Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 5662

 

 

 

 

 

   2016 оны 09 сарын 05 өдөр

       Дугаар 101/ШШ2016/05662

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                              

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.М нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А ХХК холбогдох

 

Урьд эрхэлж байсан архитекторын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор 5,545,300 төгрөг гаргуулах, 2016 оны 01 дүгээр сараас 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх аваагүй цалин хөлс 10,200,000 төгрөг гаргуулах, ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0248/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, хариуцагчийн өмгөөлөгч О.******* /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0127/, гэрч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

                   

Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие “*******” ХХК-д 2014 оны 7 дугаар сард архитектор мэргэжлээр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчил болон алдаа дутагдал гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн гэрээгээр үндсэн цалинг 800,000 төгрөг, нэмэгдэл цалинг cap бүр 1,200,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийн цалинтай байхаар гэрээ байгуулсан. Ажил олгогч нь сүүлийн үед ажлын байр тоног төхөөрөмжөөр хангахгүй, комьпютер хурааж аван ажиллах боломжгүй болгосон. 2016 он гараад ажилласан цалинг хэдэн сараар олгоогүй. Цалингүй ажиллуулж мөнгө орж ирэхээр өгнө гээд ажилчдын эрхийг зөрчиж байна. 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн захирлын 01/16 тоот ажлаас халах тушаалыг ажилтан би хууль зөрчин үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн ажилчдын нийгмийн даатгалыг ажил олгогч нь хуульд заасан хувь хэмжээгээр холбогдох газар нь төлөөгүйгээс нийгмийн даатгалын сангаас авах ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадахгүйд хүрч байна. Миний бие 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан бөгөөд цалингаа огт аваагүй болно. Сул зогсолтын талаар надад мэдэгдээгүй болно.

Хариуцагч нь 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01/16 дугаартай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг бариагүй тул уг хуулийг зөрчсөн гэж үзнэ. Тушаалын агуулгаас харвал Б.*******г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлд хамааруулсан гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн гэрээнд цалин хөлсний талаар харилцан тохирсон бөгөөд 2,000,000 төгрөгийн цалин авч байсан болох нь хариуцагч байгууллагын тодорхойлолтоор тогтоогдоно.  Ажилгүй байсан хугацааны цалин яагаад 5,545,300 төгрөг болж байгаа вэ гэхлээр нэхэмжлэгч 1 сарын хугацаанд 2,000,000 төгрөгийн цалин авдаг бөгөөд 2 сар 17 хоногийн цалинг тооцсон.

Иймд Б.*******г урьд эрхэлж байсан архитекторын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор 5,545,300 төгрөгийг гаргуулж, 2016 оны 01 дүгээр сараас 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх аваагүй цалин хөлс 10,200,000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү.

Нэхэмжлэлээс Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.

                                           

Хариуцагч “*******” ХХК, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, өмгөөлөгч О.******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Улс орны эдийн засгийн хүндрэл барилгын салбарт шууд нөлөөлж барилгын салбарын үйл ажиллагаа зогсолтонд орсны улмаас “*******”ХХК-д хөлсөөр гүйцэтгэх зураг төслийн ажил олдохгүй болсон бөгөөд үүний улмаас ажилчдаа цалинжуулах аргагүй байдалд хүрсэн. Нэхэмжлэгч энэ нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа бөгөөд тус компани нь ажил олдохгүй тохиолдолд цаашид ч орон тоог цомхотгох, ажилтны тоог цөөрүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авах шаардлага тулгарч байна. Б.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дээрх үндэслэлээр цуцалсан бөгөөд 1 сарын өмнө амаар мэдэгдсэн, ажилд эгүүлэн авах боломжгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ажилгүй байсан хугацааны цалинг 2,000,000 төгрөгөөс тооцох үндэслэлгүй юм. 

2016 оны 01 дүгээр сараас халагдах хүртэлх хугацааны цалин нийт 10,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас дараах хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Б.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалингийн хэмжээг 800,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд “*******”ХХК-ийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05/15 дугаар тушаал гарснаар ажилтнуудад үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх хэмжээний сул зогсолтын олговор олгохоор шийдвэрлэсэн болно. Иймд энэ тушаалыг үндэслэн Б.*******д дээрх хугацааны олговорт 2,596,363 төгрөгийг олгох боломжтой бөгөөд үүнтэй холбоотой нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын зохих бичилтийг хийж өгөх болно гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан архитекторын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор 5,545,300 төгрөг гаргуулах, 2016 оны 01 дүгээр сараас 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх аваагүй цалин хөлс 10,200,000 төгрөг гаргуулах, ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай гомдлын шаардлага гаргасан.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд “ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах” тухай шаардлагаасаа татгалзсан тул татгалзлыг батлах нь зүйтэй юм.

 

Хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, сул зогсолтын олговорт 2,596,363 төгрөгийг олгох боломжтой гэж маргаж байна.

 

“*******” ХХК-ийн захирлын 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01/16 дугаартай “Ажлаас халах тухай” тушаалаар “Тус компанид архитектор мэргэжлээр ажилласан байсан Б.*******г манай байгууллага Монгол Улсын эдийн засгийн хямралаас шалтгаалан ажлаар хангаж цалинжуулж чадахгүй болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй …” гэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01/16 дугаартай тушаалыг нэхэмжлэгч нь хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байх тул энэхүү хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч Б.******* нь хэтрүүлээгүй байна.

 

Хариуцагч нь дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “…ажилтны тоог цөөрүүлсэн” гэсэн үндэслэлд хамааруулсан гэж тайлбарлаж байна.

Энэхүү үндэслэлээ Монгол Улсад бий болоод буй эдийн засгийн хямралтай холбон тайлбарлаж байгаа боловч энэ нөхцөл байдал нь архитекторын орон тоог тодорхой тоогоор багасгах үндэслэл болсон эсэх, энэ талаар тодорхой эрхийн акт гараагүй, түүнчлэн уг үндэслэлээр ажлаас чөлөөлөх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлээгүй байна.

 

Хариуцагч дээр дурьдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөх болсныг нэхэмжлэгчид амаар мэдэгдсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Эдгээрээс үзвэл дээрх 01/16 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

Зохигчдын хооронд 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “Ажиллагсадтай байгуулах хөдөлмөрийн гэрээ”-г 10 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд энэхүү гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 21.4, 21.7-д тус тус заасантай нийцэж байна.

 

Нэхэмжлэгч Б.******* нь ажилгүй байсан 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ажилгүй байсан 2 сар 17 хоног буюу шүүх хуралдаан хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,545,300 төгрөг нэхэмжилжээ.

 

2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ажлын 57 хоног байна.

 

Дээрх хөдөлмөрийн гэрээний 3.5-д “Цалин хөлсийг тогтмол 800,000 төгрөгөөр, 1,200,000 төгрөгийг нэмэгдлээр тогтоож, сар болгоны 10, 25-нд олгохоор тохиролцов” гэж заасан, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасан хуулийн зохицуулалтад нийцэж байх бөгөөд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг 2,000,000 төгрөгөөс тооцох үндэслэлтэй юм. 

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтаны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж зааснаар дундаж цалин хөлс 2,000,000 төгрөгийг ажлын 21.5 өдөрт хуваахад 1 өдрийн цалин хөлс нь 93,023.2 төгрөг гарч байх бөгөөд үүнийг ажилгүй байсан 57 хоногоор тооцоход 5,302,322.4 төгрөг гарч байна.

 

Хариуцагч “*******” ХХК-ийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05/15 дугаартай “Сул зогсолтын олговор олгох тухай” тушаал гарч, тушаалаар 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн эдийн засгийн таатай орчин бүрдэж ажил олдох хүртэл тус байгууллагын ажилчдад сул зогсолт зарлаж, сул зогсолтын үеийн олговрыг үндсэн цалингийн 60 хувиар бодож олгохоор, энэ үеийн нийгмийн даатгалын тайланг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тайлагнахыг нягтлан бодогчид үүрэг болгожээ.

 

Энэхүү тушаалд заасны дагуу харьяа нийгмийн даатгалын байгууллагад 2016 оны 01-06 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хариуцагч байгууллага нь тайлагнасан болох нь хэрэгт авагдсан тайлангууд, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.******* нь сул зогсолтын талаар мэдэгдээгүй, 2016 оны 01 дүгээр сараас 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилаа хийж байсан гэх боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэхүү нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул ажилласан хугацааны цалин 10,200,000 төгрөг нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна. 

 

Харин дээр дурьдсанчилан Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар “*******” ХХК нь сул зогсолт зарласан байх тул үндсэн цалин 800,000 төгрөгөөс тооцож сул зогсолтын олговорт 2,596,363 төгрөгийг олгох боломжтой гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгуулах шаардлага гаргасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар энэхүү шаардлага нь үндэслэлтэй юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр “*******” ХХК-ийн архитекторын ажил, албан тушаалд Б.*******г эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,302,322.4 төгрөг, сул зогсолтын олговорт 2,596,363 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, зохих журмын дагуу дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                              

ТОГТООХ нь:

    

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******г урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу “*******” ХХК-ийн архитекторын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 5,302,322.4 төгрөг, сул зогсолтын олговорт 2,596,363 төгрөг, нийт 7,898,685.4 /долоон сая найман зуун ерэн найман мянга зургаан зуун наян таван төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч “*******” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгож, Б.*******гийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, зохих журмын дагуу дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 141,328 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Нэхэмжлэгч Б.******* нь “ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