Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 0086

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Б

Шүүгдэгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 1925000380037 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 22 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, Б.М

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.М нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 3б-5 тоотод Э.Мөнх-Эрдэнийн толгойн тус газарт заазуураар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн дээрх хэрэг гарсны дараа дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч Х.Г-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Тэр үед нилээн архи уусан. Согтуу байсан болохоор болсон асуудлыг санахгүй байгаа. Найзуудтайгаа ойрд уулзаагүй гээд архи ууцгаасан. Хэргийн хувьд маргахгүй. Зөвшөөрч байна. Хохиролд Ганзориг ахад 80.000 төгрөг, Мөнх-Эрдэнэд 80.000 орчим төгрөг төлсөн. Ойлгож гэмшиж байгаа гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Э.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Б.Мөнх-Эрдэнэ чи өмнө нь манай гэрт шээсэн байсан гээд намайг жаахан доромжилоод үгээр идээд байсан. Тэгэхээр нь би уурлаад нэг удаа нүүрлүү нь цохисон, гэхдээ гэмтэл учраагүй цохиод өнгөрсөн. Тэгтэл Б.Мөнх-Эрдэнэ нь босоод миний хажуу талаар үүд рүү явсан. ...тэгтэл Б.Мөнх-Эрдэнэ босоод миний хажуу талаар үүд рүү явсан. Тэгтэл гэнэт заазуураар толгойн баруун талын чихний дээд хэсэгт цохиод, тэгээд би арагш саваад унасан, ...цус алдаад эмнэлэгт цагдаад дуудсан гэсэн мэдүүлэг /хх 15 ху/,

 

-Хохирогч Х.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 01 сарын 03-ны өдөр Орхон аймаг дахь хөдөлгөөнт эргүүлийн цагдаагийн ахлагч З.Анхбаярын хамт гүйцэтгэж байсан. Шуурхай удирдлагын төвөөс 23 цаг 00 минутын үед Эрдэнэ багийн 3-б-5 тоотод заазуурдуулсан хүн байна гэсэн дуудлагын дагуу очсон. ...гэр дотор орох үед гэрийн хоймор хэсэг газарт Мөнх-Эрдэнэ гэх залуу хэвтэж байсан бөгөөд түүнд шаардлага тавьж босож ирэхийг хүсэхэд за за гэж хэлээд босож ирсэн, ...хүн заазуурдсан гэх тул аюулгүй байдлаа хамгаалан гарыг нь ар талд нь гавласан. Б.Мөнх-Эрдэнэ нь ямар нэгэн асуудал гаргаагүй үг дуугараагүй бөгөөд хаалгаар аваад гарах үед би Мөнх-Эрдэнийн баруун мөрнөөс барьсан бөгөөд хаалгаар гарах гээд тонгойх үед нь араас гарах гээд гэрийн хаалгатай зэрэгцэн доош болсон бөгөөд энэ үед урд талд явсан Мөнх- Эрдэнэ гэнэт эргэж хараад миний баруун талын хөмсөг хэсэг рүү нэг удаа мөргөж хөмсөг хэсэгт гэмтэж эмнэлэг дээр очиж 4 оёдол тавиулсан гэсэн мэдүүпэг /хх 12 ху/,

 

-Гэрч Т.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Бадрахтай юм яриад сууж байх үед 2 Мөнх-Эрдэнэ юунаас болсон юм мэдэхгүй маргаагүй байсан. Тэгсэнээ нэг харахад л цустайгаа холилдсон байсан. Тэгээд яасан гэхэд Б.Мөнх-Эрдэнэ нь гэрийнхээ заазуураар Э.Мөнх-Эрдэнийн толгойг заазуурдсан байсан. ...тухайн үед Б.Мөнх-Эрдэнэ газар хэвтэж байсан, Э.Мөнх-Эрдэнэ нь эмнэлэг явсан           байсан, тэгээд гэрт Бадрах, эхнэр Цэрмаа бид нар байсан. Тэгтэл гаднаас 2 цагдаа орж ирээд Мөнх-Эрдэнийг босоод ир гэсэн. Мөнх-Эрдэнийг ар талд нь гавлаад аваад гарах гэсэн чинь Мөнх-Эрдэнэ эргэж хараад нэг цагдааг нь мөргөчихсөн, тэнд ямар нэгэн маргаан болоогүй гэсэн мэдүүлэг /хх 21 ху/,

 

-Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Уугаад сууж байсан тэгтэл Б.Мөнх-Эрдэнэ заазуур аваад Э.Мөнх-Эрдэнийн толгой руу заазуурдсан, тэгээд болохоо байлаа гээд эмнэлэг цагдаа дуудсан. Цагдаа орж ирээд Мөнх-Эрдэнийг дуудан босгосон. ...нөгөө 2 цагдаа Мөнх-Эрдэнийг гавалаад аваад гарсан бөгөөд яг үүдний хэсэгт мөргөсөн гэсэн тэрийг би хараагүй гэсэн мэдүүлэг /хх 24 ху/,

 

-Гэрч З.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...ахлагч Х.Ганзориг баруун мөрнөөс нь барьж урд талдаа гаргасан, эхлээд хаалга руу явсан, би ард талд нь хохирогч хэн болох хаана байгаа, мөн зөрчил гарагчийг хэн гэдэг талаар асууж байгаад хаалгаар цуван гарах гээд гэрийн хаалга намхан байсан учраас Б.Мөнх-Эрдэнэ хаалганы дэргэд ирээд тонгойсон, тэр үед ахлахгч Х.Ганзориг мөн хаалгаар гарах санаатай тонгойсон тэр үед Б.Мөнх-Эрдэнэ гэх залуу гэнэт эргэж хараад ахлагч Х.Ганзоригийг баруун талын хөмсөг рүү мөргөсөн. Тэгээд шууд хаалгаар аваад гарсан гэсэн мэдүүлэг /хх 26 ху/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 77 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Х.Г-н биед баруун хөмсөгний гадна хэсэгт шарх, дээд баруун хоёр дугаар шүдний имтэрсэн хугарал үүсчээ.

2. Гэмтлүүд хатуу мохоо зүйлийн, тус бүрдээ нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Бүгд шинэ гэмтлүүд байна.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх 28 ху/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 80 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Э.М-н биед хуйханд баруун чамархайд 1 тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 32 ху/,

 

-Шүүгдэгч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...найзыгаа заазуураар цохисон байсан, тэрийгээ би санахгүй согтсон байсан. Тэгээд манай гэрт цагдаа ирсэн байсан, тэгтэл тэр цагдааг бас мөргөсөн байсан. Маргааш нь би найз болон эхнэрээсээ мэдсэн. Энэ бол миний буруу гэсэн мэдүүлэг /хх 38 ху/

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3 ху/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-5 ху/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх 10 ху/

-Б.М-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 36-38 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 63 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.М нь 2019 оны 01 сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 3б-5 тоотод Э.М-н толгойн тус газарт заазуураар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн дээрх хэрэг гарсны дараа дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч Х.Ганзоригийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Согтуу байсан болохоор болсон асуудлыг санахгүй байгаа. Найзуудтайгаа ойрд уулзаагүй гээд архи ууцгаасан. Хэргийн хувьд маргахгүй. Зөвшөөрч байна” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Э.Мөнх-Эрдэнийн “...Б.Мөнх-Эрдэнэ босоод миний хажуу талаар үүдрүү явсан. Тэгтэл гэнэт заазуураар толгойн баруун талын чихний дээд хэсэгт цохиод тэгээд би арагш саваад унасан, тэгээд цус алдаад эмнэлэгт цагдаад дуудсан” гэсэн мэдүүлэг /хх 15 ху/, хохирогч Х.Ганзоригийн “тэр үед Б.Мөнх-Эрдэнэ нь ямар нэгэн асуудал гаргаагүй үг дуугараагүй бөгөөд хаалгаар аваад гарах үед би Мөнх-Эрдэнийн баруун мөрнөөс барьж хаалгаар гарах гээд тонгойх үед нь араас гарах гээд гэрийн хаалгатай зэрэгцэн доош болсон бөгөөд энэ үед урд талд явсан Мөнх-Эрдэнэ гэнэт эргэж хараад миний баруун талын хөмсөг хэсэг рүү нэг удаа мөргөсөн” гэсэн мэдүүлэг /хх 12 ху/, гэрч Т.Цолмонбаатар /хх 21 ху/, гэрч С.Баярбадрах /хх 24 ху/, гэрч З.Анхбаяр /хх 26/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогч Х.Ганзоригийн биед баруун хөмсөгний гадна хэсэгт шарх, дээд баруун хоёр дугаар шүдний имтэрсэн хугарал үүссэнийг тогтоосон 77 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Э.Мөнх-Эрдэнийн биед хуйханд баруун чамархайд 1 тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 80 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийн албан үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргүүдийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хууль сахиулагчийн албан үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Хохирогч нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн ямар нэгэн баримтыг ирүүлээгүй энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.

 

            Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийн албан үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

            7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА