Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Ганхуяг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0-440/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан  хуралдаанаар: 

Тээврийн прокурорын газраас Монгол Улсын  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэвэгжав овгийн Гомбосүрэнгийн Ганхуягт холбогдох эрүүгийн 2016 2400 0759 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны  01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр тус шүүхийн А-1 танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Цэвэгжав овгийн Гомбосүрэнгийн Ганхуяг Монгол улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,  хэрэгт холбогдох үедээ “Эрдэнэ Жин Фан” ХХК-д жолоочоор ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 0-4 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн сумын 1 дүгээр баг, Жаргалант 6 дугаар хэсэг, 31 тоотод байнга, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2-50 тоотод түр оршин суудаг гэх, МО82100816 дугаарын регистртэй,

урьд ял шийтгэл:

-2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.6-д зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн захирамжаар 1 жил 8 сар 17 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Г.Ганхуяг нь 2016 оны 08 дугаар сарын 26-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Зүүнсалааны замд Isuzu Elf маркийн 55-40 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч Д.Таравсүрэнг мөргөн зам тээврийн осол гаргаад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,

б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд гэмтлийн эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх,

в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг тус тус зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ганхуяг: Мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Эрүүгийн 2016 2400 0759 дугаартай хэрэгт цугларсан зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч [1], өвчний түүхийн хуулбар [2], гэрч А.Шижирболд, Н.Мандуул нарын мэдүүлэг [3], шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1616 дугаартай дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг [4], техникийн шинжээчийн дүгнэлт [5], Г.Ганхуягийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг [6] болон бусад нотлох баримтуудыг  шинжлэн судлаад дүгнэвэл:

 

Шүүгдэгч Г.Ганхуяг нь 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Зүүнсалааны замд Isuzu Elf маркийн 55-40 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч Д.Таравсүрэнг мөргөн зам тээврийн осолд холбогдсон, улмаар хохирогч Д.Таравсүрэн нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад амь хохирсон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюун [7], шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1616 дугаартай дүгнэлт [8], шинжээч эмч А.Амгаланболдын мэдүүлэг [9], өвчний түүхийн хуулбар [10] зэргээр тогтоогдсон байна.

 Явган зорчигч Д.Таравсүрэн замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 3.4-т заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчиж Г.Ганхуягийн жолоодож явсан автомашинд мөргүүлсэн буюу зам тээврийн осол хэрэг нь явган зорчигчийн буруутай үйлдлээс болсон талаар техникийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 572 дугаар дүгнэлт[11]-ээр тогтоогдож, уг дүгнэлтийг үндэслэн Тээврийн прокурорын газраас Г.Ганхуягт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 35 дугаартай тогтоолоор [12] хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, тус тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюун гомдол гаргаагүй байна.

 

Харин шүүгдэгч Г.Ганхуяг нь тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолоочийн хувьд үүргээ биелүүлээгүй буюу дээрх зам тээврийн ослыг  гаргасан  атлаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан:

а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,

б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд гэмтлийн эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх,

в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг тус тус зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь

мөрдөн байцаалтад гэрч А.Шижирболдын 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “…2016 оны 08 дугаар сарын 26-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг Зүүнсалаанаас, Баянхошууны тойргийн чиглэлд хойноосоо урагшаа зүгт өөрийн эзэмшлийн 18-44 УНЯ дугаартай “Кантер” маркийн автомашинтай ойролцоогоор 10-20 орчим км цагийн хурдтай явж байтал урдаас нэг автобус хажуугаар зөрсөн. Тэгээд харахад нэг ачааны цайвар өнгийн 55-40 УБЯ бил үү УБЕ дугаартай автомашин зогсчихсон жолооч нь бололтой нэг залуу мөргүүлсэн бололтой хүнийг машиндаа өргөөд суулгаж байсан. Тэгээд хажуугаар нь зөрөөд толиндоо хараад яваад байсан чинь хойшоо чиглэлтэй яваад өгөхөөр нь эмнэлэг рүү явсангүй дээ гэж бодоод 102-руу залгаж дуудлага өгсөн. ...хохирогчийг мөргөсөн машин ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо зүгт хараад зогсчихсон, мөргүүлсэн бололтой хүнээ машиндаа өргөөд суулгаж байсан. ...би хажуугаар нь зөрөөд цаашаа явж байхдаа толиндоо харахад хойшоо зүгт хөдлөж байсан. Тэгээд 102-руу залгаж дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг [13],

-мөрдөн байцаалтад гэрч Н.Мандуулын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “…2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ажил үүргийн дагуу ...эргүүлийн ажил гүйцэтгэж байх хугацаанд 22 цагийн орчим байх “Ачит 10” буюу ерөнхий жижүүрээс Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, малчны 2-50 тоотод “манай нөхөр гудамжнаас согтуу хүн дагуулаад ороод ирсэн чинь нөгөө хүн нь машинаар манай хүнийг мөргөсөн” гээд агсам тавиад байна, 103 дуудсан ирэхгүй байна гэсэн дуудлага ирсэн. Тухайн хаягаар очоод...юу болсон талаар асуухад ...хохирогч ослын талаар хэлэхдээ наадах чинь намайг машинаараа мөргөчихөөд машиндаа суулгаад гэртээ аваад ирсэн гэж байсан. ...хохирогч намайг саарал өнгийн жижиг машин мөргөсөн байх шиг байсан гэж байсан, ...Тэгээд 103 хохирогчийг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан...” гэсэн мэдүүлэг [14],

-шүүгдэгч Г.Ганхуягийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...2016 оны 08 дугаар сарын 26-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны тойргоороо Зүүн салаа руу чиглэлтэй урдаасаа хойшоо зүгт ISUZU ELF маркийн 55-40 УБЕ дугаартай автомашинтай кабиндаа ганцаараа ойролцоогоор 20 гаруй км цагийн хурдтай явж байсан. Миний урд талд шар өнгийн автобус явж байсан. ...автобусны араас дагаад явж байтал автобусны хажуу талаас буюу зүүн талаас нэг хүн гуйваад гараад ирсэн. Би ч хараад рулээ баруун гар тал руугаа дараад тоормосоо гишгээд зогсох үед машин тонгойход машины зүүн гар талын хэсэгт мөргөгдөөд унасан. ...Тэгээд татаж өндийлгөөд машиндаа суулгаад хохирогчийг гэр рүүгээ аваад явсан. ...Хохирогчид анхны тусламж үзүүлээгүй. ...” гэсэн мэдүүлэг [15],

-Мөн түүний 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Тухайн үед миний урд автобус явж байсан. ...автобусны хажуу талаас гэнэт урагшаа тонгойсон согтуу хүн гараад ирсэн. Би харангуутаа тоормос гишгэсэн ч очоод мөргөчихсөн. ...Явган хүний гарцгүй газар байсан. ...Хохирогч гуйваад ороод ирсэн. Намайг буугаад хохирогч дээр очиход архи ихээр үнэртэж байсан. ...Хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлээгүй. Осол хэргийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Би айсандаа болоод сандараад осол хэргийн газраас хүнээ аваад гэртээ аваачсан. ...” гэсэн мэдүүлэг [16], техникийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 572 дугаар дүгнэлт [17], 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 15.00 цагт “зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл [18], Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг [19], бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт [20]  болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Ганхуягийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж  зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Г.Ганхуяг нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар[21] зэргээр 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.6-д зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн захирамжаар 1 жил 8 сар 17 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна.

Тэрээр дээрх шийтгэгдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасан хүнд төрлийн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба түүний ялтай байдал арилаагүй буюу Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т заасан хугацаа өнгөрөөгүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Г.Ганхуягийн ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тооцлоо.

Мөн шүүгдэгч Г.Ганхуяг нь тус тогтоолоор хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаа хэдий боловч урьд нь хорих ял эдэлж байсан байх тул түүнд оногдуулсан хорих ялыг хуульд зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх үндэстэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Г.Ганхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Г.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасны дагуу шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор Г.Ганхуягт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүгдэгч Г.Ганхуягт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэргийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүхийн шийтгэх тогтоолд гэм хорын хохирлын талаар дүгнэх шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Цэвэгжав овгийн Гомбосүрэнгийн Ганхуягийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гомбосүрэнгийн Ганхуягийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

             

              3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганхуягт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.  

             

              4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Г.Ганхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурьдсугай.

 

              5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.Ганхуягт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж түүний эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

              6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй.

             

              7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Г.Ганхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 3-4 дүгэрэ тал.

[2] Хавтаст хэргийн 18-30 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 60, 62 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 72-75 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 84 дүгээр тал.

[6] Хавтаст хэргийн 97-99 дүгээр тал.

[7] Хавтаст хэргийн 54-55 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 72-74 дүгээр тал.

[9] Хавтаст хэргийн 75 дугаар тал.

[10] Хавтатс хэргийн 18-30 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 84 дүгээр тал.

[12] Хавтаст хэргийн 126-127 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 62 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.

[15] Хавтаст хэргийн 97дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 99 дүгээр тал.

[17] Хавтаст хэргийн 84 дүгээр тал.

[18] Хавтаст хэргийн 2 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 3-4 дүгээр тал.

[20] Хавтаст хэргийн 5-6 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 115-120 дугаар тал.