Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2017/ДШМ/02

 

Ж.Оюунгэрэлд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

                                                                                                                                                                    Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

 

прокурор Э.Нэргүй,

шүүгдэгч Ж.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Сайханаа, М.Хувцагаан

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Энхбаярыг оролцуулан,

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ж.Оюунгэрэлд холбогдох 201608000043 дугаартай 2 хавтас 427 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд 1966 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 3-54 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЕЙ66060903 дугаарын регистртэй, Олхонууд овгийн Жадамбын Оюунгэрэлд холбогдуулан Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2017 оны 01 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Ж.Оюунгэрэл нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа У.Энхжаргалын /хээл хахууль өгөгч/ байнгын ажлын байртай болох гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/03 дугаартай Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар У.Энхжаргалыг ажилд авах, мөн 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар туслах багшаар ажиллуулахдаа У.Энхжаргалаас 2013 оны 04 дүгээр сарын сүүлээр 500.000 төгрөгийн хээл хахуулийг /өөрөө/ авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Оюунгэрэлийг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр өөрөө, хээл хахуулийг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Ж.Оюунгэрэл нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдаж, Мөн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр авсан “Хилээр гарахгүй байх тухай” утга бүхий гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолхоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500.000 төгрөгийг хурааж, улсын орлогод оруулахаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Сайханаа, М.Хувцагаан нар нь давж заалдах гомдолдоо: Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дугаар зүйлийн 284.1 дэх заалтыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Шүүх дээрх дүгнэлтийг хавтаст хэрэгт авагдсан гэрч, бусад бичгийн нотлох баримтуудад тулгуурлан хийсэн гэж үзэж байгаа ч тухайн нотлох баримтууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан гэж үзэх боломжгүй. Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн обьект төрийн байгууллага, түүний аппаратын хэвийн үйл ажиллагаа алдагдсан, төрийн байгууллагын нэр хүндэд хор уршиг учирсан нь обьектив тал “...гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр ...амлахгүйгээр өөрөө ...хээл хахууль авсан үйлдэл” нь тус тус нотлогдоогүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын гэм буруугийн шалтгаант холбоо тогтоогдоогүй байна. Хөдөлмөрийн гэрээнээс үзэхэд У.Энхжаргал нь хүний оронд хугацаатай гэрээ хийж ажилд орлоо гэдгээ бүрэн ойлгож гарын үсэг зурсан байна. Ж.Оюунгэрэл нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилласнаас өөрөөр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр буюу албан үүргийн хувьд өөрт олгогдоогүй эрх үүргийг хэрэгжүүлэх үйлдэл хийгээгүй мөн төрийн байгууллага, түүний аппаратын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, төрийн байгууллагын нэр хүнд хөндөгдөж хохирсон зүйл байхгүй. 2. Шүүх гэрч З.Болормаа, Б.Буяндалай нарын мэдүүлгийг шууд бус нотлох баримт гэж үнэлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-г буруу хэрэглэсэн, мөн хэрэгт холбогдолтой У.Энхжаргалаас гэрчийн мэдүүлэг авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсгийг зөрчсөн. 3. Анхан шатны шүүх хоёр удаа мөрдөн байцаалтад буцааж байсан ч гэрчийн мэдүүлгийг давтаж авснаас өөрөөр хэрэгт нотлох баримт бүрдүүлэх талаар ажиллаагүй /яллах цагаатгах/, захирамжийн заалтууд илт биелэгдээгүй зэрэг байдалд дүгнэлт хийхгүйгээр нэг талыг барьсан гэв

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Сайханаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Оюунгэрэлийг хээл хахуул авсан гэдэг талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Нотлох баримтыг шалгах, үнэлэх үед эргэлзээ төрж байвал эсвэл бусад нотлох баримтын эргэлзээ арилаагүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа гэж дүгнэсэн ч шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс тухайн нотлох баримтууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж чадаагүй. Тиймээс шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шинжийг агуулж чадаагүй. Нотлогдвол зохих зүйлүүд нотлогдоогүй. Нотлох баримтыг үнэлэхдээ яллах талыг баримтлан, өмгөөлөх болон цагаатгах талыг баримтлаагүй. Дээрх байдлыг харгалзаж ЭБШ хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 208.1.2, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Ж.Оюунгэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Прокурор Э.Нэргүй давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Оюунгэрэл нь хээл хахууль авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Хэрэгт холбогдох хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлд заасан эрх үүргийг сануулан авсан. Мөн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжид дурдсан асуудлыг мөрдөн байцаалтаар бүрэн хийж гүйцэтгэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэв ажиллагааг дутуу хийсэн бол хэргийг дахин буцаах боломжтой байсан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д зааснаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

 Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Оюунгэрэлийг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхээр урьдчилан амлалгүйгээр өөрөө хээл хахууль авсан гэж дүгнэсэн нь мөн Ж.Оюунгэрэлийг хээл хахууль авсан нь хээл хахууль өгсөн гэх У.Энхжаргалын мэдүүлгээс гадна гэрч Б.Болормаагийн мэдүүлгийнхээ эх сурвалжийг шууд заасан мэдүүлэг, шууд бус нотлох баримт болох гэрч Б.Буяндалай, З.Болормаа нарын мэдүүлэг зэргээр давхар нотлогдсон гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь дээрх гэрч нарын мэдүүлэг нь хээл хахууль өгөгчийн мэдүүлгийг л зөвхөн нотлох төдий гэж үзвэл үзэхээс биш шүүгдэгч хээл хахууль авсан гэдгийг нотолсон нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Мөн хэдийгээр хээл хахууль өгч, авах асуудал нь ихэнхдээ гэрчгүй буюу далд маягаар үйлдэгддэг өөрөөр хэлбэл гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдох магадлал багатай байх онцлогтой ч хээл хахууль өгөгч гэх У.Энхжаргалын

- байнгын ажлын байртай болох зорилгоор хээл хахууль өгсөн гэх боловч түүний хүсэл зорилго биелж байнгын ажлын байртай болсон нь нотлогдоогүй, харин  амралт, чөлөөтэй хүмүүсийн ажлын байран дээр түр хугацаатай ажиллаж байгаад хугацаа дууссанаар халагдсан болох нь ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаалууд, хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байгаа байдал,

- хээл хахуулийн мөнгийг өгсөн гэх хугацааны хувьд өөрөө удаа дараа зөрүүтэй мэдүүлсэн буюу ажилд орохдоо юм уу, ажилд орсны дараа юм уу, одоо 2013 оны 04 дүгээр сарын сүүлээр гэх боловч нэг удаа 04 дүгээр сарын 28 гэж тодруулсан боловч тэр нь амралтын өдөр байж таарсан зэргээр будилуулсан,

- 2014 оны 04 дүгээр сард ажлаас халагдсан мөртлөө 2016 оны 01 дүгээр сарын 06-д Говьсүмбэр аймгийн хүний эрхийн үндэсний комисст гаргасан ажлаас халагдсан шалтгааныг шалгуулах гэсэн гол үндэслэл бүхий өргөдөлдөө хээл хахуульд өгсөн мөнгөө буцаан гаргуулахыг хүссэнээр холбогдох байгууллагад шалгагдах болсон байх нөхцөл байдлуудыг үндэслэн үзвэл  шүүгдэгч Ж.Оюунгэрэл нь хээл хахууль авсан гэдэг нь нотлогдсон гэж үзэхэд эргэлзээтэй байна.

 

Эргэлзээ гэсний хувьд анхан шатны шүүхээс “...гэм буруугүй гэхэд эргэлзээ төрүүлж буйг дурдах нь зүйтэй...” гэсэн мөртлөө эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг хэрэгжүүлээгүй нь ойлгомжгүй, энэ эргэлзээ нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулж буй арга барилд болон гаргасан алдаанд тулгуурлан эргэлзээтэй гэж үзэж байгаа бол мөн л ойлгомжгүй хууль хэрэглээний бүдүүлэг алдаа гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч Ж.Оюунгэрэл нь хээл хахууль авснаас гадна өөр бусад асуудлаар шалгагдсан байдаг бөгөөд 2009 оны 07 дугаар сарын 27-ны өдөр туслах багшийн мэргэжлийн үнэмлэхийг бусдад ашиглуулах зорилгоор борлуулсан гэх үйлдлийг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулж бага бус хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэтэл анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон үйлдлийг шүүгдэгч үйлдсэн болох нь тогтоогдсон болохыг дурдаж “... энэ байдлаас дүгнэлт хийхэд ...” “ ... эргэлзээ төрүүлж буйг ...”-аар дүгнэсэн нь буюу шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой асуудлыг  түүнийг гэм буруугүй гэж үзэхэд эргэлзээтэй гэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн мөн л хууль хэрэглээний алдаа болжээ гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Оюунгэрэлийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д заасан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр өөрөө хээл хахууль авсан болох нь нотлогдсон гэхэд эргэлзээтэй байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн  315.1.3, 323 дугаар зүйлийн 323.1.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Оюунгэрэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг журамлан  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн  өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         О.ОДНЯМАА

                                         ШҮҮГЧ                          А.САЙНТӨГС

                                         ШҮҮГЧ                          Г.ТЭГШСУУРЬ