Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 5657

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн УГ86061066 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо, Цайз 4-43 тоотод оршин суух Их Монгол овогт Чалхаажавын Мягмаржавын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд 5300762 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Маршал Жуковын гудамж 55/1 тоотод оршин байх “Тэлмэн констракшин” ХХК-нд холбогдох,

 

  Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 17.264.520 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батцэнгэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.  

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 06 сарын 20-ны өдөр “Тэлмэн констракшн” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ налайх хороололын 11 байр 1 дүгээр орц, 4 давхар 10 тоот 47.94 метр квадрат байр, 1 метр квадратыг 1.190.000 төгрөгөөр тооцоолж, нийт 57.048.600 төгрөгөөр худалдах авахаар болсон. Гэрээ байгуулсан өдрөө төлбөрийн 30.2 хувь болох 17.264.520 төгрөгийг төлсөн. Уг барилгыг 2014 оны 03-04 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар гэрээнд тусгасан байсан боловч өнөөдрийг хүртэл ашиглалтанд ороогүй байна. Энэ нь талуудын хооронд байгуулсан гэрээний 6.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч тал нь орон сууцыг ашиглалтад оруулахаар гэрээнд заасан хугацааг 45 ба түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд хоног тутмын гүйцэтгээгүй ажлын гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.1 хувтай тэнцэх алдангийг захиалагч талд төлнө гэсэн заалт хэрэгжээгүй. 2015 оны 04 сарын 14-ны өдөр гүйцэтгэгч хугацаандаа байрыг ашиглалтад өгөөгүй учир гэрээг цуцлах хүсэлт гаргасан. 2015 оны 05 сарын 05-ны өдөр “Тэлмэн констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Зандан байр зарагдсаны дараа төлбөрийг бүрэн олгохыг зөвшөөрөв гэж гараар цохсон. 2015 оны 05 сарын 26-ны өдөр орон сууц захиалгаар бариулах №0395 тоот гэрээг цуцлах гэрээний 2 дугаар заалтад гүйцэтгэгч захиалагчаас төлсөн орон сууцны урьдчилгаа төлбөрийг орон сууц захиалгаар барих гэрээний 6.1, 6.2 дах хэсэгт заасны дагуу олгоно гэх заалттай гэрээг тулгасан. Тухайн үед нэхэмжлэгч уг заалтыг 2015 оны 05 сарын 05-ны өдрийн захирлын цохолтоор урьдчилгаа төлбөрөөс ямар нэгэн суутгалгүй бүрэн олгоно гэсэн бичгийг үндэслэн орон сууц захиалгаар бариулах №0395 гэрээг цуцлах гэрээний 2 дугаар заалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэж гараар бичиж гарын үсэг зурсан. Уг гэрээг нэг хувь үйлдсэн ба эх хувийг нэхэмжлэгчид өгөөгүй. Энэ өдрөөс хойш урьдчилгаа төлбөрөө шаардахад мөнгө байхгүй, цалингаа тавьж чадахгүй байна, улсын төсвөөс мөнгө авна гэх мэт шалтаг хэлсээр 2016 оны 05 сарын 11-ны өдөр хүрсэн. Иймд урьчилгаа төлбөрт төлсөн 17.264.520 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244.273 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ч.Мягмаржавын нэхэмжлэлтэй “Тэлмэн констракшн” ХХК-д холбогдох иргэний хэрэгт М.Эрдэнэбилэг миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийн хүрээнд дараах тайлбарыг гаргаж байна. Талуудын гэрээ цуцалсантай холбоотой захиалагчийн урьдчилгаа төлбөрийг компанийн санхүүгийн боломжийг харгалзан график байгуулж төлөх саналтай байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Ч.Мягмаржав нь хариуцагч “Тэлмэн констракшин” ХХК-нд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 17.264.520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Нэхэмжлэгч Ч.Мягмаржав хариуцагч “Тэлмэн констракшин” ХХК-ийн хооронд  2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 0395 тоот “Орон сууц захиалгаар бариулах” гэрээ байгуулж, Улаанбаатар хот, Налайх дүүрэгт байрлах Шинэ Налайх хороололд 57.048.600 төгрөгөөр 47.94 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц захиалгаар бариулахаар тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 5-9 дүгээр тал/

Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.5-д “гүйцэтгэгч тал нь захиалагчийн захиалсан орон сууцыг 2014 оны 3-аас 4 дүгээр улиралд захиалагч талд хүлээлгэн өгөх”, 2.1-д “захиалагч тал нь энэхүү гэрээ байгуулагдсан өдөр гэрээний 1.2- т заасан орон сууцны нийт төлбөр 57.048.600 төгрөгөөс урьдчилгаанд нийт үнийн дүнгийн 30.2 хувь буюу 17.264.520 төгрөгийг гүйцэтгэгч талын Төрийн банк ... тоот төгрөгийн дансанд шилжүүлнэ” гэж тохиролцжээ.

Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагджээ.

Зохигчдын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээнд эрх бүхий этгээд гарын үсэг зурсан байх тул Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 30.2 хувь болох 17.264.520 төгрөгийг “Тэлмэн констракшин” ХХК-нд төлсөн талаар талууд маргахгүй байна.

Гүйцэтгэгч тал гэрээнд зааснаар орон сууцыг 2014 оны 3-аас 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан гэрээг захиалагч талын хүсэлтээр 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр цуцалжээ.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдолыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь орон сууцны урьдчилгаанд төлсөн 17.264.520 төгрөгийг хариуцагчаас шаардах           эрхтэй байна.

Иймд хариуцагч “Тэлмэн констракшин” ХХК-иас 17.264.520 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Мягмаржавд олгох нь зүйтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр түүний 88042237 дугаарын утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд түүний урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                        ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Тэлмэн констракшин” ХХК-иас 17.264.520 /арван долоон сая хоёр зуун жаран дөрвөн мянга таван зуун хорь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Мягмаржавт олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244.273  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Тэлмэн констракшин” ХХК-иас 244.723 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэг Ч.Мягмаржавт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.ЭНХЖАРГАЛ