Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/123

 

    2019           04             12                                             2019/ШЦТ/123

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг

-Улсын яллагчаар И.Мөнхцэцэг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг

-Хохирогч О.Мөнхбат

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэн

-Шүүгдэгч А.Х нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О  овогт А.Х-д холбогдох эрүүгийн 1934000020067 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Увс аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, аавын хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Гүнжийн 44 дүгээр гудамж 976 тоотод оршин суух хаягтай боловч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр баг Баянбулаг 4 хороолол 14-61 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх О овогт А.Х-д /РД:__77070171/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч А.Х нь Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг 92-ын гуанз гэх газар 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр асфальтан хучилттай зам дээр 75-34 ОРО улсын дугаартай сузуки свипт маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д зааснаар “Харанхуй үед үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэснийг мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг мөн 18.3-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсний улмаас явган зорчигч О.Мөнхбатыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А.Х нь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй  тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч О.Мөнхбат: “24-ний өглөө 2 найзтайгаа дүүтэйгээ Эрдэнэтээс тэмцээнд ороод явж байсан. Тэгээд дугуй хагарсан. Тэгээд би унтаж явж байгаад бие засчихаад зам дээр гар өргөөд зогссон чинь машин ирээд мөргөсөн. Одоо биеийн байдал хэцүү байна, өөртөө гутарч байна, юу ч хийж чадахгүй, хоол унд идэж, ууж чадахгүй, зурагт үзэж чадахгүй, хүүхэдтэйгээ тоглож чадахгүй байна. Би унтахдаа нойрны эм ууж унтдаг. Толгой хааяа өвддөг. Эмчилгээ одоо зогссон. Би 10.000.000 төгрөгөөр машин босгоод тэмцээнд орсон тэр машин байхгүй болсон. Намайг эмнэлэгт хэвтэж байх хооронд гэр орон минь шатсан. Би одоо эхнэрийнхээ гэрт амьдарч байна. Би хамаатан садантайгаа огт холбоогүй байж байгаад эхнэр хүүхэдтэй болоод уулздаг болсон. Амьдрал яг сайхан болж байхад ийм зүйл болсон. Би одоо цааш нь яриад энэ хүнийг хүнд байдалд оруулах хэрэггүй байх гэж бодож байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэн: “Манай нөхөр осолд орсноос хойш олон удаа хагалгаанд орсон. Хэвтэрт байснаас болоод олон өвчин давхар туссан. Цахилгаан менингит өвчин тусах шинж илэрсэн. Хагалгаанд орсон толгойны эсрэг талд нь саажилт үүсдэг юм байна лээ. Би 2018 оны 12 дугаар сарын 24-ний орой ажлаа тараад явж байтал нөхрийн найз нь залгаад аваарт орчлоо гэж хэлсэн. Тэгээд найзтай нь хамт Улаанбаатар хотоос гараад явсан. Анхны тусламж сайн болсон ухаан орлоо гэж байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт ирээд хагалгаа хийгдсэн. Манай нөхөр10 гаран хоног сэхээнд хэвтсэн. А.Х-д 10 хоног хамт байсан. Дараа нь утсаа авахгүй байсан. Манай нөхрийн бие нь дээрдэж байгаад ахиад муудаад хагалгаанд орсон. Тэгээд эмч тархийг нь цэвэрлэх хагалгаа хийгдэхдээ нөхөх хагалгаа хийе гээд би зөвшөөрсөн. Олон удаа эмчилгээнд орсон. Өөр олон төрлийн өвчин туссан. 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гэмтлийн эмнэлгээс гарсан. Тэгээд ахиж эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн тул хувийн эмнэлэгт 10 хоног хэвтсэн. 2019 оны 2 дугаар сарын ихээр гэртээ 10 хоног байж байгаад ахиад бие нь муудаад тархи нь хавантай байна гээд 9 хоног гэмтэлд хэвтсэн. Манай нөхөр 10 хоног сэхээнд байхад би ахтайгаа хамт сахидаг байсан. Тэгээд эм тариаг нь авч чаддаггүй байсан, хүмүүст эм тариа болон бусад зүйлсээ захидаг байсан болохоор баримт цуглуулах боломжгүй байсан. Энэ хугацаанд бас манай гэр шатсан. Тэгээд сүүлд шүүх хуралд орохдоо баримт цуглуулах хэрэгтэй гэж ойлгоод баримт цуглуулж эхэлсэн. А.Х-д хэрэгтэй зүйл авчирч өгдөг байсан ч гэсэн бид нар ч гэсэн их зүйл авсан. Хоол, цай зөөх хүнгүй учраас цайны газартай гэрээ хийж хоол цайгаа зохицуулдаг байсан. Үнэхээр их хэрэгцээ гарч байсан боловч баримт цуглуулах боломж гараагүй. Би хүнээ эрүүл болгож авмаар байна. Дахин дахин сэдрээд баймааргүй байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/, хохирогч О.Мөнхбатын мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/, гэрч Д.Ариунтуяагийн мэдүүлэг /хх-ийн 68-69, 73-74 талууд/, иргэний нэхэмжлэгч Д.Аюурзанын мэдүүлэг /хх-ийн 59 тал/, гэрч З.Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 60 тал/, гэрч У.Батхуягийн мэдүүлэг /хх-ийн 61-63 тал/, гэрч М.Тэмүүлэнгийн мэдүүлэг /хх-ийн 67 хуудас/, гэрч Ш.Ганхүүгийн мэдүүлэг /хх-ийн 67 тал/, иргэний нэхэмжлэгч Д.Аюурзанын мэдүүлэг /хх-ийн 59 тал/, өвчний түүхийн хуулбарууд, гэмтэл согог үндэсний төвд хэвтсэн баримтууд /хх-ийн 82-140 тал/, шинжээчийн №29 дугаартай дүгнэлт /хх-ийн 80 тал/, замын цагдаагийн шинжээчийн №02 дугаартай дүгнэлт /хх-ийн 150 тал/, “Эй Жэй Эм” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 142-148 тал/, шүүгдэгч А.Х-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 157-160 тал/, шүүгдэгч А.Х-ын согтуурлыг шалгах хуудас /хх-ийн 13 тал/, хохиролтой холбоотой хүсэлт /хх-ийн 28 тал/, “Тэгш Центр” ХХК-ны тодорхойлолт /хх-ийн 36, 37 тал/, ажилчдын цалин хөлсний бүртгэл /хх-ийн 38, 39 тал/, “Сайн интернэшнл” ХХК-ны цалингийн тодорхойлолт /хх-ийн 40 тал/,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэнгийн дансны хуулга, /хх-ийн 41-50 тал/, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 172-185 хуудас/ зэрэг болно.

          Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Х-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

          Шүүгдэгч А.Х нь Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг 92-ын гуанз гэх газар 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр асфальтан хучилттай зам дээр 75-34 ОРО улсын дугаартай сузуки свипт маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д зааснаар “ Харанхуй үед үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэснийг мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг мөн 18.3-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсний улмаас явган зорчигч О.Мөнхбатыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэнгийн “...Манай нөхөр 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгаас Улаанбаатар хот руу явж байх замдаа зам тээврийн осолд орсон...гурван удаагийн тархины хагалгаанд орсон байгаа одоогоор биеийн байдал хэвтэрт эмнэлэгт байнгын сахиуртай байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/
  • Хохирогч О.Мөнхбатын “2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгаас Улаанбаатар хот руу найзууд болох Ганхүү, Батхуяг, Эрдэнэ, Тэмүүлэн нарын хамтаар хоёр машинтай явж байсан. Тэгээд замдаа Төв аймгийн Борнуур сумын нутагт миний сууж явсан машины дугуй хагарч замын хажууд зогссон. Тэгээд хамт явж байсан машинаасаа дугуйн данхраад асуугаад байхгүй гэхээр нь замын машин зогсоож, данхраад асуухаар зам дээр гараа өргөөд байж байтал манай чиглэлийн эгнээний замд цөөхөн машин явж өнгөрөөд байхаар нь эсрэг урсгалын эгнээнд машин олон яваад байхаар нь би зам хөндлөн нэвт гараад замын хажууд бие засаад буцаж замын ирмэг дээр гараа өргөөд зогсож байтал гэнэт нэг машин ирээд намайг мөргөсөн. Тэгээд би ухаан алдсан, түүнээс хойш би юу ч санахгүй байна. Ослын улмаас миний биед хүнд хохирол учирч эрүүл мэндийн хувьд миний бие их тааруу байгаа. Надад маш их эмчилгээ хийгдэж байгаа. Манай эхнэр Долгорсүрэн миний хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. Би хөл дээрээ босч чадахгүй тэргэнцэртэй мөн гараараа юм бичиж гарын үсэг зурж чадахгүй байгаа. Хохирол төлбөрийн тал дээр миний хууль ёсны төлөөлөгч Долгорсүрэн нэхэмжилж оролцож байгаа..” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,
  • Иргэний нэхэмжлэгч Д.Аюурзаны “...75-34 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол миний нэр дээр бүртгэлтэй байдаг машин байгаа юм. Тухайн машиныг миний хүү Хангарьд унаж хэрэглэдэг юм. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр миний хүү Хангарьд унаж яваад явган зорчигч мөргөж зам тээврийн осолд орсон гэж сонссон, би тухайн машиныг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 тал/
  • Гэрч З.Эрдэний “...2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгаас Улаанбаатар хот руу тээврийн хэрэгсэлтэй найзууд болох Батхуяг, Мөнхбат, Тэмүүлэн, Ганхүү бид 5 хоёр машиндаа хуваагдан суугаад явж байсан. Тэгээд Төв аймгийн Борнуур сумын нутагт асфальтан зам дээр явж байтал Батхуягийн машины дугуй хагарч зогссон. Дугуй солих гэтэл машин өргөх данхрад байдаггүй, Мөнхбат замын машин зогсоож данхраад олох зорилгоор замын нөгөө талын хэсэг рүү гарсан байсан. Би даараад машиндаа буцаад суучихсан. Тэгээд машинд сууж байтал Батхуяг хүрч ирээд Мөнхбат ах машинд мөргүүлчихлээ гэсэн. Би машинаас буугаад хартал замын хажууд Мөнхбат машинд мөргүүлсэн байдалтай хэвтэж байсан, мөргөсөн машин нь саарал өнгийн сузуки свипт нэртэй машин байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 тал/
  • Гэрч У.Батхуягийн “.. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгаас Улаанбаатар хот руу Алтиза маркийн 13-13 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй найз О.Мөнхбат, Ганхүү, Тэмүүлэн, Эрдэнээ бид 5 явж байсан. Тэгээд Төв аймгийн Борнуур сумын нутагт асфальтан зам дээр явж байтал машины хойд талын дугуй хагараад хийгүй болсон. Замын хажуу руу шахаж зогсоод тээврийн хэрэгслийн дугуйг янзлахаар бид хэд машинаас бууцгаасан. Бид нар нийтдээ 2 машинд хуваагдаад сууж явж байсан ба би машиныхаа дугуйг янзлаад байж байтал зам дээр пис пас хийсэн чимээ гарсан. Тэгээд би дээш өндийгөөд хартал найз О.Мөнхбат машинд мөргүүлсэн байсан ба замаас нилээд зайтай газар хэвтэж байсан. О.Мөнхбат ах замын нөгөө талд миний явж байсан чиглэлийн эсрэг урсгалын эгнээнд осол болсон, гэхдээ би яг машин мөргөж байхыг нь хараагүй. О.Мөнхбат нь архи дарс уугаагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63 тал/
  • Гэрч М.Тэмүүлэнгийн “...2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгаас Улаанбаатар хот руу Алтиза 1313 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй найз О.Мөнхбат, Ганхүү, Батхуяг, Эрдэнээ бид тав 2 машинд хуваагдаад явж байсан нөгөө машиных нь дугаарыг мэдэхгүй байна. Төв аймгийн Борнуур сумын нутагт явж байтал Батхуягийн машины баруун хойд талын дугуй хагараад хийгүй болсон. Тэгээд замын хажуу руу шахаж зогсоод Батхуяг тээврийн хэрэгслийг дугуйг нь янзласан. Тэгээд машин өргөх данхрад байхгүй, Мөнхбат ах намайг запас дугуй гаргаад ир би машин зогсоогоод данхрад олно гэсэн. Би машины багаж ухаж байгаад хартал Мөнхбат ах зам дээр гар өргөж байснаа машин зогсохгүй байхаар нь замын нөгөө тал руу явчихсан. Тэгээд би багажнаас дугуй гаргаад түрээд явж байтал түс тас пис хийсэн чимээ гарсан. Тэгээд би чимээг сонсоод хартал Мөнхбат ах замын хойд талын эгнээнд машинд мөргүүлсэн байдалтай замын хажууд шороон дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66 тал/
  • Гэрч Ш.Ганхүүгийн "...2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгаас Улаанбаатар хот руу 2 тээврийн хэрэгсэлтэй найзууд болох Батхуяг, Мөнхбат, Тэмүүлэн, Эрдэнээ бид тав хоёр машиндаа хуваагдаж суугаад явж байсан. Батхуягийн дугуй хагарч зогссон. Тэгээд дугуй солих гэтэл машин өргөх данхраад байхгүй Мөнхбат ах замын машин зогсоож данхраад олох зорилгоор замын нөгөө талын хэсэг рүү гарсан байсан. Би дугуй хагарсаны дараа машин дотор унтаж байсан чинь Батхуяг ирээд намайг сэрээгээд Мөнхбат машинд мөргүүлчихлээ гэж байсан...Мөнхбат ах яг машины урд талд 2 метр орчмын зайтай шороон хөвөөн дээр хэвтэж байсан...Мөнхбат ах архи дарс уугаагүй байсан. Харин би бага зэрэг уусан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67 тал/
  • Гэрч Д.Ариунтуяагийн “...2018 оны 12 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотоос найз залуу Хангарьдын хамтаар 75-34 ОРО машинтай 18 цагийн үед гарсан. Тэгээд 19 цагийн орчимд Баянчандмань сум өнгөрөөд нэг айраг зардаг газар өнгөрөөд явж байтал эсрэг урсгалын замын хөвөөн дээр 2 машин гэрлээ асаагаад цуваад зогсож байсан, өөдөөс нэг машин маш хурц гэрэлтэй хажуугаар яваад өнгөрсөн тэр үед би миль рүү хартал 70 км цагийн хурдтай явж байсан. Тэгээд манай найз залуу тоормоз гишгэтэл дуу чимээ гарсан. Тэгээд яваад А.Х зогссон. Тэгтэл машинаас 2 метрийн цаана нэг хүн өвдөгнөөс дээш хэсэг нь асфальтан замын хөвөөн дээр хойд зүгтээ толгой нь харсан 2 гар нь дэлгээстэй 2 хөл нь бага зэрэг дэлгээтэй өвдөгнөөс доошхи нь хар зам дээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69, 73-74 тал/,
