Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2019/ДШМ/64

 

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 26 өдөр                        

2019/ДШМ/64                                                 Зуунмод

Г.Б, О.Ш, Н.Ннарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, Б.Энхтуяа,  

Нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 05 сарын 14-ны өдрийн 391 дугаар шүүгчийн захирамжтай Г.Б, О.Ш, Н.Ннарт холбогдох 1834006180298 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н.Н, О.Шинэбаяртай нар нь бүлэглэн Төв аймгийн Заамар сумын Хайлааст 4 дүгээр багийн 5-6 тоотод оршин суух иргэн М.Энхтайваны байнга амьдрах зориулалттай байшинд 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хууль бусаар нэвтэрч, 12 цагаан мөнгөн баавартай монгол эмээл 1 ширхэг, бурханы хүрд 2 ширхгийг нууцаар авч 23.487.650 төгрөгийн хохирол,

Мөн үргэлжилсэн үйлдлээр яллагдагч Н.Н, О.Шинэбаяр, Г.Б нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр багийн Паркийн 1-1 тоотод оршин суух Д.Энхболдын гэрт хууль бусаар нэвтэрч, морины толгойн мөнгөн бариултай, зааны ясан хурдан морины хусуур 1 ширхэг, амьтны эврээр хийсэн сүүлийн үеийн морины хусуур 1 ширхэг, хуучин мөнгөн аяга 2 ширхэг, “ёслол” нэртэй 0.75 граммын архи 1 ширхэг, “чингис голд” нэртэй 0.5 граммын архи 1 ширхэг зэрэг эд зүйлийг машин механизм ашиглан, нууцаар авч, улмаар бусдад 5.474.110 төгрөгийн хохирол,

Мөн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 4 дүгээр багийн 5-6 тоотод оршин суух М.Энхтайваны байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтэрч, 32 инчийн “Монел” маркийн телевизорыг машин механизм ашиглан, нууцаар авч, бусдад 166.500 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Б, О.Ш, Н.Ннарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 05 сарын 14-ны өдрийн 391  дүгээр шүүгчийн захирамжаар:

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Г.Б, О.Ш, Н.Ннарт холбогдох эрүүгийн 1834006180298 дугаартай хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Аймгийн прокурорын газарт буцааж,

хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Б, Н.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, яллагдагч О.Шинэбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,

ялагдагч О.Шинэбаярыг захирамжийн хамтаар Төв аймгийн ШШГА-ны цагдан хорих байранд хүргүүлж,

яллагдагч О.Шинэбаярыг Төв аймгийн ШШГА-ны цагдан хорих байранд хорьсныг 24 цагийн дотор түүний гэр бүлийн гишүүд, эсхүл өмгөөлөгчид нь мэдэгдэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгаж,

хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар ёслол нэртэй архины шилний хагархай хураагдаж ирсэн, яллагдагч Г.Б, О.Ш, Н.Ннарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх иргэн М.Батзориг, Б.Оюун нарын өмчлөлийн 94-92 ТӨА улсын дугаартай тоёота карина маркийн тээврийн хэрэгсэл, яллагдагч О.Шинэбаярын улсын дугааргүй Даюун маркийн ногоон өнгийн мотоцикль тус тус битүүмжлэгдсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ: “...Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн зарим заалт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй, биелүүлэх боломжгүй байна. Учир нь

1. Хавтаст хэрэгт 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр М.Энхтайваныг хохирогчоор тогтоох мөрдөгчийн тогтоол үйлдсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан эрх үүргийг танилцуулан гарын үсэг зуруулсан ба харин хохирогчоор мэдүүлэг авахдаа танилцуулсан эрх үүргийн талаар асуухдаа "гэрчийн эрх үүрэгтэй танилцлаа асууж тодруулах зүйл байна уу" гэж, зөвхөн " гэрчийн " гэдэг үгийг бичсэн болохоос биш хохирогчид гэрчийн эрх үүргийг танилцуулсан асуудал байхгүй юм.

2. ...Хохирогчийн хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаны дараа мөрдөн байцаалтын шатанд Д.Энхболдыг хохирогчоор тогтоосон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана" гэж заасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хохирогчоор тогтоож болохоор хуульчилсан байхад шүүх хуулийг буруу ойлгож үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

3. 3ахирамжид...2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 73, 81, 90/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 93-94/, 2018 оны 10 сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 95/, 2018 оны 10 сарын 22-ны хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 96, 100/, 2018 оны 10 сарын 23-ны хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 101, 102/, мөрдөгчийн санал /хх-ийн 103/, 2018 оны 08 сарын 05-ны гэрч Д.Энхболдоос авсан тэмдэглэл /хх-ийн 119-120/, яллагдагч Г.Б О.Шинэбаяр /хх-ийн 79-80, 87-89/, 2019 оны 02 сарын 26-ны мөрдөгчийн санал /хх-ийн 240/, 2019 оны 03 сарын 20-ны хохирогчоор дахин авсан тэмдэглэл /хх-ийн 242/, 2019 оны 03 сарын 22-ны тэмдэглэл, мөрдөгчийн санал /хх-ийн 243, 246/, 2019 оны 03 сарын 27-ны мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 244-245/ зэрэг нь хуульд заасан хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн байна гэж дүгнэсэн боловч ямар хуулийн аль зүйл хэсэгт заасан журмыг зөрчсөн талаар тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэх хуулийн заалтыг хангахгүй байна.

Иймд яллагдагч Г.Б, О.Ш, Н.Ннарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцсэн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 391 дугаартай шүүгчийн захирамжийн зарим заалтыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичиж, хүргүүлэв”гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг шүүгчийн захирамжинд зааж өгсөн. 12 цагаантай эмээл байсан эсэх нь эргэлзээтэй. Үнэлгээ гаргаж байгаа шинжээч нь үнэлгээ хийх эрхтэй эсэх нь тодорхойгүй байдаг. Олон мөрдөн байцаагч солигддог. Хэрвээ хэргийг шилжүүлж байгаа бол цохолтоор шилжих ёсгүй. Машин механизм ашигласан гэж зүйлчлэгдэж ирсэн. Хэний машин механизм байсныг, хаана байсныг нь тогтоох шаардлагатай. Шинжилгээний байгууллагын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь нотлох баримтын шаардлага хангасан байх ёстой. Мөн О.Шинэбаярт үндэслэлгүйгээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг өөрчилж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч /О.Шинэбаяр/-ийн өмгөөлөгч Б.Энхтуяа гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Хавтаст хэрэгт хууль зөрчсөн ажиллагаа зөндөө байгаа. Хамгийн гол зүйл үнэлгээ байгаа. Тусгай үнэлгээчнээр үнэлүүлэх шаардлагатай. Шүүгдэгч нар хар мөнгө байсан гээд байгаа. Хохирлын шинж чанарыг зайлшгүй тогтоох ёстой. Шинжээчээр Мажигсүрэн гэдэг хүнийг томилсон байхад дүгнэлт гаргахад өөр хүн оролцоод байдаг. Хохирлын үнэлгээг бодитой тогтоогдоогүй. Шинжээчийн тусгай зөвшөөрөл нь нотлох баримтын шаардлага хангадаггүй. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Н гаргасан тайлбартаа: Мөнгөн хусуур, 12 цагаантай эмээлийг өөр өөр хүмүүст өгсөн. 12 цагаантай эмээл авсан хүнээс авсан мэдүүлэг хэрэгт байхгүй байна. Машин дотор тэр хүнээс мэдүүлэг аваад байсан гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Н, О.Шинэбаяр, Г.Б нарт холбогдох эрүүгийн 183400680298 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.

Хэрэг бүртгэлтийн шатанд Төв аймаг дахь Цагдаагийн газрын ЗСДСДЦХ-ийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.Пүрэвням 2018 оны 08 сарын 17-ны өдөр тогтоол үйлдэн М.Энхтайваныг хохирогчоор тогтоож, эрх үүргийг нь тайлбарлан /1хх-ийн 39-р хуудас/ түүнээс мэдүүлэг авахдаа /1хх-ийн 40-р хуудас/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эрх, үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна. Гомдол мэдээлэл гаргагчийн нэрийг буруу бичсэн, хохирогчоос мэдүүлэг авахдаа гэрчийн эрх, үүргийг танилцуулсан мэт ойлгогдохоор бичигдсэн зэрэг техникийн шинжтэй алдаа гаргасанд прокурор нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих бүрэн эрхтэйн хувьд цаашид анхаарах шаардлагатай байна.

Төв аймгийн Заамар сумын Хайлааст 4 дүгээр багийн 5-6 тоотод оршин суух иргэн М.Энхтайвангийн байнга амьдрах зориулалттай байшингаас 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 12 цагаан мөнгөн баавартай монгол эмээл 1 ширхэг хулгайд алдагдсан нь хохирогч М.Энхтайван /1хх-ийн 40-р х/, гэрч Д.Болормаа /1хх-ийн 14-р х/, Н.Н /1хх-ийн 17-р х/, О.Шинэбаяр /1хх-ийн 18-р х/, Г.Б /1хх-ийн 19-р х/ нарын мэдүүлгүүд, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 55-66-р х/ зэргээр нотлогдсон байх тул шүүгчийн захирамжинд дурдагдсан “...энэ талаар тодруулж, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн ажиллагааг гүйцэтгэх шаардлагагүй байна.

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэгийн үйлдсэн 2018 оны 9 сарын 27-ны өдрийн 183400670299 тоот Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гарсан байна.

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэгийн үйлдсэн 2018 оны 09 сарын 27-ны өдрийн 1834006180298 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татах тухай” прокурорын тогтоолын 1 дүгээр заалтаар Н.Н, О.Шинэбаяр, Г.Б нарт холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, 3 дугаар заалтаар уг хэрэгт мөрдөн байцаалт явуулахыг тус аймгийн Цагдаагийн хэлтэсийн Мөрдөн байцаах тасагт даалгасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан чиг үүргийн дагуу Мөрдөн байцаах тасгийн даргаас мөрдөгч а/х О.Оюунболдод хэргийг мөрдөн шалгах үүргийг даалгасныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг 2019 оны 03 сарын 01ний өдрийн 04 дугаартай “Мөрдөн байцаалтыг сэргээх тухай” тогтоол үйлдэж хэрэгт мөрдөн байцаалт явуулахыг тус аймаг дахь Цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэсгийн мөрдөгч а/х О.Оюунболдод даалгажээ /хх-н 241/.

Иймд мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын даалгаснаар мөрдөгч а/х О.Оюунболдын явуулсан 2018 оны 9 сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 73,81,90 /, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 75,83,92/, хохирогч М.Энхтайванаас авсан мэдүүлэг /хх-ийн 93-94/, 2018 оны 10 сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 95/, 2018 оны 10 сарын 22-ны хатаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 96, 100/  2018 оны 10 сарын 23-ны хатаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 101,102/ мөрдөгчийн санал /хх-ийн 103/  яллагдагч Г.Б, О.Шинэбаяраас мэдүүлэг авсан /хх-ийн 79-80,87-89/, 2019 оны 2 сарын 26-ны мөрдөгчийн санал /хх-ийн 240/, 2019 оны 3 сарын 20-ны хохирогчоос дахин авсан тэмдэглэл / хх-242/, 2019 оны 3 сарын 22-ны тэмдэглэл, мөрдөгчийн санал /хх-ийн 243, 246/, 2019 оны 3 сарын 27-ны мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 244-245/ зэрэг нь мөрдөн шалгах ажиллагаа нь хуульд заасан хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй байна.

“Эй Жэй Жэй Эм” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь эх хувиараа биш, хуулбарлаж хийсэн нь эргэлзээтэй байна гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүх шинжээчийн тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичгийг шалгаж, тодруулах боломжтой байна.

Анхан шатны шүүх яллагдагч О.Шинэбаярыг “шүүх хуралдааны товыг мэдсээр байж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байх тул” гэж үзэн, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан “ О.Шинэбаярын эрүүл мэндийн улмаас эмнэлэгт хэвтсэн тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэсэн хүсэлтийг хангаж,  яллагдагч О.Шинэбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 14-ний өдрийн 391 дүгээр шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Б, Н.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, яллагдагч О.Шинэбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай. 

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Г.БОЛОРМАА

 

ШҮҮГЧИД                                                     Т.ЭНХМАА

 

Р.МӨНХ-ЭРДЭНЭ