Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1762

 

Ч.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/05657 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 264 520 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр "*******" ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ Налайх” хорооллын *******, 1 дүгээр орц, 4 давхарт, *******, 47.94 м.кв талбай бүхий орон сууцыг 57 048 600 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Гэрээ байгуулсан өдрөө төлбөрийн 30.2 хувь болох 17 264 520 төгрөгийг төлсөн. Уг барилгыг 2014 оны 3-аас 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар гэрээнд тусгасан байсан боловч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна.

Гүйцэтгэгч хугацаандаа байрыг ашиглалтад өгөөгүй учир 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэрээг цуцлах хүсэлт гаргасан. 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал З.******* байр зарагдсаны дараа төлбөрийг бүрэн олгохыг зөвшөөрсөн. 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах 0395 тоот гэрээг цуцлах гэрээний 2-т “гүйцэтгэгч захиалагчаас төлсөн орон сууцны урьдчилгаа төлбөрийг орон сууц захиалгаар барих гэрээний 6.1, 6.2 дахь хэсэгт заасны дагуу олгоно” гэж заасныг нэхэмжлэгч 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн захирлын цохолтоор урьдчилгаа төлбөрөөс ямар нэгэн суутгалгүй бүрэн олгоно гэсэн бичгийг үндэслэн хүлээн зөвшөөрөхгүй гэж гараар бичиж гарын үсэг зурсан. Уг гэрээг нэг хувь үйлдсэн ба эх хувийг нэхэмжлэгчид өгөөгүй. Энэ өдрөөс хойш урьдчилгаа төлбөрөө шаардахад мөнгө байхгүй, цалингаа тавьж чадахгүй байна, улсын төсвөөс мөнгө авна гэх мэт шалтаг хэлсээр 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүрсэн.

Иймд урьчилгаа төлбөрт төлсөн 17 264 520 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 273 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа: Талуудын гэрээ цуцалсантай холбоотой захиалагчийн урьдчилгаа төлбөрийг компанийн санхүүгийн боломжийг харгалзан график байгуулж төлөх саналтай байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч "Тэлмэн констракшин" ХХК-иас 17 264 520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 273 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Тэлмэн констракшин" ХХК-иас 244 723 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч Ч.*******т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байдаг. Талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ба уг гэрээгээр захиалагч гэрээг цуцалсан тохиолдолд гэрээний 6.1, 6.2 дахь хэсэгт зааснаар гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгууль суутгах нөхцөлийг үнэлж дүгнэлгүй үлдэгдэл төлбөрийг олгохоор шийдвэрлэсэн нь буруу юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 264 520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ч.******* болон “*******” ХХК-ийн хооронд 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах 0395 тоот гэрээ байгуулагдсан, гүйцэтгэгч нь Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Шинэ Налайх” хорооллын ******* дугаар байрны *******од байрлах 47.94 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалагчид 2014 оны 3-аас 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээний үнэд 57 048 600 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна. 

 

Талуудын хүлээх үүргийг болон тэдний хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Иймд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна. 

 

Нэхэмжлэгч нь гэрээний 2.1-д зааснаар урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 30.2 хувь буюу 17 264 520 төгрөгийг хугацаанд нь төлсөн, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй гэрээний үүргээ зөрчсөн талаар зохигчид маргаагүй, энэ үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

 

2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрээний талууд бичгээр баримт үйлдэж гэрээг цуцалсан /хх 43 дахь тал/ байна. Уг баримтад орон сууцны урьдчилгаа төлбөрийг олгохдоо үндсэн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг баримтлахаар заасан боловч уг тохиролцоог зөвшөөрөхгүй талаараа нэхэмжлэгч Ч.******* бичгээр илэрхийлсэн тул хариуцагч нь уг баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн урьдчилгаа төлбөрөөс торгуульд суутгал хийх эрхгүй юм.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох торгуулийн талаарх талуудын тохиролцоо нь үүрэг гүйцэтгээгүй тал нь нөгөө талдаа төлөх мөнгөн хэлбэрээр илэрхийлэгдэх хариуцлага юм. Гэтэл үндсэн гэрээний 6.1 дэх хэсэгт нэхэмжлэгч тал ямар ч шалтгааны улмаас гэрээг цуцалсан тохиолдолд хариуцагч тал орон сууцны төлсөн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгуулийг суутган авахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан зохицуулалттай нийцэхгүй байна.

 

Иймд хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч тал гэрээг цуцалсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар түүний урьдчилгаа төлбөрт төлсөн                           17 264 520 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж шүүх шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Харин шүүх худалдах, худалдан авах гэрээний зүйлийн доголдолтой холбоотой худалдан авагчийн гаргах шаардах эрхийн талаар дүгнэлт хийсэн нь буруу болсон ба энэ дүгнэлт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй байна. Энэ алдаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/05657 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ТУЯА

 

     ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА