Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 5769

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5800293 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбажаржаа, АОС-33-1 тоот “Төгс Шал” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд 2065681 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Энх тайвны өргөн чөлөө, Жуковын музейн буудал, Энхжин эмнэлэг, Автомашин угаалгын газарт оршин байх “Хотон Трейд” ХХК-д холболдох,

            Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хохиролд 3.482.779 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарнай, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Төгс шал” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хотон Трейд” ХХК нь “Төгс шал” ХХК-тай Жуковын музейн замын урд байрлах өөрийн авто машин угаалгын газрын шалыг цутгуулахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 04 дүгээр сард “Бетон шал цутгах болон өнгөлөх тухай” 15121 дугаар гэрээг байгуулан ажилласан юм. Гэрээний хугацаанд “Төгс шал” ХХК-иас гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн боловч “Хотон Трейд” ХХК-ий зүгээс гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д заасны дагуу гэрээнд тусгагдсан ажлын төлбөрийг элдэв шалтаг заан одоог хүртэл төлөхгүй гэрээний үүргээ зөрчиж ирлээ. Иймд “Хотон Трейд” ХХК-иас үлдэгдэл төлбөр болох 10.000.000 төгрөг, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д заасан алдангийг 50 хувиар тооцож 5.000.000 төгрөг нийт 15.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Хотон Трейд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Хотон Трейд” ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Төгс шал” ХХК-тай гэрээ байгуулан өөрийн Жуковын музейн замын урд байрлах Авто машин угаалгын газрын шал цутгуулах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр болж, гэрээнд заасны дагуу урьдчилгаа 10.000.000 төгрөг төлсөн болно. Гэрээний 4.1 болон 6.1 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгэгч нь гэрээт ажлын холбогдох дүрэм, журам, стандартын дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч “Төгс шал” ХХК-ийн ажлыг хүлээн авах үед шалны цутгалт нь хуримтлагдсан усыг ус зайлуулах хоолой руу урсгах боломжтой налуу байдлаар хийгдээгүй зэрэг чанарын доголдол илэрсэн тул манай компаний зүгээс ажлын гүйцэтгэлийг хүлээн авахаас татгалзаж, гэрээнд заасны дагуу чанарын доголдлыг 1 сарын хугацаа тогтоон өөрийн зардлаар засаж сайжруулан хүлээлгэн өгөх шаардлага тавьсан юм. Үүний дагуу “Төгс шал” ХХК нь манай шаардлагыг хүлээн зөвшөөрч, чанаргүй гүйцэтгэсэн ажлыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөө амаар баталгаажуулсан боловч өдийг хүртэл хугацаанд дээрх доголдлыг арилгаж, ажлаа хүлээлгэн өгөхгүй зугтаасаар ирсэн. Энэ хугацаанд манай компани бизнесийн алдагдал хүлээхгүйн үүднээс авто угаалгын газрыг ажиллуулсан боловч мөн л нөгөө шалны налуу хийгдээгүй доголдлоос болж хуримтлагдсан ус ус зайлуулах хоолой руу биш эсэргээрээ хананд хуримтлагдаж ханыг мөөгөнцөрдүүлэх өгөршүүлэх зэргээр барилгын чанарт сөргөөр нөлөөлж байна. Бид өөрсдөө Монгол улсын мэргэшсэн инженерт хандан “Төгс шал” ХХК-ийн ажлын гүйцэтгэлийг шалгуулахад “...үйл ажиллагааны явцад хуримтлагдсан ус, ус зайлуулах шуудууруу бус эсрэг тийшээ урсаж барилгын гадна хана, хашлага хийцэд тулж хуримлагдсан байдалтай байна. Энэ нь барилгын гадна ханын хийцийг өгөршүүлэх, барилгын хана мөөгөнцөртөх болон барилгын дулаан тусгаарлалтанд нэвчсэнээр дулаан тусгаарлалтанд сөргөөр нөлөөлөх нөхцөлтэй байна” гэж дүгнэн тодорхойлолт гаргаж өгсөн болно. Гүйцэтгэгч болох “Төгс шал” ХХК нь гэрээт ажлыг чанарын доголдолтой хийж гүйцэтгэж, уг чанарын доголдолоо тогтоосон хугацаанд засаж сайжруулан хүлээлгэн өгөөгүй атлаа нэхэмжлэлдээ гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж үлдэгдэл төлбөр болох 10.000.000 төгрөгийг нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “Хотон Трейд” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төгс шал” ХХК нь “Хотон трейд” ХХК-тай харилцан тохиролцож “Бетон шал цутгах болон өнгөлөх тухай” 1512/1 дугаар бүхий гэрээг байгуулж авто угаалгын газрын бетон шал цутгуулахаар ажилласан. Гэвч “Төгс шал” ХХК нь бетон шалаа стандартын бус усны урсацыг эсрэг талруугаа урсахаар буруу хийснээс машин угаасан ус нь ус зайлуулах сувагруу жигд урсаж зайлуулагдахгүй барилгын ханаруу урсаж, нэвчсэнээс барилгад эвдрэл үүсгэж, барилгын ханаруу нэвчсэн ус ханын дулаалгын материалд шингэн удаан хугацаанд хадгалагдсан байснаас хана бүхэлдээ норж өнгө заслууд хуурч, өгөршин муудсанаас бидэнд тодорхой хэмжээний хохирол учраад байна. Одоогийн байдлаар тус эвдрэл гэмтлүүдийг засварлуулахад нийт 3.482.770 төгрөг болж байгаа бөгөөд засварт шаардлагатай материалуудыг авсан байгаа болно. Цаашид удаан хугацаагаар хананд ус нэвчсэн байдалтай байвал цахилгаанд хүртэл нөлөөлөх магадлалтай байгаа юм. Стандартын бус шал хийснээс болж бидэнд учирсан хохирол болох 3.482.770 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч “Төгс шал” ХХК, “Хотон Трейд” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан “Бетон шал цутгах болон өнгөлөх тухай” ажлын гэрээнд заагдсан ажлыг гүйцэтгэхэд захиалагч талаас шалны ажлын зураг төсөл огт өгөөгүй бөгөөд тухайн үед хариуцаж байсан захиалагч талын инженер гэх хүний аман зааварчилгааг дагаж ажлыг гүйцэтгэсэн болно. Мөн газар шорооны ажлыг захиалагч тал өөрсдөө хийсэн бөгөөд бетон цутгах явцад нягтаршуулалт муу хийгдсэн хэсгүүдэд суулт өгч зарим хэсэгт түвшин алдагдсан. Ажил гүйцэтгэхэд барилгын хана болон шал норж өгөршиж муудсан удаан хугацаанд засвар хийгдээгүй гараж байсан. Ханын засварын ажил анхнаасаа зориулалтын бус материал ашиглан гүйцэтгэж байсан /Ус чийгэнд тэсвэргүй гипсэн хавтангаар ханыг бүхэлд нь доторлосон/ Сөрөг нэхэмжлэлд нэхэмжилсэн 3.482.770 нь жил бүр хийгддэг урсгал засварын зардлыг манай компаниар гаргуулан авч байгаа үйлдэл юм. Шалны ажлыг чанаргүй муу хийсэн бол өдийд ашиглах боломжгүй байх байсан ба одоог хүртэл хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа болно гэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Төгс шал” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 10.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг нийт 15.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч “Хотон трейд” ХХК стандартын дагуу ажлыг хийж гүйцэтгээгүй улмаас засварлуулахад гарах зардал 3.482.770 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасныг зохигч талууд бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

            Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            Зохигчдын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан “Бетон шал цутгах болон өнгөлөх ажлын гэрээ”-ээр гүйцэтгэгч тал “Төгс шал” ХХК нь захиалагч тал “Хотон трейд” ХХК-ийн Баянзүрх дүүрэгт байрлах Авто угаалгын газрын 1 дүгээр давхарт байрлах 400 м.кв талбайд бетон шал цутгах, тэгшилгээ, бэхжүүлэлт, өнгөлгөө, ультра будалтыг 45 хоногын хугацаанд хийж гүйцэтгэх захиалагч тал ажлын хөлс 20.000.000 төгрөгийн 10.000.000 төгрөгийг гүйцэтгэгчид гэрээ хийгдсэн өдөр төлөх ба ажил хүлээлцэх актад хоёр тал гарын үсэг зурснаар үлдэгдэл төлбөрийг саадгүй төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, гэрээ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна./хх-ийн 6 дугаар тал/

            Зохигчид гэрээний шинж, агуулга, гэрээнд хүсэл сонирхолоо илэрхийлсэн байдал буюу гэрээний урьдчилгаа төлбөрт 10.000.000 төгрөгийг төлсөн талаар маргадаггүй, харин гэрээний үүргийн талаар буюу нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлж ажлаа гүйцэтгэсэн гэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч нь гүйцэтгэсэн ажил стандартын дагуу хийгдээгүй, доголдолтой хийж гүйцэтгэсэний улмаас засварлах шаардлагатай болсон гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тус тус тайлбарлан маргаж байна.

