| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүнжидмаагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/00326/и |
| Дугаар | 133 |
| Огноо | 2016-06-20 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан /захиргааны албан хаагч/, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 133
Н.Г-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2016/00326/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 641 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Гучид овогт Н-ийн Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-д холбогдох
“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1.445.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрал, Ч.Чинцогт нарын давж заалдсан гомдлыг үндэслэн
2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч Н.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие “Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Сүхбаатар салбарт 1998 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ашиглалт засварын монтёроор, 2001 оны 08 дугаар сарын 15-наас ашиглалт засварын мастераар ажиллаж байгаад 2010 оны 03 дугаар сарын 29-нд Сүхбаатар салбарын даргаар томилогдон 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 18 жил тасралтгүй ажиллаж ирсэн. Би Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д 18 жил ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн хууль болон ажил олгогч компаниас баталсан дүрэм журамд заасны дагуу өөрийн үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж шударгаар ажиллаж ирсэн. Гэтэл “Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна. Иймд “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаар тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны 1 сарын цалин 1.445.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Сүхбаатар салбарын даргаар ажиллаж байсан Н.Г- нь компаний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 3 дугаар шатны үзлэг, төлөөлөн удирдах зөвлөлөөс хийсэн шалгалт, Хяналтын албанаас хийсэн шалгалтууд, Зүүнбүрэн суманд осол гарч Зүүнбүрэн сумын техникч Д.Ариунбат амь нас эрсэдсэн салбарын борлуулалт муу, авлага өссөн, шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг удаа дараа арилгаагүй мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаагүй. Иймд Н.Г- нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажилтны үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай биелүүлээгүй тул Сүхбаатар салбарын дарга Н.Г-ын хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 8.2, 40.1.4, Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.2.4.е, 8.2.4 ж ажлын байрны тодорхойлолт, холбогдох бусад хууль тогтоомжуудын хүрээнд хөдөлмөрийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Иймд Н.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 641 дугаар шийдвэрээр:
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Г-ыг “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Сүхбаатар салбарын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1.445.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрал, Ч.Чинцогт нар давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүх хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг судлан, үнэлээгүй, материаллаг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Д.Ариунбат нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шугам солих ажлыг зөвшөөрөлгүй гүйцэтгэж сип утас сольсон. Энэ үедээ дуулга, хамгаалах хэрэгслэлээ хэрэглээгүй байснаас 380 кв.н шонгийн модноос унаж нас барсан нь тогтоогдсон. Энэхүү үйлдэл нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний шинжээчийн дүгнэлтээр үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаас үзэхэд үйлдвэрийн осол гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ. Иймд Н.Г- нь ажил үүргийг хангалтгүй хийсэн, хариуцлага алдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх Ирэгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн илт хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан оролцож гаргасан тайлбартаа:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 641 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Н.Г- хариуцагч “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-д холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1.445.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.
“Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаар тушаалаар Сүхбаатар салбарын дарга Н.Г-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн өдөр цуцалсан байна.
Анхан шатны шүүх осол гарч иргэн Д.Ариунбатын амь нас эрсэдсэн явдалд нэхэмжлэгч Н.Г-ын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй, энэ үндэслэлээр түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, монтёр Б.Огторгуйтай холбоотой асуудалд Н.Г-од сахилгын шийтгэл оногдуулах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нөхөн авахтай холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэснийг үгүйсгэх боломжгүй.
“Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаар тушаалд Н.Г-ыг сахилгын зөрчил гаргасан болон сахилгын хариуцлага хүлээлгэсэн талаар тусгаагүй, үүнийг хөдөлмөрийн гэрээ цуцласан тушаалдаа үндэслэл болгоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаарх нотлох баримтаа шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу гаргаж өгөөгүй гэж шүүх дүгнэж нэхэмжлэгч Н.Г-ыг “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Сүхбаатар салбарын даргын ажилд эгүүлэн тогтоосныг үндэслэлтэй гэж үзнэ.
Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 641 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрал, Ч.Чинцогт нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 641 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39.600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л.АМАРСАНАА
С.ОЮУНЦЭЦЭГ