Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 1

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч З.Л-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/58 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа : Миний бие 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр аймгийн Засаг дарга байсан Д.Цэвээнравдангийн захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар томилогдсон. Ингэхдээ төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, төрийн албан хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон. Ингээд дээрх албан тушаалд 3 жил 8 сарын хугацаанд ажиллаж байхад илт хууль бус захиргааны акт буюу Ховд аймгийн Засаг даргад гаргасан, “Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/58 дугаар захирамжаар намайг Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн.

Уг захирамжийг уншиж үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар илэрхий алдаатай байгаа юм. Би Засаг даргын орлогчид өргөдлөө өгч, 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн амрах ёстой байсан боловч ажлын зайлшгүй шаардлагаар гээд биеэр эдлүүлж чадаагүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаар намайг ажлаас гарахыг шаардсан. Намайг 59 нас 6 сар 6 хоногтой гэж Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Б.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа тодорхойлсон байсан. Гэтэл 59 нас 6 сар 6 хоногтой байгаа тохиолдолд намайг тэтгэвэртээ гарахыг шаардах эрхгүй байсан юм. Намайг 59 настайдаа тэтгэвэр тогтоолгох, ээлжийн амралтыг биеэр элдүүлэхгүй ажиллуулах зэрэг хууль бус эс үйлдэхүйг биелүүлэхийг надаас шаардсаныг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар биелүүлэх боломжгүй юм.

 Засаг даргын захирамж нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хууль зэрэг нийт 11 хуулийн 18 зүйлийн 70 заалтыг зөрсөн байх бөгөөд энэ талаар би нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байгаа.

Засаг даргын захирамжид Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтыг удирдлага болгож намайг 59 настай, тэтгэвэрт гарах насанд хүрсэн гэж ажлаас чөлөөлөхдөө төрийн албанаас чөлөөлсөн байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 24.1.3, 24.2, 24.5, 24.6 дахь заалтуудыг хэрэгжүүлэх боломжгүй болгосон. Төрийн албаны тухай хуульд төрийн алба хаах насны хязгаарыг 65 нас байхаар заасан байхад намайг 59 настай байхад төрийн албанаас чөлөөлснөөр миний төрийн албанд ажиллах эрхийг хязгаарласан гэж үзэж байна.

Гэтэл би Нийгмийн даатгалын газарт очиж уулзахад “та 60 нас хүрээгүй байна, 60 нас хүрээгүй бай тул нийгмийн даатгалаа төлөх ёстой, тэгэхгүй бол дүйцүүлсэн тэтгэвэр авна, тэгэхгүй бол та хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төл” гэж хэлсэн. Энэ нь миний тэтгэвэрт тогтоолгох эрхийг хязгаарлаж байгаа юм. Мөн тэтгэмжийн асуудал гарч ирж байгаа юм. 2016 оны төсөвт миний тэтгэмж суугдаагүй. Мөн 2017 оны төсөвт миний тэтгэмжээ суугдаж ирснийг би мэдэхгүй байна. 2017 оны төсөвт миний тэтгэмжийг суулгасан байлаа гэхэд би 59 нас 6 сартай байхад ажлаас чөлөөлсөн нь миний тэтгэмж 10 сая төгрөгөөр буурч байгаа юм. Учир нь тэтгэмж гэдэг нь тухайн албан тушаалд авч байсан хамгийн сүүлийн цалинг 36 сараар үржүүлж олгодог бөгөөд намайг ажлаас чөлөөлөхдөө үр дүнгийн гэрээний хугацаа 2 сар дутуу байхад чөлөөлсөн юм. Өөрөөр хэлбэл, би 1.265.000 төгрөг авдаг байсан бол 883.000 төгрөг болгож бууруулсан нь миний тэтгэмж 10 сая төгрөгөөр буурах үндэслэл болсон. Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд хуанлийн жилээр тооцно гэж заасан байх ба хуанлийн жилдээ хүрэхгүйгээр шууд тасарсан тул миний тэтгэвэр авах эрх хязгаарлагдсан юм. Үүнд гомдолтой байна. Үүнийг би Засаг дарга, орлогч даргад хэлсэн. Төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл өгсөн боловч шүүхэд хандахыг зөвлөсөн. Аймгийн Засаг дарга, орлогч дарга нар өргөдлийн минь хариуг одоо болтол өгөөгүй юм гэв.

 

Хариуцагч, Ховд аймгийн Засаг дарга Д.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол төрийн албанаас чөлөөлөгдөх үндэслэл байхаар заажээ. Хуулийн энэхүү заалтыг Улсын дээд шүүхийн 2010 оны 4 сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоолоор тайлбарлахдаа “тэтгэвэр тогтоолгох насанд  хүрсэн” эсэхийг төрийн жинхэнэ албан хаагчийн иргэний үнэмлэх дээр бичигдсэн он сар өдрөөр тодорхойлно гэжээ. Нэхэмжлэгч З.Л-ийн цахим үнэмлэхэд түүнийг 1957 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 59 нас 6 сар, 6 хоногтой байжээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эмэгтэй хүн 55 нас хүрснээр өндөр настны тэтгэвэр тогтоолгох эрх үүсдэг. Үүнээс үзэхэд З.Л нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул түүнийг захиргааны санаачилгаар албан тушаалаас чөлөөлсөн.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэрт тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн албан хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана” гэжээ. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж заажээ.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Төрийн жинхэнэ албан хаагчийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх харилцаа нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагддаг. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд төрийн албан хаагчийг захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөх үндэслэлийг заасан. Уг хуулийн заалтын 24.1-д төрийн албан хаагч тэтгэвэрт тогтоолгох насанд хүрсэн бол төрийн албанаас чөлөөлөх үндэслэл болно гэж заасан байгаа. Тэтгэвэрт гарах насыг тогтоохдоо иргэний үнэмлэх дээр бичигдсэн он, сар, өдрөөр тогтооно гэж Улсын Дээд шүүх тайлбарласан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар З.Л нь тушаал гарах үед 59 настай байсан. Гэтэл 60 нас хүрснээр тэтгэвэрт гарах ёстой байсан гэж тайлбарлаж байна. Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар даатгуулагч нь 20 жил тасралтгүй шимтгэл төлсөн, эмэгтэй 55, эрэгтэй 60 насанд хүрсэн бол бүрэн тэтгэвэр авах үндэслэлтэй юм. З.Л нь 30 жил төрийн албанд ажилласан гэж байгаа тул бүрэн тэтгэвэр авах үндэслэлтэй юм. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшний үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.” гэж заасан. Гэтэл уг заалтад заасан хүсэлтийг З.Л нь гаргаагүй. Хуульд өөрөө заагаагүй бол төрийн албанд ажиллах насны дээд хязгаар нь 65 нас байна гэж заасан байх ба хэрвээ үргэлжлүүлэн 65 нас хүртлээ ажиллана гэвэл тухайн этгээд нь хүсэлтээ гаргах ёстой. Бид ирэх онд 60 нас хүрэх хүмүүсийн судалгааг гаргаж, нэг удаагийн буцалтгүй тусламжийг төсөвт суулгах ёстой байдаг. З.Л-ийн хувьд нэг удаагийн тэтгэмж нь 2017 оны төсөвт суусан гэдэг нь тодорхой байсан. Ээлжийн амралтыг нь Байгаль орчин, аялал жуулчлалын газраас олгосон байсан. З.Л нь төрөөс авах ёстой бүх зүйлээ авсан. Нэг удаагийн тэтгэмж нь 2017 оны эхний улирлын суусан байгаа. Иймд нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдөөгүй гэж үзэж байна. Аймгийн Засаг дарга болон орлогч нар нь З.Л  чөлөөлөхөөсөө өмнө дуудаж уулзахад тэтгэмжийн талаар асуухад 2017 онд суулгана гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон бүхий л эрхийг нь эдлүүлсэн.

Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлд буцалтгүй тусламжийн асуудлыг тодорхой заасан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.” гэж заасан. Хэрвээ нэхэмжлэгч нь 60 нас өнгөрөөд ажлаас чөлөөлөгдсөн бол нэг удаагийн тэтгэмж олгохгүй байсан. Эдгээрийг нэхэмжлэгч нь Засаг даргатай ярилцаж байж ажлаасаа гарсан юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Гуравдагч этгээд Л.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажиллах хүсэлтээ гаргахаар заасан байдаг. Энэ хүн цаашид ажиллах хүсэлтээ гаргаагүй, төрийн албан хаагчид олгох нэг удаагийн тэтгэмж авах материалаа бүрдүүлэн өгсөн зэрэг нь захиргааны санаачилгаар албанаас чөлөөлөхөд саад болохгүй гэж үзэж байна. З.Л-ийн тэтгэмж 2017 оны 1 дүгээр улиралд олгохоор төсөвт суулгасан байгаа болно.

Ээлжийн амралтаа биеэр эдлээгүй гэсэнд тайлбар өгөхөд өндөр насны тэтгэвэрт гарахаар ажлаас чөлөөлөгдөж байгаа тохиолдолд нэгэнт үргэлжлүүлэн ажиллуулахгүй тул ажилласан хугацаанд нь ногдох амралтын цалинг бодож дансанд нь шилжүүлсэн болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Даваасүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: З.Л нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчийн шалгалт өгсөн, төрийн албаны тангараг өргөсөн, төрийн албан хаагч юм. З.Л-ийн хашиж байсан албан тушаал нь Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын даргын албан тушаал юм. Уг албан тушаал нь улс төрийн албан тушаал биш юм. Улс төрийн үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгчийн эрх ашиг нь хөндөгдөх ёсгүй юм. З.Л нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хөдөлмөрлөх эрхтэй хүн бөгөөд хуульд зааснаар 60 нас хүрсэн иргэн нь өөрөө хүсвэл тэтгэвэрт гарч болно гэж заасан. Гэтэл 59 нас 6 сартай байхад нь хөдөлмөрлөх эрхийг нь зөрчиж ажлаас нь чөлөөлсөн нь Үндсэн хуулиар олгосон эрхийг нь зөрчсөн байна. Учир нь, нэхэмжлэгч нь 60 нас хүрээгүй байхад тэтгэвэрт гарах насанд хүрсэн гэж үзэж ажлаас чөлөөлсөн захиргааны акт нь хууль бус юм.

Аймгийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.6 дахь заалтуудад заасан зөрчилтэй захиргааны акт гаргасан байх ба бодит нөхцөл байдалд тохирсон хууль зүйн үндэслэлийг захиргааны актад заах ёстой байсан. 59 нас 6 сартай, 60 настай гэдэг нь эрх зүйн хувьд ялгаатай юм. З.Л нь Төрийн албаны тухай хуульд зааснаар 65 нас хүртлээ  төрийн албанд хөдөлмөрлөх эрхтэй байхад 5 жил 4 сарын өмнө түүнийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн. Захиргааны акт нь илт хууль бус байх гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3, 47.1.5, 47.1.7 дахь заалтуудыг зөрчсөн байхыг ойлгох ба захиргааны илт хууль бус актыг хүчингүй болгож, З.Л-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох захиргааны хууль бус актыг хүчингүй болгуулах, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин буюу 25 сарын цалин нь 2.879.896 төгрөг, 24 хоногийн цалин нь 1.143.957 төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгчид олгох, мөн хугацаанд төлөгдөөгүй байгаа нийгмийн даатгал болох 393.486 төгрөгийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, З.Л-г урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгчээс “Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж,  нийгмийн болон эрүүл мэндийн  даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч З.Л нь Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/105 дугаар “Ажилд томилох тухай”  захирамжаар Ховд аймгийн Байгаль орчны газрын  даргаар томилогдсон ба Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан төрийн захиргааны албан тушаал эрхэлж,  захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байна.

Нэхэмжлэгчийг маргаан бүхий Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “З.Л-г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/58 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1, 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн  “Хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн Зинэмэдэрийн Л-г Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалаас 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс тасалбар  болгон чөлөөлжээ.

Хариуцагч маргаан бүхий актын үндэслэлээ “Нэхэмжлэгч З.Л нь иргэний цахим үнэмлэхэд бичигдсэнээр 1957 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 59 нас 6 сар 6 хоногтой байжээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эмэгтэй даатгуулагчийн тухайд 55 нас хүрснээр өндөр насны тэтгэвэр  авах эрх үүсдэг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч З.Л нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэл бүрдсэн байх тул түүнийг захиргааны санаачилгаар  албан тушаалаас нь чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй. Төрийн жинхэнэ албан хаагч  тэтгэвэр тогтоолгох насанд  хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ  гаргаагүй нь  захиргааны санаачилгаар  түүнийг төрийн албанаас  чөлөөлөхөд саад болохгүй гэж заасан тул захиргааны санаачилгаар төрийн албанаас чөлөөлсөн” гэж тайлбарлан маргаж байна.

1.Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 24.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж зааснаас үзэхэд дээрх заалтуудыг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дууссан тохиолдолд тухайн албан хаагчийн санал, хүсэлтийг үндэслэлгүйгээр захиргааны санаачилгаар төрийн албанаас чөлөөлөх тухай зохицуулсан байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж заасны дагуу 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүссэн тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэх болохоос бус хариуцагчийн тайлбарлаж байгаагаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж үзэн захиргааны санаачилгаар төрийн албанаас чөлөөлсөн гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн”, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж заасантай нийцээгүй буюу хуулиар тогтоосон 60 нас хүрээгүй иргэнийг өөрийнх нь эрхээр тодорхойлогдох 55 нас хүрсэн нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж үзэж хууль буруу хэрэгжүүлж шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл тэтгэвэр тогтоолгох насанд /60 нас/ болон төрийн алба хаах насны дээд хязгаарт /65 нас/ хүрээгүй байхад болон зөвхөн нэхэмжлэгч өөрөө хүсвэл л өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхэд нь халдаж шууд захиргааны санаачилгаар төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргасан болох нь дээрх үндэслэлүүд болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд буюу нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх дээр бичигдсэн он, сар, өдрөөр нь түүний насыг тооцоход 59 нас 6 сар 6 хоног /маргаан бүхий акт гарах үед/-той байсан ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан 55 нас хүрсэн байх ба тэтгэвэр тогтоолгох 60 нас, төрийн алба хаах насны дээд хязгаар болох 65 нас хүрээгүй болох нь тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж заасны дагуу өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэхэд тухайн ажилтан 60 нас хүрсэн байхыг шаардсан байх ба харин эмэгтэй хүний хувьд өөрөө хүссэн тохиолдолд 55 настайдаа өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байхад түүний эрхэд шууд халдан өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийллийг харгалзан үзэлгүйгээр тэтгэвэр тогтоолгох 55 насанд хүрсэн, захиргааны санаачилгаар төрийн албанаас чөлөөлөх үндэслэл бүрдсэн гэж үзсэн хариуцагчийн тайлбар, маргаан бүхий актын үндэслэл нь буруу байна.

Мөн хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-д заасныг үндэслэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн  амралтаа биеэр  эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг  хамтын гэрээгээр, хамтын гэрээ байхгүй бол ажилтантай тохиролцсоны  үндсэн дээр  ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна” , Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-д “Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшил олгож  болно” гэж  тус тус заасан ба  төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6- д “Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралт эдлэх” баталгаагаар хангагдсан байхад  хуулиар зохицуулсан шаардлагыг хангаагүй байхдаа хариуцагч тушаалыг гаргажээ.

Өөрөөр хэлбэл түүнтэй тохиролцон бичгийн зөвшөөрлийг зайлшгүй авсан байхыг шаардах бөгөөд эрх бүхий албан тушаалтан дан ганц өөрийн санаачилгаар төрийн жинхэнэ албан хаагчийг ээлжийн амралт эдлэх эрхийг энэхүү хуулийн зохицуулалтаар хязгаарласан байна.

2. Захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулиар зохицуулдаг.

Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж  эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл  түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж заасан бөгөөд  маргаан бүхий Б/58 дугаар захирамж нь  З.Л-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.

Аймгийн Засаг дарга нь 2016 оны 10 дугаар  дугаар сарын 24-ний өдрийн Б/58 дугаар сөрөг нөлөөлөл бүхий захирамжийг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох З.Л-д шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал авах боломж олгоогүй буюу сонсох ажиллагааг явуулаагүй, захиргааны шийдвэрийн хувийн хэрэг бүрдүүлээгүй, шийдвэрт хяналтын дагалдах хуудас байхгүй байгаа зэргээр захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааг зөрчсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас шүүхэд ирүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 4/2130 дугаар албан бичиг, үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ.”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх“, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчимтай нийцэхгүй байна.

Мөн аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний  өдрийн Б/58 дугаар захирамж нь захиргааны актад хамаарч, бичгээр гаргах Захиргааны актад тавигдах шаардлагыг бүрэн хангасан байвал зохих бөгөөд уг захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэсэн бичгээр гаргасан захиргааны актад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3.Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлагын тухайд: 

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн  хөдөлмөрийн харилцаатай  холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй  бусад асуудлыг  Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу  ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан  бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасны дагуу З.Л-ийн   ажилгүй байсан хугацааг  2016 оны 10 дугаар сарын 24-ний  өдрөөс  энэхүү шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 2 сар 24 хоногийн /ажлын 60 хоног, нэг өдрийн цалин 57796 / цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3467760 төгрөгийг  Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна. 

Хөдөлмөрийн  тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь  хэсэгт зааснаар ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн  даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж,  дэвтэр нь  бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Дүгнэвэл Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/58 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн  Б/58 дугаар захирамжийг  хүчингүй болгож, З.Л-г урьд эрхэлж байсан Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын  даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 3467760 төгрөгийг Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газраас гаргуулж З.Л-д олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг  хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт тус тус  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 4.2.6 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.1,  24.1.1, 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг,  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг,  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгч  З.Л-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/58 дугаар “З.Л-г албан тушаалаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, З.Л-г урьд эрхэлж байсан Ховд аймгийн Байгаль, орчин аялал жуучлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний  олговор 3467760 /гурван сая дөрвөн зуун жаран долоон мянга долоон зуун жар/ төгрөгийг Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газраас гаргуулж З.Л-д  олгож,  нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж,  дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан  авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЯНЖИНДУЛАМ