Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 132

 

А.Б-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2015/01018/И

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Л.Амарсанаа, шүүгч С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан  шатны шүүхийн  2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 545 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч  Боржигон овогт А-ны Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Урианхайн хар хуурчид овогт Я-ын И, “Айрон хорс” ХХК-д холбогдуулан

“Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 12 706 900 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнийн  давж заалдсан гомдлыг үндэслэн

    2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нинжбадгар, түүний өмгөөлөгч Н.Баттунсаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.

          Нэхэмжлэгч А.Б- итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нинжбадгар нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          А.Б- миний бие “Айрон хорс” ХХК-д ажиллаж байгаад үйлдвэрийн осолд орж хүнд гэмтэл авсан. Я.И- нарт холбогдох эрүүгийн хэргийг  шүүхээр хэлэлцэж тэдний гэм буруутай үйлдлийг тогтоон ял шийтгэл оногдуулсан. Эрүүгийн хэргийн шүүх хурал болсноос хойш би хэд хэдэн удаа Улаанбаатар, Эрдэнэт, Дархан-Уул аймагт эмчилгээ хийлгэсэн. 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш эмчлүүлж эмнэлэгт хэвтсэний төлбөр 1.000.000 төгрөг, эмнэлэг рүү явсан шатахууны зардал 80.000 төгрөг, гадуур эмийн сангаас худалдан авсан эм тарианы үнэ 693.500 төгрөг, сувилалд сувилуулсны зардал 350.000 төгрөг, нотариатын 12.400 төгрөг нийт 2.135.900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нинжбадгар, түүний өмгөөлөгч Н.Баттунсаг нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 А.Б- 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын “Ногоон хайлаастын усны зам” гэх газар “Айрон хорс” ХХК-ийн  хайгуулын ажилд орж ажиллаж байгаад осолд орж амь насанд нь аюултай хүнд гэмтэл авч эмнэлгийн тусламжаар амь нас нь аврагдсан. Одоо ид залуугаараа ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байнгын эмчилгээтэй, үүрдийн өвчтэй болж хувирсан. Эрүүгийн хэргийн шүүхээр хэрэг нь хэлэлцэгдэж дуусаад дараа нь эмчилгээ, эм тариа, шинжилгээний зардлаа авсан. Одоо шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нэмэгдүүлж байна. Үүнд уурхайд ажиллаж байгаад тус байгууллагын буруутай буюу хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагаа хангаж ажиллаагүйгээс осол болж хүнд гэмтэл авсан тул Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар нэг удаагийн нөхөн төлбөр шаардаж байна. Энд уурхайн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 384.000 төгрөгийг 7 сараар үржүүлж 2.688.000 төгрөг,

-Гэмтлийн улмаас ажилгүй байсан хугацаандаа Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сар бүр тооцож, 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оныг дуустал нэхэмжилж байна. 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс  2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140.400 төгрөгөөр бодож 10 сараар үржүүлж 1.404.000 төгрөг, 2013 оны 9, 10, 11, 12 дугаар сар, 2014 он, 2015 он, 2016 он бүтнээр нь нийлүүлээд 40 сарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгөөр бодож 7.680.000 төгрөг, үүнээс группийн мөнгө 1.201.170 төгрөгийг хасаад 6.478.830 төгрөг, 1404000+6478830=7882830 төгрөг, нийт 10.571.000 төгрөг дээр анх нэхэмжилсэн 2.135.900 төгрөг нийт 12.706.900 төгрөгийг “Айрон хорс” ХХК-иас гаргуулж өгнө үү, хариуцагч Я.И-аас татгалзаж байна гэжээ.

 Хариуцагч “Айрон хорс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч А.Б-гийн анх гаргасан 2.135.900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд нотлох баримтаар нотлогдож байгаа 1.902.600 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага 10.571.000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар 1 удаагийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсийг 384.000 төгрөг х 7 сар =2.688.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хөдөлмөрийн чадвар алдсан хувиар нь тооцож нөхөн төлбөр олгох ёстой гэтэл Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос хэдэн хувиар хөдөлмөрийн чадвар алдсан нь тодорхойгүй байх тул энэ шаардлагыг зөвшөөрөхгүй, Ажилгүй байсан хугацааны цалин 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс  2016 оныг дуустал 1.404.000 төгрөг нэхэмжилсэн байна. мөн 2013 оны 9, 10, 11, 12 дугаар сар 40 сар х 192.000 төгрөгөөр тооцож 7.680.000 төгрөг нэхэмжилсэн байна. Ажилгүй байсан хугацааг 2016 оныг дуустал шаардах эрх байхгүй, сайн дурын даатгалд хамрагдаж байсан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн  2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 545 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч “Айрон хорс” ХХК-аас 7.164.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б-д олгож, 3.640.300 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын 1.902.600 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч Я.И-аас татгалзсан татгалзлыг баталж тус тус хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ давж заалдсан гомдолдоо:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 545 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт: ”... хэрэгт авагдсан баримтаар А.Б- нь 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажил эрхлээгүй байх бөгөөд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан болох нь тогтоогдож байх тул... нийт 7.164.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй” гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч А.Б- нь тухайн үйлдвэрийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдалтаа хэдэн хувь алдсан гэдэг нь бүрэн тогтоогдоогүй. Хэрэгт авагдсан 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн "Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”, 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Комиссын шийдвэр” нь 1 жилийн хугацаатай буюу 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон. Гэвч 2015 оны 03 дугаар сараас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд нэхэмжлэгч А.Б- нь дахин Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор ороогүй. Хөдөлмөрийн чадвар алдалт нь өмнө тогтоосноос нэмэгдсэн, хасагдсан, хэдэн хувь байгаа нь тодорхойгүй, энэ тапаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийхгүйгээр, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалт нь 50 хувиар тогтоогдсон гэж үзэж, Иргэний хуулийн 505 дугаар  зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт заасныг үндэслэж, хариуцагч “Айрон Хорс” ХХК-аас  7.164.000 гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүхийн шийдвэр нь “хууль ёсны буюу үндэслэл бүхий” байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэж. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 545 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:            

Нэхэмжлэгч А.Б- хариуцагч “Айрон хорс” ХХК, Я.И- нарт холбогдуулан “Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 12 706 900 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал нэхэмжлэгч А.Б-гийн анх гаргасан 2.135.900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд нотлох баримтаар нотлогдож байгаа 1.902.600 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бусад зардал хохирлыг төлөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш эмчлүүлж эмнэлэгт хэвтсэний төлбөр 1.000.000 төгрөг, эмнэлэг рүү явсан шатахууны зардал 80.000 төгрөг, гадуур эмийн сангаас худалдан авсан эм тарианы үнэ 693.500 төгрөг, сувилалд сувилуулсны зардал 350.000 төгрөг, нотариатын 12.400 төгрөг, нийт 2.135.900 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн ба зохиргчид эвлэрэн хэлэлцсэн тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын 1.902.600 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нь ”... хэрэгт авагдсан баримтаар А.Б- нь 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажил эрхлээгүй байх бөгөөд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан болох нь тогтоогдож байх тул... нийт 7.164.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй” гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч А.Б- нь тухайн үйлдвэрийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдалтаа хэдэн хувь алдсан гэдэг нь бүрэн тогтоогдоогүй. 2015 оны 03 дугаар сараас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд нэхэмжлэгч А.Б- нь дахин Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор ороогүй” гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн "Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”, 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Комиссын шийдвэр” зэрэг нотлох баримтуудаар А.Б-н хөдөлмөрийн чадвар алдалтыг 1 жилийн хугацаатай буюу 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд 50 хувиар тогтоосон юм.

Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 71 дүгээр хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, сургалтын зохион байгуулалт стандартын шаардлагыг “Айрон хорс” ХХК хангаагүй гэсэн үндэслэлээр гэм хорын хохирол гаргуулж, хохирогч А.Б-д олгосон ба цаашид гаргах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй орхижээ. /хэргийн 8-14 дүгээр хуудас/

Мөн А.Б-гийн биед хүнд гэмтэл учирсан болох нь 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэгийн 190 тоот дүгнэлтээр тогтоогдсон байна. /хэргийн 67 дугаар хуудас/

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.6-д зааснаар нэг удаагийн нөхөн төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй, хариуцагч “Айрон хорс” ХХК нь гэм хорыг хуульд зааснаар гэм хорыг нэхэмжлэгчид хариуцан төлөх үүрэгтэй гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан  шатны шүүхийн  2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 545 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбогдуулан зохигчдоос шүүхэд гаргаж өгсөн тайлбар, нотлох баримтуудад  хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн  2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 545 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129.574 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                                              

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЭНХЖАРГАЛ                                       

                       ШҮҮГЧИД                                                Л.АМАРСАНАА

                                                                                        С.ОЮУНЦЭЦЭГ