Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 06

 

С.Баярхүүд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Мөнхжаргал, нарын бүрэлдэхүүнтэй, ялтан С.Баярхүү, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, өмгөөлөгч Э.Ганбат, өмгөөлөгч С.Чулуунбаатар, хохирогч Н.Отгонтуяа, түүний өмгөөлөгч Б.Болормаа,  прокурор Б.Баярмагнай, нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолтой, С.Баярхүүд холбогдох эрүүгийн 201620000083 дугаартай хэргийг ялтан С.Баярхүү, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, өмгөөлөгч Э.Ганбат, өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын давж заалдсан гомдлыг үндэслэн, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1979 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэхайрхан багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 138 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 5 хоногийн хорих ял оногдуулж, 01 жил 01 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Номхон Ахар овогт Сайнбуянгийн Баярхүү  нь 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэхайрхан багийн нутагт иргэн Н.Мөнхбатын гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.Отгонбаярын биеийн цээжин тус газар нэг удаа хутгалж санаатайгаар алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Номхон Ахар овогт Сайнбуянгийн Баярхүүг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч С.Баярхүүд 12 /арван хоёр/ жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч С.Баярхүүд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан шүүгдэгч С.Баярхүүгийн энэ хэрэгт цагдан хоригдсон 128 /нэг зуун хорих найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч С.Баярхүүгээс 4.144.280 /дөрвөн сая нэг зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун ная/ төгрөг гаргуулан хохирогч Н.Отгонтуяад олгож, нэхэмжлэлээс 9.118.000 /есэн сая нэг зуун арван найман мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, талийгаачийн насанд хүрээгүй хүүхдүүдэд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож сар бүр гэм хор учруулсны төлбөрийг шүүгдэгч С.Баярхүүгээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн бариултай хутга 1 ширхэг, улаан цоохон өнгийн бариултай хутга 1 ширхэг, бөглөөг нь сулласан 0.75 литрийн Тэргүүн нэртэй архи 1 шил, 0.75 литрийн Тэргүүн нэртэй архины шил 2 ширхэг, 1.25 литрийн Cocа cola ундааны хуванцар сав 1 ширхэг, богино ханцуйтай саарал өнгийн цамц 1 ширхэг, бор өнгөтэй хүрэм 1 ширхэг, цайвар шаргал өнгийн цамц 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч С.Баярхүүгийн эзэмшлийн 65-08 УВХ улсын дугаартай Hyundai Grace загварын авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг 4.144.280 төгрөгийн хохирол төлөхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж дуусах хүртэл хэвээр үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.6-д зааснаар шүүгдэгч С.Баярхүүд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.

 

Ялтан С.Баярхүү давж заалдах гомдолдоо: Миний бие эрүүл мэндийн улмаас Нэгдсэн эмнэлэгийн зүрхний эмчийн   хяналтад байдаг. 2016 оны 4 дүгээр  сарын  19-ний өдөр би найзынхаа хамт нэг шил архитай Н.Мөнхбатынд очиход тэрээр эхнэртэйгээ муудалцсан байдалтай, согтуу, гэрийн доторх эмх цэгцгүй болсон байсан. Бидний аваачсан архийг Гантулга тойруулахад би  бага зэрэг уугаад унтсан. Унтаад удаагүй байтал ноирон дунд эмэгтэй хүний “алаад хаячихъя” гээд орилох чимээ сонсогдсон. Би сэрж чадаагүй. Тэгтэл Н.Мөнхбат намайг “ чи хүн алчихлаа” гээд сэрээсэн. Би юу яриад байгаа юм бэ гээд найзаа хараад ухаан  алдсан. Би хэзээ ч найзаа алахгүй ба бид 2 хоорондоо маргалдсан зүйл байхгүй. Миний найзын үхэлд Мөнхбат, Мөнхзул 2 буруутай.  Энэ талаар шалшуулах гэсэн  боловч тухайн үед шалгаж  өгөөгүй тул Мөнхбат, Мөнхзул нарыг сэжигтнээр тооцож шалгуулмаар байгаа тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв. 

