| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 128/2022/0837/з |
| Дугаар | 001/ХТ2023/0047 |
| Огноо | 2023-06-29 |
| Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2023/0047
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн
татварын улсын Б.М,
Д.А нарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ц.Цогт
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Батбаатар
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0151 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2023/0283 дугаар магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 246 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Б.М, Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, Б.Д нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Д.А нарын “А” ХХК-д тогтоосон 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн НА-...... дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
2.1.Нэхэмжлэгч “А” ХХК-ийн төлөөлөгч Г.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “... Манай компани тухайн ашигт малтмалыг олборлоогүй, ашиглаагүй, экспортлоогүй, бусдад худалдан борлуулаагүй, бусдад худалдахаар ачуулаагүй. Манай компани, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ш... экспорт, импортын худалдааны компанитай 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 12 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус компанийн “А...” ХХК-аас худалдаж авсан төмрийн хүдрийн тээвэрлэлтийн 170,000 ам.долларын өртөг бүхий ажлыг гүйцэтгэсэн. Тухайн мөнгийг өөрийн дансаар хүлээн авч тухайн тээвэрлэлтийн ажиллагаанд зориулалтын дагуу тээвэр, агуулах, гаалийн бүрдүүлэлтийг хийсэн. Гэтэл нөхөн ногдуулалтын актаар манай компанийг ашигт малтмалын нөөц экспортлогч гэж үзсэн.
2.2.Хариуцагч нар хяналт шалгалтыг бүрэн дүүрэн явуулаагүй, нотлох баримтыг буруу үнэлж, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэн, төмрийн хүдэр худалдаагүй, худалдах зорилгоор ачуулаагүй, БНХАУ-ын аж ахуй нэгжийн худалдан авсан төмрийн хүдрийг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн компанийг экспортлогч гэж тооцон манай байгууллагын эрх, ашиг сонирхолд халдаж нөхөн ногдуулалтын актаар ашигт матмалын нөөц ашигласны төлбөр оногдуулсан. Энэ нь бодит байдалд нийцээгүй төдийгүй хууль зүйн хувьд үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хүчингүй болгуулах тухай гомдлыг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гаргасан. Харин гомдлыг Маргаан таслах зөвлөл 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хянаж 27 дугаартай тогтоолоор НА-...... дугаартай актыг хэвээр үлдээсэн. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй.
2.3.Татварын улсын байцаагч нар хуульд нийцсэн үйл ажиллагааг явуулах ёстой, хяналт шалгалтыг хэрэгжүүлж байгаа бол зөвхөн татварын удирдлагын нэгдсэн системд байх 286 ширхэг 3,143,298,190.87 төгрөгийн экспортын мэдээллийг “А” ХХК-ийн нягтлан бодох бүртгэл, санхүү татварын тайлантай тулган шалгахаас гадна тухайн мэдээлэл орох болсон шалтгаан, үндэслэлийг тогтоох шаардлагатай байсан. Жинхэнэ экспортлогч, ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөгч хэн болохыг тогтоогоогүй.
2.4. ... Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтээр Үндсэн хуулийн тодорхой заалтыг зөрчсөн гэж дүгнэж, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс түдгэлзүүлсэн, улмаар Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор хүчингүй болгосон заалтыг баримталсан. Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан байхад нөхөн ногдуулалтын актад татварын байцаагч нар “А” ХХК-ийн эрх зүйн байдлыг дордуулсан.
2.5.“Д......” ТӨХК нь АМНАТ төлөгч бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэгт ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлсэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч энэ хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт, 47.19-д заасны дагуу суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцох тухай зохицуулсан байхад хуулийг буруу хэрэгжүүлсэн” гэх зэрэг агуулгаар маргажээ.
3. Хариуцагчийн хариу тайлбар:
3.1.Хариуцагч татварын улсын байцаагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ ... Тус компани нь экспортолсон бүтээгдэхүүнээ хүлээн зөвшөөрч тайлагнасан ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тайлагнасан мэдээ нь гаалийн мэдээтэй тулган шалгахад таарч байгаа. Бид томилолтын хүрээнд “А” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаа, тайланд шалгалт хийсэн бөгөөд экспортод гаргасан бүтээгдэхүүнийг тайлагнахдаа гэрээний үнээр биш олон улсын зах зээлийн үнийг баримталж, түүн дээр боловсруулалтын түвшингээс хамаарч нэмэлт хувь тооцож тайлагнаагүй гэсэн зөрчил дээр нөхөн ногдуулалтын акт үйлдсэн.
3.2. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна: 47.1.2. ашигт малтмал экспортолсон этгээд” (Энэ хэсгийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан) гэсэн заалтыг үндэслэн 2019 оны 6, 7 дугаар сард экспортод гаргасан 1,883,581,922.38 төгрөгийн 147 ширхэг экспортын мэдээтэй байсныг татварын тайлан, хуулийн заалттай тулган шалгасан. 2019 онд 3,143,298,190.87 төгрөгийн 286 ширхэг экспортын мэдээтэй. 2019 оны 2, 3 дугаар сард экспортод гаргасан 1,259,716,268.48 төгрөгийн 139 ширхэг экспортын мэдээг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд тусгаагүй.
3.3. 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д “экспортод гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтална” гэж заасныг үндэслэн тус компанийн 2019 оны 6, 7 дугаар сард экспортод гаргасан 9,958.90 тонн төмрийн хүдрийг Төсвийн бодлого төлөвлөлтийн газраас нийтэлсэн Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээлэлийн дагуу тооцсон болно.
3.4. 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 47 дугаар зүйлийн 47.5-д “Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно” гэж заасныг үндэслэн тус компанийн 6 сард экспортод гаргасан 3,376.10 тонн, 575,485,617.31 төгрөгийн төмрийн хүдрийн зах зээлийн үнийн мэдээлэл нь 64.25 доллар байгаа тул 1%-аар, 7 сард экспортод гаргасан 6,582.80 тонн, 1,473,475,506.05 төгрөгийн төмрийн хүдрийн зах зээлийн үнийн мэдээлэл нь 84.18 доллар байгаа тул 3%-аар нэмэлт хувь тооцсон” гэх агуулгатай тайлбар ирүүлжээ.
4. Хэргийн нөхцөл байдал:
4.1.Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Д.А нар Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Удирдамж, маягт батлах тухай А/32 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн хүрээнд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2521902914 дугаар татварын хяналт шалгалт хийх томилолтоор “А” ХХК-д 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, маргаан бүхий актаар 2019 онд 1,599,126,819.99 төгрөгийн экспортын орлогыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд дутуу тайлагнасан нь 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1. экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтална гэж заасныг, 2019 онд 2,048,961,123.36 төгрөгийн экспортод гаргасан бүтээгдэхүүнд нэмэлт хувь ногдуулаагүй нь 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5. энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлэн тооцно гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж, 3,648,087,943.35 төгрөгийн зөрчилд 129,915,462.35 төгрөгийн нөхөн татвар, 38,974,638.7 төгрөгийн торгууль, 25,983,092.47 төгрөгийн алданги нийт 194,873,193.52 төгрөгийг төлүүлэхээр тогтоожээ.
4.2.Татварын улсын байцаагч нараас “... актаар дээрх зөрчилд хариуцлага ногдуулахдаа Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө гэж заасны дагуу Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нөхөн татварт 30 хувийн торгууль ногдуулсан. Мөн 74.1. Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна. /Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ гэж заасныг үндэслэн 20 хувийн алданги ногдуулсан” гэж тайлбарласан, талууд маргаан бүхий татварын актаар тогтоосон нөхөн татвар, торгууль, алдангийн дүнтэй холбогдуулж шүүхэд маргаагүй байна.
4.3.Нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч гаргасан гомдлоор нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл хэлэлцээд 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаар тогтоолоор “актыг хэвээр баталсан” байна.
4.4.Хэрэгт нотлох баримтаар, нэхэмжлэгч “А” ХХК-ийн 2019-2020 оны хооронд төмрийн хүдрийг экспортод гаргасан гаалийн бүрдүүлэлтийн мэдээ, “Д......” ТӨХК-ийн 2019 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан, 2019 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн мэдээлэл, “Д......” ТӨХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/99 дугаар албан бичгийн хавсралт, “А” ХХК-нд хийсэн татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн “А” ХХК-ийн татвар төлөлтийн мэдээлэл, “А” ХХК-иас Монголын татварын албанд гаргаж өгсөн АМНАТ-ын тайлан зэрэг баримтууд авагдав.
5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:
5.1.Татварын ерөнхий хууль (2019 оны)-ийн 28 дугаар зүйлийн 28.1, Татварын ерөнхий хууль (2008 оны)-ийн 43 дугаар зүйлийн 43.1, 74 дүгээр зүйлийн 74.1, Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, ингэхдээ дараах агуулгатай дүгнэлтүүдийг хийсэн:
5.2.“... Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож төсөвт төлнө гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтыг хүчингүй болгосон байна. ... Хариуцагч татварын улсын байцаагч нар нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2019 оны 6, 7 сард экспортолсон төмрийн хүдэрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тайлагнахдаа хуульд заасан өсөн нэмэгдэх хувийг дутуу тооцож гэрээний үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу ногдуулсан, ... 2019 онд экспортод гаргасан бүтээгдэхүүнд нэмэлт хувь тооцоогүй ... зөрчилд төлбөр ногдуулсан нь ... хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн заалтыг зөв хэрэгжүүлсэн, үндэслэлтэй байна.
5.3.Нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан дутуу тайлагнасан, экспортод гаргасан бүтээгдэхүүнд нэмэлт хувь тооцоогүй зөрчил нь 2019 оны 06, 07 дугаар сард хамаарах зөрчил байх бөгөөд дээр дурдсанаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтыг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон хугацаанаас өмнөх үйл баримт ба нэхэмжлэгч талын ...Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэгжүүлсэн, 2019 оны 6, 7 сард Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд экспортлогч гэсэн зохицуулалт байхгүй байсан... гэх тайлбар үндэслэлгүй, хүлээн авах боломжгүй.
5.4.Нэхэмжлэгч нь ... татварын тайландаа хүлээн зөвшөөрч тайлагнасан бөгөөд татварын тайланд тайлагнаж төлөхдөө Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу борлуулалтын үнэлгээ тооцох журмыг баримтлаагүй, ийнхүү Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтын дагуу тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчөөр бүртгүүлсэн татвар төлөгчийн хувьд төмрийн хүдрийг экспортод гаргасан гэж гаалийн мэдүүлэг мэдүүлэн бүрдүүлэлт хийж, гаалийн байгууллагад мэдүүлсэн, үүгээрээ экспортод гаргасан төмрийн хүдрийг Сангийн яамнаас сар бүр мэдээлсэн экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг ашиглахгүйгээр хуулиар тогтоосон өсөн нэмэгдэх хувь тооцоогүй нь тогтоогдсон ... ” гэжээ.
6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал:
6.1.Нэхэмжлэгч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхээс дараах агуулгатай дүгнэлтийг хийжээ:
6.2.“... Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтээр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр заасан нь мөн өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж үзэх тул үүнээс өмнөх хугацаанд мөн хуулийн заалтыг баримталж ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч гэж үзэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлөхөөр байна.
6.3. ... хуульд заасан төмрийн хүдрийн зах зээлийн үнийн түвшингээс хамаарч нэмэгдүүлэн тооцож төлөх төлбөрийн хувь хэмжээ өөрчлөгдөөгүй буюу “А” ХХК нь 2019 оны 6, 7 дугаар сард төмрийн хүдэр экспортлохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасны дагуу төмрийн хүдрийн зах зээлийн үнийн түвшин (ам.доллароор) 2019 оны 06 дугаар сард төмрийн хүдэр 64.25 ам.доллар байх тул 1 хувиар, 7 дугаар сард 84.18 ам.доллар байх тул 3 хувиар тус тус тооцож нэмэлт төлбөр төлөхөөр байна. Иймд энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй тул гомдлыг хүлээн авах боломжгүй.
6.4.Татварын ерөнхий хууль (2008 оны)-ийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар нэхэмжлэгч төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлох бөгөөд 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй. “А” ХХК нь тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчөөр бүртгүүлж, төмрийн хүдрийг экспортод гаргасан гэж гаалийн бүрдүүлэлт хийж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар 2019 онд 449,834,303.37 төгрөгийн борлуулалтын орлогод 22,491,715.17 төгрөгийн албан татвар төлөхөөр тайлагнасан байх тул нэхэмжлэгчийн “... татварын улсын байцаагч нарын шахалтаар Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын дагуу гэрээний үнээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргасан” гэх гомдол үндэслэлгүй.
