Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 487

 

МАГАДЛАЛ

 

2017.02.15                                              Дугаар 487                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Г.Ганбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 101/ШШ2016/06969 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Ганбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Мөнхбат, С.Бавуудовжий нарт холбогдох,

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 10 341 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Цэцгээ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч : Б.Манлайжав,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтүвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Эрүүгийн 201324000588 тоот хэрэг үүсч, 2013 оны 7 дугаар сарын 09-ны өдөр Тээврийн прокурорын 400 дугаартай тогтоол гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөргөсөн 28-90 УБЕ тээврийн хэрэгслийн өмчлөгч нь С.Бавуудовжий ба тухайн үед түүний хүргэн болох Г.Мөнхбат жолоодож явсан. Авто аваарийн улмаас миний баруун хөлийн дунд чөмөг хугарсан, хүзүүний С-5 гэх нугалам шахагдаж хугарсан, баруун гарын алга бяцарсан. Ингээд Г.Ганбаяр нь хагалгаанд орж эмчилгээний зардалд Г.Мөнхбатын зүгээс 3 263 000 төгрөгийг төлсөн. Энэ төлбөр нь 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон төлбөр болно. Хагалгаанд дунд чөмөгт төмөр орлуулж хийсэн ба уг төмрийг 2016 оны 01 дүгээр сард солих шаардлагатай болж 2016 оны 01 дүгээр сарын   16-ны өдөр Монгол Хьюндай эмнэлэгт дахин хагалгаанд орж, сүүжний яснаас авч дунд чөмөгний ясыг зохих хэмжээгээр нөхсөн. Хагалгааны зардалд хагалгааны төлбөр               5 770 000 төгрөг, эмчилгээ үзлэг зурагны төлбөрт 338 500 төгрөг, ясны бэхжилтийн эмийн төлбөр 96 000 төгрөг, нотариатын зардал 7 000 төгрөг, архиваас материал хуулбарласны төлбөр 10 000 төгрөг, 1 жилийн дараа дунд чөмөгний ялтас, түгжээ авах мэс заслын төлбөрт 4 040 000 төгрөг, шатахууны төлбөр 80 000 төгрөгийг тус тус зарцуулсан. Одоо биеийн байдал тааруу 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувь тогтоолгож группт орсон. Миний хувьд залуугаараа хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон ба тэр тусмаа эзэмшсэн циркийн мэргэжлээрээ ажиллах ямар ч боломжгүй болж эдийн засаг болон сэтгэл санааны хохирол амсаж байна. Иймд хариуцагч нараас дээрх эмчилгээний зардалд 10 341 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Мөнхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 28-90 УБЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Г.Ганбаярыг мөргөж хохирол учруулсан. Тухайн үед эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж хохирогчтой тохиролцож эвлэрсэн ба 4 248 000 төгрөг төлсөн. Энэ талаархи баримтыг хэрэгт өгсөн. Мөн мотоциклын засварт 800 000 төгрөг төлсөн. Тухайн үед зам тээврийн осол гарахад хариуцагч Г.Мөнхбат хохирогч Г.Ганбаяртай эвлэрч эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болоход хохирогч гэм хорын хохиролд нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн байдаг. Г.Мөнхбат нь эмчилгээний зардал бусад зардлуудыг төлсөн ба тооцож үзэхэд 2 905 000 төгрөгийг илүү төлсөн гэж тайлбарладаг. Г.Ганбаяр анхны мэс засалд орсны дараа буюу 6 сарын дараа дахин мотоцикл унаж, мотоциклын уралдаан тэмцээнд оролцож байсан. Энэ талаар нотолсон гэрч н.Цэлмэгийн мэдүүлэг хэрэгт авагдсан байдаг. Шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн хөл 1.5 жилийн дотор бороолно гэж заасан байхад хохирогч өөрийн буруутай үйлдлээр буюу мотоцикл унаж, гам бариагүйн улмаас төмөр бэхэлгээ хугарч, дахин хагалгаа хийлгэсэн гэж үзэж байгаа тул нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар хэлдэг. Г.Ганбаярын дахин мэс засал хийлгэх болсон шалтгаан буюу төмөр бэхэлгээ хэрхэн яагаад хугарч, ганхах болсон талаар тодруулж нотлоогүй байж гэм хорын хохирол, гэм хор учирсан гэж үзэж дүгнэх боломжгүй. Гэмтэл согогын үндэсний төвийн эмч нараас би зөвлөгөө авахад хөл бороолж эдгэхэд ямар нэг байдлаар төлбөр тооцоо гарах үндэслэлгүй гэж хэлсэн. Хагалгаа хийлгэсэн төлбөрт          5 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй учир нь хагалгаа хийлгэсэн төлбөрт хэдэн төгрөг, бусад эмчилгээнд хэдэн төгрөг гарч бодитой хохирол хэдэн төгрөг       учирсан нь тодорхойгүй байгаа гэжээ.

Хариуцагч Д.Бавуудовжий шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Манай хүргэн Г.Мөнхбат 2890 улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ зам тээврийн осол гаргасан. Миний бие уг тээврийн хэрэгслийг бусдад худалдсан. Одоо өөрийн саажилттай охиныг харан гэртээ ажил эрхлээгүй байгаа. Төлөх төлбөрийн чадваргүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дугаар зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Мөнхбатаас 8 076 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ганбаярт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 265 000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч С.Бавуудовжийд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Г.Мөнхбатаас 144 174 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Дээрх 4 040 000 төгрөгийн зардалын тооцоог "Монгол Хюндай" эмнэлгээс тодорхойлсон ба Шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1343 дугаартай, дүгнэлтийн ж.з-д ГССҮТ -ийн ерөнхий захирлын 2016 оны 08 дугаар сарын     08-ны өдрийн №200/а тушаалд дунд чөмөгний хүзүү, гандан, доод засал/ титан түгжээтэй хадаас, шургийн хамт ЭМД-с санхүүжүүлсэн дүн 615 000 00 төгрөг, хувь хүнээр төлүүлэх дүн 209 500 00 төгрөг гэж заасан байна гэснээс үзэхэд дээрх 4 040 000 төгрөг зардалын тооцоо өөрчлөгдөх магадлалтай. Иймд шүүхээс бодитоор хийгдээгүй мэс заслын төлбөрийг урьдчилан гаргуулахаар шийдвэрлэсэн 4 040 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Г.Ганбаяр нь хариуцагч Г.Мөнхбат, С.Бавуудовжий нарт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 10 341 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2013 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 28-90 УБЕ тээврийн хэрэгсэлд мөргүүлж, баруун хөлийн дунд чөмөг хугарсан, хүзүүний С-5 гэх нугалам шахагдаж хугарсан, баруун гарын алга бяцарсан. Тээврийн хэрэгслийн өмчлөгч С.Бавуудовжийгийн машиныг Г.Мөнхбат жолоодож явсан. Хагалгааны төлбөр 5 770 000 төгрөг, эмчилгээ үзлэг зурагны төлбөрт 338 500 төгрөг, ясны бэхжилтийн эмийн төлбөр 96 000 төгрөг, нотариатын зардал 7 000 төгрөг, архиваас материал хуулбарласны төлбөр 10 000 төгрөг, 1 жилийн дараа дунд чөмөгний ялтас, түгжээ авах мэс заслын төлбөрт 4 040 000 төгрөг, шатахууны төлбөр 80 000 төгрөгийг тус тус зарцуулсны 10 341 500 төгрөгийг гаргуулах...” гэжээ.

Хариуцагч С.Бавуудовжий нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...төлбөрийн чадваргүй...” гэсэн бол хариуцагч Г.Мөнхбат нь “...эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байх үед нэхэмжлэгчид 4 248 000 төгрөг төлснөөр гомдол, хохиролгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Хагалгаа, бусад эмчилгээнд гарч болох зардал бодитой биш, хохирогчийн буруутай үйлдэл дахин хагалгаа хийхэд хүргэсэн байж болзошгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2013 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Г.Мөнхбат нь “Toyota RAV 4” маркийн, 28-90 УБЕ улсын дугаартай суудлын авто машиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 дахь заалтыг зөрчин, Г.Ганбаярын биед хүндэвтэр гэмтэл учруулсан, яллагдагч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирогч нь яллагдагчтай сайн дураар эвлэрсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, тухайн үед хариуцагчаас эмчилгээний зардалд 4 248 000 төгрөгийг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байна.

Дээрх байдлаас дүгнэвэл хариуцагч Г.Мөнхбат нь хууль бус, гэм буруутай үйлдлээр нэхэмжлэгч Г.Ганбаярын эрүүл мэндэд гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь зөв байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар, санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах ба нэхэмжлэгч Г.Ганбаярын эрүүл мэндэд учирсан гэм хороос хамаарч гарсан болон гарах зардлыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар төлөх үүрэгтэй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...бодитой хийгдээгүй мэс заслын төлбөрийг урьдчилан гаргуулахаар шүүхээс шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй...” гэж давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч Г.Ганбаяр нь “Монгол Хьюндай эмнэлэг”-т 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мэс засал хийлгэн эмчлэгдэж, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр эмнэлгээс гарсан, тус эмнэлгийн 26 тоот албан бичигт “...цаашид 1 жилийн дараа дунд чөмөгний түгжээт ялтас авах мэс засал хийлгэх шаардлагатай, уг мэс заслын төлбөр одоогийн мөрдөж байгаа үнийн дүнгээр 4 040 000 төгрөг болно...” гэснийг хариуцагч нар баримтаар няцааж чадаагүй тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар Г.Ганбаяр нь эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...бодитой хийгдээгүй мэс заслын төлбөрийг урьдчилан гаргуулахаар шийдвэрлэсэн 4 040 000 төгрөгийг хасч, шийдвэрт өөрчлөлт оруулах...” гэж давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/06969 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 79 590 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                          С.ЭНХТӨР

 

                                                                     М.НАРАНЦЭЦЭГ