| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0053/Э |
| Дугаар | 0052 |
| Огноо | 2019-02-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 0052
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Ц.И
Хохирогч Б.Б
Шүүгдэгч Ч.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ц-т холбогдох эрүүгийн 1825008060003 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ч.Ц
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ч.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2018 оны 11 сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах “Баян-Өндөр” хотхоны ар талын авто зам дээр 41-80 ОРО улсын дугаартай Мазда демо загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж эвдрэлийн улмаас ослын дохионы гэрлээ асаан зам дээр зогсож байсан 40-31 УНИ улсын дугаартай Хьюндай Аксент загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж Б.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зам тээврийн осол болсон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ч.Ц-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 11 сарын 19-ний өдөр машинаа бариад дэлгүүр орж талх авсан. Замд 1 залуу гар өргөхөөр нь суулгаад дөхүүлж өгсөн. Гэтэл тэр залуу мөнгөгүй гээд 1 ширхэг жижиг архи өгсөн. Тэгээд тэрийг замд уусан. Тэгээд яагаад замдаа орсныг мэдэхгүй байна. Сүүлд бүдэг бадаг машин мөргөснөө мэдээд байгаа юм. Архи ууснаас хойш аваар хийснээ сүүлд нь мэдсэн. Хохирогчид эмчилгээний зардал 1.000.000 төгрөг өгсөн. Машиныг нь 500.000-600.000 төгрөгөөр засуулж өгсөн. Ийм зүйл хийсэндээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 11 сарын 19-ний өдөр хадмындаа оччихоод буцаад Город явж байгаад Дэнж багийн Элит хорооллын хавьд явж байхад машин түг гэж дуугарахаар нь буугаад машиныхаа копудыг сөхөөд байж байтал нэг машин ирж мөргөсөн. Миний машин хөдөлж миний хөл дээгүүр гарсан. Тэр мөргөсөн машин буцаж ухраад яваад өгсөн. Манай эхнэр эмнэлэг, цагдаа дуудсан. Миний хөл нарийн шилбээрээ хугарч, шагайны хоёр тал сэтэрсэн байна гэсэн. Тэгээд одоо хадуулчихаад байж байгаа. Эмчилгээний төлбөрийн 1.000.000 төгрөгийг өгсөн. Машиныг засаж өгсөн. Одоо 2.000.000 төгрөг нэхэмжилнэ. Энэ мөнгийг дараагийн хадаас авахуулахад хэрэглэнэ.Гэмтэл авснаас хойш хэрэглэсэн эм тарианы баримт байгаа. Үүнийгээ хэрэгт өгөөгүй байгаа. Би анх эмнэлэгт шоконд орсон байсан. Энэ үедээ ажиллаж байсан газраа хэлээгүй. Ээж маань өвчтэй. Би ганцаараа ажил хийдэг. Одоо ажилд орох боломжгүй байгаа. Миний хувьд гомдолтой байна гэсэн мэдүүлэг,
-Гэрч О.У-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Өнөөдөр орой 20 цаг өнгөрч байхад би нөхрийнхөө хамт Дэнжээс город руу явж байхад машин гэнэт эвдрээд “Баян-Өндөр” хотхоны харалдаа зогссон. Тухайн үед манай нөхөр аваарын гэрлээ асаагаад машинаа замын хажуу руу шахаж зогсоогоод буусан. Тухайн үед би машиндаа суугаад үлдсэн бөгөөд манай нөхөр машиныхаа хамрыг сөхөөд доошоо тонгойход араас гэнэт нэг машин мөргөсөн. Тэгэхэд манай нөхөр маш чанга орилсон бөгөөд би нөгөө машиныг харахад цагаан өнгийн жижиг 41-80 ОРО гэсэн машин байсан. Шууд хажуугаар гараад зугтаасан. Тэгээд би буугаад очиход манай нөхөр замын хажууд хэвтчихсэн босч чадахгүй байхаар нь яасныг нь асуухад хөл өвдөөд байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 88 ху/,
-Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Намайг үүрэг гүйцэтгэж байх үед Орхон аймаг Баян- Өндөр сумын Дэнж багийн “Баян-Өндөр” хотхоны ард талын засмал зам дээр зогсож байсан 40-31 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түр зогсож байхад 41-80 ОРО улсын дугаартай цагаан өнгийн “Мазда Демо” маркийн тээврийн хэрэгсэл мөргөөд зугтаасан гэсэн дуудлага мэдээллийг Цагдаагийн газраас өгсөн. Үүний дагуу осол болсон газар болон Орхон аймгийн нутаг дэвсгэрт эрэн сурвалжлан хайсан боловч олдоогүй. Хэсэг хугацааны дараа Цагдаагийн газрын 102-н жолооч Амарсайхан залгаад осол гаргасан 41-80 ОРО улсын дугаартай “Мазда Демо” маркийн тээврийн хэрэгсэл цагаан өнгийн машинаар чирүүлчихсэн Дэнж баг руу өгсөөд явж байхад зогсоогоод байж байна гэсэн. Хүрээд ир гэхээр нь очиход 41-80 ОРО улсын дугаартай цагаан өнгийн “Мазда Демо” маркийн тээврийн хэрэгслийг цагаан өнгийн жижиг машин чирчихсэн зогсож байсан. Осол гаргасан гэх тээврийн хэрэгслийн жолооч гээд настай хүн байсан. Драйгер багажаар үлээлгэж үзэхэд 1.44% согтуу байсан гэсэн мэдүүлэг /хх 89 ху/,
-Яллагдагч Ч.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Одоо бодоход Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн хивсний уулзвар дээр ирээд сэргэсэн талаар санаж байна. Нэг сэрсэн чинь машины урд талын гупер хэсэг хэлбэрээ алдчихсан, копуд нь дээшээ сөхөгдчихсөн байсан. Тэгээд машинаасаа буугаад хартал машины урд тал нь нэг л сонин болчихсон байсан. Би тэр үед өөр машин мөргөсөн талаараа гэнэт санасан. Би бодохдоо аюулгүй тойргийн дээшээ өгсөөд Дэнж багийн орчимд машин мөргөсөн гэж санаж байна гэсэн мэдүүлэг /хх 127 ху/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 819 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1.Б.Б-н биед зүүн шагай үений дотор хавчаар яс болон зүүн шилбэний тахилзуур ясны далд хугарал, зүүн шагайн үений хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ.
2. Уг гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З.Дээрх гэмтлүүдийн зүүн шагай үений дотор хавчаар яс болон зүүн шилбэний тахилзуур ясны далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Зүүн шагайн үений хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Шинэ гэмтлүүд байна.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн /хх 39 ху/,
-Орхон аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 77 дугаартай дүгнэлтэнд:
1. 40-31 УНИ улсын дугаартай Аксент маркийн тээврийн хэрэгслийн жолооч Батжаргал овогтой Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үйлдэл байхгүй байна.
2. 41-80 ОРО улсын дугаартай Мазда Демо маркийн тээврийн хэрэгслийн жолооч Чүлтэм овогтой Цогтбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно:
а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
3.1 .Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахи бичиг баримттай байна:
а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл,
З.5.Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ:
а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,
г/ Тухайн ослын талаар Цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад Цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах.
3. Уг осол нь 41-80 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Цогтбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 3.1 а, 3.5 а,г дахь заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна гэсэн /хх 43 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 сарын 29-ний өдрийн 278 дугаартай дүгнэлтэнд:
1. Цогтбаатарын биенээс авсан цус шинжилгээнд 1.35 промилл процент этилийн спирт илэрсэн.
2. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана /хх-ийн 47 ху/ гэсэн,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 284 дугаартай дүгнэлтэнд:
2. Шинжилгээнд ирүүлсэн зүйлсийг өөр хооронд нь нэг бүхэл хэсгийг үүсгэх эсэхийг тогтоох зорилгоор ажиглалт, харьцуулах, хэмжилзүй, хэсгээс бүхлийг тогтоох аргуудаар шинжлэхэд 1 гэж дугаарласан цагаан өнгийн хуванцар 2 гэж дугаарласан цагаан өнгийн хуванцартай зах ирмэгээрээ эвлэж нэгэн бүхэл хэсгийг үүсгэж байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн зүйлсийг Мазда Демо маркийн 41-80 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд ангитай нэг бүхэл хэсгийг үүсгэх эсэхийг тогтоох зорилгоор ажиглалт, харьцуулах, хэмжил зүй, хэсгээс бүхлийг тогтоох аргуудаар шинжлэхэд 3 гэж дугаарласан цагаан өнгийн хуванцар тээврийн хэрэгслийн урд гуперний хэсэгтэй, 7 гэж дугаарласан цагаан өнгийн хуванцар нь тээврийн хэрэгслийн урд гуперний баруун талын хэсэгтэй, 4 гэж дугаарласан мөнгөлөг хар өнгийн хуванцар нь тээврийн хэрэгслийн урд нүүрний лого байх хэсэгтэй зах ирмэгээрээ эвлэж нэгэн бүхэл хэсгийг үүсгэж байна гэсэн /хх 52 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 сарын 30-ны өдрийн 283 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн зүйлсийг өөр хооронд нь нэг бүхэл хэсгийг үүсгэх эсэхийг тогтоох зорилгоор ажиглалт, харьцуулах, хэмжилзүй, хэсгээс бүхлийг тогтоох аргуудаар шинжлэхэд 1 гэж дугаарласан саарал өнгийн хуванцар 2 гэж дугаарласантай, 2 гэж дугаарласан саарал өнгийн хуванцар 3 гэж дугаарласантай, 3 гэж дугаарласан саарал өнгийн хуванцар 4 гэж дугаарласантай, 5 гэж дугаарласан саарал өнгийн хуванцар 10 гэж дугаарласантай, 10 гэж дугаарласан саарал өнгийн хуванцар 2,3 гэж дугаарласантай, 12 гэж дугаарласан шар улаан өнгийн хуванцар 14 гэж дугаарласантай, 15 гэж дугаарласан шар улаан өнгийн хуванцар 18 гэж дугаарласантай, 19 гэж дугаарласан тунгалаг өнгийн шил 24 гэж дугаарласантай зах ирмэгээрээ эвлэж нэгэн бүхэл хэсгийг үүсгэж байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь Hyundai Accent маркийн 41-30 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд ангитай өнгө болон материалын шинж чанараар ижил боловч зах ирмэгээрээ нийлж нэг бүхэл хэсгийг үүсгэхгүй байна гэсэн /хх 62 ху/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-10, 33, 35, 53-56, 63-68, 83 ху/
-Ч.Ц-н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг багажаар шалгасан хуудас /хх 11 ху/,
-Зам тээврийн ослын үзлэгийн тэмдэглэл /хх 9 ху/
-Ч.Ц-т холбогдох Зөрчлийн тухай хуульд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар хасч 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон материал. /хх-ийн 19-31/
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 32,34 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 811, 277 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх 73, 77 ху/,
-Хохирлын үнэлгээ /хх 80-82 ху/,
-Ч.Ц-н яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 124-129 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 95 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Ч.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах “Баян-Өндөр” хотхоны ар талын авто зам дээр 41-80 ОРО улсын дугаартай Мазда Демо маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж эвдрэлийн улмаас ослын дохионы гэрлээ асаан зам дээр зогсож байсан 40-31 УНИ улсын дугаартай Хьюндай Аксент загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж Б.Бямбанасангийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зам тээврийн осол болсон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ч.Цогтбаатарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Архи ууснаас хойш аваар хийснээ сүүлд нь мэдсэн“ гэсэн, хохирогч Б.Бямбанасангийн “...Дэнж багийн Элит хорооллын хавьд явж байхад машин түг гэж дуугарахаар нь буугаад машиныхаа копудыг сөхөөд байж байтал нэг машин ирж мөргөөд машин хөдөлж миний хөл дээгүүр гарсан. Тэр мөргөсөн машин буцаж ухраад яваад өгсөн” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч О.Уранчимэг /хх 88 ху/, Д.Энхболд /хх 89 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед зүүн шагай үений дотор хавчаар яс болон зүүн шилбэний тахилзуур ясны далд хугарал, зүүн шагайн үений хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэнийг тогтоосон 819 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ч.Цогтбаатарыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а “Жолоочид дараах зүйлийг хориглоно. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.1 а “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахи бичиг баримттай байна. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл”, 3.5 а “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, г. “Тухайн ослын талаар Цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад Цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй болохыг тогтоосон Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 77 дугаартай дүгнэлт, мөн шүүгдэгчийн биенээс авсан цусанд 1.35 промель процент этилийн спирт илэрснийг тогтоосон 278 дугаартай дүгнэлт шинжээчийн 283, 284 дугаартай дүгнэлтүүд, хохирлын үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Ц-н үйлдэл нь хохирогчид хүндэвтэр хохирол, 41-80 ОРО улсын дугаартай Мазда Демо загварын тээврийн хэрэгсэлд 637.500 төгрөгийн хохирол тус тус учирсантай шалтгаант холбоотой байх бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зам тээврийн осол болсон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Г шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгчийн хувьд зугтаасан зүйлгүй, тухайн үед болсон асуудлыг мэдэхгүй байгаа нь гэм буруугийн санаатай хэлбэр биш юм, зугтах санаа зорилго агуулаагүй болсон асуудлыг мэдээгүй, хүсээгүй тул энэ гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзэж энэ зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж байна. Гэвч шүүгдэгч нь дээрхи гэмт хэргүүдийг согтуурсан үедээ үйлдсэн бөгөөд согтолтын хэр хэмжээ, үйлдлээ мэдэхгүй байгаа, оюун ухаанаа удирдах чадваргүй байсан зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Ц-н үйлдэл тус бүрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Ц-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирогч нь хохирлын баримтыг ирүүлээгүй байх боловч шүүгдэгч нь тээврийн хэрэгслийг засаж, эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг хохирогчид өгсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний хөл нарийн шилбээрээ хугарч, шагайны хоёр тал сэтэрсэн байна гэсэн. Тэгээд одоо хадуулчихаад байж байгаа. Эмчилгээний төлбөрийн 1.000.000 төгрөгийг өгсөн. Машиныг засаж өгсөн. Одоо 2.000.000 төгрөг нэхэмжилнэ. Энэ мөнгийг дараагийн хадаас авахуулахад хэрэглэнэ” гэсэн тайлбарыг гаргаж 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч нотлох баримтгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй. Иймд нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №01611520 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Ч.Ц-т буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан зам тээврийн осол болсон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1-т тус тус заасныг журамлан шүүгдэгч Ч.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 600.000 төгрөгний торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож 1 /нэг/ сар, 10 /арав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 7 /долоо/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Ц-н эдлэх 1 жил, 7 сар, 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №01611520 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Ч.Ц-т буцаан олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА