Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 90

 

 Ч.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06ы өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01ий өдрийн 229 дүгээр магадлалтай, Ч.Бд холбогдох 2108000001634 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 20ы өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 3 жил 1 хоног хорих ял шийтгүүлж, Улсын дээд шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 144 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4-т заасныг журамлан 3 жил 1 хоног хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан

 

              Ч.Б нь хувиараа хүн тээвэрлэх үйлчилгээ эрхэлж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дарь-Эх рүү гэртээ хүргүүлэхээр суусан эмэгтэйн согтуурсан байдлыг далимдуулан Баянхошуу руу авч яван улмаар хүнгүй гудамжинд хохирогч эмэгтэйг тээврийн хэрэгслээс чирч буулган орхихдоо цүнхийг нь авч зугтаж явсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд 01 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй болж чадаагүй тухай баримтууд шүүгдэгчийн гомдолд маш тодорхой байхад давж заалдах шатны шүүх хэвээр баталсан нь хууль зөрчсөн. Дээрэмдэх гэмт хэрэг бол маш аюултай, онцгой шинж тэмдэгтэй. Өөрөөр хэлбэл хүний амь насанд аюултай байдлаар довтолсон, сүрдүүлсэн, биелэгдэх боломжтой зэрэг нөхцөл байдлууд байдаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх дээрэмдэх гэмт хэргийн шинж буюу довтолгоо байхгүй байхад алдаатай шийдвэр гаргасан. Субъектив талаас нь харвал заавал шунахайн зорилго байх ёстой. Гэтэл энэ хэрэгт дээрх шинж хангагдахгүй байгаа. Хүний цүнхийг дээрэмдсэн бол ихэвчлэн хэрэгтэй юмаа аваад бусдыг нь хаядаг. Гэтэл энэ хэргийн тухайд хохирогчийн цүнх нь бүрэн бүтнээрээ байсан. Зорчигч хүрэх газраа хүрсний дараа буугаагүй учир гараас нь татаж буулгасныг чирч буулгасан гэсэн дүгнэлт хийсэн. Гэтэл чухам хэрхэн, яаж чирсэн нь тогтоогдоогүй. Хохирогч гаргасан өргөдөлдөө зодоогүй, цохиогүй, довтолсон зүйл байхгүй болохыг маш тодорхой бичсэн. Гэтэл хэргийг буруу зүйлчилж шүүгдэгчид ял халдаасан байна. Хохирогч харанхуй шөнө цүнхээ барьж машинд суусныг мэдэх боломжгүй байсан буюу гэм буруугүйгээр цүнхийг авч явсан асуудал юм. Энэ хэргийг аль ч талаас нь үзсэн гэмт хэргийн шинжгүй. Иймд гэм буруугүй хүнийг суллаж өгнө үү. Би энэ хүнийг зүс мэднэ, дээрэм хийхээр хүн биш. Мөн шүүгдэгч нь “мөрдөгч нар хэргийн талаар хэлэхдээ торгуулаад сална гэж хэлсэн, өмгөөлөгчид өгөх мөнгөөрөө торгуулна” гэх байдлаар хуралдаанд оролцсон болохоо хэлдэг. Иймд нэгэнт гэмт хэргийн шинжгүй, дээрмийн хэргийн бүрэлдэхүүнгүй учир Ч.Б-г суллаж өгнө үү. Түүний хоёр хүүхдийн нэг нь мэдрэлийн өвчтэй, эмчийн хяналтад байдаг, хэцүү амьдралтай” гэв.

 

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө “Toyota prius 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон хувиараа такси үйлчилгээ эрхэлж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогчийг өөрийн машинаас чирч буулгасны дараа эд хөрөнгийг нь авсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйл баримт тогтоогдоогүй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 229 дүгээр магадлалд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу шүүгдэгч Ч.Бд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ч.Б нь хувиараа хүн тээвэрлэх үйлчилгээ эрхэлж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дарь-Эх рүү гэртээ хүргүүлэхээр суусан эмэгтэйн согтуурсан байдлыг далимдуулж Баянхошуу руу авч яван, улмаар хүнгүй гудамжинд хохирогч эмэгтэйг тээврийн хэрэгслээс чирч буулган орхихдоо цүнхийг нь авч зугтаж явсан үйл баримт нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон байна.

 

Хохирогчийг тээврийн хэрэгслээс чирч буулгасан шүүгдэгчийн энэхүү үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2.2-т заасан хүч хэрэглэн эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг авахаар “довтолсон” нөхцөл байдал тогтоогдоогүй байхад прокуророос шүүгдэгчийн үйлдлийг хүндрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь түүний эрх зүйн байдлыг илтэд дордуулжээ.

 

Хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн халдлага үйлдэгчийн довтолгооны үр дагаварт хохирогчийн амь бие, эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулахуйц, эсвэл учруулсан аюултай үйлдэл хийсэн байхыг шаарддаг болно.

 

Гэтэл гэмт халдлагад өртсөн эмэгтэйн эрүүл мэндэд ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй, учирч болзошгүй нөхцөл байдал үүсээгүй болох нь Д.Туулын хохирогчоор өгсөн мэдүүлэг, цагдаагийн байгууллагад гаргасан гомдол зэргээр тогтоогдсон байтал хүндрүүлж зүйлчилсэн нь буруу гэсэн прокурорын санал, дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий байна.

 

Иймд хоёр шатны шүүхийн хуулийн буруу хэрэглээг зөвтгөж, зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон тул “... Ч.Б-н үйлдэл нь санаатай биш, гэм буруугүйгээр хохирол учруулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдаанаас суллаж өгөхийг хүсье” гэсэн агуулга бүхий шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06ы өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01ий өдрийн 229 дүгээр магадлалд дараах өөрчлөлтийг оруулсугай:

 

1.1. “Прокуророос шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй”, “Шүүгдэгч Ч.Б-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй”.

 

2.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

 

                                                          ШҮҮГЧ                                    Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                   С.БАТДЭЛГЭР

 

                                                                Ч.ХОСБАЯР

 

                                                                                                           Б.ЦОГТ