Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 00575

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр байгийн 2-3 тоотод оршин суух, Жоов овогтой Бямбаагийн Мягмаржав /НЩ83011860/ ын хүсэлттэй,

Хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.Батнямыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 155/2016/00453/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Б.Мягмаржав шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би тус шуүхэд Л.Батнямд холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Л.Батням нь уг хаяган дээрээ байхгүй гэсэн шүүгчийн захирамж нэхэмжлэгч надад ирсэн бөгөөд Л.Батнямыг эрэн сурвалжлуулж түүнийг олуулах хүсэлтэй байна. Түүний регистрийн дугаар нь /РВ77022713/ регистртэй, өөрийнх нь утас 91939101 дугаарын утастай дүү Оюунням нь 88522345 дугаарын утастай бөгөөд надтай эдгээр хүмүүс нь байнгын холбоотой байдаг боловч Л.Батнямтай холбоотой байдаг талаараа надад мэдэгдэхгүй байна. Л.Батням ХААН банк 5022491382 гэсэн данстай болно.

Би Л.Батнямд холбогдуулан 4 сая төгрөг гаргуулах, мөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргах болно. Иймд хариуцагч болох Л.Батнямыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ

Нэхэмжлэгч: Б.Мягмаржав нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Батнямтай 2016 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. 2016 оны 10 дугаар сард Улаанбаатар хотруу ажил хийнэ гэж яваад ирээгүй. Утсаа ч авахгүй холбогдож чадахгүй байна. Бид хоёр хамт амьдарч байх хугацаандаа 2015 оны 4 дүгээр сарын 26-нд охин Оюу-Эрдэнэ төрсөн. Би энэ охиндоо хүүхдийн тэтгэлэг гагуулах гэтэл хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул Ламжав овогтой Л.Батнямыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Мягмаржав нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.Батнямыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хархад овогт Ламжавын Батням /РВ77022713/-ын оршин суугаа хаяг тодорхойгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 24-05 тоотод оршин суудаггүй талаар тус багийн Засаг дарга тодорхойлсон байх тул иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй байна.

Холбогдох мэдээллүүдийг дурьдвал: Хархад овогт Ламжавын Батням нь /РВ77022713/ дугаар регистртэй, хамгийн сүүлд 91939101 дугаарын утас эзэмшиж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 24-05 тоотод оршин сууж байсан. Төрсөн эх н.Ичинноров Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 24-05 тоотод оршин суудаг, Л.Батнямын төрсөн дүү Л.Оюунням нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 замд байрлах Байгал эх төвд хэвлэлийн үйлчилгээ эрхэлдэг гэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Мягмаржав нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хархад овогт Ламжавын Батням /РВ77022713/ -ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ламжавын Батнямыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Мягмаржав нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН