Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 1223

 

                                       

                                                                    

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/01223

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 2 дугаар гудамжны 12 тоотод оршин суух, эмэгтэй, ТВ 65122565, Боржигин овогт Чогдонгийн Магнайн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 16 дугаар хороо, өөрийн байранд байрлах, Барилгын Политехникийн Коллеж ХХКомпанид холбогдох

 

Эрхэлж байсан ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал, нэмэгдлүүдийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Магнай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Намайг 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Барилгын Политехникийн Коллеж ХХКомпанийн гүйцэтгэх захирлын Б/012 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн, 2016 оны 12 дугаар сарын 11-нд маргалдсан, ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан.Би ёс зүйн хороонд гомдол гаргасан боловч миний гомдлыг биш надад ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулсан.Дээрх сахилгын шийтгэлийг би зөвшөөрөхгүй байгаа бөгөөд би байгууллагын ёс зүйн дүрэм, журмыг зөрчөөгүй.Улмаар байгууллагын шинэ жил 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болсон бөгөөд шинэ жилийн арга хэмжээний үеэр би согтоод ажлынхаа Бат-Оюун багшийн цүнхийг андуураад аваад явсан, ингээд 2016 оны 12 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд амралтын өдрүүд байсан тул 2017 оны 1 дүгээр сарын 2-нд ажил дээрээ очихдоо аваачиж өгсөн.Шинэ жилээр авч явсан зүйлээ машинд орхисон учраас би машинд ямар эд зүйлс байгааг мэдэхгүй, 1 сарын 1-нд машиндаа орохдоо мэдсэн.Улмаар байгууллагын ёс зүйн хороо хуралдахгүйгээр шууд ажлаас халах тушаал гаргасан тул ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна.Ажлаас чөлөөлөгдөх тушаалын эх хувийг гаргуулах хүсэлтэй байна.Мөн сахилгын зөрчлийг тогтоосон ёс зүйн хорооны хурлын тэмдэглэлтэй танилцах хүсэлтэй байна.Иймд ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийш хүсэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ч.Магнай нь Барилгын Политехникийн Коллежид 2012 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр засал чимэглэлийн багшаар ажилд орсон.Гэтэл 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн Б-12 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн.Энэ тушаалд Хөдөлмөрийн тухай хууийн 5 дугаар зүйлийн 5.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 3.4.2, 5,2,  Ёс зүйн хорооны дүгнэлт, нэхэмжлэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1, 5.3, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн ёс зүйн зөрчлийг давтан гаргасан гэж ажлаас чөлөөлсөн.Ёс зүйн дүрмийн 3.2-т багш сургалтын үүргээ ухамсарлан хамтран ажиллагчдынхаа талаар мэргэжлийн дүгнэлт өгөхдөө бодитой хандаагүй гэж үзсэн байх боловч энэхүү зөрчил тогтоогдоогүй байгаа нь ажлаас халсан үндэслэлтэй тохирохгүй байна.Хариуцагч байгууллага хариу тайлбартаа бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх боловч прокуороын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол нь хэдэн яллагдагчтай байсан эсэх нь ойгомжгүй байна.Шинэ жилийн арга хэмжээ бол ажлын байр биш бөгөөд нэхэмжлэгчийн ажил үүрэгтэй холбоогүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх үүрэг, хамтын гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан болон хамтын маргаан, удирдлага, хяналт болон хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж, талуудын эрх тэгш байдлыг хангахад оршино гэж зааснаар хуулийн үйлчлэх хүрээ хөдөлмөрийн гэрээгээр хязгаарлагддаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан 4 нөхцөлтэй тохирохгүй, ажлын чиг үүрэгтэй холбоогүй байх тул ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргаж байна.Тушаал дээр ёс зүйн зөрчил гаргасан гэж байдаг.Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэдгийг Улсын дээд шүүхийн 2006 оны 33 тогтоолд тайлбарласан байдаг бөгөөд ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэх тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заана гэсэн байдаг. Хөдөлмөрийн гэрээний 5.3.4 дэх заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн, нийтээр тогтоосон заншлын хэм хэмжээг зөрчсөн хүчин төгөлдөр бус байна.Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д зааснаар ял шийтгүүлсэн бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгоно гэж байдаг. Цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллагын тогтоол Ч.Магнайг ажлаас халагдсаны дараа гарсан байна.Иймд зөрчил тогтоогдохгүй байна гэж үзэж байна.Мөн ёс зүйн хорооны хурлаар шийдвэрлэсэн шийдвэр байхгүй. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа байхгүй байна.2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн ёс зүйн хорооны хурлаар Ч.Магнай, Сүнжидмаа, Одонтуяа нар муудалцан бие биенээ элдэв үгээр хэлж, бие биедээ гар хүрсэн тухай ёс зүйн хорооны дарга Отгонбаатар өргөдөл ирээд 27 хонож байна гэсэн байна.Энэ зөрчил 2016 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр гарсан гарсан зөрчил гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой гэж заасан байдаг ба өргөдөл ирснээс хойш зөрчил илэрсэн гэж үзнэ.Тэгвэл 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь хуулийн үндэслэлгүй, зөрчил тогтоогдохгүй байна.Мөн энэ өдрийн тушаалыг Ч.Магнайд танилцуулаагүй байдаг.Мөн ёс зүйн хорооны тэмдэглэлийг хуралдаанд оролцогч нартаа танилцууж, гарын үсэг зуруулаагүй, шийдвэр гаргаагүй байгаа нь ёс зүйн дүрмээ зөрчиж байна.2016 оны 12 дугаар сарын 8, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ёс зүйн хурал дээр алинд нь ч шийдвэр гараагүй байна.Ёс зүйн зөрчил бол хуульд заасан үндэслэлээр тодорхой байх ёстой бөгөөд энэ зөрчил нь үндэслэлээрээ тохирохгүй байгаа тул давтан зөрчил гэж үзэхгүй гэв.

 

Хариуцагч Барилгын Политехникийн коллеж шүүхэд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан заалтуудыг хэрэглэсэн.Мөн сургуулийн хэмжээнд өатлан мөрдөж байгаа хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.3.8, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2.2, 5 дугаар зүйлийн 5.3.4-т заасан үндэслэлүүдээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан. Ч.Магнай 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сургуулийн захиргаа, сургалтын алба, ёс зүйн хороонд өргөдөл гаргасаны дагуу судлаж үзэхэд Ч.Магнай Л.Сүнжидмаа, Д.Одонтуяа нар гурвуулаа буруутай болохыг гэрчүүд болон 3 багшийн тайлбараар нотолж ёс зүйг зөрчсөн гэж үзэн арга хэжмээ авахуулахаар ёс зүйн хорооноос захиргаанд дүгнэлт гарган ирүүлсэн.Энэ асуудлаар захирлын зөвлөл 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж дээрх 3 багшид хууль, журмын дагуу хариуцлага тооцох нь зүйтэй гэж  шийдвэрлэсэн бөгөөд өөрөө үүнийгээ хүлээн зөвшөөрч захирганд өргөдөл өгсөн.Мөн хамт олны хуралд танилцуулахад энэ 3 багшийг өрөөний хамт олон нь дахин зөрчил гагуулахгүй байж чадна гэж батлан даалтанд авах тухай өргөдлийг сургуулийн захиргаанд өгсөн.Энэ бүгдийг хүндэтгэн үзэж захирлын зүгээс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/126 тоот тушаалаар Л.Сүнжидмаа, Д.Одонтуяа нарыг албан тушаалын сарын үндсэн цалинг 20 хувиар, 3 сар бууруулж, дараагийн удаа ажлаас хөөхийг сануулж, Ч.Магнайг албан тушаалын сарын үндсэн цалинг 20 хувиар, 1 сар бууруулж, дараагийн удаа ажлаас хөөхийг сануулж сахилгын шийтгэл ногдуулсан.Үүний дараа Ч.Магнай 2016 оны 12 дугаар сарын 27-ноос    28-нд шилжих  шөнө бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үлйдэж дахин зөрчил гаргасан.Энэ үлйдэл нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж нотлогдоод Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн, сэжигтэн Ч.Магнай гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснээр эвлэрч холбогдох эхргийг ЭБШХ-ийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хохирогч сэжигтэн нар эвлэрснээр хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байдаг.Хэдийгээр хохирогч нар хуулийн байгууллагын өмнө эвлэрсэн хэдий ч сургуулийн дэргэдэх ёс зүйн хороонд хохирогчдын зүгээс цаашид энэ хүнтэй нэг дор ажиллах боломжгүй байгаа талаар гомдол гаргасан байдаг.Энэхүү гомдлыг сургуулийн дэргэдэх ёс зүйн хороо, захирлын давлалийн хурлаар хэлэлцэн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/012 тоот захирлын төшөөлөөр ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан болно, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ичинхорлоо шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.4-т зааснаар давтан зөрчил гаргасан гэдэг нь өмнө нь багш нартай таарамжгүй харилцаа үүсгэсэн тул сургуулийн ёс зүйн хороогоор орж 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр цалингийн 20 хувийг, 3 сараар хасах сахилгын арга хэмжээ авсан.Үүнээс хойш 5 хоногийн дараа 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шинэ жилийн арга хэмжээний үеэр шагнуулсан багшийн 1 000 000 төгрөгийг хулгайлсан байдаг.Тухайн үед Цагдаагийн байгууллагаар шалгуулахад Ч.Магнай хулгай хийсэн хэргээ хүлээж, хамт олноосоо уучлал гуйж захирлын зөвлөлийн хурлаар орсон байдаг.Энэ хэргийг прокурорын байгууллага дээр талууд эвлэрснээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.Хөдөлмөрийн гэрээний 5.3.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан, мөн давтан зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдсон тул ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Магнай хариуцагч Барилгын Политехник Коллежид холбогдуулан эрхэлж байсан засал чимэглэлийн багшийн албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай шаардлага гаргасан байна.

 

Дараах үндэслэлээр Ч.Магнайн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

      Барилгын Политехник Коллежийн захирлын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/012 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар тус сургуулийн засал чимэглэлийн мэргэжлийн багш Ч.Магнай ёс зүйн зөрчил давтан гаргасан тул 2017 оны 1 дүгээр сарын 11-ны өдрөөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн байна.

 

Дээрх Ч.Магнайтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд-Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.8, 10.1, Ёс зүйн дүрмийн 3.2.2, 5.2, Ёс зүйн хорооны 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хурлын 2 тоот дүгнэлт, хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.3.4, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэсэн гэж дурдсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байна.

 

Барилгын Политехник Коллежийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/126 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай тушаалаар тус сургуулийн засал чимэглэлийн мэргэжлийн багш Л.Сүнжидмаа, Д.Оюунтуяа нарын албан тушаалын цалинг 20 хувиар 3 сар, Ч.Магнайг 20 хувиар 1 сар тус тус бууруулж, дараагийн удаа ажлаас хөөхийг сануулж сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн байна.

 

Энэхүү тушаалын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч Ч.Магнайд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сануулах, үндсэн цалинг бууруулах тухай сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулсан байна гэж үзэхээр байх бөгөөд Мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасан “сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэсэн хуулийн үндэслэлийг зөрчсөн байна.

Энэхүү тушаалаар Ч.Магнайд үндсэн цалинг 20 хувиар, 1 сар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан гэх боловч энэхүү шийтгэл бодитоор хэрэгжээгүй, нэхэмжлэгчийн цалингаас суутгал хийгдээгүй болох нь нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаагаар нотлогдож байх нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.4-т “шунахай сэдэлтээр байгууллагын болон бусдын эд зүйлс, өмч, хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсны улмаас хохирол учруулсан, энэ үйлдэл нь баримтаар нотлогдсон бол, ял шийтгүүлсэн бол” хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байна.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.Магнай 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болсон шинэ жилийн арга хэмжээний үеэр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдэж сахилгын зөрчил гаргасан гэж тайлбарлаж байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн  Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 124 дүгээр тогтоолд хохирч Л.Бат-Оюун нь яллагдагч Ч.Магнайтай сайн дураар эвлэрсэн, хохирогч гомдолгүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан байх тул Ч.Магнайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж үзсэн байна.

 

Гэтэл энэхүү Прокурорын тогтоолыг гараагүй байхад Ч.Магнайг хөдөлмөрийн гэрээний  5 дугаар зүйлийн 5.3.4-т заасан ноцтой зөрчил гаргасан, энэхүү зөрчлийг гаргасан нь тогтоогдсон гэж үзэж түүнийг 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь буруу байна.

  

Иймд Барилгын Политехник Коллежийн захирлын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/012 дугаар үндэслэлгүй байх тул Ч.Магнайг эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоох үндэстэй байна.

 

Мөн Нийгмийн хамгаалал, хөдөмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойох журмын дагуу нэхэмжлэгчийн 2016 оны 11, 12 дугаар сар, 2017 оны 1 дүгээр саруудын цалингийн нийлбэр 4 202 075 төгрөгөөс дундаж цалинг бодож, түүний ажилгүй байсан 77 хоногийн цалингийн олговорт 5 016 396 төгрөгийг Барилгын Политехник Коллежоос нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийж өгөхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх нь үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т зааснаар Чогдонгийн Магнайг Барилгын Политехник Коллежийн засал чимэглэлийн багшийн ажилд эргүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Барилгын Политехник Коллежоос 5 016 396 /таван сая арван зургаан мянга гурван зуун ерэн зургаан/ төгрөгийг гаргуулан Ч.Магнайд олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар Ч.Магнайгийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийж өгөхийг Барилгын Политехник Коллежид даалгасугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Барилгын Политехник Коллежоос 95 212 /ерэн таван мянга хоёр зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН