Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00514

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00514

 

 

 

Э.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/02260 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Цгийн хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагчийн өмгөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгана.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Э.Ц 2012 оноос М ХХК, түүний охин компаниудад тооцооны нягтлан болон ерөнхий нягтлангаар 8 жил тасралтгүй ажилласан. 2018 оны 12 сараас М ХХК-д ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдсон. Тэрээр удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ хангалттай сайн биелүүлж байсан. 2019 оны 8 сард компанийн гүйцэтгэх захирлаар Г.М томилогдсоноос хойш өөрийн багаа бүрдүүлж нэхэмжлэгчийг ажлаа өгөхийг шахаж, дарамталж эхэлсэн. ... 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ажлын байран дээр бүх зүйлийг хураан авч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бич гэж албан тулгалт дарамт үзүүлсний улмаас аргагүй байдалд орж удирдлагын дарамтаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ хажууд нь бичиж өгсөн. Ажлаас халагдсан тушаалаа 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гардаж авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэлээс аль нь ч үүсээгүй байхад нэхэмжлэгчийг хууль бусаар шахаж дарамталж хүчээр өргөдөл бичүүлсэн. Нэхэмжлэгчийг хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн бол тэрээр ажлаас халагдсаны тэтгэмж авах байсан. Хөдөлмөрийн хууль, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажлаа хийж байгаа ажилтныг дарамт шахалтанд оруулж хүчээр ажлаас халсанд их гомдолтой байна гэжээ.

 2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Э.Ц өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн тул хуульд заасны дагуу ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Цгийн ажлаас үндэслэлгүйгээр халсан хууль бус тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин 44 624 813/дөчин дөрвөн сая зургаан зуун хорин дөрвөн мянга найман зуун арван гурав/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Э.Цгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1 Шүүх нэхэмжлэгчийг өөрийн сайн дураар хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй гэж дүгнэсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2 дах хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч ажлаас халсан тушаалыг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өөрөө очиж авсан. Хүний нөөцөөр ажиллаж байсан Ц.А 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч рүү вайбр /viber/-аар ажлаас халсан тушаал гарсан талаар зурвас бичиж мэдэгдсэн атлаа шүүх хуралд 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тушаалыг гардаж авсан гэж худал мэдүүлсэн нь хачирхалтай байна. Цар тахлын хөл хорионоос шалтгаалаад компанийн ажилчид цөөн тоогоор ээлжлэн ажиллаж байсан ба нэхэмжлэгч нь тушаалыг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө очиж авах боломжгүй байсан. Шийдвэрийн үндэслэл болсон Ц.Агийн мэдүүлэг эргэлзээтэй, өөр бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тушаалыг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гардаж авсан гэх баримт байхгүй. Гэрчээс хууль сануулж мэдүүлэг авсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Э.Ц хариуцагч М ХХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан М ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь хариуцагч М ХХК-д 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаасаа чөлөөлөгджээ. /хх8-11, 109/

4. Ажил олгогч нь тушаалын хууль зүйн үндэслэлээ нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарладаг. Харин хариуцагч удирдлагын дарамт шахалтаас болж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг аргагүй эрхэнд бичиж өгсөн, миний хүсэл зориг биш гэж үгүйсгэдэг.

Хэргийн 35 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн өөрийн гараар бичсэн өргөдөлд Энхсайхан овогтой Ц миний бие 2012 оны 04 сараас эхлэн ажилласан бөгөөд 2019 оны 10 сараас хойш удаа дараа тавьсан удирдлагын шийдвэрээр ажлаас өөрийн хүсэлтээр гарах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Ажилтан санаачилсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан зохицуулалт нь тухайн ажилтан гадны болон ажил олгогчийн зүгээс ямар нэгэн дарамт шахалтгүйгээр өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ цуцлах өргөдлөө ажил олгогчид гаргасан нөхцөлд хэрэглэгдэнэ.

Нэхэмжлэгчийн өргөдлийн 2019 оны 10 сараас хойш удаа дараа тавьсан удирдлагын шийдвэрээр ажлаас өөрийн хүсэлтээр гаргах хүсэлтэй байгаа гэсэн хэсэг, гэрч Г.Тэмүүлэнгийн ... Э.Ц ажлаасаа хүчээр албадаж халагдахыг өөрийн нүдээр харсан. ТУЗ-ийн дарга н.Чулуунбаатар Э.Цд чи энд яагаад одоо хүртэл ажиллаж байгаа юм бэ гэж хэлсэн, тухайн үед шинэ захирал томилогдсон байсан, шинэ захирлын бүтэц орж ирсэн, бүгд ажлаас халагдаж эхэлсэн, бүгд удирдлагын дарамтаас болж өргөдлөө өгч гарсан ... гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачлага гаргаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. /хх165-166/

5. Харин шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо зөвхөн гэрч Ц.Агийн мэдүүлэгт үндэслэж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь буруу. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Гэрч Ц.Агийн мэдүүлгийг үзэхэд хариуцагчийн өмгөөлөгчийн .., энэ тушаал 2020.02.27-ны өдөр гарсан уу, .., Э.Цгийн тушаал анх түүний өргөдөл өгсөн өдөр буюу 2020.02.21-ний өдөр тавдахь өдөр гарсан юм байна зөв үү ..., энэ тушаалыг та Э.Цд өөрөө гараараа өгсөн үү .., гэх асуултад тийм гэж хариулсан байх боловч хэрхэн гардуулсан, яагаад баримт үйлдээгүй талаар мэдүүлээгүй байна. /хх152-155/

 

Өөрөөр хэлбэл Ц.Агийн дээрх мэдүүлэг өөр бусад баримтаар нотлогдоогүй, Ц.А нь ажил үүргийн хувьд байгууллагын хүний нөөцийн ажилтан учраас түүний мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэхэд учир дутагдалтай болно. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ нотолсон өөр баримтыг ирүүлээгүй байна.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан.

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гардаж авсан талаарх баримт хэрэгт байхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй. Ажил олгогч уг үүргээ хэрхэн биелүүлсэн нь тодорхойгүй байхад ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гардаж авах байсан гэж буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөх тушаалыг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гардаж аваад 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан гэх тайлбарыг хариуцагч баримтаар няцааж чадаагүй. Иймд нэхэмжлэгч нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй, ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаал хууль бус болох нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Э.Цг М ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.

7. Ажил олгогчийн дээрх хууль бус тушаалын улмаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 24 сар 14 хоног байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Цалин хөлс тодорхойлох журам-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан үеийн 1 сард авах цалин хөлсийг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод бичигдсэн түүний тогтмол авч байсан 2019 оны 9, 11, 12 сарын дундаж цалин хөлсөөр тооцоход нэг сарын цалинтай тэнцэх олговор 2,383,903 төгрөг, ажлын 1 хоногт 110,879 төгрөг байх ба нийт 24 сар 14 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 58,765,980 төгрөг байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/02260 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Цг М ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч М ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 58,765,980 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Цд олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч М ХХК-д даалгасугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

А.МӨНХЗУЛ