Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 5177

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 7 сарын 18 өдөр           Дугаар 101/ШШ2016/05177                   Улаанбаатар хот

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х.А нэхэмжлэлтэй, 

       

    Хариуцагч: С.Д

 

Хариуцагч: Д.С нарт холбогдох

 

    Бусдын хууль бус эзэмшлээс газар, хашаа, байшин чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргал, хариуцагч С.Даваахүү, хариуцагчийн өмгөөлөгч Д.Чулуунбаатар, гэрч Ш.Болд-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

                   

Нэхэмжлэгч Х.Амартүвшингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Амартүвшин нь 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өөрийн авга ах Ш.Болд-Эрдэнэтэй хамтран иргэн С.Мөнх-Учралаас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, консулын 17 дугаар гудамжны 428б тоот түүний нэр дээр гэрчилгээтэй, хувийн өмчлөлийн 700 м.кв талбайтай газар, хоёр давхар хуучин палкан байшинг, хашааны хамт нийт 195,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож “Газар худалдах, худалдан авах гэрээ, хувийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж худалдан авсан. Ингэхдээ нийт үнийн дүнгийн 60 хувийг буюу 110,000,000 төгрөгийн төлбөрийг төлөхдөө бэлнээр 100,000,000 төгрөг, дээр нь “Тоёота ист” маркийн 71-37 УНЧ улсын дугаартай, эгч Н.Мөнхтуулын эзэмшилийн автомашиныг 10,000,000 төгрөгөөр тооцож С.Мөнх-Учралд шууд худалдах, захиран зарцуулах, бусдад шилжүүлэх эрхтэйгээр итгэмжлэл хийж, нотариатаар батлуулан нийт 110,000,000 төгрөгийн төлбөрийг барагдуулан, бичиг баримтуудыг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан. Үлдэгдэл мөнгийг нь 2014 оны 4 дүгээр сарыи 01-ний өдрийн дотор багтаан төлж, С.Мөнх-Учрал болон түүний эцэг Д.Сүх-Очир, эх С.Даваахүү нар хашаа байшинг саадгүйгээр чөлөөлж өгөхөөр бичгээр болон ярилцаж тохиролцсон юм. Тухайн үед мөн тэдний хажуу талын айл болох иргэн Б.Одсүрэнгийн хашааны газрыг нь түүнтэй үнэ тохиролцон худалдаж авсан бөгөөд Б.Одсүрэнтэй ч бас төлбөрийг нь тодорхой хугацаанд буюу гэрээний дагуу график гарган төлж барагдуулахаар тохирсоны дагуу 2014 оны 8 дугаар сарын 10-нд төлбөрийг бүрэн төлж дуусгасан бөгөөд Б.Одсүрэн нь гэрээний дагуу одоо хашаагаа бүрэн чөлөөлж өгсөн. Ах бид хоёр хамтран тус газруудыг нийлүүлэн барилга барих зориулалтаар худалдаж авсан юм. Х.Амартүвшин нь 2014 оны 3 дугаар сараас 2014 оны 10 дугаар cap хүртэл хөдөө ажиллаж байсан бөгөөд ах Ш.Болд-Эрдэнэ дээрх хүмүүстэй холбогдож үлдэгдэл мөнгийг нь өгөх талаар ярьж, мөнгийг бүрэн бүрдтэл жаахан хүлээх талаар хэлж ярьж тохиролцож байсан юм. Ингээд 2014 оны 7 дугаар сарын 10-ны үед мөнгийг нь бэлэн болгоод өгөх гэтэл С.Мөнх-Учрал болон түүний ээж С.Даваахүү нар нь хашаа, байшиндаа байхгүй, Замын-Үүдэд байсан. Ш.Болд-Эрдэнэ ах руу ээж С.Даваахүү нь утсаар яриад “...нөхөр Д.Сүх-Очир хашаа байшингаа та нарт хямд зарлаа гээд намайг загнаад уурлаад байна, мөнгө нэмж өг тэгвэл нүүнэ гээд байна, тэгэхгүй бол хашаа байшинг, өөр хүнд зарна” гэж ярьсан бөгөөд мөн хятад, монгол янз бүрийн хүмүүстэй уулзаад худалдаж аваач гээд гуйгаад явж байсан байдаг. Түүнээс хойш маш олон удаа С.Мөнх-Учралын ээж С.Даваахүү, аав Д.Сүх- Очир нартай утсаар ярьж, уулзаж мөнгөө аваад хашаа байшинг чөлөөлж өг гэж шаардах, гуйх, зэргээр өчнөөн мэдэгдсэн боловч, энэ хүмүүс шуналдаа автан ямар ч үндэслэлгүйгээр мөнгө нэмж өгвөл нүүнэ гээд өдийг хүртэл миний хашаа байшинг чөлөөлж өгөхгүй байсаар байна. Бидний хувьд энэ хүмүүст үлдэгдэл мөнгийг нь өгөхгүйгээр худлаа хэлж бултаж алга болсон, мөнгийг нь өгөхгүй нэхүүлж төвөг удсан зэрэг ямар ч асуудал гаргаагүй бөгөөд аль болох эв эеийг эрхэмлэн тохирч, асуудлыг шийдэхээр өдий хүрсэн боловч Д.Сүх-Очир, С.Даваахүү, түүний охин С.Мөнх-Учрал нар хашаа байшинг чөлөөлж өгөхгүй өдий хүрч, арга буюу хуулийн байгууллагад хандаж байна.

С.Мөнх-Учрал нь одоо уг хашаа, байшинд амьдардаггүй байх тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татан авч байна.

Иймд иргэн Х.Амартүвшингийн хууль ёсны өмчлөлийн газар, хашаа, байшинд хууль бусаар амьдарч байгаа С.Даваахүү, Д.Сүх-Очир нарыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж заасны дагуу Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, консулын 17 дугаар гудамжны 428б тоотод байрлах газар, хашаа байшингаас албадан нүүлгэж, чөлөөлж өгнө үү гэв.

 

         Хариуцагч С.Даваахүү, өмгөөлөгч Д.Чулуунбаатар нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Х.Амартүвшин нь манай гэр бүл болох нөхөр Д.Сүх-Очир охин С.Мөнх-Учрал миний бие С.Даваахүү нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний асуудлаар нэхэмжлэл гаргасан байна. Гэрээний зүйл болох хашаа байшингийн асуудлаар доорхи тайлбарыг гаргаж байна. Худалдах-худалдан авах гэрээг 2013 оны 10 дугаар сард хийж 2014 оны 4 дүгээр сарын 01-нд үлдэгдэл мөнгийг өгөхөөр тохирсон боловч худалдан авагч талаас гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөг хүрсэн. Тэнд тухайн үед байр авахаар төлөвлөсөн боловч бүтээгүй энэ хугацаанд бүх юмны үнэ ханш ихээр өөрчлөгдсөн. Гэрээг нөхөр бид 2 хийгээгүй охин С.Мөнх-Учрал гарын үсэг зурж хийсэн. Одоо Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж амьдарч байгаа. Иймд бид 2 хариуцагч болох учиргүй. Бидний ойлгож байгаагаар гэрээг цуцлах шаардлага гарах нь дан ганц худалдан авагч талын буруугаас болсон гэж үзэж байна.

        Бид маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн хөдөлмөрөөр бий болгосон бөгөөд уг газартаа хууль бусаар амьдарч байна гэж үзэхгүй байна. 95,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд хугацаа хэтрүүлсэн тул 150,000,000 төгрөг болгоод өгчих гэж л хэлсэн. Бид итгэлцлийн үндсэн дээр урьдчилгаа мөнгө авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн хувьд хууль бус эзэмшлээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрх бүрэн үүсээгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Д.Сүх-Очир шүүхэд гаргасан тайлбартаа:

Х.Амартүвшин нь манай гэр бүл болох С.Даваахүү, охин С.Мөнх-Учрал миний бие Д.Сүх-Очир нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний асуудлаар нэхэмжлэл гаргасан байна. Гэрээний зүйл болох хашаа байшингийн асуудлаар доорхи тайлбарыг гаргаж байна. Худалдах худалдан авах гэрээг 2013 оны 10 дугаар сард хийж 2014 оны 4 дүгээр сарын 01-ний дотор үлдэгдэл мөнгийг өгөхөөр тохирсон боловч худалдан авагч талын гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөг хүрсэн. Бид тухайн үед байр авахаар төлөвлөж байсан боловч бүтээгүй. Энэ хугацаанд бүх юмны үнэ ханш ихээр өөрчлөгдсөн. Гэрээг эхнэр бид хоёр хийгээгүй охин С.Мөнх-Учрал гарын үсэг зурж хийсэн. Одоо Бүгд Найрамдах Солонгос Улсад амьдарч байгаа. Иймд бид хариуцагч болох учиргүй. Бидний ойлгож байгаагаар гэрээг цуцлах шаардлага гарсан нь дан ганц худалдан авагч талын буруугаас болсон гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

           Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Амартүвшин нь хариуцагч С.Даваахүү, Д.Сүх-Очир, С.Мөнх-Учрал нарт холбогдуулан бусдын хууль эзэмшлээс газар, хашаа, байшин чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч С.Мөнх-Учралд холбогдох нэхэмжлэлээ татан авсаныг батлах нь зүйтэй юм.

 

Хариуцагч С.Даваахүү, Д.Сүх-Очир нар нь худалдах-худалдан авах гэрээний үүргээ Х.Амартүвшин нь биелүүлээгүй, энэ хугацаанд юмны үнэ ханш өөрчлөгдсөн, хууль ёсоор газар болон хашаа, байшиндаа амьдарч байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын 15 дугаар гудамжны 428б тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Г-2204001686 дугаарт бүртгэгдсэн, 700 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгогдсон газар, улсын бүртгэлийн Ү-2204018161 дугаарт бүртгэгдсэн хувийн сууцыг тус тус С.Мөнх-Учрал нь дангаар өмчилдөг байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Улмаар 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр С.Мөнх-Учрал нь Х.Амартүвшинтэй харилцан тохирч, дээрх газрыг 145,000,000 төгрөгөөр, хувийн сууцыг 50,000,000 төгрөгөөр тус тус худалдахаар гэрээ байгуулсан болох нь “Газар худалдах-худалдан авах гэрээ”, “Хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ”, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрх гэрээний дагуу төлбөрийн тодорхой хэсгийг Х.Амартүвшин нь С.Мөнх-Учрал болон хариуцагч С.Даваахүү нарт хүлээлгэн өгч, төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хэдийгээр төлбөрийн үлдэгдэлтэй байсан боловч өмнөх өмчлөгч С.Мөнх-Учралын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан хүсэлт, худалдах-худалдан авах гэрээг үндэслэн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын 15 дугаар гудамжны 428б тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Г-2204001686 дугаарт бүртгэгдсэн, 700 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тус хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2204018161 дугаарт бүртгэгдсэн, 171.5 мкв талбайтай, 2 давхар хувийн сууцны өмчлөх эрх шинэ өмчлөгч Х.Амартүвшингийн өмчлөлд шилжиж 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000129239 дугаартай гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000279142 дугаартай гэрчилгээ тус тус олгогджээ.

 

С.Мөнх-Учралын дээрх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан хүсэлтийн агуулгаас үзэхэд Х.Амартүвшин нь төлбөрийг 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдсан өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн байна.

 

Х.Амартүвшин, С.Мөнх-Учрал нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар худалдах-худалдан авах, зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Эдгээрээс дүгнэвэл Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар өмнөх өмчлөгч С.Мөнх-Учралын өмчлөх эрх дуусгавар болж, өмчлөх эрх шинэ өмчлөгч Х.Амартүвшинд үүсчээ.

 

Түүнчлэн С.Мөнх-Учрал нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах зорилгоор худалдсан байх бөгөөд худалдан авагчийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, төлбөр дутуу шалтгаанаар С.Мөнх-Учралын эцэг Д.Сүх-Очир, эх С.Даваахүү нар газар болон хашаа, байшинд одоог хүртэл амьдарч, эзэмшиж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж зааснаар хариуцагч Д.Сүх-Очир, С.Даваахүү нар нь уг маргаан бүхий газарт оршин суух хаягийн бүртгэлтэй гэх боловч өөрийн эзэмшлийг хууль болон гэрээний үндсэн дээр хууль ёсоор эзэмших эрхтэй гэдгээ нотлоогүй, өөрөөр хэлбэл дээрх маргаан бүхий газар, хувийн сууцны өмчлөгч,  эзэмшигчээр бүртгэгдэж байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хууль ёсоор маргаан бүхий газар, хувийн сууцыг эзэмшиж байна гэж үзэх үндэслэлгүй байх тул Д.Сүх-Очир, С.Даваахүү нарын эзэмшил нь хууль бус байна. 

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь бусдын хууль эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө шаардах эрхтэй байна.

 

Х.Амартүвшин, С.Мөнх-Учрал нарыг гэрээ байгуулах үед маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь “15 дугаар гудамж” байсан байх бөгөөд одоо “17 дугаар гудамж” болж өөрчлөгдсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын 17 дугаар гудамж /15 дугаар гудамж/-ны 428б тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Г-2204001686 дугаарт бүртгэгдсэн, 700 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тус хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2204018161 дугаарт бүртгэгдсэн, 171.5 мкв талбайтай, 2 давхар хувийн сууцыг хариуцагч С.Даваахүү, Д.Сүх-Очир нар болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Х.Амартүвшинд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

С.Мөнх-Учрал нь Х.Амартүвшинтэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үүргээ шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй байна.

 

 Хариуцагч Д.Сүх-Очирт 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр болох шүүх хуралдааны товыг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр садангийн хүн болох н.Хорлоо гэгчээр дамжуулан шүүхийн мэдэгдэх хуудсаар, мөн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр оршин суугаа газрын хорооны Засаг даргаар дамжуулан тус тус мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т зааснаар хариуцагчийн өмнө шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд дээр гаргасантай адилтгаж үзэн, хариуцагч Д.Сүх-Очирыг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

          1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын 17 дугаар гудамж /15 дугаар гудамж/-ны 428б тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Г-2204001686 дугаарт бүртгэгдсэн, 700 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тус хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2204018161 дугаарт бүртгэгдсэн, 171.5 мкв талбайтай, 2 давхар хувийн сууцыг хариуцагч С.Даваахүү, Д.Сүх-Очир нар болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Х.Амартүвшинд олгосугай.

 

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Х.Амартүвшингийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Даваахүү, Д.Сүх-Очир нараас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Амартүвшинд олгосугай.

 

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч Х.Амартүвшин нь хариуцагч С.Мөнх-Учралд холбогдох нэхэмжлэлээ татан авсныг баталсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