Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
Хэргийн индекс | 183/2018/03183/И |
Дугаар | 210/МА2022/00648 |
Огноо | 2022-04-06 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2022/00648
2022 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 210/МА2022/00648 |
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/00049 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч Н ХХК, Э.Н нарт холбогдуулан гаргасан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
1.1 Нэхэмжлэлийн шаардлага: М ХХК, Н ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан улсын бүртгэлийн ........... дугаарт бүртгэлтэй .......... аймгийн .......... сумын 1 дүгээр багт байрлах 218.2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийн гэрчилгээний №............. дугаартай 458 м.кв газрыг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна.
1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Л.Л нь М ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2014 оны 12 дугаар сараас 2017 оны 08 дугаар сарыг хүртэл хугацаанд ажиллаж байхдаа иргэн Э.Нтэй хуйвалдан Н ХХК-тай бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан. .......... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрээр иргэн Л.Л, Э.Н нараас 22,135,254 төгрөг хувь тэнцүүлэн гаргуулж Н ХХК-д олгох, барьцааны гэрээнд заасан улсын бүртгэлийн ........... дугаарт бүртгэлтэй .......... аймгийн .......... сумын 1 дүгээр багт байрлах 218.2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, №............. дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 458 м.кв газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Уг хэрэгт М ХХК-ийг хариуцагчаар татаагүй. байна. М ХХК энэ талаар 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгө битүүмжлэх үед мэдсэн. Уг мөнгийг Э.Н, Л.Л нар хувьдаа захиран зарцуулсан. Э.Н нь нэхэмжлэгч компанид менежерээр ажилладаггүй. Барьцааны гэрээгээр нэхэмжлэгч компани байгуулаагүй. .......... аймгийн бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар барьцаа хөрөнгөөр бүртгэгдээгүй болох нь тогтоогдсон. 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэгж талбарын ............. дугаартай, 458 м.кв газрын гэрчилгээг .......... аймгийн .......... сумын газрын алба гаргаж өгсөн. Хэрэв уг газар нь энэ үед барьцаанд байсан бол нэхэмжлэгчид газрын гэрчилгээ шинээр олгогдохгүй байсан. Л.Л барьцааны гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш бөгөөд компанийн дүрмээр Б.Энхцацрал хувьцаа эзэмшигч юм. Компанийн зүгээс Э.Нд барьцааны гэрээ байгуулах итгэмжлэл олгоогүй. Барьцааны гэрээг хэлцэл хийх эрхгүй этгээдтэй байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь гэрээ хууль бус болохыг нотолж байна. Түүнчлэн газар эзэмших эрхийг барьцаалахдаа Газрын албанаас зохих зөвшөөрөл аваагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Н ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулгад: Н ХХК 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр М ХХК-д 21,756,836 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож барьцааны гэрээг байгуулсан. Харин тухайн барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэл .......... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчээр ажиллаж байсан Д.Отгонцэцэгийн буруутай үйл ажиллагаанаас болж бүртгэгдээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон учир барьцааны гэрээг улсын бүртгэлд нөхөж оруулах боломжгүй гэж мэдэгдсэн. .......... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 516 дугаар шийдвэрээр уг маргааныг хянан шийдвэрлэж, барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн ........... дугаартай .......... аймгийн .......... сумын 1 дүгээр багт байрлах 218.2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, №............. дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 458 м.кв газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. .......... аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дах хэсэгт заасны дагуу М ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Л нь тус компанийг төлөөлөн худалдах, худалдан авах гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан. Уг гэрээг байгуулах үед буюу 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Л.Л М ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Талуудын хооронд хийгдсэн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэрээ мөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Э.Нийн тайлбарын агуулгад: ... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
4. Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч Н ХХК-д холбогдох зохигчдын хооронд 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 307.950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.
5.1. Үйл баримтын талаар
5.1.а. Хариуцагч Э.Н Улсын дээд шүүхээс хэргийг буцаасны дараа нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Э.Н нь тухайн барьцааны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд түүнд олгосон итгэмжлэлд ... гэрээг гэрчлүүлэх, бүртгүүлэх, төлбөр тооцоог хийх.... эрхүүдийг шилжүүлсэн.
5.1.б. .......... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 516 дугаар шийдвэрээр М ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Л, менежер Э.Н нараас хувьд тэнцүүлэн 22,135,254 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь төлбөрийг хувь хүмүүст хүлээлгэжээ. Шүүхийн шийдвэрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд төлбөр төлөгч нь Л.Л, Э.Н нар болох нь тогтоогддог.
5.1.в. Барьцааны зүйл болох .......... аймгийн .......... суманд байрлах ............... тоот гэрчилгээтэй, нэгж талбарын ............. дугаар бүхий 458 м.кв газар эзэмших эрхийг барьцаалуулах тухай Сумын газрын даамалд мэдэгдэж бүртгүүлээгүй. Мөн эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон болохыг шүүх шийдвэртээ дурьдсан атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Уг зохицуулалт нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байхыг шаардахаас гадна нийтэд илэрхий үйл баримт байхыг шаардсан байдаг. Гэтэл .......... аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт Хариуцагч М ХХК-ний гүйцэтгэх захирал Л.Л шүүхэд бичгээр өгсөнхариу тайлбартаа:...Манай байгууллагыг төлөөлжгэрээ байгуулсан Э.Н нь .......... аймгийн .......... суманд хүнсний дэлгүүр ажиллуулахаар болж компаний нэр дээр бараа бүтээгдэхүүн авсан юм... гэснээс үзвэл манай компанитай ямар ч хамааралгүй, Л.Л нь Э.Н гэгчтэй хуйвалдаж хувийн хэрэгцээндээ зориулан бараа худалдан авсан, барааны төлбөрийн үүргийн гүйцэтгэлд М ХХК-ийн хөрөнгийг барьцаалахаар тохиролцсон нь компанийн ашиг сонирхолд үл нийцэх үйлдэл болох нь тодорхой байна. Уг шийдвэрээр худалдах худалдан авах гэрээний төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн. Харин барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хэргийн оролцогчид маргаагүй тул энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Иймээс барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай маргааныг хянан шийдвэрлэсэн шийдвэр биш. Иймд төлбөр төлөгч хувь хүмүүсийн үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл болгосон М ХХК-ийн хөрөнгөд хууль бусаар үүрэг ногдуулж хийсэн хэлцлийн талаар шаардлага гаргах эрхийг дээрх шүүхийн шийдвэр хязгаарлахгүй.
5.1.г. .......... аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс өөрийн ажилтны буруутай үйл ажиллагааг хүлээн зөшөөрсөн агуулгатай албан бичиг ирүүлсэн байхад шүүх Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар бүртгэлийг үнэн зөвд тооцно гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан. Учир нь барьцааны гэрээг бүртгүүлэх мэдүүлгийг тухайн байгууллагын албан тушаалтан хүлээн авсан гэж үзвэл улсын бүртгэлд бүртгээгүй эс үйлдэл нь Иргэний хуулийн 498.1 дэх хэсэгт хамааралтай. Хариуцагч нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаварыг буруутай этгээдээс шаардах нь зүйтэй.
5.1.д. .......... аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад заасан барьцааны хөрөнгө нь Шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтад 458 м.кв газрын хамт гэж заасан нь барьцааны гэрээнд дурьдсан хөрөнгө биш байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлийн мэдүүлгийг тухайн хөрөнгийн өмчлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргана гэж заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагад тухайн мэдүүлгийг хэн гаргасан нөхцөл байдал тодорхойгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл болохыг шүүх дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжпэлийн шаардпагыг хангаж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Энэ маргаан нь .......... аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдээд, тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. .......... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтны алдаанаас болж энэ хэрэг сунжирсан. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. .......... аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй атлаа одоо маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Н ХХК барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх ажиллагааг хууль ёсны дагуу хийсэн. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй асуудал нь Н ХХК-ийн буруутай үйл ажиллагаа бус .......... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтны буруутай үйл ажиллагаанаас болсон. Хариуцагч Э.Н нэхэмжлэлийг дэмжсэн агуулга бүхий хариу тайлбар гаргасан боловч түүний тайлбар хэрэгт ач холбогдолгүй. Барьцааны гэрээг М ХХК-тай байгуулсан болохоос Э.Нтэй байгуулаагүй. Иймд давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч М ХХК хариуцагч Н ХХК, Э.Нд холбогдуулан 2015 оны 05 дугаарсарын 29-ний өдрийн TtB/15/1253 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжилж, шаардлагын үндэслэлээ М ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Л компаниас зөвшөөрөл аваагүй, мөн Э.Нд компанийн өмнөөс барьцааны гэрээ байгуулах эрх олгоогүй байхад компанийн хөрөнгийг дур мэдэж барьцаалсан, уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй хуульд заасан хэлбэрийн шаардлагыг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56.1.8, 156.3 дах хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж тайлбарласан.
3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
4. М ХХК 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Н ХХК-тай бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлд тус компанийн өмчлөлийн .......... аймгийн .......... сум 1-р баг, 218.2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 458 м.кв газрыг барьцаалсан байна. .......... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 516 дугаар шийдвэрээр Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, М ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Л, менежер Э.Н нарт холбогдох худалдах, худалдах авах гэрээний үүрэгт 22,135,254 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлээд М ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Л, менежер Э.Н нараас нийт 22,135,254 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Н ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд нэрлэн заагдсан дээрх хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэжээ. Шүүхийн уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Л.Л, Э.Н нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүйн улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, улмаар барьцааны хөрөнгийг битүүмжилсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх 10-11, 20, 43-47, 69-72/
4.а. Нэхэмжлэгчийн ... М ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Л барьцааны гэрээг байгуулахдаа компаниас зөвшөөрөл аваагүй, Э.Нд компанийн өмнөөс барьцааны гэрээ байгуулах эрх олгоогүй байхад компанийн хөрөнгийг дур мэдэж барьцаалсан гэх тайлбар үндэслэлгүй.
2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг байгуулах үед Л.Л нь М ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан болох нь хэрэгт авагдсан тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. Тэрээр компанийн гүйцэтгэх захирлын хувиар бусад этгээдтэй гэрээ байгуулсан нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8 дах хэсэг, тус компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзэв. Нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлын эрх үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаарын талаар хувьцаа эзэмшигчтэй байгуулсан гэрээ болон холбогдох нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байна. /хх5/
4.б. Анхан шатны шүүхээс талуудын хооронд хийгдсэн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 218.2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 458 м.кв талбай газрын эзэмших эрхийг барьцаалсан гэрээний талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, улсын бүртгэгчийн эс үйлдэхүй буюу хариуцлагагүй байдлаас болж барьцаалагч хохирох үндэслэлгүй бөгөөд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарчээ.
Компанийн эрх бүхий албан тушаалтан компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасан эрх мэдлээ хэтрүүлж хохирол учруулсан бол Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.6 дах хэсэгт зааснаар нөхөн төлөх үүрэгтэй, мөн хуулийн 84.7 дахь хэсэгт зааснаар компанийн эрх бүхий этгээд шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрхэд энэ магадлал саад болохгүй.
Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн анхан шатны шүүх газар эзэмших эрхийг барьцаалах журам зөрчсөн нөхцөл байдал, Л.Лийн Э.Н гэгчтэй хуйвалдаж хувийн хэрэгцээндээ зориулан бараа худалдан авсан, барааны төлбөрийн үүргийн гүйцэтгэлд М ХХК-ийн хөрөнгийг барьцаалахаар тохиролцож компанийн ашиг сонирхолд үл нийцсэн үйлдэл гаргасан, .......... аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс өөрийн ажилтны буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн агуулгатай албан бичиг зэргийг буруу үнэлсэн гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын талаар холбогдох байгууллагад нь гомдол гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.
5.а. М ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Лоос 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Э.Нд Номинфүүдс ХХК-тай бараа бүтээгдэхүүний гэрээ хэлцэл хийх, гэрээнд гарын үсэг зурах, гэрээг гэрчлүүлэх, бүртгүүлэх, төлбөр тооцоог хийх, холбогдох бичиг баримтанд гарын үсэг зураг бүрэн эрхийг олгосон байх уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 63, 64 дүгээр зүйлд нийцсэн байна. Э.Н нь тус итгэмжлэлийн хүрээнд 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээнд худалдан авагч талыг төлөөлж гарын үсэг зурсныг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, хууль зөрчсөн хэлцэл гэж үзэхгүй бөгөөд энэ гэрээний хүрээнд хариуцагч Э.Н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй. /хх16/
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/00049 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
А.МӨНХЗУЛ