 

Ялтны өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх С.Баярхүүг гэм буруутайд тооцож байгаа нотлох баримт болох Н.Мөнхбатын гэрчээр удаа дараа өгсөн мэдүүлэгүүд нь хооронд цаг хугацаа болон бусад бодит байдлаар эрс зөрүүтэй байхад түүнийг хэргийн нөхцөл байдал үнэн зөв тусгагдсан, тогтвортой байна гэж үнэлсэн нь бодит үнэнтэй нийцэхгүй байна. 2016 оны 09 сарын 13-ны өдөр С.Баярхүүд холбогдох хэрэг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдээд, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр 04 дугаартай шүүхийн тогтоолоор 20162000083 дугаартай хэрэг нэмэлт мөрдөн байцаалтанд буцсан. Хэрэг буцаж ажиллагаа хийгдэж гэрчүүд мэдүүлэг өгөхдөө өмнөхөөсөө эрс зөрүүтэй хэрэг гарсан цаг хугацааг заасан жишээлбэл:

1. Гэрч Н.Мөнхбат: 2016 оны 04 сарын 20-нд хэрэг 15 цаг өнгөрч байхад гарсан С.Баярхүү Отгонбаатарыг хутгалсны дараагаар хутгаа махны хажууд хаясан........

2. 2016 оны 05 сарын 19-нд С.Баярхүү нь талийгаач Отгонбаатарын цээж рүү хутгалчихаад хутгаа түмпэнтэй махны хажууд хаясан байх.........

3. 2016 оны 06 сарын 03-нд мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэлд ...С.Баярхүүг хутгаа махан дээр хаяад Б.Отгонбаатарын хувцасыг өөд нь сөхтөл цус нэвчиж байсан. Би сандарч гэрээс гарч эмнэлэг рүү гүйж замдаа Алтанхуягийн гадаа очиж машин хэрэгтэй байна гэхэд Алтанхуяг боломжгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь цааш явган гүйгээд эмнэлэг дээр очиж энэ тухай эхлээд Цэвээнгэрэл эмчид хэлсэн гэх мэдүүлэг...

4. гэрч Н.Мөнхбат нь 2016 оны 10 сарын 27-нд гэрчээр мэдүүлэг өгөхдөө 13 цагт хэрэг гарсан гэсэн зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна. Мөн гэрч Алтанхуягийн 2016 оны 04 сарын 19-ний өдөр 14 цагийн орчимд намайг гэрийнхээ хажуу талын дугуй засвар дээр байж байхад Н.Мөнхбат ирээд “...Отгонбаатарыг Баяраа хутгалчихлаа. Би эмнэлэг яваад эмнэлэгийн ажилтан нарыг хэрэг болсон газарт хүргээд ирлээ. Отгонбаатарыг эмнэлэгт хүргэх машин хайж явна гэж байсан.” гэх мэдүүлэг хоорондоо цаг хугацааны хувьд маш их зөрүүтэй байх тул гэрч Н.Мөнхбат, Б.Алтанхуяг нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 149.1-д зааснаар нүүрэлдүүлэн байцаах, 20162000083 дугаартай эрүүгийн хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 131.1-т  “...хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээж дүрслэх  шаардлагатай бол туршилт хийж болно...” гэсэн зохицуулалтыг хэрэгжүүлэх шаардлагатай байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү  гэв. 

 

Ялтны өмгөөлөгч С.Чулуунбаатар, Э.Ганбат нар давж заалдах гомдолдоо: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлд заасан "Шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах" зарчмыг шүүх хангаагүй. Шүүгдэгч түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч Мөнхбат, мөнхзул, Гантулга, Энхсайхан нарыг заавал оролцуулах хүсэлтийг шүүх хуралдаанаас өмнө 2 удаа гаргасан байхад шүүгч Гансүх хүсэлтийг хангахаас татгалзсан захирамж гаргаж хүсэлтийг хүлээж аваагүй нь шүүх хуралдаан талуудын эрх тэгш байдал мэтгэлцэх боломжийг алдагдуулсан. Шүүх гэрч Н.Мөнхбатыг урьд хийгдсэн шүүх хуралдаанд оролцуулсан тул дахин оролцуулах шаардлагагүй гэж үзсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 47 дугаар зүйлийг илтэд зөрчиж өмгөөлүүлэх эрх, өмгөөлөгчийн мэтгэлцэх боломжийг боосон төдийгүй хэргийг эцэслэн шийдвэрлэх урьдчилсан төсөөлөлтэй байжээ гэж үзэхэд хүргэж байна. Туршилтад гэрч шинжээч, бусад оролцогчийг байлцуулан хийх тухай Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн заалт хэрэгжих боломж бүрдээгүй. Гэрч Мөнхбатын мэдүүлгийг шалгах шаардлагатай байсан бөгөөд туршилт хийж уг туршилтанд шинжээч эмчийг оролцуулан хийх байсан. Хохирогч Отгонбаярын дотуур куртикны энгэрийн халааснаас дээш 3 см зайд 2.5 см урттай цооролт, саарал ноолууран цамцны зүүн энгэрт 2.5 см урттай цооролт, футболкны зүүн энгэрт 2.5 см цооролт, цээжний зүүн урд дээд хэсэгт хөхний товчноос дээш 5.5 см зайд ташуу байрлалтай 2.5 см урттай зүрхний хөндий рүү нэвтэрсэн шарх үүссэн байсан нь Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 08 дугаартай дүгнэлтээр /хх-176 хуудас/ тогтоогдсон. Гэтэл гэрч Мөнхбат, Мөнхзул нарын мэдүүлгээр эд мөрийн баримтаар хураан авсан хохирогчийг Баярхүү хутгалсан гэх улаан алаг иштэй хутга нь үзүүр хэсгээс 4.5 см зайд 2.5 см өргөн, үүнээс хойш иш хүртлэх, хэсгийн өргөн нь 3.2-оос 3.7 см өргөнтэй байгаа нь эд мөрийн баримтыг шинжлэн судлах ажиллагаагаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл уг хутгаар цээжний хөндий рүү 10 см гүн нэвтэрч зүрхний хөндийд нэвтэрсэн 2.5 см урттай шарх үүссэн гэж үзэх үндэслэлгүй хэмжээ нь эрс зөрүүтэй байгаа нь тогтоогдсон байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Шинжээч эмч Одбаяраар хохирогчийн цогцост задлан шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулахдаа Эд мөрийн  баримтаар хураан авсан гэх дээрхи хутгаар хохирогчийн цээж, зүрхэнд учирсан шарх гэмтэл үүссэн байх боломжтой эсэх талаар асуулт тавьж дүгнэлт гаргуулаагүй. Цээжний арьсны шархнаас зүрхний хөндий дотор хана хүртлэх сувгийн уртыг тогтоох нь уг гэмтлийг учруулсан хутганы ажлын хэсгийн урт болон хутгалсан хутга мөн эсэхийг баталж нотлоход ач холбогдолтой шинжээч заавал тогтоох ёстой асуудал байсан. Хутганы шарх нас барсны дараа бага зэрэг өөрчлөгдөж болох боловч 1 см хэмжээгээр жижгэрч өөрчлөгдөхгүй. С.Баярхүүгээр "Тэмдэглэх" гэх бичгийг бичүүлж авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулах шаардлагыг зөрчсөн. Учир нь Баярхүүд 2016.04.19-ний өдрийн 19 цаг 40 минутаас 20 цагийн үед промедол, анальгин, демидрол гэсэн мансууруулах өвчин намдаах, тайвшруулах нойр хүргэх үйлчилгээтэй тариаг хийсэн, 2016.04.20-ны өдрийн 01 цаг 30 минутад дахин дээрхи 3 тариаг давтан тарьсан болох нь гэрч Золзаяа /хх-72-73 хуудас/ гэрч Цэрэнчимэгийн /159 хуудас/ мэдүүлгээр нотлогдсон. Промедол тарианы найрлаганд мансууруулах үйлчилгээтэй бодис ордог бөгөөд тусгай жороор эмчийн заалтаар хэрэглэдэг эмийн бодис бөгөөд үйлчлэх хугацаа нь 4-6 цаг байдаг бөгөөд энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 92 дугаар зүйлйн 92.4-т заасан хууль бус арга хэрэглэхийг хориглоно гэснийг зөрчсөн.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 153.4-т зааснаар гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд шаардлагатай бас мэргэжилтнийг /энэ тохиолдолд шинжээч эмч/ оролцуулах шаардлагатай байсан. Хохирогч сэжигтний байрлал, хутгалсан гэх үйлдэл, учирсан гэмтэл шарх түүний чиглэлийг гэрчийн мэдүүлгийг шалгах замаар бодитой тогтоох нь хэрэгт ач холбогдолтой байсан. Иймд энэ ажилгааг дутуу ор нэр төдий хийсэн бөгөөд дахин хийх шаардлагатай. Гэрч Золзаяа шүүх хуралдаанд онлайнаар оролцож мэдүүлэхдээ би газарт очоод хутгалагдсан хохирогчийн байрлал, цус алдсан байдал зэргийг гар утсаар фото зургийг нь авсан. Үүнийгээ хэсгийн байцаагчийн утас руу илгээсэн гэдэг. Хохирогчийн байрлал хэвтэш хэсэг нь ямар байсан нь гэрч Н.Мөнхбатын мэдүүлгийг үнэлэхэд ач холбогдолтой. Гэрч Цэцэгмаа , Золзаяа нар хохирогчид тусламж үзүүлэхдээ дахин байрлалыг хэрхэн өөрчилсөн эсэхийг Золзаяагийн авсан фото зургийг хэрэгт нотлох баримтаар авсны дараа дүгнэлт хийх шаардлагатай. Гэтэл дээрхи олон ажиллагааг хийгээгүй байхад шүүх гэрч Н.Мөнхбатын удаа дараа өгсөн мэдүүлэг нь эргэлзээгүй үнэн гэж үнэлсэн нь нотлох ажиллагааг бүх үе шатны явцад ялангуяа мэдүүлгийг шалгахгүйгээр дүгнэлт хийжээ гэж үзэх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаан шийдвэрлэнэ үү. гэв.  . 

