Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 217

 

Г.Ганхуягт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

ялтан Г.Ганхуягийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн, Д.Энхбаатар,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Ганхуягийн өмгөөлөгч Д.Энхбаатарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Ганхуягт холбогдох 201624000759 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Цэвэгжав овогт Гомбосүрэнгийн Ганхуяг, 1982 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Дархан хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Эрдэнэжинфан” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн сумын 1 дүгээр баг, Жаргалант 6 дугаар хэсэг, 31 тоотод оршин суух, /регистрийн дугаар: МО82100816/,

2011 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.6-д зааснаар 5 жил, 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1 жил 8 сар 17 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Г.Ганхуяг нь 2016 оны 8 дугаар сарын 26-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны замд “Исүзү Элф” загварын 55-40 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч Д.Таравсүрэнг мөргөн зам тээврийн осол гаргаад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг тус тус зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Г.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Цэвэгжав овгийн Гомбосүрэнгийн Ганхуягийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гомбосүрэнгийн Ганхуягийг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганхуягт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Г.Ганхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж,

шүүгдэгч Г.Ганхуягт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж түүний эдлэх ялыг 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Ялтан Г.Ганхуягийн өмгөөлөгч Д.Энхбаатар гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Ганхуяг нь 2016 оны 8 дугаар сарын 26-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны замд “Исүзү Элф” загварын 55-40 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч Д.Таравсүрэнг мөргөн зам тээврийн осол гаргаад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн ба үйлдсэн хэрэг нь тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байгаа боловч шүүхээс шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж байдалд нь тохироогүй хүнд ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Г.Ганхуяг нь ам бүл 4, эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ганцаараа ажил хийж ахуй амьдралаа залгуулдаг ганц хүн юм. Шүүгдэгч Г.Ганхуяг нь тохиолдлын чанартай энэ төрлийн гэмт хэрэгт анх удаа холбогдсон, бусдад учруулсан хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж харамсаж байгаа зэрэг хөнгөрүүлэх буюу хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан үндэслэлээр шүүгдэгч Г.Ганхуягт оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн Г.Ганхуягийн урьд ял шийтгүүлсэн хэргийн ялтай байх хугацаа нь 2016 оны 7 дугаар сарын 1-ний “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдаж байх учир ял шийтгэл эдлэх дэглэмийг хөнгөрүүлж жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж өгнө үү” гэв.

Ялтан Г.Ганхуягийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Ганхуяг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүхээс Г.Ганхуягт 3 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэхээр  шийдвэрлэсэн нь ял шийтгэл хүндэдсэн гэж үзэж байна. Г.Ганхуяг хэргийн газрыг орхиж зугтаасан байдаг. Гэхдээ шууд хаяж зугатаагүй, хохирогчийг гэртээ авч харьсан байсан. Г.Ганхуягийн холбогдсон хэрэг нь хүндэвтэр хэрэг юм. Урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлд зааснаар ял шийтгүүлж байсан. Үүнийг “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдсан, хохирол төлбөр байхгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо сайн дураараа төлсөн учраас хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэсэн саналыг гаргасан” гэв.

            Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч урьд нь ял шийтгэлтэй байсан нөхцөл байдлын хувьд өмнө нь шийдвэр гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасан хэргийн нөхцөл байдлыг шүүх шийтгэх тогтоолд нарийвчлан дүгнэж түүнд оногдуулсан эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Өмгөөлөгч нарын гаргасан саналын хувьд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасны дагуу хэргийн нөхцөл байдлыг үнэлээд оногдуулсан чанга дэглэмийг хөнгөрүүлэн үзэх боломжтой гэж үзвэл улсын яллагчийн зүгээс татгалзах зүйл байхгүй” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад бүрэн нийцсэн байна.