  • Шүүгдэгч А.Х-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 17 цаг 30 минутанд Улаанбаатар хотоос найз охин Ариунтуяагийн хамт манай аавын эзэмшлийн Сузуки свит маркийн 75-34 ОРО улсын дугаартай машинаар явж байсан. Тэгээд Төв аймгийн Борнуур сумын нутагт асфальтан зам дээр явж байтал замын эсрэг талын хөвөөн дээр 2 тээврийн хэрэгсэл гэрлээ асаалттай зогсож байсан. Урд талд нь байсан машин ослын гэрлээ асаагаагүй ард нь зогсож байсан машин ослын гэрлээ асаасан байсан. Тэгээд тэр хоёр машины гэрэлд би гялбасан. Мөн хажуугаар бас нэг тээврийн хэрэгсэл гялбуулаад өнгөрсөн. Тэгтэл гялбаан дунд явж байх үед миний машинд нэг зүйл мөргүүлсэн. Тэгээд би шууд бага зэрэг л машинаа замаас чөлөөлж зогсоод буутал зам дээр зогсож байсан явган зорчигчийг мөргөсөн байсан. Тэр хүн миний машинд мөргүүлээд замын хөвөөн дээр гарсан байсан...би тухайн хүнийг зам дээр байсан, замын хажууд байсан эсэхийг огт хараагүй. Учир нь гэрлийн гялбаанд орсон учраас хараагүй...хохирогч О.Мөнхбаттай хамт явж байсан хүмүүс замын эсрэг талд замын хажууд машиныхаа гэрлийг асаалттай зогсож байсны улмаас би гэрлийн гялбаанд орсон. Хохирогч О.Мөнхбатаас архи үнэртэж байсан ба согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх- нйн 70-72 тал/
  • Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №29 дугаартай “1.О.Мөнхбатын биед тархины хатуу хальсан доорхи цусан харвалт, ховдолд цус хуралт, зүүн бугалга, шилбэ ясны хугарал, хуйханд цус хуралт, нүүрэнд хаван хавдар, шарх гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 80 тал/
  • Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, шинжээчийн 02 дугаартай “ 1. Сузуки свипт маркийн 7534 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв. Сузуки свипт маркийн 7534 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Х нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д зааснаар “ Харанхуй үед үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэснийг мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг мөн 18.3-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзэв. 4. Явган зорчигч Мөнхбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6- д заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс хашилтгүй хэсгээр, ойртон яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэснийг зөрчсөн байна.” гэх дүгнэлт /хх-ийн 150 тал/
  • “Эй жэй жэй эм” ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09/30 дугаартай “7534 ОРО улсын дугаартай сузуки свипт маркийн тээврийн хэрэгслийнн эвдрэлийг 612000 төгрөгөөр үнэлсэн.” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 142-148 тал/
  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 тал/
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-06 тал/
  • Осол, хэрэг гарсан газар хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-13 тал/
  • Манал оточ эмнэлгийн өвчтний түүхийн хуулбарууд, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэвтэн эмчлүүлэгчийн өвчний түүхийн хуулбарууд /хх-ийн 82-140 тал/,
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 163 тал/
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 04-12 тал/
  • Хохирогч О.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гаргасан хохирлын баримтууд /хх-ийн 2-9-35, 220-229 тал/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

       Шүүгдэгч А.Х-ын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

          ШүүгдэгчА.Х нь Сузуки свипт маркийн 75-34 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д зааснаар “ Харанхуй үед үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэснийг мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг мөн 18.3-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэсэн тус тус заасан заалтыг зөрчсөн зохих буруутай байдал тогтоогдсон.

          Шүүгдэгч А.Х-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй боловч мэдэлгүй үйлдсэн тул гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

          Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.Х-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч А.Х нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

       Иймд шүүгдэгч А.Х-ыг автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч О.Мөнхбат нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирлын нийт 16.198.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч А.Х нь мөрдөн байцаалтын шатанд 3.794.613 төгрөгийг төлсөн байна.  

Шүүх хохирогч О.Мөнхбат болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэн нараас нэхэмжилсэн 12.403.887 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан 3.467.067 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нотлох баримтын шаардлага хангаагүй хохирогч О.Мөнхбатын ажилгүй байсан цалин 4.000.000 төгрөгийн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэнгийн ажилгүй байсан цалин 4.000.000 төгрөгийн, хохирогч О.Мөнхбатын хагалгааны төлбөрийн үлдэгдэл 500.000 төгрөгийн, эмчилгээний 436.820 төгрөгийн нийт 8.936.820 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.  

Тодруулбал “Тэгш Центр” ХХК-ийн цалингийн тодорхойлолт, ажиллагсдын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл /хх-ийн 36/ болон “Сайн интернэшнл” ХХК-ийн цалингийн цэс /хх-ийн 40/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан хэдий ч хохирогч О.Мөнхбат болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэн нарын дээрх байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар зэрэг санхүүгийн анхан шатны баримтгүй.

Түүнчлэн хохирогч О.Мөнхбат нь “...3 удаа хагалгаанд орсон, 2 дахь хагалгааны 800.000 төгрөгнөөс 300.000 төгрөг өгсөн, 500.000 төгрөг төлөөгүй...” гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ талаарх баримтууд болон хавтаст хэргийн 219 хуудсанд бичигдсэн таяг, тэргэнцэр, тархины калци, хитозан, алое вера зэрэг авсан гэх 436.820 төгрөгийн баримтууд тус тус хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлд заасны дагуу хохирол төлөхтэй холбоотой асуудлаар завсарлага авч шүүхээс тогтоосон 3.467.067 төгрөгийг төлсөн бөгөөд иргэний нэхэмжлэгч Д.Аюурзана нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас “Шүүгдэгч А.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” ялын дүгнэлтийг,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “цаашид гарсан зардлыг маань төлж өгөхийг хүсэж байна. Шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг нь “шүүгдэгч А.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Шүүгдэгч А.Х нь гэм буруу дээр маргахгүй, хохирлоо төлсөн, цаашид гарах зардлыг төлнө. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч А.Х-ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч А.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар мөрдөн байцаалтын шатнаас эхлэн маргаагүй, хохирол төлсөн байдал, хувийн байдал, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэсний дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч А.Х-д үүрэг болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу А.Х-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.Х-д Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

            Бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүний №417177 дугаарын үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О овогт А.Х-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчисөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч О овогт А.Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч О овогт А.Х-д үүрэг болгосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч О овогт А.Х нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О овогт А.Х-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүний №417177 дугаарын үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О овогт А.Х- нь хохирогч О.Мөнхбатад нийт 7.261.680 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч О.Мөнхбат, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэн нарын ажилгүй байсан цалин 8.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа, нотлох баримтын шаардлага хангаагүй 936.820 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа болон цаашид гарах эмчилгээний зардалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.
  7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О овогт А.Х- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О овогт А.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.