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: С.Баярхүү нь Эрүүгийн  хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн  болох  нь мөрдөн байцаалтн ажиллагаагаар тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

С.Баярхүү нь согтуугаар 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэхайрхан багийн нутагт оршин суух иргэн Н.Мөнхбатын гэрт хохирогч Б.Отгонбаяртай маргалдах явцдаа түүний цээжин тус газар хутгалж  санаатайгаар алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Н.Мөнхбатын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Н.Отгонтуяа, гэрч Н.Мөнхбат, Л.Золзаяа, Ц.Цэвээнгэрэл, Л.Мөнхзул, Ж.Энхсайхан, Б.Гантулга, Б.Цэцэгмаа, Б.Эрдэнэчимэг, Н.Магсар, Н.Батхүрэл, Ц.Сумъяа, Д.Пүрэвээ, Н.Түмэн-Өлзий, Ө.Урнаа, Б.Алтанхуяг, шинжээч эмч Н.Одбаяр нарын мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт, криминалистикийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 3102 дугаартай дүгнэлт, утасны дуудлагын жагсаалт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэж хавтас хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр С.Баярхүүгийн  үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Ялтан С.Баярхүү түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, Э.Ганбат, С.Чулуунбаатар нарын  давж заалдсан гомдлуудын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлаж үзвэл:

1. Ялтан С.Баярхүүгийн “...бидний аваачсан архийг Гантулга тойруулаад би бага зэрэг уугаад унтсан. Унтаад удаагүй байтал нойрон дунд эмэгтэй хүн алаад хаячихья гээд орилох чимээ сонсогдсон ба би сэрж чадаагүй. Мөнхбат намайг чи хүн алчихлаа гээд дуудаж сэрээсэн.” гэх гомдлын талаар:

2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр С.Баярхүү, Б.Отгонбаяр нар нь Н.Мөнхбатынд архи ууж, чанасан мах идэж байх үедээ  С.Баярхүү нь Б.Отгонбаярыг “машинаа өгсөнгүй” гэж марган, мах идэж байсан хутгаараа түүний цээжний хөндий рүү хутгалснаас цээжний зүүн хөндийд цус алдаж, амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан болох нь гэрч Н.Мөнхбатын “...Миний авсан архинаас Тугаа, Энхээ хоёр уулгүй явчихсан. Би архиа задлаагүй байтал манай эхнэр бид гуравт тогооноос хоол гаргаж өгчихөөд ажил руугаа явсан. Эхнэр яваад гэрт Отгонбаатар /Отгонбаяр/,  С.Баярхүү бид гурав хоол идээд үлдсэн. Мах ид гэж эхнэр явахдаа улаан иштэй 15-18 см ажлын хэсгийн урттай хурц үзүүртэй хутга тавьж өгчихөөд гарсан.Тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Бид гурав гэрийн баруун талд газарт сууж байсан ба дээд талд нь би миний баруун гар талд доох нь Б.Отгонбаатар, миний зүүн гар талд С.Баярхүү сууж, харин Баярхүү Отгонбаатарын өөдөөс хараад сууж байсан. Бид гурвын дунд тавагтай мах байсан. Хажууд нь чанаж бэлтгэсэн гурил, ногоо ширээн дээр байсан. ...Тэгээд би гурил идээд сууж байтал гэнэт юунаас болоод байгааг мэдэхгүй Баярхүү, Отгонбаатар хоёр хоорондоо үг сөрөөд бага зэрэг маргаад байсан. Тухайн үед С.Баярхүү хутга бариад хоол идэж байсан. Гэтэл гэнэт С.Баярхүү нь хутгатай гараа Отгонбаяр луу саваад авсан. Харин тэр үед Отгонбаатар нь цээжин хэсэгтээ дарж этгээд үг хэлж “энэ пизда чинь хүн хутгалчихлаа ш дээ” гэтэл С.Баярхүү нь хутгаа махан дээр хаяад Отгонбаатарын хувцасыг өөд нь сөхтөл цус нэвчиж гарч байсан. ...Намайг гурил идээд сууж байтал Баярхүү Отгонбаярт хандаж “чи намайг машинаа өгчих гэж байхад өгөөгүй.” гэж хэлсэн. Тэгтэл Отгонбаяр “би юу гэж чамд машинаа өгч байдаг юм бэ. Би юу гэж машинаа дамжуулдаг юм.” гэж хэлэнгүүт С.Баярхүү мах идэж байсан хутгаараа Б.Отгонбаярын цээжний зүүн талын хэсэг рүү хутгалсан. С.Баярхүү Б.Отгонбаярыг хутгалах үедээ хутгаа баруун гартаа барьсан байсан.” гэх мэдүүлэг, гэрч Ж.Энхсайханы “...би тэр архинаас уугаагүй. Задалсан архинаас Мөнхбат, Отгонбаатар, Баярхүү нар уугаад үлдсэн. Тэгээд би удалгүй гараад явчихсан.” гэх мэдүүлэг, гэрч Б.Гантулгын “...С.Баярхүү нь “ажлын цагаар хүний хүүхдүүд хаячихсан авгай.” гэж өөр бусад үг хэллэгээр Мөнхзул эгчийг хэлээд агсамнах шинжтэй болохоор нь би Энхсайханы араас удалгүй гараад явчихсан.” гэх мэдүүлэг, гэрч Л.Мөнхзулын “... тэр гурвын дунд хоол тавьж өгөхдөө улаан иштэй 10-14 см орчим ажлын хэсгийн урттай хутга тавьж өгөөд гарсан.” гэх мэдүүлэг, хохирогч Н.Отгонтуяагийн “...Тухайн үед манайх өвөлжөө рүү нүүх гэж байхад С.Баярхүү нь миний нөхөр Отгонбаяраас “чи надад машинаа үлдээгээд нүүчих. Би ганц нэг удаа анд авч явмаар байна.” гэж гуйхад миний нөхөр Б.Отгонбаяр зөвшөөрөөгүй.” гэх мэдүүлэг, шинжээч эмч Н.Одбаярын “... Нэвтэрсэн шархны шинж байдлаар багаж, мэсийн орсон чиглэлийг тогтоох боломжтой ба талийгаач Б.Отгонбаярын цээжний зүүн хэсэгт үүссэн мэсний гэмтэл нь дээрээс доош ташуу чиглэлтэй байсан” гэх мэдүүлэг, шинжээчийн “...Дээрх цээжинд үүссэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь талийгаачийг үхэлд хүргэсэн байна.” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.    

Гэмт хэрэг гарах  цаг хугацаанд гэрч Н.Мөнхбат, хохирогч  Б.Отгонбаяр, шүүгдэгч С.Баярхүү нар хамт Н.Мөнхбатынд байсан, өөр хүн байгаагүй,  Н.Мөнхбатын эхнэр Л.Мөнхзул хоол хийж өгөөд ажил руугаа явсан зэрэг нь тогтоодсон бөгөөд ялтан С.Баярхүүгийн “...бидний аваачсан архийг Гантулга тойруулаад би бага зэрэг уугаад унтсан. Унтаад удаагүй байтал нойрон дунд эмэгтэй хүн алаад хаячихья гээд орилох чимээ сонсогдсон ба би сэрж чадаагүй.” гэх гомдол нь гэрч Ж.Энхсайханы “...Задалсан архинаас Мөнхбат, Отгонбаяр, Баярхүү нар уугаад үлдсэн. Тэгээд би удалгүй гараад явчихсан.” гэх мэдүүлэг, гэрч Б.Гантулгын “...тэгээд намайг явсны дараагаар би хашаа руугаа орж яваад эргэж хартал Мөнхзул эгч хашаанааса гараад доош эргээд алхаж байгаа харагдсан. Манай хоёрын хооронд 700 гаран метр байгаа. С.Баярхүү, талийгаач Б.Отгонбаяр, Мөнхбат нар аль аль нь гайгүй ухаантай байсан. Намайг тэднийхээс гарахад Баярхүү сэрүүн байсан. Унтаж амрах шинж байгаагүй.” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж  байна. Өөрөөр хэлбэл С.Баярхүү нь гэмт хэрэг гарах үед унтаж байсан нь нотлогдохгүй байна. 

2. Ялтан С.Баярхүүгийн өмгөөлөгч Ө.Нарантуяагийн “гэрч Н.Мөнхбатын мэдүүлгүүд зөрүүтэй, мөн гэрч Н.Мөнхбат, Алтанхуяг нарын мэдүүлгийн зөрүүг арилгаагүй.” гэх гомдлын талаар:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулан Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд   гэрч Н.Мөнхбат, Алтанхуяг нарын мэдүүлэгт хэргийн үйл баримтад нөлөөлөх хэмжээний зөрүүтэй мэдүүлэг авагдаагүй, гэрч Н.Мөнхбатын  удаа дараа өгсөн мэдүүлэг нь тогтвортой байхаас гадна   агуулгын хувьд зөрүүгүй байна.

Түүнчилэн гэрч Н.Мөнхбатын мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй,  Н.Мөнхбатын мэдүүлэг нь хэрэгт авагдсан  бусад нотлох баримтуудтай нийцсэн байх тул  түүний мэдүүлгийг үнэлсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

3. Ялтан С.Баярхүүгийн өмгөөлөгч Э.Ганбат, С.Чулуунбаатар нарын “ анхан шатны шүүх гэрч Н.Мөнхбатыг шүүх хуралдаанд оролцуулаагүй, мэтгэлцэх боломжийг алдагдуулсан, хэрэгт дахин туршилт хийх, шинжээчийн дүгнэлт гаргуулах, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг ор нэр төдий хийсэн, эмч Золзаяагийн утсаар авсан фото зургийг хэрэгт хавсаргаагүй, шүүх гэрч Н.Мөнхбатын мэдүүлгийг эргэлзээгүй гэж үнэлсэн нь үндэслэлгүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгөх тухай гомдлын талаар:

Гэрч Н.Мөнхбат, Л.Мөнхзул, Б.Гантулга, Ж.Энхсайхан нараас мөрдөн байцаалтын явцад удаа дараа мэдүүлэг авсан, мөн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчүүдийг оролцуулж, талуудад хэргийн нөхцөл байдлын талаар асуулт асууж, хариулт авах боломж олгосон байх ба эдгээр гэрч нарыг дахин шүүх хуралдаанд оролцуулах тухай өмгөөлөгч нарын хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, энэ шийдвэрт талуудаас ямар нэгэн гомдол гаргаагүй, түүнчлэн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэрч нарыг оролцуулах хүсэлт гаргаагүй байна.         

Өмгөөлөгч нарын “шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах, гэрч Н.Мөнхбатын мэдүүлгийг шалгаж туршилт хийх, С.Баярхүүгээр бичүүлсэн тэмдэглэл нотлох баримт цуглуулах журмыг зөрчсөн, мэдүүлгийг газар дээр нь шалгах” зэрэг үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах тухай  гомдолд  шүүх тодорхой үндэслэл бүхий дүгнэлт  хийсэн байх бөгөөд шүүхийн уг дүгнэлтийг үгүйсгэх болон няцаах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх ялтны гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн гэрч Н.Мөнхбатын мэдүүлгийг үндэслэл болгоогүй, түүний мэдүүлгээс гадна дээр дурдсан хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг үнэлж хуульзүйн дүгнэлт хийжээ.

С.Баярхүүд  холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах үндэслэл  тогтоогдохгүй байх тул  ялтан болон түүний өмгөөлөгч нарын “ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах тухай”  давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан С.Баярхүү, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, Э.Ганбат, С.Чулуунбаатар нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                           Д.МӨНХӨӨ

 

Н.МӨНХЖАРГАЛ