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

            Хуульд зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь гэрээнд заасан 400 м.кв талбайд бетон шалыг 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд цутгах, хариуцагч ажлын үр дүнг хүлээн авч, гэрээгээр тохиролцсон 20.000.000 төгрөгийг төлөх үүрэг тус тус үүссэн байна.

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар ажил гүйцэтгэгч нь ямар нэгэн эд зүйлийг хийж гүйцэтгэсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд  нь хүлээн авах үүрэгтэй ба захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг ажлын үр дүнг хүлээн авсанд тооцохоор зохицуулжээ.

            Зохигчдын хооронд байгуулсан 3 дугаар зүйлийн 3.3-т “гүйцэтгэсэн ажилд чанар, гүйцэтгэлийн ажилтай тохирч байгаа эсэхэд захиалагч талын зүгээс байнга хяналт тавьж, гүйцэтгэгч талаас гүйцэтгэлийг шаардах эрхтэй ажлын гүйцэтгэлийг шалган гэрээгээр тохирсон хөлс төлөх үүрэг хүлээнэ” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1-д “гэрээний 1.2-д заасан ажлыг стандартын дагуу мэргэжлийн өндөр түвшинд чанартай хийж гүйцэтгэн гэрээнд заасан хугацаанд захиалагч талд хүлээлгэн өгнө” гэж тус тус заажээ.

            Захиалагч “Хотон трейд” ХХК нь ажлыг стандартын дагуу бус хийсэн гэж татгалзаж байх боловч гүйцэтгэгч нь гэрээнд заасан ямар стандартыг зөрчсөн болохыг баримтаар нотлоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад стандартын бус, технолгои зөрчиж шалны цутгалтын налуу нь буруу талруугаа тавигдснаас шалтгаалж барилгын хана өгөршиж муудсан эсэх талаар дүгнэлт гаргуулахаар хариуцагчийн хүсэлтээр “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар”-ыг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр “шалны ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн бөгөөд ус урсгах налуу алдагдсанаас ханын гадаргуу чийгтэй, норсон, ханын зарим хэсэгт хөгц үүссэн, будаг нь хуурч ховхорсон байдалтай байна. Барилгын ханын төлөв байдалд үзлэг хийхэд өгөршиж муудсан гэмтэл зөрчил илрээгүй байна” гэжээ.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзалын үндэслэл болгож буй Монгол улсын мэрэгшсэн инженер М.Уламбаярын “тодорхойлолт”, Барилгын мэргэшсэн инженер Н.Энхчимэгийн “барилгын засварын ажилд хийсэн дүгнэлт”-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт ач хоблогдолтой, бодитой, үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т “гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” гэж зааснаар “Төгс шал” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д “гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног  тутам 0.5 хувийн алдангийг захиалагч талаас гүйцэтгэгч тал нь нэхэмжлэх эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги 5.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Уг гэрээгээр гүйцэтгэгч нь ажлыг 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр тохирсон байх бөгөөд уг хугацаандаа хийж гүйцэтгэсэн болохоо баримтаар нотлоогүй байх тул захиалагч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

            Дээрх үндэслэлүүдээр захиалагч “Хотон трейд” ХХК нь гүйцэтгэсэн ажлыг хүлээж аваагүй, стандарт зөрчсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байх ба гүйцэтгэгч “Төгс шал” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.

            Иймд хариуцагч “Төгс шал” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 10.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хотон трейд” ХХК-нд олгож, “Төгс шал” ХХК-иас 3.482.770 төгрөг гаргуулах тухай “Хотон трейд” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

           

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                           ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Хотон трейд” ХХК-иас 10.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Төгс шал” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Төгс шал” ХХК-иас 3.482.770 төгрөг гаргуулах тухай “Хотон трейд” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус заасныг баримтлан “Төгс шал” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950 төгрөг, “Хотон трейд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хотон трейд” ХХК-иас 171.950  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Төгс шал” ХХК-нд олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Л.ЭНХЖАРГАЛ