Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 571

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 16 өдөр             Дугаар 128/ШШ2019/0571        Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: БНХАУ-ын иргэн /W/ В,

Хариуцагч: Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Б.А,

Гомдлын шаардлага: “Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0123714 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Ц, А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Ж.М, гэрч Х.Х, Я.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч В/W/ гомдлын шаардлагадаа: БНХАУ-ын иргэн Вминий бие 2018 оны 10 дугаар сарын 1-ны өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан. Ийнхүү зорчихдоо гадаад худалдаа, ачаа тээврийн үйл ажиллагаа явуулах зорилгоор Монгол Улсад үүсгэн байгуулсан “Мэнг Гү Хонгтой” ХХК-ийн үйл ажиллагаанд шаардлагатай байсан нүүрс тээвэрлэх автомашин худалдан авахад зарцуулах бэлэн мөнгийг биедээ авч явсан юм.

Гэтэл Буянт-Ухаа дахь Гаалийн газрын ЗТХБА-ны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагчийн зүгээс “бэлэн мөнгийг гаалийн байгууллагад мэдүүлэхээс зайлсхийсэн” гэх үндэслэлээр 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 130 тоот тогтоолоор Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1-д зааснаар зөрчлийн хэрэг нээн, биедээ авч явсан Е61826916 дугаартай паспорт болон 200.000 юань, 248.000 ам долларыг прокурорын зөвшөөрөлгүйгээр хураан авсан юм. Улмаар 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0123714 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсгийн дагуу 109.563.364 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, зөрчилтэй гэх 200.000 юань, 248.000 ам долларыг хураахаар шийдвэрлэсэн.

Миний зүгээс нисэх буудлын гаалийн хяналтаар нэвтрэх үедээ биедээ авч явсан бэлэн мөнгийг гаалийн улсын байцаагчид зохих ёсоор шалгуулсан ба шалгуулахаас зайлсхийсэн аливаа үйлдэл гаргагүй тул энэхүү шийтгэлийн хуудсыг хууль бус хэмээн үзэж, хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

Гомдлын шаардлага: “Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0123714 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”.

Гомдлын үндэслэл.

Валютыг гаальд мэдүүлэхээс зайлсхийсэн үйлдлийг гаргаагүй талаар:

1. Гаалийн улсын байцаагчийн 2018 оны 10 сарын 29-ний өдрийн 0123714 тоот шийтгэлийн хуудсаар Вминий гаалийн хилийн ногоон гарцаар нэвтэрсэн үйлдлийг их хэмжээний валютыг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэхээс зайлсхийж нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргасан хэмээн буруутгаж шийтгэл оногдуулсан. Энэхүү шийдвэр нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

1.1. Валютыг Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.4-т заасан хэлбэрээр буюу гаалийн хилийн ногоон гарцаар нэвтрэх замаар мэдүүлсэн талаар

Гаалийн тухай хуулийн 55.9-д заасны дагуу зорчигч нь өөрийн хувийн хэрэглээний эд зүйл, бусад барааг зорчигчийн гаалийн мэдүүлгээр мэдүүлдэг билээ. Гаалийн тухай хуулийн 228.1 - 228.7 дахь хэсгээр зорчигчийг гаалийн хилээр нэвтрүүлэх тусгай журмыг хуульчилсан байна. Тус хуулийн 228.1-д зорчигчийг гаалийн хилээр нэвтрүүлэхэд гаалийн хяналтын улаан, ногоон гарцыг хэрэглэж болохоор заасан ба зорчигч гаалийн хилээр нэвтрэх гарцаа өөрөө сонгох эрхтэй байна. Хэдийгээр гаалийн улсын байцаагчийн зүгээс гаалийн хилийн ногоон гарцаар нэвтэрсэн үйлдлийг их хэмжээний валютыг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэхээс зайлсхийсэн үйлдэл хэмээн буруутгаж байгаа боловч Гаалийн тухай хуулийн 228.3 дахь хэсэгт заасны дагуу тус хуулийн 8.1-д заасан хязгаарлалт бүхий бараа байхгүй тохиолдолд зорчигч гаалийн хилийн ногоон гарцаар нэвтэрч болохоор байна.

Миний хувьд Гаалийн тухай хуулийн 8.1-д заасан улсын хилээр оруулах, гаргахыг хориглосон болон тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааг авч яваагүй тул гаалийн хилийн ногоон гарцаар нэвтэрсэн нь хууль зөрчөөгүй юм. Өөрөөр хэлбэл их хэмжээний валют биедээ авч явсан тул гаалийн хилийн ногоон гарцаар нэвтэрсэн нь буруу гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд ийнхүү үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан гаалийн улсын байцаагчийн шийтгэлийн хуудас хууль бус байна.

1.2. Биедээ авч явсан валютыг гаальд мэдүүлэхээс зайлсхийгээгүй талаар:

Гаалийн улсын байцаагчийн зүгээс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15.1-д зорчигч 15 саяас дээш төгрөгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлэх үүргээ зөрчсөн (зайлсхийсэн) гэж үзэж шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан. Гэвч дараах хууль тогтоомжоос үзэхэд биедээ авч яваа барааг гаальд мэдүүлэх үүргээ биелүүлсэн байна. Гаалийн тухай хуулийн 55.1-д мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлэх гэж заажээ. Өөрөөр хэлбэл барааг гаальд мэдүүлэх журмыг гагцхүү Гаалийн тухай хуулиар зохицуулж байна. Гаалийн тухай хуулиар зорчигчийг заавал бичгээр гаалийн мэдүүлэг бөглөхийг шаардаагүй байдаг.

Тодруулбал, Гаалийн тухай хуулийн 228.5-д зааснаар зорчигч барааг гаалийн хилийн ногоон гарцаар нэвтрэх хэлбэрээр мэдүүлж байгаа тохиолдолд гаалийн мэдүүлэг бичихгүй байж болохоор байна. Дээр дурдсанчлан миний бие гаалийн хилийн ногоон гарцаар хуулийн дагуу нэвтрэх эрхтэй байх бөгөөд ийнхүү нэвтрэхдээ гаалийн мэдүүлгийг бичгээр үйлдэх шаардлагагүй байсан юм. Өөрөөр хэлбэл Вминий бие нь Гаалийн тухай хуулийн 228.3 дахь хэсэгт заасны дагуу ногоон гарцаар нэвтрэх үйлдлээрээ гаалийн хилээр нэвтрүүлэх бараа (валют)-г гаалийн байгууллагад мэдүүлсэн юм (энэ үед миний бие гаалийн улсын байцаагчийн хяналт шалгалтад бүрэн хамрагдаж авч явсан бэлэн мөнгөө шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл гаргаагүй юм). Ийнхүү ногоон гарцаар нэвтрэх буюу биедээ авч яваа бараагаа мэдүүлсэн зорчигчийн эд зүйлийг Гаалийн тухай хуулийн 228.7 дахь хэсэгт заасны дагуу гаалийн байгууллагаас хяналт тавьж гаалийн хилээр нэвтрүүлэх ёстой.

Гэтэл гаалийн улсын байцаагчийн зүгээс дээрх хууль тогтоомжийг үл харгалзан гаальд барааг мэдүүлэхээс зайлсхийсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2. 0123714 тоот Шийтгэлийн хуудсаар 200,000 юань, 248,900 ам долларыг хураахаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар:

 Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 2-т зааснаар эрх бүхий албан тушаалтан нь зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйл, 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг авах эрхтэй байна.

Гэтэл гаалийн улсын байцаагч 0123714 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн дээр дурдсан заалтын алинд ч үл хамаарах албадлагын арга хэмжээ авахаар заасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь заалтыг илтэд зөрчсөн байна. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 4.1-д зааснаар зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, тус хуулийн 4.2-т зааснаар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураахаар байна. Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн тайлбараас үзэхэд “Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж зөрчил үйлдэн олж авсан мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг арилжаалж бий болгосон бусад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг түрээслэх, ашиглах замаар олсон бүх төрлийн орлогыг ойлгохоор байна.  

Харин 0123714 тоот шийтгэлийн хуудсаар хураахаар шийдвэрлэсэн бэлэн мөнгө нь Б.Вминий аль хэдийнээ шударгаар олж авсан хууль ёсны өмч байсан юм. Иймд тус бэлэн мөнгийг шударга өмчлөгчийн хувиар зөрчил үйлдэх замаар дахин олж авсан гэж үзсэн хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, зэвсэг, хэрэгслийг л хураахаар байна. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь заалтад "... зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж ...” гэж зааснаас үзэхэд зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлийг бус харин түүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хураахаар байгаа юм. Үүнээс үзэхэд, гаалийн улсын байцаагч шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийг үндэслэн миний биедээ авч явсан 200,000 юань, 248,900 ам долларыг хураахаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 2-т заасан эрх хэмжээгээ хэтрүүлсэн байна. Ийнхүү Вминий бие нь Гаалийн тухай хуулийн 228.1-т заасны дагуу гаалийн хилийн ногоон гарцаар нэвтрэх эрхтэй бөгөөд Гаалийн тухай хуулийн 228.5, 55.2.4-д заасны дагуу өөрийн авч явсан бэлэн мөнгийг гаальд мэдүүлсэн тул Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1-т заасан зөрчлийн шинжгүй байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1-т заасан зөрчил үйлдсэн хэмээн үзэж шийтгэл оногдуулсан гаалийн улсын байцаагчийн 2018 оны 10 оны 29-ний өдөр 0123714 тоот шийтгэлийн хуудас нь хууль бус байх тул хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

 

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.” гэж, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд энэ хуулиар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж тус тус заасан байна. Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дугаарын 148 дугаар хуудсанд тусгай хавсралт зөрчил гэсэн хэсэгт гаалийн зөрчил гэж гаалийн хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг ойлгоно гэж заасан. Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 5 дугаар зүйлийн 5.4-т ”Зорчигчийн бусдад дамжуулах барааг тухайн зорчигчийн бараа, эд зүйлд тооцох бөгөөд зорчигч гаалийн мэдүүлэгт бичиж мэдүүлсэн байна”. гэж, 6 дугаар зүйлийн 6.1-т “Зорчигч гаалийн хилээр нэвтрэхдээ гаалийн хяналтын улаан, ногоон гарцыг сонгож болно.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзээд шийтгэл оногдуулсан нь өөрөө хууль зөрчсөн байна. Тийм учраас гаалийн зөрчлийг гаргаагүй гэж үзэж байна.