6.5.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлөх”-өөр 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өөрчилсөн нь “А” ХХК төмрийн хүдэр экспортод гаргах үед буюу 2019 оны 06, 07 дугаар сарын байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байжээ. Харин 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн өөрчлөлтөөр 47 дугаар зүйлийн 47.16-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө”, 47.16.1-д “худалдсан, худалдахаар ачуулсан”, 47.16.2-т “экспортолсон”, 47.16.3-д “өөрийн хэрэгцээнд ашигласан” гэж тус тус нэмсэн, өөрөөр хэлбэл, энэ хуулийн зохицуулалт нь “А” ХХК төмрийн хүдэр экспортод гаргах үед буюу 2019 оны 06, 07 дугаар сарын байдлаар батлагдаагүй байсан.
6.6.Нэхэмжлэгч компанийн 2019 оны 06, 07 дугаар сард төмрийн хүдэр экспортод гаргах үед ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлөхөөр хуульчилсан байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. ...” гэжээ.
7. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: нэхэмжлэгч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нар 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
7.1.”... анхан болон давж заалдах шатны шүүх “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарын 2019 оны 6 сард Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр үйлчлэлийг нь түдгэлзүүлсэн, улмаар 2019 оны 6, 7 сард хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй 2019.11.25-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан “Ашиг малтмалын тухай хууль”-н холбогдох заалтууд болон мөн 2019 оны 6, 7 сард дагаж мөрдөөгүй байсан Засгийн газрын 2019 оны 342 дугаар журмыг 2019 оны 6, 7 сарын үйлдэлд буцаан хэрэглэж татвар төлөгч манай байгууллагын эрх зүйн байдлыг дордуулж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ ногдуулсан үйлдлийг зөв гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул гомдолтой байна.
7.2. ... Шүүхүүд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7-р зүйлийн 7.1-д заасныг зөрчиж хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх үүргээ биелүүлээгүй байна. Шүүхийн шийдвэр, магадлалаас үзвэл хэргийн үйл баримтыг тогтоох ач холбогдол бүхий хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээ, дансны гүйлгээ, төлбөрийн баримт зэрэгт үнэлэлт, дүгнэлт хийгээгүй. Зөвхөн “А” ХХК-ийн АМНАТ-ын тайлан гаргаж, төлбөр төлсөн үйлдэл болон гааль дахь төмрийн хүдрийн ачилтын 286 ширхэг мэдээллийг баримталж “экспортлогч” гэж дүгнэсэн нь хэргийг үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэх үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл. Шүүхүүд дээрх байдлаар нотлох баримтад бүхэлд нь үнэлэлт өгөөгүй тул аль байгууллага төмрийн хүдэр худалдсан, худалдахаар ачуулсан экспортлогч вэ? гэдэг нь тогтоогдоогүй байна. Иймээс шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
7.3.Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу, зөрүүтэй тайлбарлаж хэрэглэснээс гадна татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулан хуулийг буцаан хэрэглэсэн. ... Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Б.М, Д.А нар нь “А...” ХХК-ны БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Ш.... экспорт, импорт худалдааны компани”-д худалдсан төмрийн хүдрийг, “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу 2019 оны 2,3,6, 7 сард тээвэрлэж, 286 ширхэг гаалийн мэдүүлэг, бүрдүүлэлт хийсэн манай компанийн үйлдлийг төмрийн хүдэр экспортолсон гэж үзсэн.
7.4.Татварын байцаагч нар акт тогтоохдоо Үндсэн хуулийн цэцийн 2019.06.28-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтээр Үндсэн хуулийн тодорхой заалтыг зөрчсөн гэж дүгнэж, үйлчлэлийг түдгэлзүүлсэн “Ашиг малтмалын тухай хуулийн 47.1-т... Ашигт малтмал худалдсан. худалдан авахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малталтын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож төсөвт төлнө гэсэн 2018 оны 03 сарын 28-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн заалтыг хүчин төгөлдөр үйлчилж байсан гэж үзсэн.
7.5.Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтыг Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэж Үндсэн хуулийн Цэцийн 2019.10.30-ны өдрийн 04 дугаартай Тогтоолоор хүчингүй болгосон ба Улсын Их Хурлаас 2019 оны 11 сарын 22-ны өдөр “Ашигт малтмалын тухай хууль”-н 47 дугаар зүйлийн 47.1.1- 47.1.3 дахь хэсэгт АМНАТ төлөх этгээдийг, харин 47.2 дахь хэсэгт “...борлуулалтын үнэлгээг тооцох журам”, 47.3, 47.5 47.6 дахь хэсгүүдэд "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох, тайлагнах журмыг Засгийн газраас мөрдүүлэх тухай”, бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түшингээс хамаарч нэмэгдүүлэх хувь”-тай холбоотой харилцааг зохицуулах, 47.16.1-47.16.3 дахь хэсгүүдэд АМНАТ төлөгч этгээдийн ямар үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс АМНАТ-ийг давхардуулалгүй ногдуулах тухай зааж өөрчлөлт оруулсан. Мөн 2019 оны 11 сарын 22-ны өдөр Улсын Их Хурлаас “Ашигт малтмалын тухай хууль”-н 47 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, дээрх өөрчлөлтийг 2019 оны 11 сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан.
7.6.“А” ХХК нь төмрийн хүдрийг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн 2019 оны 2, 3, 6, 7 сард “Ашигт малтмалын тухай хууль”-н 47 дугаар зүйлд “экспортлогч” гэх зохицуулалт байгаагүй, улмаар уг хуульд 2019.03.26-ны өдөр орсон өөрчлөлт “Үндсэн хууль” зөрчсөн гэж дүгнэгдэж, хүчингүй болсон тул мөн хуулийн 2010.11.25-ны өдрийн хуулийн нэмэлт өөрчлөлт мөрдөгдөж байсан. Өөрөөр хэлбэл, 2010.11,25-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хууль”-н холбогдох заалт буюу 47 дугаар зүйлийн 47.1. 47.3.1. 47.3.2, 47.4-т зөвхөн Тусгай зөвшөөрөл эзэмшигч АМНАТ-ийн тайлан гаргаж, гадаадын зах зээлд худалсан, худалдахаар ачуулсан тухайн зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч хувь нэмэгдүүлж АМНАТ төлдөг байжээ. Гэтэл Татварын байцаагчид болон анхан болон давж заалдах шатны шүүхүүд “Ашигт малтмалын тухай хууль”-н холбогдох 47.1 дэх "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө." гэснийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь уг хуульд төмрийн хүдрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан этгээд АМНАТ төлөгч байхаар заажээ.
7.7.Харин манай компани төмрийн хүдэр худалдаагүй, мөн худалдан авч, гадаадын этгээдэд худалдах зорилгоор ачуулаагүй, түүнчлэн ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй, ... төмрийн хүдрийг “Д......” ТӨХК /олборлож/ ... “А...” ХХК-д худалдсан, “А...” ХХК нь “Ш...экспорт, импортын худалдааны компани”-д худалдсан нь гэрээ болон банкны гүйлгээний баримтаар тогтоогдоно, мөн хэрэгт маргаан бүхий төмрийн хүдэрт “Д......” ТӨХК нь 336,962,309.632 төгрөгийн борлуулалтын үнэлгээ тогтоож, АМНАТ төлсөн баримт, тайлан авагдсан.
7.8.Гэтэл шүүх дээрх баримтыг үнэлэхгүйгээр манай компанийн Татварын албанд 2019 оны 04 сарын 01-ний өдөр тусгай зөвшөөрөлгүй татвар төлөгчөөр бүртгүүлсэн үйлдэлд, мөн “А...” ХХК-ны оршин суугч бус этгээдэд худалдсан 15 тонн төмрийн хүдрээс 9,958.90 тонн төмрийн хүдрийг 2019 оны 6, 7 сард тээвэрлэсний дагуух гаалийн мэдүүлэгт тулгуурлан ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан буюу экспортолсон гэж хуулийг буруу тайлбарлахаас гадна Үндсэн хууль зөрчсөн хуулийг хэрэглэж, улмаар 2019 оны 11 сарын 25- ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан хуулийг манай компанийн 2019 оны 6, 7 сарын үйлдэлд буцаан хэрэглэж экспортлогч гэж үзэж татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.
7.9.Ашигт малтмалын тухай хуулийн 47.6-д ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах. тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батлахаар заасан ба журмыг Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолоор баталж 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдүүлсэн байдаг. Гэтэл шүүхүүд татвар ногдох орлогыг нэмэгдүүлэн тооцсонтой холбоотой маргааныг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэж шийдвэрлэх зарчимд нийцүүлээгүй, Засгийн газрын 2019 оны 342 дугаар журам 2019 оны 09 сарын 04-ний өдрөөсөө эхлэн үйлчлэх байхад 2019 оны 6, 7 сард ачуулсан төмрийн хүдэрт ... хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.
7.10.Ашигт малтмалын тухай хуулийн 2019.11.22-ны өдрийн 47.5 дахь хэсгийн өөрчлөлтийг 2019.11.25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх тул манай компанийн үйл ажиллагаанд хэрэглэхгүй юм. ... Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын хавсралтыг үндэслэж тайлан гаргасан нь хууль зөрчөөгүй. Мөн манай компани 2019 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайландаа тухайн оны тээвэрлэлтийн ажилтай холбогдох 898,019.100 төгрөгийн орлоготой үүнээс 97,603,700,70 төгрөгийн зарлагыг бүхэлд нь тусгасан. Энэ орлогоос 2019 оны тээвэрлэлтийн гэрээний 449,834,303.37 төгрөгийн орлогын хэсгийг АМНАТ-ын тайланд тусгагдсан” гэх зэрэг агуулгаар гомдол гаргасан.
8. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 246 дугаар тогтоолоор нэхэмжлэгч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
9. Хариуцагч Б.М, Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, Б.Д нарт 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчээс хяналтын журмаар гаргасан тухай мэдэгдэж, гомдлыг цахимаар тус тус хүргүүлжээ. Хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
10. Нэхэмжлэгч “А” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тусгай зөвшөөрөлгүй татвар төлөгчөөр бүртгэгдсэн хуулийн этгээд бөгөөд 2019 оны 6, 7 дугаар сард 9,958.90 тонн төмрийн хүдрийг өөрийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийн улсын хилээр тээвэрлэн гаргасан, талууд уг үйл баримттай маргаагүй, харин тухайн 9,958.90 тонн төмрийн хүдрийн хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч мөн эсэх талаар буюу Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1 дэх заалтуудыг холбогдуулан хууль хэрэглээний асуудлаар маргасан байна.
11. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг маргааны үйл баримтуудад буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
12. Хэрэгт авагдсан баримтуудаар 2019 оны 6, 7 сард 9,958.9 тонн төмрийн хүдрийг улсын хилээр тээвэрлэн гаргасан, уг төмрийн хүдэр нь “Д......” ТӨХК, “А...” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 03 сарын 21-ний өдрийн AODE-GPCSP-2019/33 дугаартай “Сэлбэг худалдах, худалдан авах ерөнхий гэрээ”, “А...” ХХК, “Ш...экспорт, импортын худалдааны компани”-ийн хооронд байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн AODE-OС -2019/14 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу уг төмрийн хүдрийг олборлогч “Д......” ТӨХК-иас “А...” ХХК-нд, “А...” ХХК-иас “Ш...экспорт, импортын худалдааны компани”-д худалдагдсан бөгөөд тухайн тохиолдолд “А” XXК нь уг төмрийн хүдрийг тээвэрлэн улсын хилээр гаргасан, ингэхдээ өөрийн нэрээр гаалийн бүрдүүлэлтийг хийсэн, эдгээр үйл баримтуудтай талууд маргаагүй байна.
13. Нэг. Ашигт малтмалын тухай (2006) хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1 дэх хэсгийн зохицуулалтуудын талаар буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч мөн эсэх талаар маргааны тухайд:
14. Уг зохицуулалтын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч” бөгөөд өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбай, уурхайн эдэлбэрээс ашигт малтмал олборлосон, уг олборлосон ашигт малтмалаа худалдсан, худалдахаар ачуулсан, эсхүл бусдад худалдахгүйгээр өөрөө ашигласан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр, хэрэв тухайн этгээд ашигт малтмалын бүтээгдэхүүүнийг экспортод гаргасан бол “... зах зээлийн үнийг баримтлан” борлуулалтын үнэлгээг тогтоохоор зохицуулсан байжээ.
15. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч” эсэхээс үл хамааран ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бол төлбөр төлөхөөр болсон, уг заалтыг хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх зохицуулалттай логик агуулга, системчлэлийн хувьд уялдуулан авч үзвэл, ашигт малтмалыг худалдах эсхүл ашиглах үйл ажиллагааны хүрээнд экспортод гаргасан бол борлуулалтын үнэлгээг тогтоохдоо зах зээлийн үнийг баримтлах агуулгатай гэж үзнэ.
16. Өөрөөр хэлбэл, хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх заалт нь “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч”-ийг тодорхойлсон агуулгагүй, борлуулалтын үнэлгээг хэрхэн тогтоохыг журамласан агуулгатай тул уг зохицуулалт нь мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тодорхойлсон “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч”-д хамааралтай буюу тухайн цаг хугацаанд, ашигт малтмал худалдаагүй, худалдахаар ачуулаагүй, ашиглаагүй этгээдэд хамаатуулан хэрэглэхгүй, анхан болон давж заалдах шатны шүүхүүд Ашигт малтмалын тухай хуулийн эдгээр заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
17. Иймд, хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх хэсгийн зохицуулалтыг үндэслэж, “ашигт малтмал экспортод гаргасан тул төлбөр төлөгч гэж үзнэ” гэх агуулгаар маргаан бүхий актыг гаргасан нь хуульд нийцээгүй, 2019 оны 6, 7 дугаар сард улсын хилээр тээвэрлэн гаргасан 9,958.90 тонн төмрийн хүдрийн хувьд “А” ХХК ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч биш, энэ талаарх нэхэмжлэгч талын гомдол үндэслэлтэй.
18. Өөрөөр хэлбэл, “ашигт малтмал экспортод гаргасан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх” хуулийн зохицуулалт 2019 оны 6, 7 дугаар сард байгаагүй, хариуцагч нар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д ““экспортод бүтээгдэхүүн гаргасан бол...” гэснийг үндэслэж, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар 2019 оны 6, 7 дугаар сард ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу төлсөн гэх агуулгаар акт тавьсан нь үндэслэлгүй байна.
19. Түүнчлэн мөн хуулинд “47.16. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө: 47.16.1. худалдсан, худалдахаар ачуулсан; 47.16.2. экспортолсон; 47.16.3. өөрийн хэрэгцээнд ашигласан” гэж нэмсэн, харин 47 дугаар зүйлийн 47.2.1-д заасан “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлах” зохицуулалтад ямар нэг өөрчлөлт ороогүй.
20. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж буй одоо хүчин төгөлдөр байгаа хуулиар “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, “ашигт малтмал экспортолсон этгээд”, “Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд" нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч бөгөөд төлбөр төлөгч этгээд нь худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс төлбөр төлөхөөр болсон байна.
21. Хоёр. Ашигт малтмал “экспортолсон этгээд” мөн эсэх талаарх маргааны тухайд:
22. а/ Хэрэгт авагдсан баримтуудаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Д......” ТӨХК нь маргааны үйл баримтад дурдагдаж буй 9,958.9 тонн төмрийн хүдрийг олборлож, “А...” ХХК-нд худалдсан, “А...” ХХК нь энэхүү төмрийн хүдрийг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн AODE-ОС-2019/14 дугаартай худалдах-худалдан авах гэрээгээр БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны “Ш...экспорт, импортын худалдааны компани”-д худалдсан, тухайн тохиолдолд “А” XXК нь уг төмрийн хүдрийг БНХАУ руу тээвэрлэх гэрээг “Ш...экспорт, импортын худалдааны компани”-тай байгуулж, уг гэрээний дагуу төмрийн хүдрийг тээвэрлэн улсын хилээр гаргасан, “А” ХХК нь улсын хилээр гаргаж буй төмрийн хүдэрт гаалийн бүрдүүлэлт хийжээ.
23. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.36-д “төлбөр гэж төрийн өмчийн газар, газрын хэвлий, байгалийн баялаг, ой, ургамал, рашаан, ашигт малтмал ... ашигласны ... төлөө аливаа этгээдээс авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг /ойлгох/”-оор заасан, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэг үүсгэж буй “ашигт малтмал экспортолсон этгээд” гэх ойлголтын хууль зүйн агуулга нь ашигт малтмалыг газрын хэвлийгээс салган авч гадаад улс руу худалдсан, худалдахаар ачуулсан, эсхүл ашигт малтмалыг дотоодын зах зээлээс худалдан авч гадаад улс руу худалдсан, худалдахаар ачуулсан” этгээдийг хамааруулах агуулгатай, харин худалдах, худалдан авах харилцааны явцад тухайн ашигт малтмалыг зөөсөн, тээвэрлэсэн этгээдэд хамааралгүй.
24. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд маргаан бүхий актад дурдсан төмрийн хүдэрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь төмрийн хүдрийг тээвэрлэн улсын хилээр гаргасан “А” ХХК биш, харин түүнийг гадаад улсад бүртгэлтэй компанид худалдсан этгээд, эсхүл дотоодын зах зээлээс худалдан авч өөрөө экспортод гаргаж байгаа этгээд буюу тухайн ашигт малтмалыг захиран зарцуулах эрх бүхий этгээд байх тул “ ... төмрийн хүдэр худалдаагүй, худалдах зорилгоор ачуулаагүй, БНХАУ-ын аж ахуй нэгжийн худалдан авсан төмрийн хүдрийг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн компанийг экспортлогч гэж үзсэн нь ... хуульд нийцээгүй” гэх агуулгатай нэхэмжлэгч талын гомдол үндэслэлтэй гэж үзлээ.
25. Нэхэмжлэгч “А” ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр татварын албанд “тусгай зөвшөөрөлгүй АМНАТ төлөгчөөр бүртгүүлсэн” нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх шууд үндэслэл биш, ашигт малтмалыг олборлосон болон түүнийг худалдах, худалдан авах гэрээний харилцаанд “худалдагч” эсхүл “худалдан авагч”-ийн эрх үүргийг хүлээж оролцоогүй этгээдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй гэж үзсэн нь буруу байна.
26. б/ Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "бараа гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс ... зэрэг хөдлөх эд хөрөнгө ... -ийг”, 3.1.7-д “гаалийн мэдүүлэг гэж мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах мэдээлэл агуулсан бичиг баримтыг”, 3.1.8-д “мэдүүлэгч гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг” ойлгохоор тус тус заажээ.
27. Нэхэмжлэгч “А” ХХК нь 2019 оны 6, 7 сард маргааны үйл баримтад холбогдох 9,958.9 тонн төмрийн хүдрийг улсын хил нэвтрүүлэхдээ гаальд мэдүүлж, бүрдүүлэлт хийсэн, хариуцагч нар уг баримтыг үндэслэж татварын нөхөн ногдуулалтын акт тавихдаа ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөх үүрэгтэй этгээдийг дээрх байдлаар буруу тодорхойлсон байх тул “... тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчөөр бүртгүүлсэн татвар төлөгчийн хувьд төмрийн хүдрийг экспортод гаргасан гэж гаалийн мэдүүлэг мэдүүлэн бүрдүүлэлт хийж, гаалийн байгууллагад мэдүүлсэн, үүгээрээ экспортод гаргасан төмрийн хүдрийг Сангийн яамнаас сар бүр мэдээлсэн экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг ашиглахгүйгээр хуулиар тогтоосон өсөн нэмэгдэх хувь тооцоогүй нь ... хууль зөрчсөн” гэх агуулгатай шүүхүүдийн дүгнэлт буруу байна.
28. Тодруулбал, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “Монгол Улсын гаалийн хилээр бараа нэвтрүүлэхээр мэдүүлсэн этгээд” гаалийн татвар төлөх үүрэгтэй гэж тусгайлан хуульчилсан байх тул барааг гаалийн хилээр нэвтрүүлэхээр мэдүүлсэн аливаа этгээд гаалийн албан татвар төлөх үүрэгтэй байна. Харин ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй этгээдийг Ашигт малтмалын тухай хуулиар тусгайлан зохицуулсан тул ашигт малтмалыг гаалийн хилээр нэвтрүүлсэн этгээдийг шууд “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч” гэж үзэхгүй юм.
29. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
30. Маргааны үйл баримтад холбогдох төмрийн хүдрийг гадаад улсын аж ахуйн нэгжид худалдан борлуулах замаар экспортод гаргасан бөгөөд экспортод гаргахдаа дутуу төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуульд заасан хувь хэмжээгээр бүрэн төлж төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй этгээдийг татварын байгууллага зөв тодорхойлж, татварыг нөхөн ногдуулахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай (2006) хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1-д заасныг баримтлан нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0151 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2023/0283 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Д.А нарын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн НА-...... дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэмээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Д.БАТБААТАР
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
[1] уг хуулийн 6 дугаар зүйлд “хуулийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх”-өөр заажээ.