Г.Ганхуяг нь 2016 оны 8 дугаар сарын 26-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны замд “Эрдэнэжинфан” ХХК-ийн эзэмшлийн “Исүзү Элф” загварын 55-40УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч Д.Таравсүрэнг автомашинаар мөргөн зам тээврийн осол гаргасан атлаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг тус тус зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

ялтан Г.Ганхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 8 дугаар сарын 26-ны орой 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг баянхошууны тойргоороо зүүн салаа руу чиглэлтэй урдаасаа хойшоо зүгт Исүзү Элф загварын 55-40 УБЕ улсын дугаартай автомашинтай кабиндаа ганцаараа ойролцоогоор 20 гаруй км/цагийн хурдтай явж байсан ба миний урд талд шар өнгийн автобус явж байсан юм. Тэгээд автобусны араас дагаад явж байтал автобусны хажуу талаас буюу зүүн гар талаас нэг хүн гуйваад гараад ирсэн. Би ч хараад жолооны хүрдээ баруун гар талруугаа дараад тоормосоо гишгээд зогсох үед автомашин тонгойход автомашины зүүн талын урд хэсэгт мөргөгдөөд унасан. Би буугаад хүн дээрээ очоод яааваа ийвээ гэсэн чинь “зүгээр зүгээр” гэсэн. Тэгээд татаж өндийлгөөд автомашиндаа суулгаад хохирогчийг гэр рүүгээ аваад явсан. Тэгээд эхнэртээ “хашааны буланд согтуу хүн хэвтэж байхаар нь аваад ирлээ” гэсэн чинь эхнэр “цуг архи уусан хүнээ авч ирлээ” гээд уурлахаар нь “эм тариа, өвчин намдаах эм өгөөрэй” гэж хэлээд автомашинаа ажил руу аваачиж тавихаар яваад автомашинаа тавьчихаад гэртээ ирээд унтсан. Өглөө сэрэхэд эхнэр нөгөө хүн хоёр байгаагүй. Тэгэхээр нь би эхнэр рүү залгаад “яасан бэ” гэсэн чинь “нөгөө хүнийг чинь эмнэлэгт үзүүлээд хагалгаанд оруулчихлаа” гэсэн. Тэгэхээр нь би “эргээд залгая” гээд сандарсандаа гэртээ байсан айргийг уугаад байж байтал цагдаа ирээд авч явсан” гэх мэдүүлэг /х97/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюуны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 8 дугаар сарын 26-ны өглөө гэрээсээ “ажилтай, засвар хийнэ” гээд явсан. Тэгээд тэр орой ирээгүй. Тэгэхээр нь найз нөхөдийндөө хоносон юм байх гэж бодож байтал 2016 оны 8 дугаар сарын 27-ны 2 цаг 40 минутын орчим нэг эмэгтэй хүн утсаар яриад “та Д.Таравсүрэнгийн эгч мөн үү, дүүг чинь гудамжнаас оллоо, аваарт орсон байна. Та яаралтай гэмтлийн эмнэлэг дээр ирээч” гэсэн. Тэгээд яваад очиход дүү маань ухаантай байсан ба эмч нь “яаралтай уулз” гэсэн. Эмчтэй уулзахад “яаралтай хагалгаанд орох хэрэгтэй байна, та зөвшөөрсөн бичиг хийж өг” гэсэн. Өөр ямар нэгэн арга байгаа эсэхийг асуухад “гэдэс нь битүү шингэн байна, хагалхаас өөр арга байхгүй” гэсэн” гэх мэдүүлэг /х54/,

гэрч А.Шижирболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 8 дугаар сарын 26-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг зүүн салаанаас баянхошууны тойргийн чиглэлд хойноосоо урагшаа зүгт өөрийн эзэмшлийн 18-44 УНЯ улсын дугаартай “Кантер” загварын автомашинтай 10-20 орчим км/цагийн хурдтай явж байтал урдаас нэг автобус хажуугаар зөрсөн, тэгээд харахад нэг ачааны цайвар өнгийн 55-40 УНЯ билүү УБЕ гэсэн дугаартай автомашин зогсчихсон жолооч нь бололтой, нэг залуу мөргүүлсэн бололтой хүнийг автомашиндаа өргөөд суулгаж байсан. Тэгээд хажуугаар нь зөрөөд толиндоо хараад яваад байсан чинь хойшоо чиглэлтэй яваад өгөхөөр нь эмнэлэг рүү явсангүй дээ гэж бодоод 102 руу залгаж дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /х60/,

гэрч Н.Мандуулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ажил үүргийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 24 дүгээр хороонуудад эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 22 цагийн орчим байх “Ачит-10” буюу ерөнхий жижүүрээс Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2-50 тоотод “манай нөхөр гудамжнаас согтуу хүн дагуулаад ороод ирсэн чинь нөгөө хүн нь автомашинаар манай нөхрийг мөргөсөн гээд агсам тавиад байна, 103 дуудсан ирэхгүй байна” гэсэн дуудлага ирэхээр тухайн хаягаар очиход 2 давхар нийтийн байр байсан ба тухайн хаяг нь нийтийн байрныхаа 2 давхарын эхний хаалга байсан. Тэгээд ороход газар настай эрэгтэй хүнд ор засаад хэвтүүлчихсэн байсан ба юу болсон талаар асуухад тухайн настай хүн асуултанд хариулахгүй ёолоод хэвтээд байсан. Тэгээд дуудлага өгсөн эмэгтэйгээс юу болсон талаар асуухад “манай нөхөр ажлаа тараад ирж явахдаа замын хажуу талд билүү гудамжны үзүүрт ёолоод энэ хүн хэвтэж байхаар нь өргөөд аваад ирсэн гэсэн, тэгсэн чинь жоохон байж байтал нөгөө хүн чи намайг автомашинаар мөргөө биз дээ” гээд агсам тавиад байхаар нь нөхрийгөө сэрээдээ гэсэн чинь нөхөр сэрсэн. Тэгээд “босоод ир” гэсэн чинь нилээн согтуу байхаар нь буцаад хэвт гээд биеийн байцаалтыг нь лавлаж асуугаад бичиг баримтыг нь үзчихээд эргэж нөгөө настай хүний өрөө рүү ороод нөгөө эмэгтэйг нөхөртэй нь үлдээгээд “Та юу болсон талаараа хэлээч” гэсэн чинь “наад хүн чинь намайг автомашинаараа мөргөчихөөд гэртээ аваад ирсэн. Одоо үед сайхан сэтгэлтэй замын хажуу талд хэвтэж байгаа хүнийг гэртээ оруулах хүн байхгүй биз дээ” гэж хэлж байсан. Тэгээд овог нэрийг нь асууж тодруулаад “таны хаана чинь юу өвдөж байна” гэж асуухад “Гэдэс дотор бие тэр чигтээ өвдөөд босч чадахгүй байна” гэсэн. Тэгээд 103 дуудсан эсэхийг асуухад “103 ирэхгүй байна” гэхээр нь дахин залгуулаад, удалгүй 103 ирээд настай хүнийг дуудлага өгсөн эмэгтэйтэй цуг өгөөд явуулсан.” гэх мэдүүлэг /х62/,

Иргэний хариуцагч Ши Батеер /XIE BATEER/-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Исүзү Элф загварын 55-40 УБЕ улсын дугаартай автомашин Эрдэнэжинфан ХХК-ийн эзэмшлийн автомашин юм. Би уг компанийн захирал юм. 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр манай энэ автомашин хөдөлгөөнд оролцдоггүй өдөр нь байсан. Тухайн өдөр Г.Ганхуяг унаж яваад орой осол хийсэн байсан. Энэ талаар би мэдээгүй байсан ба маргааш нь мэдсэн” гэх мэдүүлэг /х70/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаач Д.Таравсүрэнгийн биед хэвлийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн задрал няцрал, дэлүүний задрал, хэвлийн хөндий цус хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн цус нь O(I) бүлгийн харьяалалтай байна. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ. Талийгаачид учирсан гэмтэл автомашинд мөргөгдөх үед учирсан байх боломжтой.” гэх 1616 тоот шинжээчийн дүгнэлт /х72-73/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /х2/,

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлын хуудас /х3/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /х4/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /х5-6/,

Цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл /х8/,

Цогцсонд гадна үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /х9-11/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /х18-31/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Амь хохирогч Д.Таравсүрэн нь тухайн үед согтуурсан үедээ гарцгүй газраар зам хөндлөн гарч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг зөрчсөнөөс Г.Ганхуягийн жолоодож явсан тээврийн хэрэсэлд мөргөгдөн гэмтэл авсан болох нь шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 572 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Ялтан Г.Ганхуягийн өмгөөлөгч Д.Энхбаатарын гаргасан “шүүгдэгч Г.Ганхуягт оногдуулсан хорих ял болон хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл байхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Г.Ганхуягийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Иймд ялтан Г.Ганхуягийн өмгөөлөгч Д.Энхбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Г.Ганхуягийн өмгөөлөгч Д.Энхбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

                                                                                                            Ц.ОЧ