Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 0026

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

                   Прокурор                                                           Б.Б

           Шүүгдэгч                                                           Б.М

           Шүүгдэгчийн  өмгөөлөгч                              Ж.Ш

            Нарийн бичгийн дарга                               Т.Баялаг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Мд холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ш-н давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Х овогт Б-н М

 

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 3б-5 тоотод Э.М-н толгойн тус газарт заазуураар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн дээрх хэрэг гарсны дараа дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч Х.Г-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Х овгийн Б-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийн албан үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоож,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

            Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

 

            Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ш давж заалдах гомдолдоо:

“... Д.М нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум Эрдэнэ багт 3Б-5 тоотод Э.М-н толгойн тус газарт заазуураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн дээрх гэмт хэрэг гарсны дараа дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч Х.Г-н албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Анхан шатны шүүх нь дээрх хоёр үйлдлийг гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн ялыг 7 сараар тооцон хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Ялтан Б.М-н үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангилалд хамаарагдана. Мөн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нараас нэхэмжилсэн гомдол санал байхгүй зэрэг нь Б.Мд ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байна.

Б.М нь хувийн байдлын хувьд эхнэр бага насны хүүхдийн /2 нас/ хамт амьдардаг бөгөөд эхнэр тогтсон ажил байхгүй орлогогүй болно. Б.М өнөөдрийг хүртэл эхнэр хүүхдээ тэжээн тэтгэж явсаар ирсэн. 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс хойш цагдан хориход хоригдож байгаа нь түүний ар гэр болоод амьдрал ахуйд нь хүнд тусаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, ... гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болохоор хуульчилсан байна.

Иймд давж заалдах шатны шүүх ялтны хувийн байдал болон гэмт хэргийн ангиллыг харгалзан хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Б дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        

         Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос “Х” овогт Б-н М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

         Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч Бн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1.т заасныг журамлан Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэснийг шүүгдэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч “...ялтны хувийн байдал болон гэмт хэргийн ангиллыг харгалзан хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

        

         Давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

         Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг 3-Б гудамжны 5 тоотод өөрийн гэртээ Э.М-н толгойн тус газарт заазуураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, дээрхи хэрэгт дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч Х.Г-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгчид холбогдох хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, заалт үндэслэлтэй, Б.Мд оногдуулсан хорих ял, түүнийг эдлэх дэглэм шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

         Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын хүрээнд шүүгдэгчийг хүний биед хөнгөн хохирол учруулсан, цагдаагийн албан хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

         Хэдийгээр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2.т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй болох нь тогтоогдож байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар “ энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн... бол” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 буюу “... хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэсэн хэсэг хамаарахгүй байна.

 

         Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар тэнсэж өгнө үү?” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу   хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЦЭЦЭГМАА

              ШҮҮГЧ                                                                       С.УРАНЧИМЭГ

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР