Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2023/0054

 

О.Ц-гийн гомдолтой, Монголын

Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн

хариуцлагын хороонд холбогдох

захиргааны хэргийн

тухай

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                           Д.Батбаатар    

                                                              Х.Батсүрэн 

                                                              Ц.Цогт       

Илтгэгч шүүгч:                               Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Ч.Ганбаатар     

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2023/316 дугаар магадлалтай хэргийг,

Гомдол гаргагчийн давж заалдах гомдлоор, гомдол гаргагч О.Ц-г оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч О.Ц-гоос Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн МТ/33 дугаар тогтоолын Тогтоох хэсгийн 2 болон 3 дахь заалтыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргажээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааныг анхан шатны журмаар хэлэлцэж “...О.Ц Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн гэснийг хангалттай нотлолгүйгээр шууд дүгнээд “сануулах” арга хэмжээ авсныг зөвтгөх боломжгүй, уг хориглосон хэм хэмжээний чухам аль үйлдлийг зөрчилд тооцсон эсэхийг тодруулсны дараагаар түүнийг зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт өгөх, нөгөөтээгүүр маргаж буй үйл баримтын талаар нэмж баримт цуглуулах шаардлагатай эсэх, бодитоор зөрчил гаргасан эсэхийг нягталсны үндсэн дээр гомдол гаргагчид хариуцлага тооцох ёстой, иймд Мэргэжлийн хариуцлагын хорооны МТ/33 дугаар тогтоол нь Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д заасантай нийцээгүй, хариуцагч нь маргаан бүхий албан бичгийг О.Ц сайтуудад ярилцлага өгөхдөө нотлох баримтаар хавсаргаж өгсөн эсэх зөрүүтэй нөхцөл байдлыг нэг мөр тодруулах шаардлагатай, гомдол гаргагч Б.Б нь өмгөөлөгч О.Ц-гийн үйлчлүүлэгч биш байхад ямар үндэслэлээр гомдлыг хянасан талаарх дүгнэлтийг хариуцагч маргаан бүхий тогтоолд дүгнэлт хийх нь зүйтэй...” гэж дүгнэн маргаан бүхий Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн МТ/33 дугаар тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар мөн хороонд буцааж шийдвэрлэсэн байна.

3. Гомдол гаргагч О.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 316 дугаар магадлалыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна.

3.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Мэргэжлийн Хариуцлагын хорооны тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар мөн хороонд буцааж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106  дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн. Өмгөөлөгч би маргаан бүхий тогтоолын Тогтоох нь хэсгийн 2 болон 3 дахь заалтыг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргасан байхад тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, гомдлын шаардлагын хүрээнээс хэтэрсэн шийдвэрийг гаргаж, миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой. Үүний улмаас “Б ц” ХХК-ийн гаргасан бие даасан хоёр тусдаа гомдлыг дахин хянан шийдвэрлэх эрх зүйн үр дагавар үүсэхээр байна.

3.2. Магадлалын Хянавал хэсгийн 2.4 дэх хэсэгт “...Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн гэснийг хангалттай нотлолгүйгээр шууд дүгнээд О.Ц-нд сануулах арга хэмжээ авсныг зөвтгөх боломжгүй ...” гэж дурдсан. Эндээс миний бие зөрчил гаргаагүй болох нь хангалттай, илт тодорхой байхад давж заалдах шатны шүүх энэ дүгнэлтээрээ намайг зөрчил гаргасан гэж дүгнэсэн гэж үзэхэд хүргэж байна. Өмгөөлөгч миний бие зөрчил гаргасан нь нотлогдохгүй байхад хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгох ёстой байтал маргааныг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа нь зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэж, хамгаалуулахаар гомдол гаргасан миний үндсэн эрхийг ноцтой зөрчсөн.

3.3. Магадлалын Хянавал хэсгийн 2.6 дахь хэсэгт “...маргаж буй үйл баримтын талаар нэмж баримт цуглуулах шаардлагатай эсэх, бодитоор зөрчил гаргасан эсэхийг нягталсны үндсэн дээр нэхэмжлэгчид хариуцлага тооцох ёстой байжээ ...” гэж дурдсан нь давж заалдах шатны шүүх намайг зөрчил гаргасан гэж дүгнэсэн гэж үзэхэд хүргэж байна. Тодруулбал, намайг буруутай, зөрчил гаргасан гэж үзэх нотлох баримт байхгүй байхад давж заалдах шатны шүүхээс “гомдол гаргагчид хариуцлага тооцох ёстой байжээ” гэх дүгнэлтийг хийж байгаа нь үнэхээр ойлгомжгүй, тодорхойгүй. Мөн “маргааныг дахин шалгуулахаар заасан үндэслэл” нь гомдлын шаардлагыг хангах буюу маргаан бүхий тогтоолын 2 болон 3 дахь заалтыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байх ба харин маргааныг дахин шийдвэрлүүлэх үндэслэл биш гэж үзэж байна. Маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгох нь хуульд үндэслэх, шударга ёсны зарчимд нийцнэ. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хууль зүйн үндэслэлгүй гарсан маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгохын оронд үүнийг нь засуулах замаар буюу маргааныг дахин шалгуулахаар шийдвэрлэж, ингэхдээ бүр “гомдол гаргагчид хариуцлага тооцох ёстой байжээ” гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

3.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасны дагуу тус захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд уг хэрэг нь мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан хэрэгт хамаарна. Энэ тохиолдолд уг хэргийг шүүгч дангаар шийдвэрлэнэ гэж ойлгогдож байх бөгөөд хэргийг бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэв.

5. Гомдол гаргагч О.Ц-гоос Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн МТ/33 дугаар тогтоолын Тогтоох хэсгийн өөрт холбогдох 2 болон 3 дахь заалтыг хүчингүй болгуулахаар гомдлын буюу нэхэмжлэлийн шаардлага гаргасан байтал давж заалдах шатны шүүх тус хэргийг анхан шатны журмаар хэлэлцэж шийдвэрлэхдээ маргаан бүхий тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хариуцагчид буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

6. Учир нь хариуцагч Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны МТ/33 дугаар тогтоолоор нэр бүхий өмгөөлөгч нарт холбогдох ёс зүйн маргааныг хэрэгсэхгүй болгосноос гадна уг тогтоолын Үндэслэх хэсэгт “Б ц” ХХК-ийн захирлаас өмгөөлөгч О.Ц-д холбогдуулан хоёр үндэслэлээр ёс зүйн зөрчил гаргасан гэж маргасны нэгийг нь “Мэргэжлийн хариуцлагын хороонд хамааралгүй” гэж дүгнэсэн. Энэ талаар тус хэргийн оролцогчийн хэн нь ч маргаагүй, шүүхэд гомдол гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны МТ/33 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосноор тухайн маргааныг анхнаас нь дахин хэлэлцүүлэх нөхцөлийг бүрдүүлж, өмгөөлөгч О.Ц болон энэхүү хэргийн оролцогч болоогүй бусад этгээдүүдийн эрх зүйн байдлыг дордуулжээ. Иймд энэхүү тогтоолын Тодорхойлох хэсгийн 3.1-д заасан гомдол гаргагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4-т зааснаар өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой ёс зүйн маргааныг давж заалдах шатны шүүх “анхан шатны журам”-аар хянан шийдвэрлэнэ. Иймд тус шүүх уг маргааныг шийдвэрлэхдээ боломжтой бол хариуцагч Мэргэжлийн хариуцлагын хорооны цуглуулсан нотлох баримтын хүрээнд, хэрэв шаардлагатай гэж үзвэл талуудын тайлбар, үндэслэлийг нягтлан шалгах үүднээс “шүүх нотлох” зарчмын дагуу хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрөө цуглуулж, эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулах, хэргийн үйл баримтыг бүх талаас нь бүрэн тодруулсны үндсэн дээр маргааныг нэг мөр шийдвэрлэх үүрэгтэй. 

8. Хэдийгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.6.3-т зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа “шийдвэрийг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтанд буцаах” боломжтой ч энэ нь зөвхөн зайлшгүй тохиолдолд, тухайлбал, Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрээр өмгөөлөгчид холбогдох маргааныг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч тухайн хэргийн оролцогчоос шүүхэд гомдол гаргасан тохиолдолд, эсхүл тус хороог маргаан хянан шалгахдаа процессын ноцтой зөрчил гаргасан гэж маргаж байгаа зэрэг нөхцөлд л хэрэгжих учиртай. Харин “нэмэлт нотлох баримт цуглуулах, үйл баримтын зөрүүг арилгах, зөрчил гарсан эсэхийг бүрэн дүгнэх” зэрэг үндэслэл нь хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болохгүй юм.   

9. Гэтэл давж заалдах шатны шүүх “… өмгөөлөгч О.Ц Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичгийн талаарх ярилцлагыг сайтуудад өгсөн нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн гэснийг хангалттай нотлоогүй, уг хориглосон хэм хэмжээний чухам аль үйлдлийг зөрчилд тооцсон эсэхийг тодруулсны дараагаар түүнийг зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт өгөх, хариуцлага тооцох ёстой байсан, хэрэгт авагдсан баримтуудаар дээрх албан бичгийг О.Ц нэр бүхий сайтуудад ярилцлага өгөхдөө нотлох баримтаар хавсаргаж өгсөн эсэх талаар зөрүүтэй нөхцөл байдал байгааг нэг мөр тодруулах шаардлагатай…” гэх зэрэг үндэслэл заан хэргийг дахин хэлэлцүүлэхээр хариуцагчид буцаасан нь буруу, тус шүүх маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэх хуульд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзнэ.    

10. Түүнчлэн, энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3.4-т заасан “давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны журмаар хэлэлцсэн атлаа бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-ыг зөрчсөн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь хуулиар “давж заалдах шатны шүүх”-д тусгай журмаар харьяалуулсан хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэхээс гадна анхан шатны шүүх ч шаардлагатай гэж үзвэл дангаар хянан шийдвэрлэх маргааныг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж болох бөгөөд энэ нь процессын зөрчил болохгүйг дурдаж байна.

11. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2023/316 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Д.МӨНХТУЯА

     ШҮҮГЧИД                                                          Д.БАТБААТАР

                                                                                           Х.БАТСҮРЭН 

                                                                                 Ц.ЦОГТ

                                                                                              Г.БАНЗРАГЧ