Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2022/0831/З |
Дугаар | 001/ХТ2023/0050 |
Огноо | 2023-06-29 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2023/0050
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Г.Банзрагч
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 868 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 203 дугаар магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/164 дүгээр тушаалын “БТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах;
2.Хэргийн нөхцөл байдал: “БТ” ХХК-д 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/188 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутагт, Их тэнгэрийн аманд, 0,76 га газрыг, аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олгосон, ийнхүү эрх олгосноос хойш газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан бөгөөд маргаан бүхий тушаалаар “усны хамгаалалтын бүсэд орсон, голын бургас мод сүйтгэж, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулсан, дархан цаазат газрын нийтлэг дэглэм зөрчсөн” гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ.
3.Нэхэмжлэгчээс “... онцгой хамгаалалтын бүстэй манай газар бүхэлдээ давхцаагүй, хэсэгчлэн цуцлах боломжтой байсан, анхнаасаа давхцалтай эсвэл олгох боломжгүй гэсэн бол тухайн талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахтай холбоотой их хэмжээний санхүүгийн зардал гаргахгүй байсан, маргаан бүхий актыг гаргахдаа мэдэгдэх сонсох ажиллагаа хийгээгүй” гэж, хариуцагчаас “... онцгой хамгаалалтын бүстэй 40 хувь нь, хязгаарлалтын болон энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай байгаа, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор тогтоосон газартай бүхэлдээ давхцалтай, усан сан бүхий онцгой болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлж болохгүй” гэж тус тус маргаж байна.
4.Анхан шатны шүүх дараах дүгнэлтээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон:
4.1.Зурган лавлагааг үзэхэд нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газар нь усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан хязгаарлалтын бүстэй давхцалтай болох нь тус тус тогтоогдож байна, “Усны сан бүхий газар, эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.9-д “Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 3.9.11-д “... орон сууц, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барьж ашиглах..." гэж, 3.9.12-д “...газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй.
4.2.Хязгаарлалтын бүс тогтоосон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 50 дугаар тогтоол нь 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр батлагдсан, өөрөөр хэлбэл, газар ашиглах эрхийн гэрчилгээг 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр олгосноос хойш гарсан байна. Уг журам гармагц нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлах асуудлыг шийдвэрлэх үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүйн улмаас зардал гарсан байх тул хохирлын асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой.
5.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/164 дүгээр тушаалын “БТ” ХХК-д холбогдох хэсгийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлжээ.
5.1.2015 оны А-230/127 дугаар тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам” нь “БТ” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гарснаас хойш батлагдсан байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийг дээрх журмаар хориглосон газрыг ашигласан гэж буруутгах үндэслэлгүй, газар ашиглах эрхийг авах үед тухайн газар нь хориглолт, хязгаарлалтын бүсэд хамаарахгүй байсан.
5.2.Тусгай хамгаалалттай газарт хориглоогүй үйл ажиллагаа явуулсан байхад нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, нэхэмжлэгчийг “Усны хамгаалалтын бүсэд орсон, голын бургас модыг сүйтгэж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр буруутгаж, газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байх боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргаан бүхий актын үндэслэлд дурдсан нөхцөл байдал тогтоогдсонгүй.
5.3.Хариуцагч захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан үүргээ бүрэн гүйцэд биелүүлж, бодит нөхцөл байдлыг бүрэн судалж, тогтоолгүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
5.4.Захиргааны байгууллагаас өөрийн шийдвэрээ эргэн харж, засч залруулах боломжийг Захиргааны ерөнхий хуулиар олгосон учир ... боломжит газрыг судлан олгох, эсхүл давхцаагүй хэсэгт хориглоогүй үйл ажиллагаа эрхлэх боломжийг олгох, бодит нөхцөлд тохирох шийдвэр гаргах эрх хуулиар олгогдсон.
6.Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э-аас давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:
6.1.Нэхэмжлэгч компанийн ашиглах эрхтэй байсан гэх газар нь усан сангийн энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай байна.
6.2.Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд онцгой хамгаалалтын бүсийг тогтоож, онцгой хамгаалалтын бүсэд иргэн аж ахуйн нэгжид газар ашиглуулах эзэмшүүлэх”-ийг хориглосон заалтыг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн.
6.3.Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь хууль тогтоомжид нийцүүлэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн бөгөөд тус эрхийг шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид сэргээн олгох ямар ч эрх зүйн боломжгүй.
6.4.Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримаас үзвэл маргаан бүхий газар онцгой хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцаагүй гэж дүгнэж, тус гаргах 3 сарын хугацааг тогтоож шийдвэрлэсэн газрын тухай болон холбогдох хууль журмыг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн.
7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаар тогтоолоор хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
9.Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг буруу тодорхойлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
10.Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэж, 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно” гэж заасан, нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосон газар нь усны онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
11.Нэхэмжлэгчээс онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай хэсгийг хасаад, үлдэх газрыг ашиглах агуулгаар маргаж байгаа боловч үлдэх газар нь ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүстэй бүтэн давхцалтай болох нь хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 06/6036 дугаар албан бичиг, газрын байршлын лавлагаагаар тус тус тогтоогдож байна.
12.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А-230/127 дугаар тушаалаар баталсан “Усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.9-д “Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд, 3.9.11-д “орон сууц, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барьж ашиглах”, 3.9.12-т “газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох” гэж заасан байх тул маргаан бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд ашиглуулах газар биш байна.
13.Маргаан бүхий газрын кадастрын мэдээллийн сангийн мэдээллийг 2019 оны сансрын зурагтай давхцуулсан баримт болон шүүхийн үзлэгээс үзэхэд маргаан бүхий газрын голоор онцгой хамгаалалтын бүс байрлаж байгаа, үлдэх газар нь бургастай, байгалийн унаган төрх эвдэгдэх эрсдэлтэй, нөгөө талаараа авто замтай хиллэсэн байх тул тусгай хамгаалалтын дэглэмийг зөрчихгүйгээр маргаан бүхий газрыг ашиглах боломжгүй, иймээс давж заалдах шатны шүүхийн “онцгой хамгаалалтын бүс болон энгийн хамгаалалтын бүстэй давхцаагүй хэсэгт хориглоогүй үйл ажиллагаа эрхлэх боломжийг олгох” тухай дүгнэлт бодит нөхцөлд нийцэхгүй.
14.Дүгнэж үзэхэд захиргааны байгууллага өөрийн алдаатай шийдвэрийн үр дагаврыг засч, нэхэмжлэгчид олгосон газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь усны дэглэм зөрчигдөхөөс сэргийлэх, байгалийн унаган төрхийг хадгалах, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгодоо нийцсэн, харин ийнхүү олгох ёсгүй газрыг олгосноос үүссэн үр дагавар, хохирлыг нэхэмжлэгч хуулийн этгээд буруутай албан тушаалтнаас нэхэмжлэхэд шүүхийн энэхүү тогтоол саад болохгүй.
15.Давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгчийн нөхцөл байдлыг дордуулахгүйгээр аялал жуулчлалын зориулалтаар ашиглах боломжит газрыг судлан олгох” гэж, маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 12-т “... тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг ... сонгон шалгаруулалтаар олгох” гэж заасанд нийцээгүй, маргааны үйл баримт тодорхой, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн зүйл байхгүй байхад маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.
16.Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 203 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 868 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
П.СОЁЛ-ЭРДЭНЭ