Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2019/0647

 

 

                              “Ө м” ХХК-ийн гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагч Б.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0642 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч “Ө м” ХХК-ийн өмгөөлөгч Г.Н-ийн давж заалдах гомдлын дагуу “Ө м” ХХК-ийн гомдолтой, Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц-д холбогдох хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0642 дугаар шийдвэрээр:

 Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11, 12 дугаар зүйлийн 12.2.2, Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.14, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1453119 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай “Ө м” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Ө м ХХК-ийн өмгөөлөгч Г.Н давж заалдах гомдолдоо: “... Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д “... зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж” гэж заасан. Хэрэв “Ө с” хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа юм бол түүнээс олсон орлого хэд болох, хохирогч буюу зурхайч Л.Т-д ямар хэмжээний хохирол учирсан болохыг тус тус тогтоох ёстой. Гэвч тэр талаар юу ч тогтоогоогүй тул ямар ч орлого хураагаагүй, үйл ажиллагааг нь зогсоогоогүй, хохирол, нөхөн төлбөр гаргуулаагүй. Тэгэхээр “Ө с” хууль бус үйл ажиллагаа явуулаагүй буюу хууль зөрчөөгүй тул зурхайч Л.Т-д хохирол учраагүй учраас үндэслэлгүйгээр торгосон байна.

          “Ө с” нь хуулийн этгээд биш тул эрх зүйн чадамжгүй этгээд бөгөөд хохирогч болон холбогдогч, тэдгээрийн төлөөлөлөгчийг буруу тогтоосон нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчил, түүнийг засах боломжгүй тул шийтгэлийн хуудас хууль бус байна. Иймд эрх зүйн харилцаанд бие даан оролцдоггүй этгээдийг торгох нь хүн, хуулийн этгээдийг торгоно гэсэн хуулийн заалттай нийцэхгүй тул захиргааны акт хуульд үндэслэх, зорилгодоо нийцэх, бодит нөхцөлд тохирох, үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

          Шүүхийн шийдвэрт “... зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр “Монгол зурхайн цаг тооны бичиг” бүтээлээс ... нийтэлсэн нь тогтоогдож байх тул ... шийтгэлийн хуудас үндэслэлтэй” гэжээ. Зохиогчийн эрхээр 1998 онд баталгаажсан “Монгол зурхайн цаг тооны бичиг” бүтээлээс “Ө с”-д маргаж буй цаг хугацаанд огт нийтлэгдээгүй ба зохиогчийн эрхээр хамгаалагдсан бөгөөд ерөнхий аргачлал тул түүнийг нийтлэх тусгайлсан шаардлага байхгүй юм. Харин зурхайч Л.Т-ийн жил бүр гаргадаг бөгөөд зохиогчийн эрхээр баталгаажаагүй 2019-2020 оны цаг тооны бичгээс нь иргэдийн өдөр тутмын амьдралд тустайг харгалзан, эш татан “Ө с”-д нийтэлсэн нь зөрчил биш юм.

          Зөрчлийг шалгахдаа зурхайч Л.Т-ийн 1998 онд гаргаж байсан хүсэлт болон түүнд холбогдох баримтыг эрх бүхий албан тушаалтны зүгээс шалгаагүй, түүнийг зөрчлийн материалд хавсаргаагүй байхад шүүх түүнийг нөхөн бүрдүүлсэн нь буруу болно. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, “Ө м” ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.      

          Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1453119 дугаар шийтгэлийн хуудсаар зурхайч Л.Т-ийн  зөвшөөрөлгүйгээр зурхайг Өдрийн сонинд нийтэлж Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэн, Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн “Ө с”-д 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

          Зурхайч Л.Т нь “Монгол зурхайн билгийн жилийн төөрөг” бүтээлдээ 1998 онд 829 дугаар зохиогчийн эрхийн гэрчилгээ авч, уг бүтээлд үндэслэн 2019-2020 оны өдөр бүрийн зурхайг гаргаж хэвлүүлэн олны хүртээл болгожээ.

          “Ө м” ХХК нь Өдрийн сонины 2019 оны 04 дүгээр сарын 05, 08-ны өдрийн 072 /6173/,  073 /6174/ дугаарын 20 дугаар нүүрт 2019 оны 04 дүгээр сарын 05, 06, 08, 09-ний өдрийн зурхайг “Эх сурвалж: Зурхайч, доктор Л.Т” гэж тэмдэглэн нийтлэхдээ зохиогчоос зөвшөөрөл аваагүй байх бөгөөд энэ талаар оролцогч нар маргаагүй байна.

          Харин   “Ө м” ХХК нь шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гаргасан гомдол болон давж заалдах гомдолдоо “1998 онд эрхийн гэрчилгээгээр батлагдсан “Монгол зурхайн цаг тооны бичиг” бүтээлээс огт нийтлээгүй, уг бүтээл нь ерөнхий аргачлал тул түүнийг нийтлэх тусгай шаардлага байхгүй, харин Л.Т-ийн жил бүр гаргадаг зохиогчийн эрхээр баталгаажаагүй 2019-2020 оны цаг тооны бичгээс эш татан нийтэлсэн нь зөрчил биш” гэж маргажээ.

          “Ө м” ХХК нь Л.Т-ийн 1998 онд зохиогчийн эрхийн гэрчилгээ авч баталгаажуулсан “Монгол зурхайн билгийн жилийн төөрөг” буюу “Монгол зурхайн цаг тооны бичиг” бүтээлээс зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн гэж үзэхээргүй байна. Учир нь уг бүтээлийн гэрчилгээнд “Гарын авлага” гэж зааснаас гадна тухайн бүтээлийг Өдрийн сонинд нийтлээгүй, тухайн бүтээлд тулгуурлан гаргасан бүтээл болох “2019-2020 оны өдөр тутмын зурхай” бүтээлийг дээрх бүтээлийн нэг хэсэг гэж үзэхээргүй байна. 

             Харин Л.Т нь дээрх “Монгол зурхайн цаг тооны бичиг” бүтээлдээ тулгуурлан 2019-2020 оны өдөр тутмын зурхайг бичиж хэвлүүлэн олны хүртээл болгосон үүсмэл бүтээлдээ зохиогчийн эрхийн гэрчилгээ авч баталгаажуулаагүй боловч Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчийн эрх нь тухайн бүтээлийг бодитойгоор туурвиж бүтээсэн үеэс үүснэ”, 9.2-т “Зохиогчийн эрх үүсэх болон түүнийг хэрэгжүүлэхэд баталгаажуулалт шаардахгүй”  гэж заасны дагуу бүтээсэн үеэс эрх нь үүсэж, баталгаажуулсан эсэхээс үл хамаарч хамгаалагдахаар байна.

          Иймд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2-т “бүтээлийг нийтлэх” гэж заасныг зөрчиж зохиогчоос нь зөвшөөрөл авалгүйгээр нийтэлсэн, энэ нь Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д заасан зөрчил мөн байх тул хариуцлага ногдуулсан шийтгэлийн хуудас үндэслэлтэй гэж үзэж хүчингүй болгуулах гомдлыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байна.

          Давж заалдах гомдолд “Ө с” нь хуулийн этгээд биш, эрх зүйн харилцаанд бие даан оролцдоггүй этгээдэд хариуцлага ногдуулсан” гэх боловч гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

          Учир нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Ө с” гэж холбогдогчоор татан оролцуулсан боловч уг сонинг эрхлэн гаргадаг “Ө м” ХХК-ийн үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх Ж.М-ээс олгосон итгэмжлэлээр ерөнхий менежер Б.Нямдорж нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож  байна.

Үүнээс үзвэл зөрчилд холбогдогчийг “Ө с” гэж зөрчил шалган шийдвэр ажиллагаанд тодорхойлж шийтгэлийн хуудсанд бичсэн нь буруу боловч үүний улмаас “Ө м” ХХК-г уг зөрчлийг гаргаагүй гэж үзэх үндэслэл болохгүйгээс гадна түүний зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.  

Мөн зурхайч Л.Т-ийн зохиогчийн эрхийн өргөдөлтэй холбоотой баримтыг цуглуулаагүй гэх боловч Л.Т-ийн бүтээлийг нийтэлсэн талаар эх сурвалжаа заасан, зохиогчоос зөвшөөрөл аваагүй, 2019-2020 оны зурхайгаас нийтэлсэн болохоо хүлээн зөвшөөрч байх тул зохиогчийн эрхийн зөрчил гаргасан эсэхийг нотлоход Монгол зурхайн цаг тооны бичиг бүтээлийг бүртгүүлэх өргөдөлтэй холбоотой Оюуны өмчийн газраас баримт цуглуулах шаардлагагүй, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.  

Гомдолд “Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ... хууль бус үйл ажиллагаа явуулсан бол түүнээс олсон орлого хэд болох, ямар хэмжээний хохирол учирсан болохыг тогтоогоогүй, ямар ч орлого хураагаагүй, үйл ажиллагааг зогсоогоогүй, хохирол, нөхөн төлбөр гаргуулаагүй тул хууль зөрчөөгүй, зөрчил гаргаагүй” гэх боловч тус хуулийн заалтад “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн ... бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн нь зөрчилд тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тодорхойлсон /гипотези/ хэсэг биш, харин зөрчилд ногдуулах хариуцлагатай /санкци/ холбоотой заалт тул зөрчил гаргасныг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.