Мөн Гётегийн конвенцын тусгай хавсралт “H”-ийн 23 дугаар стандартад Барааны мэдүүлэгт үнэн зөв мэдээллийг тусгасан боловч мэдүүлэгчийн үнэн зөв мэдүүлэг өгөхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авсан болохыг нотолсон бол Гаалийн байгууллага аливаа шийтгэл хүлээлгэхдээ дээрх хүчин зүйлийг харгалзан үзнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл Вг Зөрчлийн тухай хуульд зааснаар гаалиар нэвтрэхдээ валютын дүнг үнэн зөв мэдүүлээгүй зөрчил үйлдсэн гэж шийтгэл оногдуулсан. Гэтэл үнэн зөв мэдүүлэх боломжийг олгоогүй, өөрийнх нь мэддэг хэл дээр асуугаагүй, хэрэв ойлгогдох боломжгүй байсан бол орчуулагч, хэлмэрчийг оролцуулж мэдүүлэх, мэдүүлүүлэх, шаардлагатай бол бичгээр мэдүүлэх шаардлагаар хангаж өгөөгүй байна. Улаан гарцаар гарсан бол болох байсан мэтээр тайлбарлаж байна. Гэтэл улаан гарцаар гарахад дахин энэ талаар тайлбарлаж өгөөгүй бол тухайн хүн бичгээр гаргах ёстой гэдгийгээ мэдэхгүй л байна. Тийм учраас Вг мэдүүлэх боломжоор хангаагүй гэж үзэж байна. Үнэн зөв мэдүүлэг өгөхийн тулд шаардлагатай арга хэмжээг авсан байх ёстой байсан. Өөрөөр хэлбэл Внь өөрөө ногоон гарцаар гарчихаад өөрөө бүх зүйлээ мэдүүлсэн. Тийм учраас үүнийг зөрчил гэж үзэхгүй, гаалийн улсын байцаагчийн оногдуулсан шийтгэлийн хуудас нь үндэслэлгүй байна.

Мөн Гётегийн дүрмийн Хавсралт 3 дугаар бүлгийн Гаалийн бүрдүүлбэр болон гаалийн ёс журмын 3 дугаар зүйлийн 3.39-д заасан стандартад алдааг санамсаргүй үйлдсэн бол мөн хайхрамжгүй хандсан үйлдэл нь тогтоогдсон бол гаалийн байгууллага нь хүнд шийтгэл хүлээлгэхгүй, хэрэв уг зөрчлийг дахин үйлдүүлэхгүй байх үүднээс арга хэмжээ авах шаардлагатай гэж шийдвэрлүүлж болох боловч шийтгэлийн хэмжээ үнийн дүнгээс илүүгүй байна. Гэтэл гаалийн байгууллага нь гаалийн мэдүүлгийг зорчигчдод тараагаагүй байдаг. Ямар ч улсын гаалийн байгууллага нь тухайн хүний мэдэх хэл дээр гаалийн мэдүүлгийг тарааж, тухайн хүнийг гаалийн мэдүүлэгтэй танилцах боломжоор хангасны дараа нь харин гаалийн мэдүүлгийг үнэн, зөв мэдүүлсэн эсэх асуудлаар ярих ёстой. Вгийн мэдүүлгээр Монгол улсын хилээр нэвтрэх гадаад улсын иргэний анкетыг л өгсөн байдаг болохоос мэдүүлгийн цаас өгөөгүй байна. Замд нь Хятад улсын хэл дээрх мэдүүлгийг тараасан, харин тэр мэдүүлгийг бөглөх ёстой гэсэн тайлбарыг Хятад хэл дээр тавиагүй байсан. Рентген аппарат дээр тавихад  Хятад хэл дээрх тайлбарыг яагаад өгөөгүй юм бэ? мэдүүлгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэйг шаардах эрхтэй байхад огт шаардаагүй хэрнээ шууд худал мэдүүлсэн гэж үзсэн. Вгээс “танд хэдэн төгрөг байна вэ” гэж нэг удаа асуугаагүй хэрнээ худлаа мэдүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь Монгол Улсын шударга ёсны зарчмыг зөрчиж байна. Мөн хэмжээ хэтрүүлж шийтгэл оногдуулахыг хориглодог байтал гаалийн улсын байцаагч Г.А нь Вгийн авч явсан валютыг хураах шийтгэл оногдуулсны дээр хураан авсан валютын 15 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр торгож шийтгэл оногдуулсан. Энэ нь өөрөө Олон Улсын гэрээ, конвенцыг зөрчиж байна. Төрийн албан хаагч хууль дүрмийг ягштал баримтлах ёстой байдаг.

Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно” гэж заасан. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.” гэж, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т “Хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь тухайн зөрчлийг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлага, шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан. Тэгэхлээр зөрчил, албадлагын арга хэмжээ гэсэн хоёр төрлийн л арга хэмжээг торхойлсон байдаг. Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана.” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар хураах албадлагын арга хэмжээг Прокурорын зөвшөөрлөөр хийнэ гэж заасан. Прокурорын зөвшөөрөлгүй хойшлуулшгүй арга хэмжээгээр өнөөдрийг хүртэл хураан авсан валютыг буцааж өгөөгүй. Харин хууль зөрчиж хураах албадлагын арга хэмжээг авч шийтгэл ногдуулсан. Гаалийн улсын байцаагчийн оногдуулсан Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22-д заасан хураах гэдэг нь албадлагын арга хэмжээ гэж Үндсэн хуулийн цэцээс тайлбарласан байдаг. Гаалийн улсын байцаагч нь албадлагын арга хэмжээг прокурорын зөвшөөрөлгүй хэрэгжүүлж, шийтгэл мэтээр шийтгэлийн хуудсанд бичиж шийтгэлийг давхар ногдуулсан нь дээр хэлсэнчлэн шударга ёсны зарчимд нийцээгүй байна. Шийтгэлийн хуудсыг хөнгөрүүлэх биш хүндрүүлж давхар шийтгэл оногдуулсан.

Гаалийн ерөнхий газрын даргаас гаргасан 468 дугаар тушаалын Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 6 дугаар зүйлийн 6-д “Энэ журмын 5.4-т заасан бараагүй зорчигч ногоон гарцаар нэвтэрч болно” гэж заасны дагуу ногоон гарцаар гарахдаа мэдүүлгийг бичгээр бөглөхгүй байх заалтын дагуу гарсан болох нь тогтоогдож байна. Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар захиргааны байгууллага техникийн алдаатай акт гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд түүнийг хүчингүй болгохоор хуульд зохицуулж өгсөн байдаг. Төрийн албан хаагч нь хууль тогтоомжид заасны дагуу ажиллах ёстой байтал ажил үүргээ гүйцэтгэж, зөрчил илрүүлсэн улсын байцаагчийг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан байна. Зөрчил илрүүлж, ажиллагаа хийж байгаа улсын байцаагчийг хөндлөнгийн гэрчээр оролцуулж болохгүй юм. Хөндлөнгийн гэрч гэдэг нь хэрэгт ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй этгээд байх ёстой. Зөрчлийг илрүүлээгүй бол түүнд хариуцлага тооцуулдаг, буруу илрүүлж хохирол учруулсан бол тухайн улсын байцаагч хохирлыг нөхөж өгдөг учраас үүнд ашиг сонирхлын зөрчил байна гэж үзэж байна. Тэгэхлээр гаалийн улсын байцаагчийг хөндлөнгийн гэрчээр оролцуулж болохгүй байсан. Иймээс гаалийн улсын байцаагч Г.А нь хэрэг бүртгэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчиж явуулсан.

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Г.А, Ц.Э нар гэрчүүдээс мэдүүлэг авсан. Мэдүүлгийг авахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан дээд шатны эрх бүхий албан тушаалтны даалгах шийдвэр гараагүй байсан. Мэдүүлгийг хэзээ авч эхлэх вэ гэвэл хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд буюу холбогдогч зөрчлийг хүлээн зөвшөөрсөн, техник хэрэгслээр тогтоогдсон зэргээс бусад тохиолдолд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжгүй байхад хариуцагч үүнийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарна гэж үзээд гэрчүүдээс, хөндлөнгийн гэрчүүдээс, илрүүлсэн байцаагч нараас, холбогдогчийн тухайн зөрчлийг зөвшөөрөхгүй гэсэн мэдүүлэг аваад байгаа нь өөрөө хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчлийн хэрэг биш, харин энэ нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэсэг юм. Үүнийг эрх олгогдоогүй байхад буюу 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хийсэн. Тэр мэдүүлгүүдийг шийтгэлийн хуудасны үндэслэх хэсэгт заасан байсан. Өөрөөр хэлбэл өөрт нь эрх олгогдоогүй байхад буюу эрх нь даалгагдаагүй байхад улсын байцаагч учраас зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх эрх олгогдсон гэж буруугаар ойлгож хууль бус үйл ажиллагааг явуулсан байна. Иймд шийтгэлийн хуудсан дээрх бичигдсэн үндэслэл байхгүй, Вгийн их хэмжээний валютыг үнэн зөв мэдүүлэхээс зайлсхийсэн гэх үнэн зөв мэдүүлэг өгөх боломжийг олгоогүй, зөрчил гаргагчид хуулиар олгогдсон өөрийн хэл дээр, хэл мэдэхгүй бол дохио зангаагаар үнэн зөв мэдүүлэх бололцоог олголгүйгээр шууд өөрсдөө зөрчсөн гэж дүгнэн зөрчлийн хэрэг үүсгэж, зөрчлийн хэргээр даалгаж эрх олгоогүй байхад бүрдүүлэлт хийж, шийтгэх хуудас бичсэн нь хууль бус байна. Хууль тогтоомжид зааснаар хөнгөрүүлж үзэх ёстой бөгөөд үнэн зөв мэдүүлэхээр бүх арга хэмжээ авсан бол аль болох давхардуулж шийтгэл авахгүй байх арга хэмжээг авах ёстой байсан. Иймд тус шийтгэлийн хуудас нь хууль бус байх тул хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Гаалийн улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0123714 тоот шийтгэлийн хуудсаар Вд шийтгэл ногдуулсан. Гэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Мөн хураах шийтгэлийг үндэслэлгүйгээр ногдуулсан. Хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа 1/ зөрчлийн хэрэг нээхээсээ өмнө зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. 2/ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эрхгүй этгээдүүд явуулсан. 3/ хураан авах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж явуулсан. 4/ хөндлөнгийн гэрч оролцуулах журмыг зөрчсөн. 5/ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд орчуулагч оролцуулаагүй бөгөөд холбогдогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх нөхцөл боломжийг нь бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй.

1/ Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоол үйлдсэн байгаа. Уг тогтоолд зөрчлийн хэрэг нээгээд, зөрчлийн хэргийн дугаар авч, прокурорт хүргүүлэхээр дурдсан байгаа. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр буюу зөрчлийн хэрэг нээхээс 3 хоногийн өмнө зөрчлийн хэргийн дугаар тавиад, орчуулагч, хэлмэрч томилох тухай тогтоол гаргаж, хураан авсан эд зүйлийг битүүмжилсэн тэмдэглэл дээр хэрэг нээгээд, дугаар авсан мэтээр баримтууд үйлдсэн байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар зөрчлийн хэргийн дугаар авснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны хугацаа тоологддог. Гэтэл гаалийн улсын байцаагч нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зөрчлийн хэргийн дугаар авсан хэрнээ түүнээс өмнө хэрэг бүртгэлтийн ажиллагаануудыг явуулсан байгаа. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт “...зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах” гэж заасныг зөрчсөн.

2/ Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрхгүй этгээдүүд явуулсан байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн албан тушаалтан зөрчлийн хэрэг нээх, зөрчлийг харьяаллын дагуу шилжүүлэх, эсхүл хялбаршуулсан журмаар шийдвэрлэх эсэхийг 3 хоногийн дотор шалгаад, уг шийдвэрийн аль нэгийг гаргахаар байгаа. Гэтэл уг зөрчлийг Э.Очмаа, Б.Баясгалан гэдэг улсын байцаагч нар илрүүлсэн бөгөөд, Б.А байцаагч илрүүлээгүй байдаг. Гэтэл “Зөрчлийн хэргийг нээх тухай” тогтоолыг гаалийн улсын байцаагч Б.А үйлдсэн. Тэгэхээр гаалийн улсын байцаагч Б.Ад тухайн зөрчлийн хэргийг нээх эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрх байгаагүй. Харин гаалийн улсын байцаагч Б.Ад 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр удирдах албан тушаалтнаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх олгосон. Гэтэл гаалийн улсын байцаагч Б.А нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд эд зүйлд үзлэг хийх, орчуулагч томилох, эд зүйл хураан авах, хураан авсан зүйлээ битүүмжлэх, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан ажиллагааг хүчинтэйд тооцуулах санал үйлдэх, гэрчийн мэдүүлэг авах гэх мэт ажиллагаануудыг өөрт нь хуулиар болон удирдах албан тушаалтнаас эрх олгоогүй байхад явуулсан. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Ингээд Б.А нь ямар ч бүрэн эрхгүй байж “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоол үйлдсэн. Харин “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоол үйлдэх бүрэн эрхтэй албан тушаалтан болох Э.Очмаа, Б.Баясгалан нар нь “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоол үйлдээгүй.

3/ Гаалийн улсын байцаагч нь хураан авах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмаас гадуур явуулсан. Зөрчлийн тухай хуулийн 4.1, 4.2 дугаар зүйлд зааснаар зөвхөн зөрчил үйлдэх замаар олж авсан эд хөрөнгө, эсхүл зөрчил үйлдэхдээ ашигласан эд хөрөнгийг хураах байгаа. Гэрчийн мэдүүлгээр Вгийн гаалиар авч гарсан мөнгө нь өөрийнх нь хууль ёсны өмч байсан. БНХАУ-д олсон хууль ёсны орлогоо гаалийн хилээр авч гарсан. Үүнийг зөрчил үйлдэж олсон орлого гэж үзэх үндэслэлгүй. Мөн тухайн валютыг гаалийн зөрчил үйлдэхэд ашиглаагүй. Тийм учраас тухайн валютыг албадлагын арга хэмжээний хүрээнд хураан авах үндэслэл бүрдээгүй. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад түр хураан авах ажиллагааг зохицуулсан байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эд зүйл хураан авч байгаа тохиолдолд заавал прокурорын зөвшөөрөл авах ёстой. Гаалийн улсын байцаагч нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Вгийн баримт бичиг болон биедээ авч явсан валютыг хураахдаа прокурорын зөвшөөрөлгүй хураасан байгаа. Тэгэхээр гаалийн улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.1 дэх хэсэгт заасан хураан авах ажиллагааны журмыг зөрчсөн байна. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа ажиллагаа болгоныг тэмдэглэл үйлдэж, албажуулан баталгаажуулах ёстой байдаг. Гэтэл гаалийн улсын байцаагч нь хураан авсан эд зүйлийг хавсаргах тухай тэмдэглэл үйлдсэн хэрнээ эд зүйл хураан авсан тэмдэглэл үйлдээгүй байгаа. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хураан авах ажиллагааны талаар тэмдэглэл үйлдэх журмыг зөрчсөн байна. Ингээд гаалийн улсын байцаагч нь прокурорын зөвшөөрөлгүй, ямар ч тэмдэглэл үйлдэлгүйгээр Вгийн баримт бичиг болон биедээ авч явсан валютыг нь хураан авсан байгаа.

4/ Эрх бүхий албан тушаалтан хөндлөнгийн гэрч, дараа нь гэрчээр давхар оролцсон байгаа. Гаалийн улсын байцаагч Э.Очмаа, Б.Баясгалан нар нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эрх бүхий албан тушаалтны хувиар зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлж, зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тэмдэглэл үйлдсэн. Тэгсэн хэрнээ тухайн өдөр үйлдэгдсэн эд зүйлд үзлэг хийх ажиллагааны тэмдэглэлд хөндлөнгийн гэрчээр гарын үсэг зурсан байна. Үүний дараа 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа. Тэгэхээр 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 15-ны өдөр хүртэлх 3 өдрийн хугацаанд гаалийн улсын байцаагч Э.Очмаа, Б.Баясгалан нар нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа эрх бүхий албан тушаалтан, тухайн өдрөө хөндлөнгийн гэрч гээд, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч, дараа нь ахиад гэрчээр орчихсон байгаа. Мөн хавтаст хэрэгт авагдсан гаалийн хяналт шалгалт хийсэн тэмдэглэлд Б.Б хөндлөнгийн гэрчээр оролцсон байгаа. Гаалийн тухай хуулийн 246 дугаар зүйлийн 246.6 дахь хэсэгт “...Гаалийн байгууллага нь энэ хуулийн 246.5-д заасны дагуу бараанд шалгалт хийсэн тохиолдолд хөндлөнгийн гэрчийг байлцуулж шалгасан тухай акт үйлдэнэ” гэж заасан байгаа. Гэтэл хөндлөнгийн гэрчээр Б.Баясгаланг байлцуулаад байгаа. Мөн хөндлөнгийн гэрч нь хэрэгт хувийн ашиг сонирхолгүй байх ёстой. Э.Очмаа, Б.Баясгалан нар нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах чиг үүрэгтэй. Хэрэв явуулаагүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээх албан тушаалтан байгаа. Гэтэл эдгээр албан тушаалтнууд тухайн ажиллагаагаа хуульд заасны дагуу явагдсан эсэхийг хөндлөнгөөс баталгаажуулах этгээд болоод зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Мөн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн гаалийн хяналт шалгалт хийсэн тэмдэглэлд хөндлөнгийн гэрчүүдээр гарын үсэг зуруулаагүй байгаа. Энэ нь Зөрчлийн тухай хуульд “Хэрэв хөндлөнгийн гэрч оролцсон бол заавал гарын үсэг зуруулах ёстой. Гарын үсэг зурахаас татгалзсан бол тэр шалтгаан нөхцөлөө тэмдэглэлд тусгах ёстой” гэсэн зүйл заалтыг зөрчсөн. Мөн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эд зүйлд үзлэг хийхэд Х.Халиун оролцсон боловч эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд гарын үсэг зуруулаагүй байгаа. Х.Халиун шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Нэг тэмдэглэлд л гарын үсэг зурсан” гэж мэдүүлсэн. Гэтэл хавтаст хэрэгт эд зүйлд үзлэг хийсэн 2 тэмдэглэл байгаа. Х.Халиун уг хоёр тэмдэглэлийн нэгд нь гарын үсэг зураад, нөгөөд нь гарын үсэг зураагүй байгаа. Мөн яагаад гарын үсэг зураагүй талаар тэмдэглэлд тусгаагүй байгаа. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэмдэглэл үйлдэх журмыг зөрчсөн байна. Тэгэхээр уг ажиллагааг хөндлөнгийн гэрчгүйгээр явагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн эрх бүхий албан тушаалтан буюу гаалийн улсын ахлах байцаагч Ц.Э хөндлөнгийн гэрчээр оролцсон байгаа. Гэтэл Гаалийн улсын ахлах байцаагч Ц.Эд 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр энэ хэрэг дээр зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахыг даалгасан байгаа. Гэхдээ Ц.Эын шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Вд холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж оролцсон” гэж мэдүүлсэн байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих үүргийг зөвхөн прокурор хэрэгжүүлдэг. Гэтэл Ц.Э нь прокурорын хэрэгжүүлэх үүргийг хэрэгжүүлсэн байна. Тэгэхээр энэхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь прокурорын хяналтаас гадуур, хөндлөнгийн гэрчгүйгээр явагдсан байна.

5/ Уг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд орчуулагч оролцуулаагүй байга. Внь Англи, Монгол хэл мэдэхгүй. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаалийн хяналт шалгалт хийхэд Вөөрөө оролцсон хэрнээ орчуулагчгүй оролцсон байгаа. Гаалийн улсын байцаагчийн зүгээс Вд эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг нь олгоогүй. Зөрчлийн тухай хууль зааснаар эрх бүхий албан тушаалтан нь холбогдогч Монгол хэл мэдэхгүй тохиолдолд орчуулагч томилж, эрх, үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг нь хангах үүрэгтэй байдаг. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй.  Эд зүйлд үзлэг хийх, эд зүйлийг хураан авахад Вмөн адил орчуулагчгүй байсан байгаа. 

Мөн гаалийн улсын байцаагчийн шийтгэлийн хуудас нь үндэслэлгүй байгаа. Нэгдүгээрт Ввалютыг Гаалийн тухай хуульд заасны дагуу мэдүүлсэн. Хоёрдугаарт шийтгэл ногдуулах үндэслэл байгаагүй. Гуравдугаарт Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлийн төрөлд үл хамаарах шийтгэл ногдуулсан байгаа. Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.4 дэх хэсэгт “...зорчигч улаан, ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөөр” гэж заасан байдаг. Вгийн хувьд ногоон гарцыг сонгосон. Энэ нь Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасан барааг гаальд мэдүүлэх хэлбэрт тооцогдож байгаа. Ямар тохиолдолд улаан гарцаар нэвтрээд, ямар тохиолдолд ногоон гарцаар нэвтрэхгүйг Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан. Вгийн хувьд Улсын хилээр оруулахыг хориглосон бараа байхгүй байсан.” гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Б.А би, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын иргэн В/W/-н Монгол улсын гаалийн хилээр нэвтрэхдээ гаалийн байгууллагад мэдүүлэхгүйгээр их хэмжээний гадаад валютыг нэвтрүүлэхийг завдсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсгийн 22.1 дэх заалтаар зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, шийдвэрлэсэнд холбогдогч 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна. Миний бие Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дараах тайлбарыг гаргаж байна.

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11:00 цагт СА-901 аяллын дугаартай Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдын ачаа болон гар тээшинд Буянт-Ухаа дахь гаалийн хяналтын бүсэд хяналт тавин нэвтрүүлж байх үед зорчигч БНХАУ-ын иргэн Внь ачаа авах ремений хажууд нэлээд хэдэн хором зогссон боловч ямар нэгэн ачаа авалгүйгээр, зорчигчид гарч дуусахын алдад нааш эргэж гарах “ногоон гарц”-ыг чиглэн ирэхэд нь тухайн өдрийн ажил үүргийн хуваарийн дагуу ажиллаж байсан Ж.Баттогтох, Э.Очмаа, Б.Баясгалан нарын гаалийн улсын байцаагчид эрсдэл тооцон уг зорчигчийн авч явсан 2 тээшийг хоёуланг нь рентгэн аппаратаар шалгах нь зүйтэй гэж үзээд рентгэн аппарат дээр аль алиныг нь тавихыг шаардаж тавиулаад харахад, чемоданд нь нягтрал ихтэй, их хэмжээний цаас /олон давхарласан байж болох/ мэт дүрс өгөгдсөн тул нягтлан шалгах зорилгоор чемоданыг нь нээлгэж, биет үзлэг шалгалт хийсэн байна. Чемоданд хувийн хэрэглээний эд зүйлийнх нь доор байх цоож бүхий жижиг цүнхэн дотор гаалийн байгууллагад мэдүүлээгүй их хэмжээний гадаад валют байсан. Хэрэв Гаалийн улсын байцаагчид Гаалийн тухай хуулинд зааснаар ажиглалт хийн эрсдэл тооцож тээшүүдийг рентгэн аппаратаар шалгаж саатуулаагүй бол уг зорчигч чемодандаа хувцсан доороо, цоож бүхий жижиг цүнхэнд хийж, тусгайлан нууж авч явсан их хэмжээний валютаа гаалийн хилээр нэвтрүүлэх нь тодорхой байсан. Энэ зөрчил нь Монгол улсын хэд хэдэн хуулийн зүйл заалт болон Гаалийн ерөнхий газрын даргын баталсан журамд заасныг зөрчсөн болохыг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотолсон болно. Миний бие гаалийн улсын байцаагч нарыг зөрчил илрүүлсэн үеэс эхлэн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорт танилцуулсан ба прокурор 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр буюу тухайн үед өөрийн биеэр ирж нөхцөл байдалтай танилцан, чиглэл өгч ажилласан ба хэрэг бүртгэлтийн ажиллагааг прокурорын хяналтан дор хууль тогтоомжийн хүрээнд явуулсан болно.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Гаалийн улсын байцаагч бүр эрх бүхий албан тушаалтан гэж явдаг. Гэхдээ хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх эрхтэй. Хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч байцаагч бүр дурын хэргийг шүүрч аваад хэрэг бүртгэлт хийгээд байдаг юм биш. Тухайн өдөр ажил үүргийн хуваарийн дагуу ямар хэрэг бүртгэгч байцаагч байсан, зөрчил илрүүлсэн байцаагч тухайн зөрчлийг хэнд хүлээлгэж өгсөн тэр байцаагч л шийдвэрлэх үүргийнхээ дагуу шийдвэрлэнэ. Уг зөрчил нь надад харьяаллын дагуу ирсэн зөрчил гэсэн үг. Зөрчлийн хэрэг нээх бүрт албаны дарга тогтоол гаргаад, энэ хэргийг тэрэнд хариуцуулна гэдэггүй юм. “Деклераци тараагаагүй. Онгоцонд деклераци тараах ёстой байсан” гэж байна. Внь China air trans онгоцоор ирсэн. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын албан ёсны вэбсайтаас харахад 5.000 ам.доллар, эсхүл 20.000 юаниас дээш хэмжээний валюттай яваа тохиолдолд деклераци бөглөхөөр заасан байсан. Мөн ВБНХАУ-ын гаалийн хилээр ийм их хэмжээний валюттай яаж нэвтэрснийг гайхаж байна. Үүнийг тодруулж болох байх. Вгийн өөрийнх нь мэдүүлснээр Волон удаа гаалийн хилээр нэвтэрсэн байсан. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт жил гаруйн хугацаанд үйл ажиллагаа явуулсан хуулийн этгээдийн захирал байгаа. Тэгэхээр Монгол Улсын хууль дүрмийг огт мэдэхгүй байна гэдгийг нь ойлгохгүй байна. Үүнийг санаатай үйлдэл гэж бодож байна. Мөн Вөөрөө зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрөөд уучлал эрсэн байдаг.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д зааснаар зорчигч 15 сая төгрөгнөөс дээш төгрөг, валютыг Монгол Улсын хилээр нэвтрэх тохиолдолд тухайн гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ гэж заасан. Зөрчлийн тухай хуулинд дээрх хуулийг зөрчвөл хэрхэн шийдвэрлэх талаар заасан. Хураан авах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй хийсэн гэх асуудал дээр Зөрчил шалган шийвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 3-т прокурорын зөвшөөрлөөр хийгдэх ажиллагааны талаар нарийвчлан заасан байна. Зөрчлийн хэргийг илрүүлсэн гаалийн улсын байцаагч нь тухайн зөрчлийн хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хийж дуусгана гэж заагаагүй. Тийм учраас түүнийг байгууллагын дотоод журмаараа шийдвэрлэж болох асуудал гэж үзэж байна.” гэв.

 

Гэрчээр Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын ахлах байцаагч Ц.Э 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд мэдүүлэхдээ: “Би эд зүйлд үзлэг хийхэд оролцогчоор байлцсан. Үзлэг хийсэн тэмдэглэл дээр үзлэг хийхэд байлцсан бүх хүмүүсийг гарын үсэг зуруулсан юм. Гаалийн улсын ахлах байцаагчийн хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих статустай оролцсон. Би ажил үүргийнхээ хуваарийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж оролцсон. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын ахлах байцаагчийнхаа үүргийг гүйцэтгэж байсан. Би гааль дээр гарсан аливаа зөрчил болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж ажиллах, гаалийн улсын байцаагч нарын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй. Буянт-Ухаа дахь Гаалийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тушаалаар томилсон учир надад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх үүссэн. Надад Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын ахлах байцагчийн хувьд зөрчил гаргасан этгээдээс мэдүүлэг авах эрх бий. Гаалийн улсын байцаагч Б.Агийн шийдвэрээр Вгийн валютыг хураахад би хяналт тавьж ажилласан. БНХАУ-ын иргэн Внь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр онгоцноос бууж ирэхдээ гаалийн байгууллагад өөрийн цүнхэнд байгаа валютыг мэдүүлээгүй, мэдүүлэхээс зайлсхийж, улсын хилээр нэвтрүүлсэн. Вгийн гаргасан энэхүү үйлдэл нь зөрчилд холбогдсон эд зүйлс, хяналтын камерын бичлэг болон бусад холбогдох баримтуудаар нотлогддог. Внь гаалийн байгууллагын ногоон гарцыг сонгож орж ирсэн. Хориглосон, хязгаарласан бараа байгаа болон гаальд мэдүүлэх бараатай бол ногоон гарцыг биш, улаан гарцыг сонгоно. Эдгээр зүйлс байхгүй тохиолдолд ногоон гарцыг сонгоно. Валютын хувьд 15.000.000 төгрөгөөс доош хэмжээний мөнгөтэй байсан бол ногоон гарцыг сонгож болно. Гэтэл Внь 15.000.000 төгрөгөөс дээш хэмжээний валют авч явсан хэрнээ үүнийгээ гаалийн байгууллагад мэдүүлэлгүйгээр ногоон гарцыг сонгож орж ирсэн. Энэ нь зөрчил юм.

15.000.000 төгрөгөөс дээш валют авч явж байгаа тохиолдолд бичгээр мэдүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл Вногоон гарцыг сонгож орж ирснээрээ “надад 15.000.000 төгрөгөөс дээш валют байхгүй” гэж мэдүүлж байгаа юм. Гаалийн тухай хуульд валют дурдагдаагүй байдаг. Гэхдээ “...бусад хуульд заагаагүй бол” гэж заасан байдаг. Бусад хууль гэдэг нь Валютын зохицуулалтын тухай, Зөрчлийн тухай хууль зэрэг хуулиуд болно. 15.000.000 төгрөгөөс дээш валютыг Монгол Улсад гаалийн байгууллагад бичгээр үнэн зөв мэдүүлээд орж болно. Үүнийг хориглоогүй, хязгаарласан. Хязгаарласан хэмжээнээс дээш валютад татвар төлөхгүй. Мэдүүлэх хэлбэрээ сонгоод, “15.000.0000 төгрөгөөс дээш валют байхгүй” гэж мэдүүлээд, ороод ирж байна гэсэн үг. Зорчигч онгоцноос буугаад, ногоон, улаан гарцын аль нэгийг сонгодог. Ногоон гарцыг сонгоод орж ирсний дараа зорчигч гар тээшээ рентген аппарат дээр тавиад шалгуулдаг. Ингэхэд ямар нэгэн зөрчил илрээгүй тохиолдолд тухайн зорчигч улсын хилээр нэвтэрнэ. В15.000.000 төгрөгөөс дээш хэмжээний валюттай байсан хэрнээ ногоон гарц сонгож орж ирсэн. Рентген аппаратаар шалгахад их хэмжээний валют илэрсэн тул гаалийн улсын байцаагчаас шалгалт хийсэн. Внь их хэмжээний валютыг хууль бусаар нэвтрүүлэх гэсэн санаа зорилготой байсан нь тодорхой. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ч Вүүнийгээ тайлбарлаж чадаагүй. Мөн Внь Монгол Улсад 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн захирал бөгөөд улсын хилээр олон удаа нэвтэрсэн хүн байгаа.

Авч явсан их хэмжээний валютаа мэдүүлэхээс зайлсхийсэн. Ногоон гарцыг сонгосноор “Надад гаалийн байгууллагад мэдүүлэх хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа байхгүй” гэж мэдүүлж байгаа юм. Гаалийн байгууллагад мэдүүлэх бараатай тохиолдолд заавал улаан гарцыг сонгох ёстой. Эд зүйлд үзлэг хийх тэмдэглэлд хөндлөнгийн гэрч гэсэн нь техникийн алдаа байна.

Зөрчилтэй валютыг нь хурааж, зөрчлийн хэрэгт хавсаргасан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой гэж үзвэл тухайн валютыг хурааж, зөрчлийн хэрэгт хавсаргадаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эд зүйл,...” гэж заасан байгаа. Үүнийг эрх бүхий албан тушаалтан бие даан шийдвэрлэх эрхтэй. Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авах шаардлагагүй. Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой эд зүйл гэж үзэн Вгийн валютыг хураасан.  Зөрчилд холбогдсон бараа учир хурааж авсан. Шийтгэл тусдаа ногдуулж байгаа. Валютыг нь хурааж, валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Зөрчилд холбогдогч Вөөрийн зөрчлийг хүлээн зөвшөөрч, хураагдсан валютын үнийн дүнтэй тэнцэх 109.000.000 төгрөгийн торгуулийг төлсөн.  Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн” гээд, 22.1 дэх хэсэгт “Гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн”, 22.2 дахь хэсэгт “...үнэн зөв мэдүүлэг гаргахаас татгалзсан”, 22.3 дахь хэсэгт “...худал мэдүүлсэн бол зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүн, хуулийн этгээдийг зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байгаа.” гэв. 

 

Гэрчээр хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч Э.О 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд мэдүүлэхдээ: “2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Буянт-Ухаа нисэх онгоцны буудал дээр гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан. Тус өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр БНХАУ-ын иргэн Вирсэн. Тухайн үед Вачааны хэсэгт их удаан зогссон. Хальт харахад ачаа авах гэж байна гэж харахаар байсан. Ажиглалт хийхэд Вих удсаны дараа ачаа авахгүй орж ирсэн. Бид эрсдэл тооцоод, эрэгтэй оператор тухайн зорчигчийн барааг рентген дээр тавиулж, шалгасан. Ингээд шалгахад  Внь их хэмжээний валютыг мэдүүлээгүй байсан.

Гаалийн тухай хуульд зорчигчийн хувийн хэрэглээний бараа гэж юу болохыг тодорхой заасан байгаа. Зөвхөн хувийн хэрэглээний бараатай зорчигч  бараагаа мэдүүлэлгүйгээр ногоон гарцаар гардаг. Внь Гаалийн тухай хууль, Валют зохицуулалтын тухай хуулийг зөрчсөн. Гаалийн тухай хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт “...гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн жагсаалт, тоо хэмжээг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална” гэж заасан байгаа. Бид хууль тогтоомжид заасны дагуу чиг үүргээ хэрэгжүүлдэг. Мөн Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар баталсан 238, 468 дугаар журамд зорчигчийн хувийн хэрэглээний бараа гэж юу болох, татвартай бараа, эсхүл 15.000.000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй тэнцэх хэмжээний валютыг гаалийн мэдүүлэг бичин гаалийн байгууллагад мэдүүлж гаргахыг заасан байгаа. 15.000.000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй тэнцэх валюттай бол ногоон гарцаар гарах ёсгүй. Улаан гарцыг сонгож, гаалийн мэдүүлэг бөглөөд гарсан тохиолдолд зөрчил гэж үзэхгүй. Гэтэл Вих хэмжээний валюттай хэрнээ ногоон гарцыг сонгож орж ирсэн. Вд гаалийн хяналтын бүсийг нэвтрэх хүртэл өөрт байсан их хэмжээний валютыг мэдүүлэх хугацаа байсан боловч огт мэдүүлээгүй. Ямар ч бараа байхгүй гэж ногоон гарцаар гарсан.

Хориглосон, хязгаарласан бараа, зорчигчийн хувийн хэрэглээнээс бусад бараатай зорчигч тухайн бараагаа заавал гаалийн байгууллагад мэдүүлж, улаан гарцаар гарна. Тухайн зорчигч их хэмжээний валют биедээ авч яваа тохиолдолд ногоон гарцаар бус, улаан гарцаар гарах ёстой. Вногоон гарцаар гарахдаа ямар нэгэн байдлаар мэдүүлэг бөглөөгүй. Вг гаалийн бүсээс гарах хаалга руу чиглэж явахад нь дуудаж, ачааг нь нягтлан шалгасан.

Гаалийн тухай хуулийн 230 дугаар зүйл дээр зорчигчийн хувийн хэрэглээ гэж юу болохыг тодорхой заасан байгаа. Бид зөвхөн Гаалийн тухай хуулийн 228 дугаар зүйлийн 228.3 дахь хэсэгт заасныг мөрдлөг болгож ажиллах юм бол татвартай бараатай хүмүүс татвар төлөхгүй. Эсхүл их хэмжээний валюттай хүмүүс валютаа мэдүүлээгүй нь зөрчил биш болно. Би өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу хууль тогтоомжийн дагуу ажлаа хийсэн. Рентген аппарат дээр ачааг нь би тавиулсан. Вих хэмжээний валюттай яваа гэдгээ гаалийн байгууллагад гаалийн мэдүүлэг бөглөж, мэдүүлэх ёстой байсан. Улсын байцаагч дуудаагүй бол Ввалютаа мэдүүлэхгүйгээр, дуугүй гараад явах байсан. Үүнийг мэдүүлсэн гэж үзэхгүй. Мэдүүлнэ гэж улаан, ногоон гарцыг сонгохыг хэлж байгаа юм. Гэтэл Вногоон гарц сонгоод гарсан. Зорчигчийн хувийн хэрэглээнээс хэтэрсэн бараатай, их хэмжээний валюттай, хориглосон, хязгаарласан бараатай, биеэс тусдаа ачаатай хүмүүс ногоон гарцаар гарахгүй. Ийм бараагүй бол ногоон гарцыг сонгож гарна. Вногоон гарцаар гарахад нь бид эрсдэл тооцож шалгасан. ВМонгол хэл мэдэхгүй. “Их хэмжээний мөнгө байна. Нягталж шалгах шаардлагатай” гээд үзлэгийн өрөө рүү дагуулж явахад Войлгоогүй. Орчуулагч яг үйлдэл дээр байгаагүй. Үзлэгийн өрөөнд орсны дараа орчуулагч дуудаж тодруулсан. Анх хилээр орж ирэхэд тухайн хүн орчуулагчтай орж ирэхгүй. Ганцаараа байсан. Эхлээд манай жижүүр байцаагч Вйг дуудаад, Монгол, Англи хэлээр асуусан. Инээгээд байсан. Би тухайн зөрчлийг илрүүлсэн оролцогч байсан. Би байлцсан дээр гарын үсэг зурсан. Хөндлөнгийн гэрчээр байгаагүй. Би зөрчлийг илрүүлээд, Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчид шилжүүлж өгсөн. Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч үзлэгийн тэмдэглэл үйлдээд, гарын үсэг зуруулсан. Надад зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх хэмжээ байхгүй. Тухайн өдөр ирэх урсгалын зорчигчийн ачаа, тээшийг шалгах чиг үүрэгтэй ажиллаж байсан. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлийг үйлдсэн. Тухайн үед гаалийн улсын байцаагч н.Уянга, н.Баярмаа, Б.А, Голомт банкны ажилтан н.Халиун нар байсан. Тухайн үед мөнгийг гараар тоолох боломжгүй байсан учир бид Голомт банкны ахлах ажилтанд хэлээд мөнгө тоолох машин теллертэй оруулж, ирж тоолсон. Ингээд тухайн ажилтан ажилтай байсан учир мөнгөний машинаа аваад явсан. Дараа нь нэг бүрчлэн валютын серийн дугаарыг нь тэмдэглэхэд тухайн ажилтан ажил нь тараад явчихсан байсан учир гарын үсэг зураагүй. Б.А оролцогчоор байлцсан.

Эд зүйлд үзлэг хийх ажиллагаанд албан ёсны орчуулагч байгаагүй. Би зөрчлийг илрүүлээд зөрчил хариуцсан байцаагчид шилжүүлсэн өгсөн. Тухайн үед би ирэх талын зорчигчийн гар тээш болон ачааг шалгах ажил үүргийн хуваарьтай ажилласан. Зорчигч онгоцноос бууж, ачаагаа аваад, гаалийн хяналтын бүсээр гарах хүртэл хяналт тавьдаг. Улаан, ногоон гарц сонгох хэсгийн дараа рентген аппаратны хэсэг байдаг. Эрсдэл тооцсон ачааг рентген аппаратад оруулна.” гэв.

 

Гэрчээр хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч Б.Баясгалан 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд мэдүүлэхдээ: “2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би жижүүр байцаагчаар ажиллаж байсан. Жижүүр байцаагч тухайн өдөр ирж байгаа бүх нислэгүүдийн гар тээшийг шалгадаг.

Вулсын хилээр мэдүүлэх ёстой барааг мэдүүлэлгүй оруулахыг завдсан. Влифтний хажууд зогсож байгаад, хэсэг бүлэг хүмүүстэй хамт орж ирсэн. Рентген аппарат дээр ачаагаа тавихад их хэмжээний мөнгө байгаа нь харагдсан. Би гар тээшийг шалгах байцаагч буюу Э.Очмаа байцаагчийг дуудаж, нягтлан шалгах шаардлагатай бараа байгаа талаар хэлсэн. Рентген аппаратаар цаас шиг, давхарласан ногоон туяа өгч харагддаг. Гаалийн байгууллагад мэдүүлэх ёстой байсан.

Би Вгийн ачааг нягтлан шалгах шаардлагатай гэдгийг харсан. Тухайн үед Врентген аппарат дээрээс цүнхээ аваад гарах гээд явж байсан. Би Вйг дуудаж ирээд, цүнхийг нь онгойлгож үзэхэд их хэмжээний мөнгө байсан. Ингээд зөрчлийн улсын байцаагчид мэдэгдсэн.

Тухайн этгээд ногоон гарцыг сонгон орж ирэхдээ их хэмжээний валюттай явж байгаа гэдгээ гаалийн байгууллагад мэдүүлээгүй орж ирсэн. 4 байдлаар гаалийн байгууллагад мэдүүлж болно. Мөн би тухайн үед Вгээс “Танд гаалийн байгууллагад мэдүүлэх бараа байгаа юу?” гэж Англиар болон Монголоор асуухад толгой сэгсэрсэн. Цүнхийг нь онгойлгож үзэхэд их хэмжээний мөнгө илэрсэн. Би их хэмжээний мөнгө байгааг илрүүлээд холбогдох албан тушаалтанд нь шилжүүлсэн. Холбогдох  албан тушаалтан нь зөрчил гэж үзсэн. Их хэмжээний валюттай явж байгаагаа гаалийн байгууллагад мэдүүлээгүй нь зөрчил юм.

Тухайн этгээд өөрт байгаа валютыг гаалийн байгууллагад мэдүүлэх боломж зөндөө байсан. 15.000.000 төгрөг болон түүнээс дээш хэмжээний үнийн дүнтэй тэнцэх валют авч яваа тохиолдолд түүнийгээ гаалийн байгууллагад мэдүүлээд, улаан гарцыг сонгож орж ирэх ёстой. Вгаалийн байгууллагад мэдүүлэх ёстой бараатай гэдгээ огт илэрхийлээгүй. Гаалийн байгууллагад өөрт байгаа валютаа мэдүүлэхээс зайлсхийсэн. Вногоон гарцыг сонгож орж ирсэн. Гаалийн байгууллагад мэдүүлэх бараагүй хүн ногоон гарцыг сонгоно. Мэдүүлэх бараагүй гэдгээ илэрхийлж байна гэж үзсэн боловч тухайн этгээд гаалийн байгууллагад өөрт байгаа валютаа мэдүүлэх ёстой байсан. Гаалийн тухай хуулийн 8.1-д “...хуульд өөрөөр заагаагүй бол” гэж заасан байгаа. Би “Танд гаалийн байгууллагад мэдүүлэх бараа байна уу?” гэж Англи хэлээр асуухад толгой сэгсэрсэн. Англи хэл мэддэг эсэх нь миний асуудал биш. Деклараци бөглөөд мэдүүлж болох байсан боловч мэдүүлээгүй.

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлд байлцсан учир гарын үсэг зурсан. Ажлын чиг үүрэг гүйцэтгэж байлцсан. Би рентген аппарат дээр эрсдэл тооцож, ачаа тээшийг нь шалгаж байгаа. Э.Очмаа байцаагч аль ачааг шалгах талаар чиглэл өгдөг. Рентген аппаратны хэсгээс өмнө улаан, ногоон гарцын аль нэгийг сонгодог. Ирж байгаа зорчигч бүрд хамааралтай байдаг.

Тухайн этгээд өөрийн цүнх рүү заагаад, юм бичье гэсэн бол өөр. Вямар ч үйл хөдлөл хийгээгүй. Тухайн этгээд ногоон гарцыг сонгосон бол гаалийн байгууллагад мэдүүлэхээс зайлсхийсэн гэж үзнэ. Гаалийн байгууллагад мэдүүлэх бараагүй хүн ногоон гарц сонгож байгааг нь мэдүүлэх бараагүй гэдгээ мэдүүлсэн гэж үзнэ. Валютыг мэдүүлэх бараа гэж үзнэ. Хориглож, хязгаарлаагүй. Тухайн этгээд гаалийн байгууллагад мэдүүлэх бараатай байсан хэрнээ, ногоон гарцыг сонгоод орж ирсэн. Үүнийг нь Гаалийн тухай хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлэхээс зайлсхийсэн гэж үзэж байгаа юм. Надад зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх байхгүй. Зөрчлийг зөрчлийн байцаагчид шилжүүлснээс хойших ажиллагаанд та оролцох чиг үүрэг байдаг. Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулахад би өөрийн ажлын чиг үүргийн хүрээнд оролцсон. Мөнгө тоолоход би байлцсан. Мөнгө нь чемодан доторх жижиг цүнхэнд боодолтой байсан. Зөрчил илрэх үед орчуулагч байгаагүй. Сүүлд орчуулагч орж ирсэн.” гэв.

 

Гэрчээр Голомт банкны хянагч, нягтлан бодогч Х.Халиун шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Буянт-Ухаа дахь Голомт банкны салбар тооцооны төвд теллерээр 2017 оны 09 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэл ажилласан. 2018 оны 10 дугаар сарын 12 өдөр тэнд үүрэг гүйцэтгэж байсан.  Тухайн үед 9 цагаас 18 цагийн хооронд ажиллаж байсан. Хөндлөнгийн гэрчээр оролцсон үйл явдлын цагийг нь санахгүй байна. Өдрийн цагаар байсан. Би тухайн үед гэнэтийн байдлаар очсон. Тийм учраас ямар процесс болсныг нь сайн мэдэхгүй байна. Б.А байцаагч өөрөө хүрч ирээд, “Мөнгө тоологчоо өгөөч” гэхэд манайхаас мөнгө тоологчоо өгсөн. Мөнгө тоологч машиныг ажиллуулж чадахгүй байсан учир “Нэг хүнээ түр өгөөч” гэсэн. Тухайн үеийн хянагч нягтлан бодогч намайг явчих гэсэн учир би очсон. Надад эрэгтэй байцаагч хөндлөнгийн гэрчийн эрх, үүрэг танилцуулсан.  Доллар, Юань тоолсон, хэмжээг нь тэмдэглэлд тусгасан байсан. Би нийтэд нь тоолоогүй. 1 боодолдоо 100 ширхэг байгаа эсэхийг л шалгасан. Тийм учраас нийт хэдэн төгрөг байсан эсэхийг мэдэхгүй. Би мөнгө тоологч машинаа ажиллуулах гэж л очсон. Тухайн машин нь ширхэг болон хуурамч мөнгө эсэхийг нь шалгадаг. Зуу, зуугаар нь багцалснаас хоёроос дээш дутуу байсан. Яг хэд дутсаныг тодорхой хэлэх боломжгүй байна. Хуурамч мөнгө илрээгүй. Серийн дугаарыг нь тулгахад би байгаагүй. Тухайн үед олон гаалийн улсын байцаагч нар байсан. Би мөнгө тоолсон. Би мөнгийг тоолж дуусаад, ажлын байрандаа очоод байж байхад ирээд, “Ийм учиртай. Ингэсэн шүү. Гарын үсэг зураарай” гээд гарын үсэг зуруулсан. Тухайн өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд гарын үсэг зуруулах гээд авч ирж байсныг санаж байна. Овгийн эхний үсгийг буруу бичсэн байна гээд гарын үсэг зурж байсан санагдаж байна.” гэв.

 

Гэрчээр БНХАУ-ын иргэн Өмнөговь аймагт Гурвантэс сумын Урт багт “Нарийн сухайт” уурхайд менежер ажилтай Yang Qinggerilе /Ян Чингэрэл/, /паспортын дугаар: ЕЕ1881645/ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Вминий авга ах. Би Шүрээн боомтоор орж ирсэн. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай авга Бээжин хотоос нисэж ирсэн. Би манай Монгол компанийн захирал н.Энхманлайгийн хамт өглөө 10 цаг орчим очиж тоссон. Би нисэхийн гадаа очоод авга руу ярихад “Одоо буулаа” гэсэн. н.Энхманлай бид 2 гадаа нь хүлээгээд байсан. 10, 20 минут болоход гарч ирээгүй учир би ахиад “Та юу болж байна. Яагаад гарч ирэхгүй байгаа юм бэ?” гээд ярихад “Гаалийнхан байцаалт хийж байна” гэж хэлсэн. Утсаа таслаад ахиад 20, 30 минут болоход гарч ирээгүй. Дахиад утсаар ярихад “Мөнгө авч орж ирсэн. Мөнгө шалгуулж байна” гэсэн. Би дахиж залгаад, “Юу болсон бэ? Байцаалт хийж дууссан уу? Орчуулагч байгаа юу?” гэхэд “Би зүгээр сууж байна. Гаалийнхан байцааж байгаа” гэж хэлсэн. Цайны цаг болоход орсон. Хэдэн цагт орсныг санахгүй байна. Би асуухад “Орчуулагч байхгүй. Хэл ойлголцохгүй байна” гэсэн. Би орчуулагч байхгүйг мэдээд, Монгол компанийнхаа захиралд хэлсэн. Компанийн орчуулагч н.Алтанзул 3 цагийн үед ирсэн. Улсын байцаагч цүнхтэй мөнгийг харуулаад,  надаас асууж байсан. Манайх Монгол Улсад болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсад компанитай. Машин авах гээд авч ирсэн. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлийг би уншиж мэдэхгүй. Би монголоор уншиж чадахгүй, уншиж танилцуулж өгөөгүй. Б.А эгч “Гарын үсэг зур” гээд, гарын үсэг зурсан. Хөндлөнгийн гэрчийн эрх, үүргийг танилцуулаагүй. Мөнгө тоолоход Вах орчуулагчтай хамт байсан. Би оролцоогүй. Манай Монгол компанийн захирал мэдэж байгаа. Би тухайн үед Б.А эгчээс “Хэл ам нь хүрэлцэхгүй бол орчуулагч байхгүй юу?” гэж асуухад, “Бидний ажил. Бид өөрсдөө мэдэж байгаа. Чиний хэлсний дагуу бид ажлаа хийх ёстой юм уу?” гэсэн. Тэгээд би дуугүй болсон Өөр хэлэх зүйл байхгүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч БНХАУ-ын иргэн /W/ Внь “Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0123714 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага гаргасан бөгөөд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон үйл баримтыг үнэлээд дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Бээжин-Улаанбаатар чиглэлийн СА-901 аяллын дугаартай нислэгээр 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11:00 цагт ирсэн БНХАУ-ын иргэн /W/ ВМонгол Улсын хилээр нэвтрэхдээ их хэмжээний буюу 200,000 юань, 248,900 ам долларыг гаалийн байгууллагад мэдүүлэхээс зайлсхийсэн зөрчилд холбогдсон болох нь хариуцагч Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Агийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үйлдсэн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, холбогдогч Вгээс 2018 оны 10 дугаар сарын 16, 18-ны өдөр авсан мэдүүлэг, гаалийн хяналт шалгалтаар зөрчлийг илрүүлсэн талаарх фото зургууд, шүүх хуралдааны явцад судлагдсан гаалийн хяналтын бүсийн теле камерын бичлэг зэргээр тогтоогдсон байна.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн Монгол Улсын хилээр бэлэн мөнгө оруулах, гаргах тухай 15 дугаар зүйлийн 15.1-д “Зорчигч 15 саяас дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол эн тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ.”, Валютын зохицуулалтын тухай хуулийн Валютыг Монгол Улсын хилээр оруулах, гаргах тухай 13 дугаар зүйлийн 13.1-д “Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн валютыг гаалийн байгууллагад бичгээр мэдүүлсэн тоо, хэмжээгээр тус улсын хилээр оруулж болно.” гэж тус тус заасан, өөрөөр хэлбэл валютыг гаалийн байгууллагад бичгээр мэдүүлсэн тоо, хэмжээгээр улсын хилээр нэвтрүүлж болно, ингэхдээ 15 саяас дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг бэлнээр нэвтрүүлэхээр бол гаалийн байгууллагад бичгээр мэдүүлэхийг хуульчилсан байна.

Түүнчлэн Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх, гаалийн хяналт хэрэгжүүлэх журам, гаалийн бүрдүүлэлтийн горим, нөхцөл шаардлагыг тогтоох, гаалийн байгууллага, албан тушаалтны эрх үүргийг тодорхойлсон Гаалийн тухай хуулийн Зорчигчийг гаалийн хилээр нэвтрүүлэх тусгай журам тогтоосон 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар “гаалийн байгууллага нь зорчигчийг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ гаалийн хяналтын улаан, ногоон гарцыг хэрэглэж болох” бөгөөд 228.2-т зааснаар “зорчигч гаалийн хилээр нэвтрэх гарцаа өөрөө сонгох” ба “энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан бараа байхгүй тохиолдолд зорчигч гаалийн хилийн ногоон гарцаар нэвтэрч болох”-оор байна. Тэгвэл Гаалийн тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурал хилээр оруулах, гаргахыг хориглох барааны, Засгийн газар тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны жагсаалтыг тухайн барааны ангиллын кодыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу зааж тус тус батлах”-аар, өөрөөр хэлбэл хуульд зааснаас бусад хориглосон болон хязгаарласан барааны жагсаалтыг батлахаар заажээ.

Иймд Улсын Их Хурал болон Засгийн газраас баталсан хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан бараанаас гадна хуулиар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны тусгайлсан журмыг тогтоож болохоор байна. Тухайлбал дээр дурдсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн үндсийг тогтоох зохицуулалт бүхий Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон валютын гүйлгээнд хяналт тавих, Монгол Улсын үндэсний валютыг үнэгүйдлээс хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах Валютын зохицуулалтын тухай хуулиар валютыг гаалийн байгууллагад бичгээр мэдүүлсэн тоо, хэмжээгээр улсын хилээр нэвтрүүлж болно, ингэхдээ 15 саяас дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг бэлнээр нэвтрүүлэхээр бол гаалийн байгууллагад бичгээр мэдүүлэхийг хуульчилсан, энэ хэмжээнээс доош төгрөг болон валюттай бол зорчигч гаалийн хилийн ногоон гарцаар нэвтэрч болохоор байна.

Мөн Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 468 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлсийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 6.1-д “зорчигч гаалийн хилээр нэвтрэхдээ гаалийн хяналтын улаан, ногоон гарцыг сонгож болно” гэж заасан, ингэхдээ өөрөө сонгохоор журмын 6.3-т заасан ба 5 сая ба түүнээс дээш төгрөг, түүнтэй тэмцэх хэмжээний гадаад валют, чектэй зорчигч гаалийн мэдүүлэг бичиж улаан гарцаар нэвтрэхээр 6.4-т тодорхой заажээ. Гаалийн мэдүүлэг бичиж улаан гарцаар нэвтрэх бараагүй зорчигч ногоон гарцыг сонгож болох бөгөөд зорчигч ногоон гарцыг сонгосон бол гаалийн мэдүүлэг бичиж улаан гарцаар нэвтрэх бараагүй гэдгээ мэдүүлсэн гэж үзэхээр журамлажээ.

Энэ талаарх анхааруулгыг болон улаан, ногоон гарцыг таних тэмдгийг Буянт–Ухаа дахь Гаалийн газарт монгол болон англи хэлээр зорчигчид харагдахаар байршуулсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан фото зургаас, мөн Гаалийн ерөнхий газрын даргын 2012 оны А/139 дүгээр тушаалаар батлагдсан зорчигчийн гаалийн мэдүүлгийн маягтад  “5 сая түүнээс дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, чектэй эсэх” гэсэн асуулгаар тодорхой бичигдсэн байна.

Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар валют нь гаалийн хилээр нэвтрүүлэх бараа гэдэг ойлголтод хамаарах бөгөөд, 3.1.8-д зааснаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа этгээдийг мэдүүлэгч гэж ойлгоно.  Мөн Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар мэдүүлэгч гаалийн хилээр барааг хуульд заасны дагуу мэдүүлэх ба 55.2.4-т заасан зорчигч улаан, ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөөр гаалийн хилээр нэвтрүүлэх барааг мэдүүлж болох ба энэ заалт “гаалийн мэдүүлэг бичиж улаан гарцаар нэвтрэх бараагүй зорчигч ногоон гарцыг сонгож болох бөгөөд зорчигч ногоон гарцыг сонгосон бол гаалийн мэдүүлэг бичиж улаан гарцаар нэвтрэх бараагүй гэдгээ мэдүүлсэн гэж үзнэ”  гэж тайлбарлагдана. Өөрөөр хэлбэл гомдол гаргагчийн гомдолдоо дурдсанчлан “... ногоон гарцаар нэвтрэх үйлдлээрээ гаалийн хилээр нэвтрүүлэх валютыг гаалийн байгууллагад мэдүүлсэн” гэж үзэхгүй бөгөөд харин хуульд зааснаас дээш хэмжээний валюттай хэрнээ ногоон гарцыг сонгож хилээр нэвтэрсэн энэ үйлдэл нь гаалийн мэдүүлэг бичиж улаан гарцаар нэвтрэх бараагүй гэдгээ мэдүүлсэн, тодруулбал их хэмжээний валютыг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэхээс зайлсхийсэн үйлдэл юм.

Гаалийн байгууллага нь Гаалийн тухай хуулийн 2691 дүгээр зүйлийн 2691.1.2-т зааснаар гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөнд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй, тэр дундаа гаалийн улсын байцаагч мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.1-д зааснаар энэ хуульд заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, бүрдүүлэлт хийх чиг үүрэгтэй, гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч нь Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны А/95 дугаар тушаалаар батлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд “гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрсдэлд суурилсан гаалийн хяналт шалгалтыг хийх, гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавих, гаалийн хяналт шалгалт хийх, гаалийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, холбогдох арга хэмжээг авах, гаалийн хяналтын үйл ажиллагаанд эрсдэл тооцон ажиллах үүрэгтэй” ба зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх олгогдоогүй байна.

Харин гаалийн зөрчил буюу хэрэг бүртгэлт, хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан гаалийн улсын байцаагч болон гаалийн улсын ахлах байцаагч нь гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гаалийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, эрүүгийн шинжтэй үйлдэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулах, зөрчлийн хэрэг бүртгэх, хуульд заасан хариуцлага хүлээлгэх, гаалийн улсын ахлах байцаагчийн хувьд гаалийн улсын байцаагч нарыг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй байна.

Буянт-Ухаа дахь Гаалийн газрын даргын 2017 оны А/74 дүгээр тушаалаар Олон улсын нисэх буудал дахь бүхий л албан хаагчдын ажил үүргийн хуваарийг тухайлбал, ээлжийн гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч, ирэгчдийн ачаа шалгах рентгэн аппарат дээр ажиллах хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч, гаалийн зөрчлийн хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагчийн ажил үүргийн хуваарийг нарийвчлан тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл гаалийн хяналт шалгалт хийх, гаалийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах харилцааг Гаалийн тухай хууль болон эрх бүхий этгээдээс тогтоосон журам, ажил үүргийн хуваарийн дагуу нарийвчлан зохицуулдаг бөгөөд гаалийн зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журамд мөн нийцэх учиртай.   

Тухайн өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 1-ны өдөр Буянт –Ухаа дахь гаалийн газрын хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч Э.Очмаа нь ирэгч талын зорчигчийн ачаа шалгах хэсэгт, хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч Б.Баясгалан жижүүр байцаагчийн чиг үүрэг гүйцэтгэж байхдаа зөрчлийг илрүүлсэн байх бөгөөд гар тээшийг рентгэн төхөөрөмжөөр шалгаж, рентгэнээр илрүүлсэн дүрсийг нягтлан шалгах зорилгоор тээшийг шалгаж, эд зүйлд үзлэг хийсэн нь гаалийн хяналт шалгалт хийх, гаалийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох чиг үүргийн хүрээнд байна. 

 Зөрчлийг илрүүлсэн хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч нараас шилжүүлсний дагуу зөрчлийн хэрэг бүртгэлт хариуцсан гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагч нар зөрчлийн хэрэг бүртгэлтийн хойшлуулшгүй ажиллагаа хийж эд зүйлд үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн, эд зүйл, баримт бичгийг буюу зөрчилд холбогдох валют, холбогдогчийн паспортыг хураан авч тэмдэглэл үйлдсэн, орчуулагч, хэлмэрч томилсон байх ба 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дээрх хойшлуулшгүй ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар харьяалах прокурорт санал хүргүүлж, мөн өдөр прокуророос зөрчлийн хэргийн дугаар олгосон байх тул зөрчлийн хэрэг үүсгэхээс өмнө хийгдсэн дээрх ажиллагаа хуульд нийцсэн байна.  

Олон улсын нисэх буудалд гаалийн хяналтыг хэрэгжүүлж буй Буян-Ухаа дахь Гаалийн газрын үйл ажиллагаа ажлын өдөр, ажлын цагаар хязгаарлагдахгүйн дээр зөрчлийн хэрэг бүртгэлийн үед хойшлуулшгүй ажиллагаа хийгдэхээр хуульчлагдсан тул орчуулагч, хэлмэрч томилж, эд зүйлд үзлэг хийж, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой эд зүйл, баримт бичгийг хураан авч, гаалийн хяналт шалгалтыг хэрхэн хийж, зөрчлийг илрүүлсэн талаарх үйл баримтын талаар гаалийн улсын байцаагч нараас гэрчийн мэдүүлэг авч, холбогдогчид эрх үүргийг тайлбарлан өгч, түүний өмгөөлөгч болон орчуулагчийг байлцуулан түүнээс мэдүүлэг авсан зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуулиар тогтоосон журмын хүрээнд хийгдсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хууль бусаар хязгаарлаагүй байна. Тухайлбал эрх бүхий албан тушаалтан болох хэрэг бүртгэлт хариуцсан гаалийн улсын байцаагч, ахлах байцаагч нь зөрчил хэрхэн гарсан байдлыг, зөрчлийг илрүүлсэн талаарх үйл баримтыг тодруулах зорилгоор зөрчлийг илрүүлсэн болон тодорхой ажиллагаанд байлцсан гаалийн улсын байцаагч нараас мэдүүлэг авсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1-д заасан журмын хүрээнд хийгдсэн зөрчил шалгах тодорхой ажиллагаа байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1.3-т зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах үүргийг хэд хэдэн хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч, ахлах байцаагчид даалгасан 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс тухайн зөрчилд хэрэг бүртгэлт явуулах эрх хариуцагчид үүссэн гэж ойлгох боломжгүй. Учир нь Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Б/517 дугаар тушаалаар хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагчаар томилогдсоноор хариуцагч нь зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх олгогдсон, энэ эрхийн хүрээнд гаалийн хяналт шалгалт хийж, зөрчлийг илрүүлсэн хяналт шалгалтын гаалийн улсын байцаагчаас  шилжүүлсний дагуу зөрчил шалган шийдвэрлэх хойшлуулшгүй ажиллагааг хийж, зөрчлийн хэрэг нээн шалгаж шийдвэрлэсэн нь Гаалийн тухай хуулиар болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.10 дахь заалтаар олгогдсон чиг үүргийн хүрээнд байна. 

Монгол Улсын хилээр нэвтэрч буй гадаадын иргэн болгоныг орчуулагчтай нэвтрэхийг шаардах боломжгүйтэй адил гаалийн хяналт шалгалтад болон  зөрчлийн хэрэг бүртгэлийн хойшлуулшгүй ажиллагаанд орчуулагч байлгах шаардлагыг тавих боломжгүй юм. Харин хэрэг бүртгэлтийн ажиллагаанд мөн өдрөөс буюу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс орчуулагч, хэлмэрч томилж  оролцуулсан байдаг тул холбогдогчийн орчуулагч, хэлмэрч авах эрх зөрчигдөөгүй байна.

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч Э.Очмаагийн үйлдсэн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд хөндлөнгийн гэрчээр байлцсан Голомт банкны ажилтан Х.Халиун гарын үсэг зураагүй байдаг бөгөөд хөндлөнгийн гэрч нь тухайн ажиллагаа хийгдсэн эсэх, тухайн ажиллагаагаар ямар үйл баримт болсон талаар гэрчлэх этгээд бөгөөд энэ талаар болон яагаад гарын үсэг зураагүй талаар шүүхэд гэрчээр мэдүүлсний дээр гаалийн улсын байцаагч эд зүйлд үзлэг хийх ажиллагаагаар ямар үйл баримт тогтоогдсон болох нь бусад нотлох баримтуудаар тухайлбал,ажиллагааны явцыг харуулсан гэрэл зураг, камерын бичлэгүүдээр тогтоогдож байх тул хөндлөнгийн гэрчээр гарын үсэг зуруулаагүй нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох, өөрөөр хэлбэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй.   

Зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж буй эсэхийг прокурор хянах бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан холбогдогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор хянаад 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаартай тогтоолоор “ ... прокурорын зөвшөөрөл авахгүйгээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4, 5 дугаар бүлэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан бие даан явуулах зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан нь тус хуулийг зөрчсөн гэх үндэслэлгүй” гэж дүгнээд “зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах” гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэн, энэ талаар мөн өдөр хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байдаг.

Дээрхээс үзвэл хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зөрчлийг шалган тогтоох зорилгоор зөрчил шалгах ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл, баримт бичгийг буюу ВМонгол Улсын хилээр нэвтрэхдээ гаалийн байгууллагад мэдүүлэхээс зайлсхийсэн зөрчилд хамаарах 200,000 юань, 248,900 ам доллар болон түүний паспортыг хураан авч хэрэгт хавсаргасан зөрчил шалгах тодорхой ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 1-д заасан хүрээнд хийгджээ.     

Хөрөнгө, орлого, эд зүйлийг хураах шийтгэл Зөрчлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасан шийтгэлийн төрөлд байхгүй, харин шийтгэлийн хуудсаар 200.000 юань, 248.900 ам долларыг хурааж улсын орлогод оруулсан нь гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэхээс зайлсхийсэн зөрчилтэй төлбөрийн хэрэгслийг хурааж буй Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д заасан албадлагын арга хэмжээ бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3-т “гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг хурааж, зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулах”-аар заасан тул шийтгэлийг давхардуулан ногдуулсан гэж үзэхгүй.

Энэ талаар гомдол гаргагчийн өмгөөлөгч С.Жавхлангийн гаргасан мэдээллээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 110 дугаартай тогтоолд тодорхой тусгажээ.      

Ийнхүү БНХАУ-ын иргэн Вг Монгол Улсын хилээр нэвтрэхдээ их хэмжээний буюу 200.000 юань, 248.900 ам долларыг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн зөрчил гаргасан гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар зөрчилтэй валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг буюу 200.000 юань, 248.900 ам долларыг хурааж, зөрчилтэй валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний буюу 109.563.364 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан гаалийн улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0123714 тоот шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч нь зөрчлийг шалган шийдвэрлэх үедээ Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан бөгөөд шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх явцад  Гаалийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн гаалийн улсын байцаагчаар томилогдсон байсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон шүүх хуралдаанд оролцсон болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1, 4.1 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.11, 2.1 дүгээр зүйлийн 2, 2.4 дүгээр зүйлийн 1.10, 4.5 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2, Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.4, 228 дугаар зүйлийн 228.3, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0123714 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай БНХАУ-ын иргэн В/W/-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу  гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА