Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 127

 

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа,
 барилга хот байгуулалтын газрын
 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00268/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, шүүгч С.Оюунцэцэг  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 661 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Дархан гурил тэжээл” ХК-д холбогдох,

          “Газрын төлбөр 78.478.298 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболдын давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чулуунцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           “Дархан гурил тэжээл” ХК нь Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай сумын Засаг даргын 1997 оны 222 дугаар захирамжийг үндэслэн газрын төлбөрт жилдээ 2.400.000 төгрөгийг төлөхөөр газар эзэмшүүлэх гэрээ анх байгуулсан. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар 4.963.050 төгрөг төлөхөөр төлбөрт өөрчлөлт оруулж шинэчилсэн гэрээг тус тус байгуулсан. “Дархан гурил тэжээл” ХК нь  Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчин 1997-2013 он хүртэл газрын төлбөрт огт төлбөр төлж байгаагүй ба 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3.722.286 төгрөгийг тус тус төлсөн болно. Газар эзэмшүүлэх гэрээний нэг тал нь төр байгаа учраас энэ гэрээний хувьд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.

Тус компани нь анх 1997 онд газар эзэмшүүлэх  гэрээгээр  8 га  газар  эзэмшиж  байсан  бөгөөд   2014 онд   газар  эзэмших гэрээгээ сунгахдаа эзэмших газрын хэмжээгээ багасгаж 6,6174 га газар эзэмших гэрээг байгуулсан байдаг. 1997 оноос хойш 2014 он хүртэл газрын төлбөрийн хэмжээ тухайн газрын хувьд өөрчлөгдөөгүй 75 төгрөг хэвээрээ байгаа. Иймд хариуцагчаас 1997-2015 онуудын газар эзэмшсэний нийт төлбөр болох 78.478.298 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Дархан гурил тэжээл” ХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Дархан гурил тэжээл” ХК нь 1997 онд Дархан-Уул аймгийн Газрын албатай, 2014 онд Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай тус тус Газар эзэмшүүлэх гэрээг байгуулж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой байх талаар зохицуулж өгсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь “Дархан гурил тэжээл” ХК-аас хэдэн онд байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний төлбөрийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй тодорхойгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэл нь тодорхойгүй байна. “Дархан гурил тэжээл” ХК нь 1997 онд газар эзэмшүүлэх гэрээг анх байгуулсан байдаг бөгөөд уг гэрээний хугацаа 2007 онд дууссан байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар зохицуулж өгсөн байдаг. Хуулийн энэ зохицуулалтаас харахад 2007 онд дуусгавар болсон газар эзэмшүүлэх гэрээний дагуу шаардлага гаргах хугацаа 2010 онд дууссан. Гэвч “Дархан гурил тэжээл” ХК-ийн хувьд газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулах шаардлагын улмаас мөн дээрх хуулийн нөхцөл байдлыг талууд харилцан ойлголцсоны үндсэн дээр “Дархан гурил тэжээл” ХК-ийн зүгээс газрын төлбөрт 2014 онд 20.000.000 төгрөгийн төлбөрийг хийж, эцсийн байдлаар талууд тооцоо нийлж гүйцэтгэн дуусгавар болсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “Дархан гурил тэжээл” ХК нь газрын төлбөрийг огт төлж байгаагүй мэтээр бичсэн нь үндэслэлгүй. Хэрэв нэхэмжлэгч нь 1997 онд байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний дагуу газрын өр, төлбөрийг нэхэмжилж байгаа бол тухайн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. “Дархан гурил тэжээл” ХК нь 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дархан сумын Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 135 тоот шийдвэрийг үндэслэн Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай газар эзэмшүүлэх гэрээг байгуулахын өмнө газрын төлбөр тооцоог хамтран хийж, 2014 онд 28.722.286 төгрөгийн төлбөрийг төлсөн, 2014 оноос өмнөх төлбөрт 20.000.000 төгрөгийг төлсөн тул газар эзэмших гэрээ байгуулах эрхтэй болсон болно. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан, талууд харилцан тохиролцож төлбөр тооцоогоо дуусгавар болгосон байхад дахин газрын өр төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн 2008 оны Татварын өршөөлийн хуулинд дээрх өр төлбөр нь хамрагдаж байгаа. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 661 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35 дугаар зүйлийн 35.3.3, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Дархан гурил тэжээл” ХК-аас газрын төлбөр 1.478.316 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 76.999.982 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Дархан гурил тэжээл” ХК-аас 38.603 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд давж заалдсан гомдолдоо:

         Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "... хариуцагч гэрээгээ шинэчлэн байгуулахаас өмнө, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөгийг газрын төлбөрт төлжээ. Иймд үүрэг гүйцэтгэгчийг үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмнөх гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэжээ. Гэтэл хариуцагч “Дархан гурил тэжээл” ХК-ийн 1997-2015 оныг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт төлөх ёстой, төлвөл зохих газрын төлбөр 107.200.584 төгрөгөөс төлсөн 28.722.286 төгрөгийг хасаж төлөгдөөгүй газрын төлбөрийн үлдэгдэл буюу гүйцэтгээгүй үүрэг болох 78.478.298 төгрөгийг нэхэмжлэгч шүүхээр нэхэмжилсэн. Иймд “Дархан гурил тэжээл” ХК-ийн хувьд газрын төлбөрийг дээрх дүнгээр буюу 78.478.298 төгрөгийг бүрэн төлсөн тохиолдолд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж дүгнэх боломжтой юм. Гэтэл шүүх "Дархан гурил тэжээл” ХК төлөх ёстой газрын төлбөрийн зарим хэсэг болох 20.000.000 төгрөг төлсөн үйлдлийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь “Дархан гурил тэжээл” ХК-ийн Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын өмнө хүлээсэн үүрэг нь газрын төлбөр 107.200.584 төгрөгийг бүрэн төлөх үүрэг, үүнээс 20.000.000 төгрөгийг газрын төлбөрт төлсөн нь төлөх ёстой төлбөрийн зарим хэсэг бөгөөд төлөгдөөгүй үлдсэн үнийн дүнгээр үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг “Дархан гурил тэжээл” ХК-д хэвээр үлдэж байгаа юм. Иймд тухайн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байхад хариуцагчийг үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон.

          Мөн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч талаас 1997-2015 он хүртэл хугацааны газрын төлбөрийг нэхэмжилж байгаа боловч нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 "гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэсэн байх тул 2013, 2014, 2015 оны газрын төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна." гэж дүгнэжээ. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд татварын бүрэлдэхүүн 5.1. Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэнэ гэж хуульчилсан байна. Үүнээс үзэхэд хариуцагч "Дархан гурил тэжээл” ХК-ийн төлөх газрын төлбөр нь татварын бүрдэл хэсэгт багтаж байна. Тус хуулийн 11 дүгээр зүйлд Татварын хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан байх ба 11.1-д зааснаар тус харилцаанд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж заасан байна. Мөн хуулийн 11.2-т татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж заасан байна. Гэтэл шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Татварын ерөнхий хуулинд өөрөөр буюу тусгайлан заасан тус хуулийн 11.1, 11.2 гэсэн заалтуудаар хариуцагч “Дархан гурил тэжээл” ХК-ийн төлөх ёстой газрын төлбөрийн өрөнд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхаар хууль тогтоож нарийвчлан зохицуулсан хуулийг шүүх хэрэглээгүй байна. Тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэргүүн ээлжинд хэрэглэх хууль хэрэглээний дарааллын зарчмыг шүүх гэрээ гэдэг үгэнд төөрөгдөж Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтыг баримталж хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж шийдвэрлэсэн нь тус зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гэж үзэж байна. Мөн Газар эзэмшүүлэх гэрээний хувьд иргэд хоорондын буюу иргэний эрх зүйн гэрээнээс дараах хэд хэдэн шинжээрээ ялгаатай. Иймээс тус харилцаатай /гэрээтэй/ холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхдээ тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан материаллаг хуулиудын заалтыг хэрэглэж шийдвэр гаргах нь зүйтэй юм. Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 661 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:           

            Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь хариуцагч “Дархан гурил тэжээл” ХК-д холбогдуулан “Газрын төлбөр 78.478.298 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хэргийн нотлох болон үйл баримтыг судлан үзвэл хариуцагч буюу “Дархан гурил тэжээл” ХК-д  Дархан сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 222 тоот шийдвэрээр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 8.0 га газрыг 10 жилийн хугацаагаар эзэмших тухай 53 тоот газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон байна. /хэргийн 6 дугаар хуудас/

            Дээрх гэрээний хугацаа 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болсон ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа гурван жил байна гэж заасны дагуу Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

            Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 135 тоот шийдвэрийг үндэслэн газар эзэмшүүлэгчийг төлөөлж, Дархан сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Д.Ганбаяр нь газар эзэмшигч Дархан гурил тэжээл ХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал С.Намсрайжав нар 6,6174 га газрыг 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2034 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 20 жилийн хугацаагаар жилдээ 4.963.050 төгрөгийн төлбөр төлөхөөр газар эзэмшүүлэх тухай А-2177 тоот гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ. /хэргийн 3-5 дугаар хуудас/

            Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж  шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

           

            Нэхэмжлэгч тал “Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд татварын бүрэлдэхүүн 5.1. Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэнэ гэж хуульчилсан байна. Үүнээс үзэхэд хариуцагч "Дархан гурил тэжээл” ХК-ийн төлөх газрын төлбөр нь татварын бүрдэл хэсэгт багтаж байна. Тус хуулийн 11 дүгээр зүйлд Татварын хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан байх ба 11.1-д зааснаар тус харилцаанд  Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж заасан байна. Мөн хуулийн 11.2-т татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж заасан байна. Гэтэл шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Татварын ерөнхий хуулинд өөрөөр буюу тусгайлан заасан тус хуулийн 11.1, 11.2 гэсэн заалтуудаар хариуцагч “Дархан гурил тэжээл” ХК-ийн төлөх ёстой газрын төлбөрийн өрөнд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхаар хууль тогтоож нарийвчлан зохицуулсан хуулийг шүүх хэрэглээгүй байна. Тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэргүүн ээлжинд хэрэглэх хууль хэрэглээний дарааллын зарчмыг шүүх гэрээ гэдэг үгэнд төөрөгдөж Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтыг баримталж хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж шийдвэрлэсэн нь тус зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гэж үзэж байна” гэж давж заалдах гомдол гаргасан боловч энэхүү Татварын ерөнхий хууль нь 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн бөгөөд хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар буцаан хэрэглэх боломжгүй байгаа тул гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

          Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 661 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны   шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 661 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.      

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.АМАРСАНАА

                            ШҮҮГЧИД                                                   С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                С.ОЮУНЦЭЦЭГ