Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2023/0053

 

Г.Б, А.Б нарын гомдолтой,

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн

хариуцлагын хороонд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэрүүн Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                     Д.Батбаатар

                                         Х.Батсүрэн

                              П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                        Ц.Цогт

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 221/ШШ2023/0007 дугаар магадлалтай хэргийг гомдол гаргагч Г.Б, А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор давж заалдах журмаар хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Г.Б, А.Б нараас Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МТ/42 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргасан. 

2. Хэргийн нөхцөл байдал: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МТ/42 дугаар тогтоолоор: Г.Б-г Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 4.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.5, 14.1.9, 15 дугаар зүйлийн 15.1.1, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дахь хэсгүүдийг тус тус зөрчсөнд тооцож, А.Бийг Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 4.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.5, 14.1.9, 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.13, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгүүдийг тус тус зөрчсөнд тооцож, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.3-т заасны дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар магадлалаар: Монголын Өмгөөлөгчийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МТ/42 дугаар тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд буцаажээ.

4. Гомдол гаргагч Г.Б, А.Б нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:

4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2 дахь үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны МТ/42 дугаар тогтоолд нөлөөлсөнд гомдолтой байна.

4.2. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МТ/42 дугаар тогтоолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлүүд гаргасан. Тухайлбал, Монголын Өмгөөлөгчдийн Мэргэжлийн хариуцлагын хорооны маргааны хянан шийдвэрлэх журмын 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хянан шалгагч, гишүүн нь зөрчлийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоохын тулд энэ журамд заасан бүх арга хэмжээг авч, өмгөөлөгч зөрчил гаргасан болон гаргаагүй болохыг бүрэн тогтоох үүрэгтэй”, 11.2-т “Өмгөөллийн мэргэжлийн ёс зүйн зөрчилтэй холбоотой үйл баримтыг тодорхой, үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтаар тогтооно” гэж заасан байна.

4.3. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан гомдлын үнэн зөв бодит байдлыг тогтоогоогүй, гэрчүүдийн мэдүүлэг 4 өөр байхад зөрүүтэй мэдүүлгүүдийн эргэлзээг арилгаагүй. Өмгөөлөгч нарын гарын үсгийг хуурамчаар ашиглан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн гэсэн хуурамч нотлох баримт үйлдэж, хавтаст хэрэгт оруулсан хууль бус үйлдлийг шалгаагүй, өмгөөлөгч нарын гарын үсэг мөн эсэхийг шүүхийн шинжилгээгээр шинжлүүлж бодит байдлын үнэн зөв эсэхийг тогтоогоогүй, Тагнуулын ерөнхий газрын холбогдох этгээдүүд хуурамч бичиг баримт үйлдсэн үйлдлийг огт шалгаагүй, өмгөөлөгчдөөс 62 хуудас маргаанд хамаарал бүхий нотлох баримт гаргаж өгсөн боловч судлан шинжлээгүй, бодит үнэнийг эргэлзээгүй нотлоогүй.

4.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т “Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримт, захиргааны үйл ажиллагааны үндэслэлийг нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ” гэсэн заалт хэрэгжээгүй, гомдол гаргасан прокурор оролцоогүй, нотлох баримтыг үгүйсгэх байдлаар мэтгэлцээгүй, “маш нууц”-д авагдсан гэмт хэрэгтэй холбоотой маргаан учраас нотлох баримтын үнэн зөв бодит байдлыг тогтоох ажиллагаа хийгдээгүй. Өөрөөр хэлбэл өмгөөллийн үйл ажиллагаанд ямар нууц байсан, түүнийг яаж задруулсан талаар огт шалгаагүйгээр, нотлоогүйгээр нууцыг задруулсан гэж нэг талыг баримтлан буруутгасан.

4.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д “Хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа эрүүгийн хэрэгтэй нь холбогдуулан өмгөөлөгчөөс мэдүүлэг авах, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж хууль, эрх зүйн үйлчилгээ үзүүлж буй үйлчлүүлэгчид холбогдох эрүүгийн хэрэг маргаан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэргийн оролцогч болох прокурор, шүүгч нар нэгдмэл ашиг сонирхолтойгоор өмгөөлөгчдийг гүтгэн Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан гомдлыг хүлээн авч тэдэнд давуу байдал бий болгож шийдвэрлэсэн.

4.6. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргааны хянан шийдвэрлэх журмын 49 дүгээр зүйлийн 49.1.3-т “Эрүү, иргэн, захиргааны эсхүл бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй” маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлтэй байхаар зохицуулсныг зөрчиж, маргаан үүсгэж ашиг сонирхлын зөрчилтэй тогтоол гаргасан.

4.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалт зөрчигдөж захиргааны хэм хэмжээний акт болох “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргааны хянан шийдвэрлэх журам”, “Сахилгын хэрэг, өргөдөл, мэдээлэл, гомдол хүлээн авах, хуваарилах болон сахилгын хэрэг шийдвэрлэх гишүүн, бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам” тус тус Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зохицуулсанчлан улсын нэгдсэн бүртгэлд бүтгүүлээгүй байгаа нь 67 дугаар зүйлийн 2-т зааснаар “хүчин төгөлдөр” мөрдөгдөж буй журам гэж үзэх үндэслэлгүй, хууль ёсны бус байна. Хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт нь эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээд үүрэг хариуцлага хүлээлгэхгүй гэж Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т заасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/ШШ2023/0007 дугаар магадлалын зарим хэсэг болох маргааныг дахин шалгуулахаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд буцаасан хэсгийг хүчингүй болгож, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МТ/42 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээж өгнө үү.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:

5.1. Гэрч нар өөр хоорондоо зөрүүтэй тайлбар өгснийг маргааны материалд авагдсан бусад баримтад тулгуурлан Өмгөөллийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдаанд нийт гишүүний дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийдвэрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар гаргана”, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргааны хянан шийдвэрлэх журмын 86 дугаар зүйлийн 86.1-д “Бүрэлдэхүүн шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд санал хураах, шийдвэр гаргах ажиллагааг удирдан явуулж, олонхын саналаар шийдвэр гаргана” гэж тус тус зааснаар магаан хянан шийдвэрлэх хуралдаанаар олонхын саналаар шийдвэрлэсэн.

5.2. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргааны хянан шийдвэрлэх журмын 11 дүгээр зүйлийн 11.1-т “Хянан шалгагч, гишүүн нь зөрчлийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоохын тулд энэ журамд заасан бүх арга хэмжээг авч, өмгөөлөгч зөрчил гаргасан болон гаргаагүй болохыг бүрэн тогтоох үүрэгтэй”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “40.1 Хянан шалгагч, бүрэлдэхүүн нь тухайн маргаанд хамааралтай, хууль болон энэ журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримт маргааныг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж зааснаар маргаан шалгах ажиллагааг явуулсан.

5.3. А.Б, Г.Б нар нь төрийн байгууллагад төрийн албан хаагчийн төрийн өмнөөс явуулж буй ажилтай нь холбогдуулан хэл амаар доромжилж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэлсэн зүйлээ зөвшөөрсөн. Мөн шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаар нотлогдсон зөрчилд хариуцлага хүлээлгэсэн байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүлээлгэсэн хариуцлагыг нийцээгүй талаар дүгнэлт хийсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

5.4. А.Б, Г.Б нарын тайлбар гэрчүүдийн өгсөн тайлбартай нийцэх ёсгүй, зөрүүтэй байдлаар шалгах ажиллагааны явцад арилгаж тогтоосон болно.

5.5. Хянан шалгагчийн саналын үндэслэл болгосон баримтууд тогтоолд бүрэн тусгагдаж, энэ талаар дүгнэлт хийгдсэн бөгөөд Х.Байдолдагийн гомдлыг хүлээн аваагүй талаар ч дүгнэлт хийгдсэн.

5.6. Хариуцагч нар тогтоолд дурдсан зөрчил гаргасан болох нь хэргийн материалд цугларсан баримтуудаар хангалттай нотлогдсон. Хариуцагч нараас хэрэгт цугларсан баримтуудыг няцаан үгүйсгэсэн, тайлбар гаргаж ирүүлээгүй, эргэлзээтэй гэж үзэхээр баримт байхгүй учраас хороо гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн. Хариуцлага оногдуулсан үндэслэлийн талаар тогтоолд дүгнэлт хийгдсэн. Х.Байдолдагийн гомдлыг хангаагүй үндэслэлийн талаар дүгнэлт хийгдсэн.

5.7. Тогтоолд “Үндэслэх нь” гэж бичээгүй нь техникийн шинжтэй алдаа гэж үзэхээр байгаа. Учир нь тогтоолын үндэслэх хэсэгт бичигдвэл зохих бүх үйл баримтууд, дүгнэлтүүд хийгдсэн байгаа болно.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 221/ШШ2023/0007 дугаартай магадлалыг хэрэгсэхгүй болгож, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МТ/42 дугаар тогтоолыг хэвээр үлдээнэ үү.

ХЯНАВАЛ:

6. Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул гомдол гаргагч Г.Б, А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

7. Тус хэргийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг гомдол гаргагч Г.Б, А.Б, гомдол гаргагчийн нарын өмгөөлөгч Т.Саруул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяртөгс нарт 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдсэн[1] боловч товлосон цагт хэргийн оролцогчид шүүх хуралдаанд ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй нь хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэж зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

8. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МТ/42 дугаар тогтоолоор Г.Бг Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 4.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.5, 14.1.9, 15 дугаар зүйлийн 15.1.1, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дахь хэсгүүдийг, А.Бийг Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 4.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.5, 14.1.9, 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.13, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгүүдийг тус тус зөрчсөнд тооцож, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

9. Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д “Энэ хуулийн 31.3-т заасан хариуцлага хүлээлгэхэд өмгөөлөгчийн гаргасан зөрчил, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр болон Мэргэжлийн хариуцлагын хороо ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ”, Монгол Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 87.2-т “Хариуцагч хэд, хэдэн зөрчилд буруутгагдаж байгаа бол асуудлыг зөрчил нэг бүрээр шийдвэрлэнэ. Хэд хэдэн хариуцагч холбогдсон бол асуудлыг хариуцагч нэг бүрээр шийдвэрлэнэ” гэж зааснаар Мэргэжлийн хариуцлагын хороо дээрх гомдолд дурдсан асуудлыг зөрчил тус бүрээр нь бүрэн шалгаж, гомдлын үндэслэл тус бүрд дүгнэлт хийлгүй маргааныг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

10. Маргаан бүхий тогтоолд “өмгөөлөгч нарын өөрсдийн тайлбар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гомдол, хавсарган ирүүлсэн баримтуудаар тогтоогдсон ... хуралдааны явцад хэвлэлд хэлсэн үгээ хүлээн зөвшөөрсөн байна ... ёс зүйн зөрчлүүд нь маргааны явцад цугларсан баримтуудаар бүрэн тогтоогдсон” гэснээс өөрөөр өмгөөлөгч нарыг гаргасан гэж үзсэн зөрчил тус бүрд холбогдох нотлох баримтыг үнэлж, дүгнэлт өгөөгүй. Маргааны материалд авагдсан ямар баримтуудад үндэслэж, хууль, дүрэмд заасан ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж буй талаараа тогтоолдоо тусгаагүйн улмаас Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 88.3-т заасан шийдвэрийн үндэслэл нь дэлгэрэнгүй, тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх шаардлага хангагдаагүй байна.

11. Тодруулбал, журмын 89.1-д “Тогтоол нь удиртгал, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 89.3-т “Үндэслэх хэсэгт дараах зүйлийг дэлгэрэнгүй, ойлгомжтой тусгана”, 89.3.1-д “зөрчлийн хэлбэрийг тогтоосон маргааны нөхцөл байдал”, 89.3.2-т “хэд хэдэн хариуцагчид холбогдох маргааныг шийдвэрлэж байгаа бол хариуцагч тус бүрийн үйлдэл, оролцоо”, 89.3.3-т “хариуцагчийг буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг  маргаанд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн хянан шалгагч, хариуцагчийн саналын үндэслэл болгосон баримт”, 89.3.4-д “хуралдаанаар тогтоогдсон зөрчлийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт” гэж тус тус зааснаар маргаан бүхий тогтоолд зөрчлийн үйл баримт, хариуцагчийг буруутайд тооцсон тогтоолын үндэслэл болсон нотлох баримтыг хэрхэн үнэлсэн байдал, зөрчлийн гэм бурууг хянасан хянан шалгагчийн санал зэргийг тусгаагүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

12. Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “Тогтоолд үндэслэх нь” гэж бичээгүй нь техникийн шинжтэй алдаа гэж үзэхээр байгаа” гэх боловч дээрх журамд зааснаар үндэслэх хэсэгт тусгагдвал зохих зөрчлийн хэлбэрийг тогтоосон маргааны нөхцөл байдал, хариуцагч тус бүрийн үйлдэл, оролцоо, хариуцагчийг буруутайд тооцсон тогтоолын үндэслэл болсон нотлох баримтыг хэрхэн үнэлсэн байдал, зөрчлийн гэм бурууг хянасан хянан шалгагчийн санал зэрэг тусгагдаагүйгээс үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх гомдлыг хүлээж авах боломжгүй.

13. Түүнчлэн магадлалд дурдсаны дагуу Өмгөөллийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан арга хэмжээг бүрэн авч, өмгөөлөгч нарыг буруутгаж буй гол үндэслэлийн нэг болох “Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг зөрчсөн” гэх үйл баримт хэрхэн тогтоогдож байгаа зэрэгт зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч Г.Б, А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 221/ШШ2023/0007 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч Г.Б, А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                     Д.БАТБААТАР

Х.БАТСҮРЭН

П.СОЁЛ-ЭРДЭНЭ

Ц.ЦОГТ

 

 

[1] Хавтаст хэргийн 223 дугаар талд,