Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 215

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/00268/и

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт байрлах “Дархангурил тэжээл” ХК-д холбогдох

Газрын төлбөр 78.478.298 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Чулуунцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уртнасан, хариуцагчийн өмгөөлөгч Р.Болдбаатар, Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

                                                                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дархангурил тэжээл” ХК нь Сумын засаг даргын 1997.10.18-ны өдрийн 222 дугаартай захирамжаар 8 га газрыг гурилын үйлдвэрийн зориулалттай ашиглахаар газрын албатай гэрээг байгуулан газар эзэмших гэрчилгээг авсан. “Дархангурил тэжээл” ХК-аас 1997-2015 оныг дуустал газрын төлбөрийн үлдэгдэл 17,820,868 төгрөгийг гаргуулахаар “Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар” 2016.01.29-ний өдөр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. “Дархангурил тэжээл” ХК нь 2015 оны 3 дугаар сард тооцоо нийлсэн актаар 17,820,868 төгрөгийг 2015.10.10-ны өдөр төлж барагдуулна гэсэн байдаг. Гэтэл “Дархангурил тэжээл” ХК нь тооцоо нийлсэн актаар төлөх ёстой төлбөрийг төлөөгүй учраас газрын төлбөрийг нэмэгдүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. 1997-2015 оныг дуустал 78,478,298 төгрөгийг нэмэгдүүлж газрын төлбөрт нэхэмжилсэн. “Дархангурил тэжээл” ХК-ийн захирал С.Намсрайжав нь анх газрын төлбөрийн актыг манай газартай нийлэхдээ тухайн үеийн иргэдийн хурлын тогтоолоор баталсан газрын төлбөрийн хамгийн бага нэгжээр газрын төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. Иймд Дархан сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлаас тогтоосон газрын төлбөрийн хэмжээгээр газрын төлбөрийг нэхэмжилсэн байгаа. Газрын төлбөрийн хэмжээ нь анх 1997 онд 80000 мкв буюу 8 га газар байсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд 1 м кв газрын төлбөрийг 100 төгрөгөөр бодож 8,000,000 төгрөг төлөхөөр тусгасан. Энэхүү 1 мкв газар нь Иргэдийн хурлын 1997.11.28-ны өдрийн тогтоолоор 75 төгрөг байсан. 2011 оны 70 дугаар тогтоолоор 1 м кв талбайн газрын төлбөр өөрчлөгдсөн. Гэхдээ “Дархангурил тэжээл” ХК-ийн эзэмшиж байгаа 1 м кв газрын төлбөрийн үнэ болох 75 төгрөг өөрчлөгдөөгүй одоог хүртэл мөрдөгдөж байгаа. Тийм учраас Иргэдийн хурлын тогтоолын дагуу газрын төлбөрийг 75 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. “Дархангурил тэжээл” ХК нь анх 8 га газартай байж байгаад 2014.3.26-ны өдрийн Аймгийн Засаг даргын 135 тоот захирамжаар өөрийнхөө эзэмшил газраас улсын нөөцийн газар руу 13826 м кв газрыг шилжүүлсэн. Үлдэгдэл 66,174 мкв газрыг “Дархангурил тэжээл” ХК нь өөртөө шинээр баталгаажуулан авсан. 2011 оны 70 дугаар тогтоооор 1 м кв газрын үнийг 75 төгрөгөөр тооцож, багасгасан газрын төлбөрийн жилд төлөх төлбөр нь 4,963,050 төгрөг болж өөрчлөгдсөн. “Дархангурил тэжээл” ХК нь 1997-2013 он хүртэлх 17 жилийн газрын төлбөрийг огт төлөөгүй. “Дархангурил тэжээл” ХК газрын төлбөр төлөөгүй нь манай “Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар”-аас Татварын хэлтэс руу явуулсан 2016.3.14-ний өдрийн 102 дугаартай албан бичгээр нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл Татварын хэлтсээс “Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар”-т ирүүлсэн 2016.3.15-ны өдрийн 192 тоот албан бичигт “Дархангурил тэжээл” ХК нь 1997-2015 оныг дуустал газрын төлбөрт 2004 онд 25,058,640 төгрөг, 2015 онд 3,722,286 төгрөг, нийт 28,780,926 төгрөг төлсөн гэсэн хариу ирүүлсэн. Энэ албан бичгээс үзэхэд “Дархангурил тэжээл” ХК нь 1997-2013 оныг дуустал хугацаанд газрын төлбөрөө төлөөгүй нь харагдаж байгаа. Иймд “Дархангурил тэжээл” ХК-аас гэрээнд заасан хугацааны газрын төлөгдөөгүй төлбөр болох 78,478,298 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч “Дархангурил тэжээл” ХК-аас шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь “Дархангурил тэжээл” ХК-ийг 1997-2015 оныг дуустал хугацааны газрын төлбөрийг төлөөгүй, ингэхдээ газрын төлбөрийг 1997 оны 222 дугаар Засаг даргын захирамжийг үндэслэн газрын төлбөрт жилдээ 2,400,000 төгрөг төлөхөөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан гэж нэхэмжлэлдээ бичсэн байсан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн жилд 6,000,000 төгрөгийг төлөх ёстой гэж нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 1997, 2001 оны газрын төлбөр төлөх тогтоолыг үндэслэн газрын төлбөр төлөх тооцоог гаргасан гэж байгаа боловч ялгамжтай тогтоосон зүйл харагдахгүй байна. 1998-2015 оныг дуустал хугацааны газрын төлбөрийг 6,000,000 төгрөгөөр бодож гаргасан нь үндэслэлгүй байна. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад газрын төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2008.02.06-ны өдрийн Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “албан татвар, нийгмийн даатгалын өр төлбөр” гэж заасан байдаг. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-т зааснаар “Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол албан татварын үндсэн өрийг 100 хувь чөлөөлнө” гэж заасан байна. Тэгэхээр 2008 он хүртэлх хугацаанд төлөгдөх газрын төлбөр нь өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан учраас нөхөн төлөх шаардлагагүй гэж үзэж байна. Иймд 2008-2012 оны хоорондох газрын төлбөрийг 6,000,000 төгрөгөөр тооцоход 16,800,000 төгрөг төлөх ёстой байгаа. Гэхдээ манай компаний зүгээс 2014 онд 20,000,000 төгрөг төлж барагдуулан гэрээгээ шинэчлэн байгуулсан учраас газрын төлбөрт төлөх өр байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас хариуцагч “Дархангурил тэжээл” ХК-д холбогдуулан 1997-2015 оны газрын төлбөрийн үлдэгдэл 78.478.298 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч анх шүүхэд 17.820.868 төгрөгийн нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Харин хариуцагч талаас хэрэгт авагдсан 1997 оноос 10 жилийн хугацаатай байгуулсан гэх иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг хууль бусаар бүрдүүлсэн, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 2008 оны Татварын өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах байдлаар дүгнэв.

Хариуцагч “Дархангурил тэжээл” ХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 222 тоот шийдвэр (хх 6)-ээр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 8 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 10 жилийн хугацаатай эзэмшиж эхэлсэн байх бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр хугацааг 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл зохих журмын дагуу сунгуулаагүй газрыг эзэмшиж, ашиглаж байжээ.

Түүнчлэн “Дархангурил тэжээл” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай “... Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 173 дугаар тогтоолоор Онцгой байдлын ерөнхий газрын Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарт шилжүүлсэн тариа хадгалах элеватор дагалдах төхөөрөмжүүдийн эдэлбэр газрыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Дархангурил тэжээл” ХК-ийн эзэмшил газраас Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлж, ”Дархангурил тэжээл” ХК-ийн шинэчилсэн эдэлбэр газрын кадастрын зураг хийлгэж, гэрээ байгуулан газрын гэрчилгээ авахыг гүйцэтгэх захирал С.Намсрайжавт үүрэг болгосугай...“ гэх тогтоол /хх 166/-ыг үндэслэж Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 135 дугаар шийдвэр /хх 5/ -ээр “Дархангурил тэжээл” ХК-ийн эзэмшиж байсан 8 га газраас 13826 м2 газрыг бусдад шилжүүлсэн үндэслэлээр хасаж, 66174 м2 газрыг баталгаажуулан 20 жилийн хугацаатай, газрын төлбөрт жилд 4.963.050 төгрөг төлөхөөр 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ. (хх 3-4)

Ийнхүү хариуцагч “Дархангурил тэжээл” ХК нь 1997 оноос хойш өнөөг хүртэл дээрх газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд 1997-2015 оныг дуустал хугацаанд газрын төлбөрт 2014 онд 25.058.640 төгрөг, 2015 онд 3.722.286 төгрөг, нийт 28.780.926 төгрөг төлсөн болох нь Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 192 тоот албан бичиг (хх 31) -ээр тогтоогдсон, дээрх үйл баримтуудын талаар талуудын хэн аль нь маргаагүй.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 26 –ны өдрийг хүртэлх хугацааны 8 га газрын төлбөрийн хэмжээг Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 1997 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаартай, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 70 дугаартай “Дархан-Уул аймагт мөрдөх газрын төлбөрийн хэмжээг батлах тухай” тогтоолыг үндэслэж үйлдвэрийн зориулалттай 1м2 газрын нэгжийн үнийг 75 төгрөгөөр буюу жилийн 6.000.000 төгрөгөөр тооцсон. 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оныг дуустал 6.6174 га газрын төлбөрийг гэрээний дагуу жилийн 4.963.050 төгрөгөөр тооцож, газрын төлбөрөөс хариуцагчийн төлсөн 28.780.926 төгрөгийг хасаж, үлдэгдэл 78.478.298  нэхэмжилжээ.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “… газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн … аймаг, нийслэл, дүүргийн гарын алба тухайн иргэн, аж ахуй нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулна …”, 34.6-д “… газар эзэмших гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг тусгана” гэж заасан.

Гэтэл талуудын хооронд 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 жилийн хугацаатай, үйлдвэрийн зориулалтаар 80.240 м2 газрын төлбөрийг 1 м2 талбайг 100 төгрөгөөр тооцож, жилд 8.024.000 төгрөг төлөхөөр тохиролцож байгуулсан гэх Монгол Улсын аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрээ (хх 122, 123)-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан ч уг гэрээний зарим үг үсэг, он сар өдөр нь гаргацгүй байх тул тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 7216 дугаартай захирамжаар Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас дээрх гэрээний эх хувийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч талд гэрээний эх хувь байхгүй хэмээн гаргаж өгөөгүй. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 237 дугаартай захирамжаар гэрээний хуулбарыг гэрчилсэн нотариатчийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийхэд гэрээг эх хувьтай нь тулгасан эсэх нь тогтоогдоогүй, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 449 дүгээр захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Архивын тасагт үзлэг хийхэд уг гэрээ хадгалагддаггүй болох нь тогтоогдсон.

Нэхэмжлэгч талаас “... дээрх гэрээний эх хувь байхгүй. Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т “Анхны хуулбар урьд нь нотариатчаар гэрчлэгдсэн, эсхүл уг баримт бичгийг олгосон иргэн, хуулийн этгээд түүний үнэн зөвийг тодорхойлсон тохиолдолд баримт бичгийн хуулбарын хуулбарыг гэрчилнэ” зааснаар гэрээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлж хэрэгт авагдсан...” гэж тайлбарласан.

Шүүхээс дээрх гэрээг үнэн зөв буюу зарим үг үсэг, он сар өдөр нь гаргацгүй байгаа нь нөхцөл байдлыг бүрэн дүүрэн, тодорхой тусгасан эсэх нь эргэлзээтэй, эрх зүйн дүгнэлт өгөхөд хангалтгүй байгаагаас гадна газрын төлбөрийг 1 м.кв талбайг 100 төгрөгөөр тогтоосоныг давхар нотлосон баримт байхгүй, тухайлбал гэрээний дүнг хэлэлцсэн, тооцоо нийлсэн гэх мэт баримт байхгүй. Түүнчлэн Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 1997 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаартай “Дархан-Уул аймагт мөрдөх газрын төлбөрийн хэмжээг батлах тухай” тогтоолд үйлдвэрийн зориулалттай 1м2 газрын нэгжийн үнийг 75 төгрөгөөр тогтоосонтой зөрүүтэй байгаа зэрэг нөхцөл байдлуудаас нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэв.

Мөн 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хариуцагч “Дархангурил тэжээл” ХК нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т зааснаар эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргаагүй гэж нэхэмжлэгч тайлбарласан бөгөөд хариуцагч үүнийг үгүйсгээгүй. Иймд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болохоор заасан байхад хариуцагч “Дархангурил тэжээл” ХК энэ хугацаанд газрыг эзэмшиж, ашиглаж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хэдийгээр зохигчдын хооронд бичгээр байгуулсан гэх гэрээ нотлох баримтын шаардлага хангаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр хугацаа дууссан байхад зохих ёсоор сунгаагүй ч “Дархангурил тэжээл” ХК-ийн 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ДА53 дугаартай, 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 000301177 дугаартай аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ (хх 5-6), Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 135 дугаартай газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай захирамж (хх 5), 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ (хх 3-4) болон хариуцагч “Дархангурил тэжээл” ХК нь 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс өнөөг хүртэл газрыг эзэмшиж, ашиглаж байгаа байдал зэргийг харгалзан шүүх зохигчдын хооронд Газрын төлбөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуй нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг эзэмшиж, ашигласны төлөө төлбөр ногдуулах, уг төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн байна гэж үзлээ.

Талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй нөхцөлд газрын төлбөрийн хэмжээг шууд тодорхойлох боломжгүй ч Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж заасны дагуу Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 1997 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаартай, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 70 дугаартай “Дархан-Уул аймагт мөрдөх газрын төлбөрийн хэмжээг батлах тухай” тогтоол (хх 32-35)-ыг үндэслэж хариуцагч “Дархангурил тэжээл” ХК-аас 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 8 га газрын төлбөрт үйлдвэрийн зориулалттай 1м2 газрын нэгжийн үнийг 75 төгрөгөөр буюу жилийн 6.000.000 төгрөгөөр, харин 2014 оны 03 дугаар сарын 27- ны өдрөөс 2015 оныг дуустал 6.6174 га газрын төлбөрийг талуудын байгуулсан гэрээний дагуу жилийн 4.963.050 төгрөгөөр тус тус тооцож, газрын төлбөр гаргуулах үндэслэлтэй байна.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө” гэж заасан тул дан ганц гэрээний дагуу бус хууль тогтоомжид заасны дагуу буюу Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолд заасан хэмжээгээр газрын төлбөрийг гаргуулах нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт зааснаар газар эзэмшигч нь газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор газар эзэмшсэний төлбөр төлөхөөр хуульчилжээ.

Гэвч хуулиар хүлээлгэсэн газрын төлбөр төлөх үүргээ газар эзэмшигч биелүүлээгүй бөгөөд дээрх хугацаанд газрыг бодитоор эзэмшиж ашиглаж байсан нь зохигчдын тайлбар, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 192 дугаартай албан бичиг зэргээр нотлогдож байх тул талуудын хооронд байгуулсан гэрээний эх хувь байхгүй, хэрэгт авагдсан гэрээ нотлох баримтын шаардлага хангаагүй, 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр сугацааг сунгаагүй, талууд жил бүр гэрээг дүгнээгүй зэрэг үндэслэлээр хариуцагч “Дархангурил тэжээл” ХК-ийг газрын төлбөрөөс чөлөөлөх үндэслэлгүй гэж дүгнэв.

Хариуцагчийн өмгөөлөгч нараас “… Газрын төлбөрийг гэрээний үндсэн дээр шаардах эрхтэй тул Иргэний хуульд заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. … эсхүл газрын төлбөрийг татвар гэж үзвэл нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь татварын байцаагчийн эрхгүй тул шаардах эрхгүй бөгөөд Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 5 жил өнгөрсөн....” гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй үзсэн.

Учир нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэнэ”, 5.7-д “Төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялаг, ой, ургамал, рашаан, усны нөөц ашиглуулсны, агаар, ус, хөрс бохирдуулсны, ан амьтан агнуулсны төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.11-т зааснаар “газрын төлбөр нь орон нутгийн татварт хамаарна” гэж тус тус заасан тул газрын төлбөр нь татварын нэг төрөл байна.

Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэж заасан “татвар нөхөн ногдуулах” гэдэг нь татварын хяналт шалгалтаар илэрч төлөгдөхөөр тогтоосон нөхөн татвар, алданги, торгуульд хамаарна. Харин мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэж заасан “татварын өр” нь хуулиар тогтоосон хугацаанд төлөгдөөгүй татвар, алданги, торгуульд хамаарна гэж үзлээ. Иймд хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй газрын төлбөрт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан болон Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж дүгнэв.

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.8-д “Газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж, хураах эрхтэй” гэж зааснаар шаардах эрхтэй байна.

Мөн хариуцагчийн өмгөөлөгчөөс хариуцагч “Дархангурил тэжээл” ХК нь Татварын өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан, татварын хөнгөлөлт эдэлсэн гэсэн тайлбар гаргахдаа газрын төлбөрөөс хөнгөлөгдсөн хувь хэмжээ, үнийн дүн, хэрхэн хөнгөлөгдсөн, чөлөөлөгдсөн талаар баримтаар нотлоогүй төдийгүй нэхэмжлэгчээс анх нэхэмжлэл гаргахдаа дурдсан “...талууд гэрээнд заасны дагуу 1997 оноос газрын төлбөрт жилдээ 2.400.000 төгрөгийг төлөхөөр тохирсон” гэснийг хүлээн зөвшөөрөөгүй, газрын төлбөрт жилийн 2.400.000 төгрөг төлөхөөр тооцоо нийлсэн акт /хх 30/-д гарын үсэг зураагүй гэж үгүйсгэсэн тайлбар гаргасан.

Шүүх хуралдаанд шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хариуцагчийн өмгөөлөгчөөс хэрэгт авагдсан 1997 онд байгуулсан гэх газар эзэмшүүлэх гэрээг хуулбарын хуулбарыг гэрчлүүлсэн, нэхэмжлэгч хууль бусаар нотлох баримт бүрдүүлсэн тул уг гэрээг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргасаныг шүүх хуралдаанаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулий 40 дүгээр зүйлийн 40.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан бөгөөд шүүх нотлох баримт бүрийг бусад нотлох баримтын адил үнэлэх ёстой. Энэ үнэлгээг шүүх хуралдаанаар буюу нотлох баримтыг шинжлэн судлах үе шатанд бүрэн хийж, шүүхийн шийдвэрт түүнийг тухайн хэрэгт хамааралтай эсэхийг дүгнэх нь зүйтэй гэж үзсэнийг дурьдав.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч “Дархангурил тэжээл” ХХК-аас газрын төлбөр 78.478.298 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 550.341 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон           ТОГТООХ НЬ:

1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Дархангурил тэжээл” ХХК-аас газрын төлбөр 78.478.298 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “Дархангурил тэжээл” ХК-аас 550.341 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.БАТЧИМЭГ