулгаас үзэхэд Татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийхдээ баримтыг дутуу цуглуулсан, зөрчлийг хангалттай тогтоож чадаагүй гэж дүгнэсэн атлаа дахин шинэ акт гаргах буюу эрх бүхий албан тушаалтан нотлох үүргээ дахин хэрэгжүүлэх боломж олгож буй нь нэг талыг баримталсан шийдвэр гаргажээ гэж үзнэ.

Мөн гомдол гаргагч тал аль тооцоолол дээр маргаж байгаа, хугацаа хэтрүүлсэн хэд хоногт алдангий тооцох ёстой байсан, ямар орлогод давхардуулан алданги, торгууль тооцсон тухай маргаж мэтгэлцээгүй гэжээ. Гэтэл шүүх хуралдааны явцад алдангий торгууль нь бүхэлдээ Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу өршөөлийн хуульд хамрагдах ёстой хэмээн гомдол гаргагчаас мэтгэлцсэн атал энэ талаар дүгнэлт хийгээгүй.

Нөхөн татварын хувьд мөн л Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8-д иш  татсанаар Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар мэтгэлцсэн боловч ямар нэгэн дүгнэлт хийсэнгүй.   

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0650  дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг “Н з т н” ОНӨААТҮГ-ын давж заалдах гомдлын хүрээнд хянаад зарим хэсгийг хангаж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

          Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нар нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл “Цахилгаан тээвэр” ТӨҮГ-ын 2012-2014 оны татвар төлөлтийн байдалд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, 2012-2014 онд хувь хүний орлогын албан татвар ногдуулаагүй, мөн татварыг хугацаанд нь төлөөгүй Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1, 26.3-д заасныг зөрчсөн зөрчлийг илрүүлж, 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 341804127 дугаар шийтгэлийн хуудсаар 7,099,779.3 төгрөгийн нөхөн татвар, 8,413,801.6 төгрөгийн торгууль, 6,754,662.3 төгрөгийн алданги, нийт 22,268,243.00 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

          “Ц т” ТӨҮГ-ын эрх, үүргийг шилжүүлэн авсан “Н з т н” ОНӨААТҮГ нь шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан гомдолдоо “хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь буруу, алданги, торгуулийг өршөөлийн хуульд хамруулах үндэслэлтэй” гэж тус тус маргасан боловч анхан шатны шүүх гомдлын үндэслэлд дүгнэлт өгөлгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулаагүй, зөрчлийн талаар нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн гэж үзэж, зөрчил гаргасан эсэхийг шалгаж, дахин акт гарах хүртэл 6 сарын хугацаатай шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлжээ.

          1. Давж заалдах гомдолд “шүүх хариуцагчид нотлох үүргээ дахин хэрэгжүүлэх боломж олгож дахин акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн нь нэг талыг баримталсан шийдвэр болсон” гэжээ.   

          Татварын ерөнхий хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд татварын улсын байцаагч нар томилолтын дагуу төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, хуучнаар “Ц т” ТӨҮГ-ын “Н з т н” ОНӨААТҮГ-т нэгтгэгдэхээс өмнөх үеийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх явцдаа уг зөрчлүүдийг илрүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэлгүйгээр маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.

          Татварын хяналт шалгалтын явцад зөрчил илрэхгүй байж болох тул татварын улсын байцаагч нар хяналт шалгалт явуулахдаа зөрчлийн хэрэг нээх үндэслэлгүй бөгөөд харин татвар төлөгчийн гаргасан санхүүгийн болон татварын тайлан, анхан шатны баримт, бүртгэлийг хянан шалгаж, тодорхойгүй зүйлийг татвар төлөгчөөс асууж тодруулах зэрэг хуульд заасан ажиллагаа явуулсны үндсэн дээр зөрчил гарсныг тогтоож, зохих нөхөн татвар, хариуцлагыг ногдуулдаг.

          Татварын хяналт шалгалт хийх процесс нь Татварын ерөнхий хуулиар зохицуулагддаг, зөвхөн зөрчил илэрсэн, эсхүл бусдын гомдлын мөрөөр хийгддэг бусад эрх бүхий этгээдийн хууль, журам зөрчсөн эсэх хяналт шалгалтаас ялгаатай, өөрөөр хэлбэл хяналт шалгалтын явцад зөрчил илрүүлж тогтоосон атлаа Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж, зөрчил байгаа эсэхийг тогтоох ажиллагааг дахин явуулах шаардлагагүй, ач холбогдолгүй байна.

          Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1, 1.2-т зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зорилго нь зөрчлийн хэрэг бүртгэлт хийж хүн, хуулийн этгээдийг зөрчил гаргасан эсэхийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэхэд оршдог.

          Нэгэнт татварын хяналт шалгалтын явцад тогтоогдсон зөрчлийг дахин зөрчил гаргасан эсэхийг тогтоох ажиллагаа явуулах шаардлагагүйгээс гадна энэ тохиолдолд зөрчил гаргасан “Ц т” ТӨҮГ нь татан буугдсан, тухайн үеийн санхүүгийн тайлан, анхан шатны баримт, бүртгэлээр бусдаад олгосо хөдөлмөрийн хөлснөөс хувь хүний орлогын албан татвар суутгаагүй, мөн татвараа хугацаанд нь төлөөгүй болох нь тогтоогдсон байхад дахин акт гаргатал түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байна.

          Мөн гомдолд “татварын хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх боловч нэг талаас Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар “татвар төлөх” нь иргэний үндсэн үүрэг бөгөөд нөгөө талаас татварын байгууллага нь 5 жил тутамд хяналт шалгалт хийх төлөвлөгөөний дагуу татварын улсын байцаагч нь 2017 оны 11 сараас эхлэн хийсэн байх тул хяналт шалгалт хийж эхэлснээр Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хугацаа зогсох тул энэ талаарх гомдол нь үндэслэлгүй байна.

          2. Давж заалдах гомдолд “хариуцагч нарын шийтгэлийн хуудсаар тогтоосон нөхөн төлбөрийн торгууль, алданги нь өршөөлийн хуульд хамрагдах үндэслэлтэй, энэ талаарх анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй” гэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

          Хариуцагч нарын “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс хяналт шалгалт хийх 34171100388 дугаар томилолт нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр олгогдсон тул  гомдол гаргагч компанийн 2012-2014 онд гаргасан зөрчил нь өршөөлийн хуульд хамаарахгүй, захиргааны зөрчилд тоооцогдохгүй” гэх тайлбар нь үндэслэлгүй.

          Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуулийн 3.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө ... захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж тус тус заажээ.

          “Цахилгаан тээвэр” ТӨҮГ-ын дээрх хуульд заасан хугацаанаас өмнө гаргасан 2012-2014 оны зөрчил илэрсэн байх тул ногдуулсан хариуцлага болох хүү, торгуулиас чөлөөлөх үндэслэлтэй байх тул энэ талаарх гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.