Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 131

 

А.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                                                                                                                                    Хэргийн индекс: 135/2015/01239

        Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч  С.Энхжаргал, шүүгч С.Оюунцэцэг  нарын бүрэлдэхүнтэй тус

        Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, шүүгч С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн  631 дугаар шийдвэртэй,

          Нэхэмжлэгч Б овогт А-ийн С-ийн нэхэмжлэлтэй,      

          Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох,

          “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайханы давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Б.Мандуул нар оролцов.

          Нэхэмжлэгч А.С-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэл  болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Би Дархан-Уул аймгийн 15, 22 дугаар цэцэрлэгүүдэд 2001 оноос 2015 оны 5 дугаар сар хүртэл туслах багшаас эхлэн бүлгийн багш болтлоо 15 жил сурч хөгжиж ажилласан. Ажиллах хугацаандаа үр бүтээлтэй, ямар нэгэн зөрчилгүй сайн ажиллаж, хамт олондоо нэр хүндтэй, бусдад мэдлэг бүхнээ заан тусалж ажилладаг байсан. 2014 оны 3 дугаар сард төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад орж тэнцэн хүний нөөцөд бүртгэгдсэн. 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн аймгийн Засаг даргын Б/22 тоот захирамжаар Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдан шинээр ашиглалтад орж байгаа 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон. Уг цэцэрлэг 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр ашиглалтад орж нээлтээ хийж, 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хүүхдээ хүлээн авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 7 дугаар сараас эхлэн ашиглалтын өмнөх бүх л ажлыг 9 дүгээр сар хүртэл өөрөө ямар ч амралтгүйгээр хийж дуусгасан. Цэцэрлэг нь хөндий хоосон байшин л байсан. Би тус цэцэрлэгт хүүхэд сурч, хөгжих ая тухтай сайхан орчинг бүрдүүлэхийн төлөө хичээн    ажиллаж    бүх   анги   танхим,  урлаг заал, гал тогоо, шат,  гадна талбай, хашлага, хайс, багш хөгжлийн төв, агуулах складуудыг стандартад нийцүүлэн засч, тохижуулсан. Мөн бүх л шатны шаардлагатай бичиг баримт, дүрэм, журмыг боловсруулан ажилласан. Одоо тус цэцэрлэгээс Дархан сумын цэцэрлэгүүд, мөн Орхон, Шарын голын цэцэрлэгүүд ирж туршлага судалдаг. Ингэж ажиллахдаа цэцэрлэгийн эцэг, эх, багш, ажилчдын саналаар хүүхэд бүрээс “Цэцэрлэг хөгжүүлэх сан”-аараа дамжуулан хандивын мөнгө авч, анги танхимд хэрэгтэй байгаа эд хогшлыг авахаар болсон. Эцэг, эхчүүдийн өгсөн бэлэн мөнгө болох 4,5 сая төгрөгийг “Цэцэрлэг хөгжүүлэх сан”-ийн дансандаа хийж зарцуулсан. “Цэцэрлэг хөгжүүлэх сан”-ийн мөнгийг захиран зарцуулах эрхтэй этгээд нь эцэг, эхийн зөвлөлийн гишүүд байдаг юм. Бэлэн бусаар буюу эд материалаар өгсөн 11.335.000 төгрөгийн эд материалыг ангиудад хүлээлгэн өгч бүртгэн данс бүртгэлд тусгасан. Бэлэн мөнгө өгч чадахгүй эцэг, эхчүүд болон бүлгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүд хоорондоо ярьж байгаад цэцэрлэгт шаардлагатай байгаа зүйлүүд буюу аяга, таваг, тоглоом, эд хогшил, дрож, хөшиг зэргийг авчирч өгсөн. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр аймгийн Санхүү хяналт аудитын албаны дарга Б.Идэржавхлан өрөөндөө дуудан чи өөрийн дансандаа хүүхдийн хандивын мөнгө хийлгэж хахууль авсан байна гээд баахан загнаж байцаалт явуулж, сүрдүүлж айлгасан. Миний дансны дугаарыг цаасан дээр биччихсэн сууж байсан. Намайг явж дансны хуулгаа аваад ир гэсэн. Би “Хаан банк”-аас очиж хуулга буюу утгыг нь авч харахад “Алтаншагай бэлт” гээд 100.000 төгрөг хийгдсэн байсан. Тус гүйлгээг харахад 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр орсон байсан. Би энэ гүйлгээг огт мэдээгүй. Миний бие 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл мэдээгүй байсан. Би мөнгө хийсэн хүн рүү нь утсаар ярихад маш их ажилтай байж байгаад таны дансыг олж хийсэн гэж байсан. Дархан сумын 11 дүгээр цэцэрлэг нь шинээр ашиглалтад орсон санхүүгийн анхан шатны баримтад тусгаж ня-бо, нярав нар нь тухай бүр нь тайландаа тусгаж байсан. Иймд миний бие Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,  7 дугаар зүйлийн 7.5, 7.7, 9 дүгээр зүйлийн 9.1, 19 дүгээр зүйлийн 19.1.5, Сангийн сайдын 2000 оны 69 дугаар тушаал, эд хариуцагчийн эрх үүргийн дүрмийн 2 дахь хэсгийн 15, 16 дахь заалтыг зөрчөөгүй. Иймд намайг ажлаас халах үндэслэл болохгүй гэж үзэж, Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2015 онд Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгийн “Цэцэрлэг хөгжүүлэх сан”-ийн 2015 оны санхүүгийн үйл ажиллагааны болон удирдлагын бусад баримт бичигт шалгалт хийхэд тус цэцэрлэгийн эрхлэгч А.С- нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.5, 7.7, 9 дүгээр зүйлийн 9.1, 19 дүгээр зүйлийн 19.1.5, Сангийн сайдын 2000 оны 69 дүгээр тушаалаар батлагдсан Эд хариуцагчийн эрх үүргийн дүрмийн 2 дахь хэсгийн 15, 16 дахь заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдсон. Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.С- нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах, 40 дүгээр зүйлийн 40.1.5 мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон заалтыг тус тус үндэслэн ажлаас халсан. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/10 дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлтэй, нотлох баримтад үндэслэн гаргасан тул иргэн А.С-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 631 дүгээр шийдвэрээр:

          Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,  128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.С-г Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин 1.483.336 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагчид нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж суутган бичилт хийхийг даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, төрийн сангийн орлогоос 70200 төгрөг буцаан гаргуулж нэхэмжлэгч А.С-д олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 38.683 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсайхан давж заалдсан гомдолдоо:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

  1. Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтаар А.С- нь “Цэцэрлэг хөгжүүлэх сан”-ийн 11.33.500 төгрөгийг Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56/64 дүгээр тушаалын 2.7 дахь заалт "төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн тухайд сангийн хөрөнгийг төрийн сангийн дансанд байршуулах бөгөөд тусгай данс нээж болно”, 2.8-д “санд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг бэлнээр сургууль, цэцэрлэг дээр хадгалахыг хориглоно” гэснийг зөрчин хандивлагчаас цуглуулсан хөрөнгийг төрийн санд байршуулаагүй, бэлэн мөнгөөр авч түүгээрээ зарцуулсан зөрчил гаргасан гэж дүгнэсэн боловч 11.335.000 төгрөг нь бэлэн бусаар эд материалын хэлбэрээр орж ирсэн болох нь тус сангийн гишүүд болох гэрч Х.Эрдэнэзаяа, Т.Байгальмаа, Б.Балжинням нарын мэдүүлгээр тогтоогдож байна” гэжээ. Дээрх 3 гэрчийн мэдүүлгүүд эргэлзээтэй, зөрүүтэй байхад нотлох баримтаар үнэлсэн. Тухайлбал Төрийн сан банк хаасан байсан учир мөнгийг тушаагаагүй, мөн худалдан авч гэсэн утга илэрдэг ба бэлэн бусаар хураасан бол төрийн сан банкны талаар ярихгүй байсан. Ийм байдлаар эргэлзээтэй мэдүүлэгт үндэслэн шийдвэрлэсэн.
  2. “Мөн А.С- нь өөрийн хувийн харилцах дансандаа нэг хүүхдийн хандивын мөнгө 100.000 төгрөг тушаалгасан зөрчилтэй гэж дүгнэсэн боловч хэрэгт авагдсан гэрч Б.Ууганцэцэгийн ... Хаан банкны данс өгчих гэж гуйж байгаад авсан тэр данс руу хийсэн” гэж мэдүүлснээс үзэхэд нэхэмжлэгч А.С- нь тус мөнгийг авах санаа зорилго байгаагүй төдийгүй, мэдээгүй байж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд. .. “ гэжээ А.С- нь өөрийн дансанд нэг хүүхдийн хандивын мөнгө 100.000 төгрөг орсныг 3 сарын туршид мэдээгүй байсан гэхэд эргэлзэж байгаа шалгалтын үеэр мэдсэн гэх боловч энэ нь тогтоогдоогүй байхад шүүх шийдвэртээ үндэслэсэн. Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт шалгалт, аудитын алба нь Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “материаллаг шинжтэй зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг төрийн аудитын байгууллагаас эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ”, мөн хуулийн 28.2.2-т “төрийн аудитын байгууллагаас тавьсан албан шаардлага, төлбөрийн актыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд зөрчил гаргасан албан тушаалтныг үүрэгт ажлаас нь халах саналыг Төрийн аудитын байгууллага эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ” гэж хуулинд зааснаар ямар нэгэн санал хүргүүлсэн эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

          Санхүүгийн хяналт, удитын газар нь Төрийн аудитын байгууллага биш тул Төрийн аудитын тухай хуулийн холбогдох заалтаар хэрэг маргааныг шийдвэрлэсэн өөрөөр хэлбэл шүүх хуулийг буруу хэрэглэсэн байна

          3.“Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар зохицуулсан бөгөөд дээрх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна” гэжээ. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах заалтыг барьж ажлаас халсан. Иймд анхан шатны шүүхийн үндэслэлгүй, хууль буруу хэрэглэсэн шийдвэрийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           Нэхэмжлэгч  А.С- хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

           Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч А.С- нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/22 дугаар захирамжаар Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас халагдсан байна. /хэргийн 44-45 дугаар хуудас/

           Нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хуулийн шаардлагыг зөрчөөгүй гэж үзнэ.

           Сургуулийн өмнөх болосролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт, 2008 оны Боловсрол Соёл шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 56/64 дугаар тушаалын 3.3 дахь заалт, тус цэцэрлэгийн зөвлөлийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Цэцэрлэг хөгжүүлэх  сан”-ийн дүрэм, дотоод журам зэргийг үндэслэн  тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/03, 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/01 тоот тушаалуудаар “Цэцэрлэг хөгжүүлэх сан” байгуулж, сангийн хөрөнгийг хүлээн авах, зарцуулах эрхийг комиссын дарга нягтлан бодогч, гишүүд ахлах багш, эцэг, эхийн төлөөлөл, туслах багш 5 хүнд олгож, эцэг, эх, асран хамгаалагч, хандивлагч нарт хөрөнгийн зарцуулалтын тайланг тавихыг даалгасан болох нь тогтоогдсон байна. /хэргийн 7-15 дугаар хуудас/

          Санхүүгийн хяналт, аудитын албанаас тус цэцэрлэгийн эрхлэгч А.С- 11.335.000 төгрөгний зарцуулалтыг буруу хийсэн, мөн тус цэцэрлэгийн эрхлэгч А.С-гийн хувийн харилцах дансанд тушаагдсан 100.000 төгрөгийн талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

           Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд шүүх 3 гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй байхад үнэлсэн, нэхэмжлэгч өөрийн харилцах дансандаа 100.000 төгрөг орсныг мэдсэн байх ёстой, цэцэрлэгийн эрхлэгч нь эд хөрөнгө хариуцсан албан тушаалтан байхад дээрх нахцөл байдал тогтоогдохгүй байна гэж хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр үндэслэлгүй...” гэх давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

           Шүүхийн шийдвэрийн удирдлага хэсэгт зохигчдын нэр солигдож бичигдсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 631 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

           2. Хариуцагч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.      

       

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.АМАРСАНАА

                          ШҮҮГЧИД                                                    С.ЭНХЖАРГАЛ

                                                                                               С.ОЮУНЦЭЦЭГ