Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0594

 

БНХАУ-ын иргэн В Ю-гийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Ц.Цогт, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Э, Н.Ц, хариуцагч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0571 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу БНХАУ-ын иргэн /W Y/ В Ю-гийн гомдолтой, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Б.А-д холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0571 дүгээр шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1, 4.1 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.11, 2.1 дүгээр зүйлийн 2, 2.4 дүгээр зүйлийн 1.10, 4.5 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2, Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.4, 228 дугаар зүйлийн 228.3, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0123714 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай БНХАУ-ын иргэн В Ю /W Y/-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Э давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0571 дүгээр шийдвэр нь хууль бус бөгөөд илт үндэслэлгүй байх тул бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1.Хураан авах ажиллагааг хууль бусаар явуулсан талаар:

Буянт-Ухаа дахь Гаалийн газрын ЗТХБА-ны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагчийн зүгээс зөрчлийг шалган тогтоох зорилгоор В Ю-гийн биедээ авч явсан Е61826916 дугаартай паспорт болон 200.000 юань, 248.900 ам долларыг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр прокурорын зөвшөөрөлгүй хураан авсан.

2. Анхан шатын шүүх гаалийн улсын байцаагчийн эрх зүйн байдлыг тодорхойлохдоо ЗШШтХ-г илт буруу хэрэглэсэн талаар:

...Гаалийн улсын байцаагч Б.Б, Э.О нар чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа буюу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл үйлдсэн тул В Ю-д холбогдох зөрчлийг гаалийн улсын байцаагч Б.Б, Э.О нар шалган тогтоох бүрэн эрхтэй байна. ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар гаалийн улсын байцаагч нь албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн бол тухайн зөрчлийг шалган шийдвэрлэх бүрэн эрхтэй байтал шүүхээс гаалийн улсын байцаагч Б.Б, Э.О нарыг зөрчлийг шалган шийдвэрлэх бүрэн эрхгүй гэж дүгнэсэн бөгөөд ингэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 10-т зааснаар эрх бүхий албан тушаалтны эрх зүйн байдлыг тус тусын хуулиар тогтоохоор заасан байтал Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны А/95 тоот тушаалыг үндэслэн тайлбарласан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.11, 10, 6.1 дүгээр зүйлийг илт буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

3. Анхан шатны шүүх хөндлөнгийн гэрч оролцуулах журам зөрчсөн талаарх гомдлыг зарим шаардлагыг шийдвэрлэлгүй орхисон талаар:

...шүүхийн зүгээс зөвхөн хөндлөнгийн гэрч болох С.Х тэмдэглэлд гарын үсэг зураагүй үйл баримтын талаар дүгнэсэн бөгөөд гомдлын бусад шаардлагыг талаар аливаа дүгнэлт хийхгүй орхисон болно. ... гаалийн улсын байцаагч Б.А-гийн үйлдсэн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд хөндлөнгийн гэрч Я Ч гарын үсэг зураагүй тул энэхүү тэмдэглэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 5-д зааснаар нотлох чадвараа алдах бөгөөд шийдвэрийн үндэслэл болохооргүй байна. Гэтэл шүүхээс зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг ноцтой зөрчсөн энэхүү тэмдэглэлийг шийдвэрийн үндэслэл болгосон процессын алдаа гаргасан байна

4. Валютыг гаальд мэдүүлэхээс зайлсхийсэн үйлдлийг гаргаагүй талаар:

 ...хэрэгт авагдсан гаалийн хяналт шалгалтын бүсийн камерын бичлэгээс үзэхэд W Y нь гаалийн улсын байцаагчийн зааварчилгааг бүрэн биелүүлж, хяналт шалгалтад бүрэн хамрагдаж, авч явсан бэлэн мөнгөө шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл огт гаргаагүй байтал шүүхээс валютыг гаалийн байгууллагад мэдүүлэхээс зайлсхийсэн нь камерын бичлэгээр тогтоогдож байна хэмээн нотлох баримтыг бодит байдлаас эрс зөрүүтэй үнэн илт үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

   5. Анхан шатны шүүх “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-г илт буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:

...шүүхээс “зорчигч ногоон гарцыг сонгосон бол гаалийн мэдүүлэг бичиж улаан гарцаар нэвтрэх бараагүй гэдгээ мэдүүлсэн гэж үзэхээр журамлажээ” хэмээн Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмыг илт буруу тайлбарлаж хэрэглэн хууль бус шийдвэр гаргасан байна.

   6. Шүүх олон улсын гэрээ зөрчсөн эсэх талаарх гомдлыг шаардлагын талаар дүгнэхгүй орхисон талаар:

...шүүхээс гаалийн улсын байцаагчид Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1, Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвецод нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколын тусгай хавсралт Н-д заасан заалтыг зөрчин үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан үйлдлийн талаар ямар нэг хууль зүйн дүгнэлт өгөөгүй бөгөөд хуулиар олгогдсон бүрэн эрхээ үндэслэлгүйгээр хэрэгжүүлэхээс татгалзсан байна.

   7. 0123714 тоот Шийтгэлийн хуудсаар 200.000 юань, 248.900 ам долларыг хураахаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар:

...шүүхийн зүгээс 0123714 тоот Шийтгэлийн хуудсаар В Ю-гийн биедээ авч явсан 200.000 юань, 248.900 ам долларыг хураасан үйлдлийг шийтгэл биш харин Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д заасан албадлагын арга хэмжээ гэж үзсэн боловч тухайн албадлагын арга хэмжээг авах хуульд заасан үндэслэл, журам дээр дурдсан байдлаар зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт өгөөгүй бөгөөд хуулиар олгогдсон бүрэн эрхээ үндэслэлгүйгээр хэрэгжүүлэхээс татгалзсан байна.

   8. Анхан шатны шүүх гэрч асуух журам зөрчсөн талаар:

...шүүгч хуулиар хориглосон этгээдийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан бөгөөд хоёр ба түүнээс олон гэрчийг тус тусад нь асуулгаагүй ба мэдүүлэг өгч эхлээгүй байгаа гэрч Ц.Э-ыг шүүх хуралдааны танхимд байлцуулсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.1.2, 100.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн байна.

... 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0571 дүгээр шийдвэрт дурдсан үндэслэл нь Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Гаалийн тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль болон Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенцод, өөрчлөлт оруулах тухай протокол, Гаалийн тухай хуулиар бус Гаалийн ерөнхий газрын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Журам батлах тухай 468 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам” болон Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/236 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-н заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг буруу тодорхойлсон, шүүхээс тогтоогдсон гэж үзсэн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал нотлогдоогүй, шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэргийн нөхцөл байдалтай тохирохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой бөгөөд Улсын дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр зөвлөмжид зааснаар шүүх материаллаг, эсхүл процессын эрх зүйн хэм хэмжээг буруу хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хууль ёсны бус гэж үзэхээр, харин хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал буруу тодорхойлсон, шүүхээс тогтоогдсон гэж үзсэн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал нотлогдоогүй, шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэргийн нөхцөл байдалтай тохирхооргүй байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж ойлгохоор байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0571 дугаар шийдвэр нь хууль ёсны бус бөгөөд үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, БНХАУ-ын иргэн В Ю-д үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан 0123714 тоот Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Гомдол гаргагч БНХАУ-ын иргэн В Ю нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрэхдээ биедээ авч явсан 200.000 юань, 248.900 ам.долларыг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэхээс зайлсхийсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1-д заасныг зөрчсөн гэж үзэн  Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Б.А 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0123714 дүгээр шийтгэлийн хуудсаар[1] Ван Юүелигийн зөрчилтэй 200.000 юань, 248.900 ам.долларыг хурааж, валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний 109.563.664 төгрөгөөр торгох шийтгэлийг түүнд оногдуулжээ.

Энэхүү зөрчил нь хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтаар тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байх тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж В Ю-гийн пасспорт болон валютыг хураан авсан, ...хөндлөнгийн гэрч С.Х, Я Ч нар үзлэг хийсэн тэмдэглэлд[2] гарын үсэг зураагүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

БНХАУ-ын иргэн В Ю-гийн гар тээшинд улсын байцаагч Б.А 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үзлэг хийж, тухайн үзлэгийн ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр  Ч /Y Qe/, “М г х” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай О.Э, гаалийн улсын байцаагч Б.Б, Э.О, Ц.Э, “Ч” ОУНБ дахь Голомт банкны салбарын ажилтан Р.Х нарыг байлцуулан, тэдгээр нь гарын үсэг зурсан болох нь “Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл”[3]-ээр нотлогдож байх бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэхгүй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалган тогтоох зорилгоор зөрчил шалгах ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл, баримт бичгийг хураан авч болох бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтлахаар байна. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтыг прокурорын зөвшөөрлөөр түр хураан авахаар тус тус зохицуулсныг гаалийн улсын байцаагч зөрчөөгүй байна.

            Учир нь зөрчил илрүүлсэн хяналт шалгалтын улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 3-т заасныг удирдлага болгон хойшлуулшгүй ажиллагаа явуулан В Ю-гийн пасспорт болон валютыг хураан авч,  2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3-д заасны дагуу “Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай” 130 дугаар[4] эрх бүхий албан тушаалтны саналыг үндэслэн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор хүчинтэйд тооцон танилцаж гарын үсэг зурсан байна. Мөн өдөр 130 дугаар тогтоолоор[5] зөрчлийн хэрэг нээсэн байх тул прокурорын зөвшөөрөлгүй ажиллагаа явуулсан гэж буруутгах үндэслэл болохгүй.

Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “В Ю нь Гаалийн тухай хуулийн 228 дугаар зүйлийн 228.3 дахь хэсэгт заасны дагуу ногоон гарцаар нэвтрэх үйлдлээрээ гаалийн хилээр нэвтрүүлэх бараа /валют/-г гаалийн байгууллагад мэдүүлсэн, Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 468 дугаар тушаалын хавсралтаар баталсан Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 5.4-д заасан бусдад дамжуулах бараагүй хэмээн мэдүүлсэн гэж журамласан байхад шүүх хууль, тогтоомжийг илт буруу тайлбарласан” гэх гомдлын тухайд:

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэмцэх хэмжээний гадаад валют Монгол улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ”, Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн валютыг гаалийн байгууллагад бичгээр мэдүүлсэн тоо, хэмжээгээр тус улсын хилээр оруулж болно” гэж тус тус заажээ.

Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 468 дугаар тушаалын хавсралтаар баталсан Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журамд зорчигч гаалийн хилээр нэвтрэхдээ гаалийн хяналтын улаан, ногоон гарцыг сонгож болох бөгөөд таван сая бол түүнээс дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, чектэй бол гаалийн мэдүүлэг бичиж улаан гарцаар нэвтрэхээр мөн зохицуулсан байна.

Иймд В Ю нь их хэмжээний валютыг улсын хилээр нэвтрүүлэхдээ бичгээр үнэн зөв мэдүүлээгүй нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байх тул энэ талаарх гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Мөн “шүүх ...2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гаалийн улсын байцаагч Б.Б, Э.О нараас гэрчийн мэдүүлэг авахдаа гэрч Ц.Э-ыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр давхар оролцуулсан бөгөөд шүүх хуралдааны танхимаас гаргаагүй” гэх гомдлын тухайд:

Хэрэгт авагдсан нотлох баримт болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс[6] үзвэл Ц.Э нь хариуцагч Б.А-аас 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр олгогдсон итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, тухайн өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон атлаа 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд Ц.Э нь гэрчийн мэдүүлэг өгсөн байна[7].

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.10.1-д зааснаар үүргээ гүйцэтгэх замаар хэргийн нөхцөл байдлыг мэдэх болсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийг гэрчээр дуудах болон мэдүүлэг авч болохгүй гэж зохицуулсныг анхан шатны шүүх зөрчсөн байх боловч энэхүү алдаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх “Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0123714 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай БНХАУ-ын иргэн В Ю /W Y/-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0571 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

          ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

          ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

          ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-5, 1-79

[2] Хавтаст хэрэг 1-35

[3] Хавтаст хэрэг 1-30

[4] Хавтаст хэрэг 1-24

[5] Хавтаст хэрэг 1-23

[6] Хавтаст хэрэг 1-204 хуудас

[7] Хавтаст хэрэг 2-80 хуудас