Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2017/01305

 

Ч.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/01223 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1448 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ч.Мгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б П К ХХК-д холбогдох,                     

Эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин урамшуулал, нэмэгдлүүдийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбатын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Элдэв-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Г.Цагаан нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Б П КХХКомпанийн гүйцэтгэх захирлын Б/012 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн, 2016 оны 12 дугаар сарын 11-нд маргалдсан, ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан.Би ёс зүйн хороонд гомдол гаргасан боловч миний гомдлыг биш надад ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулсан.Дээрх сахилгын шийтгэлийг би зөвшөөрөхгүй байгаа бөгөөд би байгууллагын ёс зүйн дүрэм, журмыг зөрчөөгүй.Улмаар байгууллагын шинэ жил 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болсон бөгөөд шинэ жилийн арга хэмжээний үеэр би согтоод ажлынхаа Бат-Оюун багшийн цүнхийг андуураад аваад явсан, ингээд 2016 оны 12 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд амралтын өдрүүд байсан тул 2017 оны 1 дүгээр сарын 2-нд ажил дээрээ очихдоо аваачиж өгсөн. Шинэ жилээр авч явсан зүйлээ машинд орхисон учраас би машинд ямар эд зүйлс байгааг мэдэхгүй, 1 сарын 1-нд машиндаа орохдоо мэдсэн. Улмаар байгууллагын ёс зүйн хороо хуралдахгүйгээр шууд ажлаас халах тушаал гаргасан тул ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна.Ажлаас чөлөөлөгдөх тушаалын эх хувийг гаргуулах хүсэлтэй байна. Мөн сахилгын зөрчлийг тогтоосон ёс зүйн хорооны хурлын тэмдэглэлтэй танилцах хүсэлтэй байна. Иймд ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч.М нь Б П К-д 2012 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр засал чимэглэлийн багшаар ажилд орсон. Гэтэл 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн Б-12 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Энэ тушаалд Хөдөлмөрийн тухай хууийн 5 дугаар зүйлийн 5.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 3.4.2, 5,2, Ёс зүйн хорооны дүгнэлт, нэхэмжлэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1, 5.3, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн ёс зүйн зөрчлийг давтан гаргасан гэж ажлаас чөлөөлсөн. Ёс зүйн дүрмийн 3.2-т багш сургалтын үүргээ ухамсарлан хамтран ажиллагчдынхаа талаар мэргэжлийн дүгнэлт өгөхдөө бодитой хандаагүй гэж үзсэн байх боловч энэхүү зөрчил тогтоогдоогүй байгаа нь ажлаас халсан үндэслэлтэй тохирохгүй байна. Хариуцагч байгууллага хариу тайлбартаа бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх боловч прокурорын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол нь хэдэн яллагдагчтай байсан эсэх нь ойгомжгүй байна. Шинэ жилийн арга хэмжээ бол ажлын байр биш бөгөөд нэхэмжлэгчийн ажил үүрэгтэй холбоогүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх үүрэг, хамтын гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан болон хамтын маргаан, удирдлага, хяналт болон хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж, талуудын эрх тэгш байдлыг хангахад оршино гэж зааснаар хуулийн үйлчлэх хүрээ хөдөлмөрийн гэрээгээр хязгаарлагддаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан 4 нөхцөлтэй тохирохгүй, ажлын чиг үүрэгтэй холбоогүй байх тул ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргаж байна. Тушаал дээр ёс зүйн зөрчил гаргасан гэж байдаг. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэдгийг Улсын дээд шүүхийн 2006 оны 33 тогтоолд тайлбарласан байдаг бөгөөд ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэх тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заана гэсэн байдаг. Хөдөлмөрийн гэрээний 5.3.4 дэх заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн, нийтээр тогтоосон заншлын хэм хэмжээг зөрчсөн хүчин төгөлдөр бус байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д зааснаар ял шийтгүүлсэн бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгоно гэж байдаг. Цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллагын тогтоол Ч.Мг ажлаас халагдсаны дараа гарсан байна.Иймд зөрчил тогтоогдохгүй байна гэж үзэж байна.Мөн ёс зүйн хорооны хурлаар шийдвэрлэсэн шийдвэр байхгүй. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа байхгүй байна.2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн ёс зүйн хорооны хурлаар Ч.М, Сүнжидмаа, Одонтуяа нар муудалцан бие биенээ элдэв үгээр хэлж, бие биедээ гар хүрсэн тухай ёс зүйн хорооны дарга Отгонбаатар өргөдөл ирээд 27 хонож байна гэсэн байна.Энэ зөрчил 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр гарсан гарсан зөрчил гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой гэж заасан байдаг ба өргөдөл ирснээс хойш зөрчил илэрсэн гэж үзнэ. Тэгвэл 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь хуулийн үндэслэлгүй, зөрчил тогтоогдохгүй байна. Мөн энэ өдрийн тушаалыг Ч.Мд танилцуулаагүй байдаг. Мөн ёс зүйн хорооны тэмдэглэлийг хуралдаанд оролцогч нартаа танилцууж, гарын үсэг зуруулаагүй, шийдвэр гаргаагүй байгаа нь ёс зүйн дүрмээ зөрчиж байна.2016 оны 12 дугаар сарын 8, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ёс зүйн хурал дээр алинд нь ч шийдвэр гараагүй байна. Ёс зүйн зөрчил бол хуульд заасан үндэслэлээр тодорхой байх ёстой бөгөөд энэ зөрчил нь үндэслэлээрээ тохирохгүй байгаа тул давтан зөрчил гэж үзэхгүй гэжээ.

Хариуцагч Б П Кшүүхэд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан заалтуудыг хэрэглэсэн. Мөн сургуулийн хэмжээнд батлан мөрдөж байгаа хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.3.8, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2.2, 5 дугаар зүйлийн 5.3.4-т заасан үндэслэлүүдээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан. Ч.М 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сургуулийн захиргаа, сургалтын алба, ёс зүйн хороонд өргөдөл гаргасаны дагуу судлаж үзэхэд Ч.М Л.Сүнжидмаа, Д.Одонтуяа нар гурвуулаа буруутай болохыг гэрчүүд болон 3 багшийн тайлбараар нотолж ёс зүйг зөрчсөн гэж үзэн арга хэжмээ авахуулахаар ёс зүйн хорооноос захиргаанд дүгнэлт гарган ирүүлсэн. Энэ асуудлаар захирлын зөвлөл 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж дээрх 3 багшид хууль, журмын дагуу хариуцлага тооцох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн бөгөөд өөрөө үүнийгээ хүлээн зөвшөөрч захиргаанд өргөдөл өгсөн. Мөн хамт олны хуралд танилцуулахад энэ 3 багшийг өрөөний хамт олон нь дахин зөрчил гагуулахгүй байж чадна гэж батлан даалтанд авах тухай өргөдлийг сургуулийн захиргаанд өгсөн.Энэ бүгдийг хүндэтгэн үзэж захирлын зүгээс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/126 тоот тушаалаар Л.Сүнжидмаа, Д.Одонтуяа нарыг албан тушаалын сарын үндсэн цалинг 20 хувиар, 3 сар бууруулж, дараагийн удаа ажлаас хөөхийг сануулж, Ч.Мг албан тушаалын сарын үндсэн цалинг 20 хувиар, 1 сар бууруулж, дараагийн удаа ажлаас хөөхийг сануулж сахилгын шийтгэл ногдуулсан. Үүний дараа Ч.М 2016 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үлйдэж дахин зөрчил гаргасан. Энэ үлйдэл нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж нотлогдоод Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн, сэжигтэн Ч.М гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснээр эвлэрч холбогдох эхргийг ЭБШХ-ийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хохирогч сэжигтэн нар эвлэрснээр хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байдаг. Хэдийгээр хохирогч нар хуулийн байгууллагын өмнө эвлэрсэн хэдий ч сургуулийн дэргэдэх ёс зүйн хороонд хохирогчдын зүгээс цаашид энэ хүнтэй нэг дор ажиллах боломжгүй байгаа талаар гомдол гаргасан байдаг. Энэхүү гомдлыг сургуулийн дэргэдэх ёс зүйн хороо, захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/012 тоот захирлын тушаалаар ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан болно, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ичинхорлоо шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар давтан зөрчил гаргасан гэдэг нь өмнө нь багш нартай таарамжгүй харилцаа үүсгэсэн тул сургуулийн ёс зүйн хороогоор орж 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр цалингийн 20 хувийг, 3 сараар хасах сахилгын арга хэмжээ авсан. Үүнээс хойш 5 хоногийн дараа 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шинэ жилийн арга хэмжээний үеэр шагнуулсан багшийн 1 000 000 төгрөгийг хулгайлсан байдаг.Тухайн үед Цагдаагийн байгууллагаар шалгуулахад Ч.М хулгай хийсэн хэргээ хүлээж, хамт олноосоо уучлал гуйж захирлын зөвлөлийн хурлаар орсон байдаг. Энэ хэргийг прокурорын байгууллага дээр талууд эвлэрснээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Хөдөлмөрийн гэрээний 5.3.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан, мөн давтан зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдсон тул ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/01223 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т зааснаар Чогдонгийн Ч.Мг Барилгын Политехник Коллежийн засал чимэглэлийн багшийн ажилд эргүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Барилгын Политехник Коллежоос 5 016 396 /таван сая арван зургаан мянга гурван зуун ерэн зургаан/ төгрөгийг гаргуулан Ч.Мд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар Ч.Мгийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийж өгөхийг Барилгын Политехник Коллежид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Барилгын Политехник Коллежоос 95 212 /ерэн таван мянга хоёр зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1448 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/01223 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хариуцагч Б П К-д холбогдох, Ч.Мгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 165 412 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Нийслэлийн Иргэний Хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1448 тоот магадлалын хянавал хэсэгт “Учир нь Ч.М нь Хөдөлмөрийн гэрээний 5.3.4-т заасан хөдөлмөрийн харилцааг зогсоох ноцтой зөрчил гаргасан нь прокурорын 124 тоот тогтоолоор тогтоогджээ’' гэжээ. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолд “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна.” гэжээ. Өөрөөр хэлбэл ноцтой зөрчил нь хөдөлмөрлөх үйл явцад холбогдуулан үүсэх харилцаа юм. Нэхэмжлэгч Ч.Мтай байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.4 дэх заалт нь “...Шунахайн сэдлээр байгууллагын болон бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсны улмаас хохирол учруулсан, энэ үйлдэл нь баримтаар нотлогдсон бол, мөн төрийн албаны тухай Монгол улсын хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн бол /ял шийтгүүлсэн бол/” хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж үзнэ гэж заажээ. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д "хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” бөгөөд анхан шатны шүүхэд энэ талаар тайлбар хийж ноцтой зөрчлийн заалт хууль тогтоомж зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг дурьдсан. Шунахайн сэдэл, бусдын өмч хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн эрх зүйн харилцаа бөгөөд ажилтан ял шийтгэл ногдуулсан нь Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь “37.1.7 ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон”-оор хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох эрх зүйн зохицуулалтыг зөрчин хийсэн хэлцэл болно. Ч.Мгийн дээрх үйлдлийн улмаас ажил олгогчид учирсан хохирол байхгүй болохыг шүүх үнэлээгүй байна. 2. Өмнөх сахилгын шийтгэл ногдуулсан талаар сахилгын зөрчлийн талаар дүгнэх шаардлагагүй гэж үзсэн.

Нийслэлийн Иргэний Хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1448 тоот магадлалын хянавал хэсэгт “...Иймд нэхэмжлэгчийн өмнө гаргасан сахилгын зөрчлийн талаар дүгнэх шаардлагагүй юм” гэжээ. Нэхэмжлэгч Ч.Мд 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Б/126 тоот тушаалаар сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/012 тоот тушаалаар Сахилгын давтан зөрчил гаргасан буюу хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 дахь хэсэгт зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Иймд өмнөх сахилгын шийтгэлийн талаар дүгнэх шаардлагагүй гэж үзсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй байна. Учир нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Б/126 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг Ч.М мэдээгүй, мэдэх боломжтой байгаагүй болно. Нөгөө талаар тус сахилгын шийтгэлд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан болно. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 124 дүгээр тогтоол гарсан бөгөөд Прокурорын тогтоол гараагүй байхад Ч.Мг хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.4-т заасан ноцтой зөрчил гаргасан, энэхүү зөрчлийг гаргасан нь тогтоогдсон гэж үзэж түүнийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр чөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл, зөрчлийг тогтоогоогүй байх үед ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1448 тоот магадлалын хянавал хэсэгт "Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ч.Мг хариуцагч байгууллагын захирлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/012 тоот тушаалаар” гэжээ. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл нотлох баримтаас үзвэл Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж 2017 оны 01 дүгээр сарын 10-ны Б/012 тоот тушаалыг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гарсан мэтээр дүгнэжээ. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 01 дүтээр сарын 10-ны өдөр гарсан болохыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч Б П К ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн үндэслэлтэй боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хууль баримтлаагүй алдааг зөвтгөж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна. Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Ажил олгогчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/012 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлйн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 5.3.8, Ёс зүйн дүрмийн 3.2.2, Хөдөлмөрийн гэрээний 5.3.4 дэх заалтыг баримталж, ёс зүйн зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр Ч.Мг багшийн ажлаас нь халсан байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл Ч.М нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Б/126 тоот тушаалаар үндсэн цалинг 20 хувиар нэг сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл авагдсан, 2016 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө байгууллагын шинэ жилийн баяр тэмдэглэх үеэр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан нь баримтаар тогтоогдсон, ажилтан давтан зөрчил гаргасан тул хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан,  сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 -д заасан хугацааг зөрчөөгүй талаар давж заалдах шатны шүүх байгууллагын дотоод хэм хэмжээ болон хуульд нийцүүлэн үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Б/126 тоот тушаалаар авсан сахилгын шийтгэлийг зөвшөөрөөгүйгээс гадна бусдын эд хөрөнгийг хууль бусаар  авсан гэх зөрчлийг гаргаагүй, машинд орхисон зүйлийг нь мэдээд дараа нь аваачиж өгсөн гэж, уг асуудалд байгууллагын зүгээс сахилгын шийтгэл ногдуулахдаа ёс зүйн хороо хуралдаагүй, тайлбар аваагүй, хуралд оролцуулаагүй байж дүгнэлт гаргасан нь процессын алдаатай, журмаа зөрчсөн гэж маргасан байна. 

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн захирлын зөвлөлийн хурлаар зодоон хийж хоорондоо маргасан 3 багшийн асуудлыг болон уг зөрчлийг тогтоосон ёс зүйн хорооны дүгнэлтийг хэлэлцсэн, хуралд нэхэмжлэгч Ч.М оролцсон, буруугаа хүлээсэн бичгийн баримтаас үзвэл нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Б/126 тоот тушаал үндэслэлтэй, уг үйл баримтыг үгүйсгэх өөр баримт хэрэгт байхгүй байна. Дээрх тушаалд “...дараагийн удаа ажлаас хөөхийг сануулж сахилгын шийтгэл ногдуулсугай....” гэж заасан нь шийтгэлийг давхардуулан ногдуулсан агуулга байхгүй байна.

Түүнчлэн бусдын эд зүйлийг авсан ажилтны хууль бус үйлдэл буюу ёс зүйн зөрчил нь 2016 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн ёс зүйн хорооны дүгнэлт /хх-67/, нэхэмжлэгчийн тайлбар/хх-65,66/, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-22-24/ зэрэг баримтуудаар тогтоогджээ. Харин Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан хэргийн хохирогч Л.Бат-Оюун нь яллагдагч Ч.Мтай сайн дураар эвлэрсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 124 тоот тогтоол нь тушаал гарснаас хойшхи үйл баримт бөгөөд хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй болохыг шүүх анхаараагүй нь уг баримтыг үнэлсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчсөн  байна.  2016 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн ёс зүйн хорооны дүгнэлтийг дарга гишүүд хамтран гаргасан байх ба ёс зүйн хорооны хурлын тэмдэглэлийг шүүхэд гаргаж өгөөгүй байгаа нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг үгүйсгэхгүй гэж үзэв.  

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн 1448 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...хүчингүй болгож, гэсний дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул гэж нэмж оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгсднийг дурьдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                             ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА