Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 123/2019/0015/З |
Дугаар | 221/МА2019/0575 |
Огноо | 2019-11-07 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2019/0575
“М-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч О.Номуулин, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Г.Х, Б.Б нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 123/ШШ2019/0023 дугаар шийдвэртэй, “М-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 123/ШШ2019/0023 дугаар шийдвэрээр:
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 23 дугаар зүйлийн 23.2.13, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 34 дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.1.7, 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М-А” ХХК-ийн Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/98 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... “М-А” ХХК нь бусад олон аж ахуйн нэгжүүдийн адилаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны харъяа Тариалан эрхлэлтийг дэмжих сантай 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ХӨ-Үр-2015-07 дугаартай “2015 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зэээлээр олгох гэрээ”-г байгуулж 29,600,000 төгрөгийн үрийн буудайг зээлээр авсан.
Уг гэрээний 1.6-д “Санд зээлээр авсан үрийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд өөрийн эзэмшлийн 0109230 дугаартай 1254 га газрын газар эзэмших эрхийг барьцаа болгож тавьсан, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн эрхийг бусдад худалдах, барьцаалан бэлэглэх болон шилжүүлэхийг хориглоно. Зээлдэгч нь газрын гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэгээг Газрын тухай хуульд зааснаар тухайн сум орон нутгийн газрын даамлаар хийлгэсэн байна” гэж заасан боловч энэхүү гэрээний заалт хэрэгжээгүй буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалсан Иргэний хуульд нийцсэн тусдаа “Барьцааны гэрээ” байгуулагдаагүй. Өөрөөр хэлбэл “М-А” ХХК нь Тариалан эрхлэлтийг дэмжих сантай байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ХӨ-Үр-2015-07 дугаар гэрээний 1.6 дахь заалтыг Иргэний хуульд нийцээгүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаанд тавиагүй. Ийм байхад шүүгчээс нэхэмжлэгч “М-А” ХХК-ийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь заалтыг зөрчсөн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалсан тохиолдолд холбогдох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж тэмдэглэл хийлгэх талаар зохицуулж өгсөн. Иргэний хуулийн 156 дугаар зүйлд Барьцааны гэрээний талаар зохицуулсан бөгөөд тус хуулийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцаа зүйл, түүний байгаа газар, үнийг заана”, 156.3-д “Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан. Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд Иргэний хуульд нийцсэн гэж үзнэ. Мөн барьцааны зүйлээр барьцааны гэрээний үүрэг хангагдах үндэслэл болдог. Гэтэл анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж газрын гэрчилгээг барьцаанд тавьсан нь нотлогдож байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай “Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.9-д “... ноцтой зөрчил гэдгийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино” гэж тайлбарласан байдаг.
Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга нь 2019 оны А/98 дугаар захирамж болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “газар эзэмших эрхээ барьцаалсныг ноцтой зөрчил” гэж үзсэн талаараа тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, талуудын маргасан асуудлуудаас өөр үйл баримтад дүгнэлт хийж нэхэмжлэгчийг хууль тогтоомж ноцтой зөрчсөн гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.
Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагааг заавал явуулах ёстой байдаг. Захиргаа бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тусгай зарчмыг хуульд заасны дагуу үйл ажиллагаандаа баримталдаг. Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга А/98 дугаартай захирамжийг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа манай компани огт мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулж оролцоог хангаагүй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болсон Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 123/ШШ2019/0023 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянахад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/98 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, 38 дугаар зүйлийн 38.5, 40 дугаар зүйлийн 40.1.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн Баянбулаг 3-р багийн Агьтийн хөндийд үр тарианы зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний 147/76 га, 150/22 га, 153/36 га, 149/117 га, 152/85 га, 154/73 га, 143/423 га-гаас нийт 700 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.
Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо “... газар эзэмших эрхээ барьцаалаагүй, барьцаанд тавиагүй, тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалуулсан, Газрын тухай хууль болон газар эзэмших эрхийн гэрээний нөхцөлийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн зүйл байхгүй, шүүх гэрээний хугацаа дуусгавар болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 156 дугаар зүйлд зааснаар барьцааны гэрээ байгуулаагүй, ноцтой зөрчлийг гаргаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр ноцтой зөрчлийг тодорхойлон заагаагүй байхад шүүхээс буруу дүгнэсэн, захиргааны шийдвэр гаргах ажиллагааг мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, 2007 оноос хойш газар эзэмшиж байхад янз бүрийн үндэслэлээр удаа дараа газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хууль бус шийдвэр гаргаж байхад шүүх анхаараагүй ...” гэжээ.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд хийгдсэн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 023 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээгээр ноцтой зөрчлийн талаар тодорхойлоогүй учир хариуцагчийн тайлбараар ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэж зөв дүгнэсэн атлаа гэрээний хугацаа дуусгавар болж, гэрээ байгуулагдаагүй гэж талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6-д “энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх” үүрэг хүлээхээр заажээ.
Гэтэл нэхэмжлэгч нь 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ХӨ-Үр-2015-07 дугаар 2015 оны хаврын тариалалтад шаардагдах үрийг буудайг зээлээр олгох гэрээг байгуулсан, уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмших гэрчилгээгээ барьцаална гэж тэмдэглэн, холбогдох албан тушаалтанд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ хүлээлгэж өгсөн нь Газрын тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Гэвч барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангагдахад хүрээгүй буюу эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр газар эзэмших эрх шилжихэд хүргэсэн ноцтой үр дагаварт хүрээгүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомжийг ... “удаа дараа” буюу “ноцтой зөрчсөн” гэдэгт хамаарахааргүй байна.
Мөн хариуцагч Засаг дарга нь 2007 оны 36 дугаар захирамжаар анх 10 хэсэг газрыг нэг захирамж, нэг гэрчилгээ, гэрээгээр эзэмшүүлсэн, 2016 оны А/084 дүгээр захирамжаар 1026 га болгож газрын хэмжээ өөрчлөхдөө энэ байдлыг засалгүй Газрын тухай хууль болон Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийг зөрчиж нэгж талбар тус бүрт шийдвэр гаргаж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүйн улмаас Газрын тухай хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ газар тус бүр дээр биелүүлсэн эсэхэд хяналт тавих, энэ талаар шийдвэр гаргахад хүндрэлтэй болсон байна.
Үүнтэй холбоотой хариуцагч хэсэгчлэн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, уг актын талаар шүүхээр маргаж байх үед нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар эрх нь дуусгавар болсон 150/22 дугаартай хэсгийг маргаж байгаа актаар дахин хүчингүй болгосон, мөн зарим хэсэгт холбогдох маргааныг шүүх эцэслэн шийдвэрлээгүй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 174 дүгээр магадлалд гомдол гаргах эсэх нь тодорхойгүй байхад тухайн хэсгүүдэд холбогдох эзэмших эрхийг хүчингүй болгосон нь агуулгын алдаатай акт болжээ.
Эдгээр үндэслэлүүдээр маргаан бүхий акт хуульд нийцээгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.