Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2023/0316

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Ц-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн

Нэхэмжлэгч: өмгөөлөгч О.Ц

Хариуцагч: Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн МТ/33 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч О.Ц , өмгөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 221/2022/0037/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Ц  нь Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн МТ/33 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн МТ/33 тоот тогтоолоор:

2.1. “1. Хариуцагч, өмгөөлөгч Г.Б, Р.Б, Б.Б, Д.Энарын ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байх тул маргааныг хэрэгсэхгүй болгож, 2. өмгөөлөгч О.Ц г Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн болохыг тогтоож, 3. Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч О.Ц д “сануулах” хариуцлага хүлээлгэж...” шийдвэрлэжээ.

3. Гомдлын агуулга: Нэхэмжлэгч О.Ц , түүний өмгөөлөгч Б.Б нар дараах үндэслэлээр мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...”Б... ц...” ХХК-ийн захирал Б.Б-ээс  Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын Хороонд дараах агуулгатай гомдлыг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан. Үүнд: “...Өмгөөлөгч О.Ц  Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.С-ийг шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1.6-д ... гэх заалтыг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл энэхүү албан бичиг нь Дээд шүүхийн бусад шүүгч нарынхаа эрхэд халдсан, дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн өмнөөс гаргасан, мэргэжлийн ёс зүйн ноцтой алдаатай албан бичиг юм гэж шууд заасан нь “Б... ц...” ХХК-д ашигтай удирдамж, зааврыг Захиргааны хэргийн анхан болон Давж заалдан шатны шүүхэд өгч, тус шүүхүүдийн хараат бус үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үзэж болохоор байна гэж ярилцлага өгсөн нь шүүгчийг манай компанийн гаргасан хүсэлтэд шийдвэр гаргаж, хариу өгснийг шууд буруутгасан, Монгол Улсын хуулийг зөрчсөн, ноцтой алдаа гаргасан мэтээр олон нийтэд шууд буруутгасан нь Ёс зүйн дүрмийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн үйлдэл юм...” гэсэн.

3.2. Тус гомдлыг Хорооны маргаан хянан шийдвэрлэх 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд: “...Харин гомдол гаргагч “Б... ц...” ХХК-ийн өмгөөлөгч О.Ц д холбогдуулан гаргасан Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичгийн талаарх ярилцлагыг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр www.news.mn, www.ikon.mn, www.urug.mn цахим хуудаснуудад өгсөн нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчим, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь хэсэг, Ёс зүйн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн гэх гомдолд дурдсан зөрчил нь маргааны материалд авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Өмгөөлөгч О.Ц-ийн энэхүү Зөрчил нь Ёс зүйн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан “Өмгөөлөгч нь шүүгч, прокурор, мөрдөгч, хууль сахиулагч болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бусад оролцогчид зүй бусаар нөлөөлөх, эсхүл шийдвэр гаргасны төлөө тэднийг сайшаах, буруутгахыг хориглоно” гэсэн зөрчилд хамаарч байна...” гэж дүгнэж өмгөөлөгч О.Ц г Ёс зүйн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн болохыг тогтоож Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1-т зааснаар түүнд сануулах хариуцлага хүлээлгэсэн тус хорооны МТ/33 тогтоол гарсныг миний бие дараах үндэслэлээр үл хүлээн зөвшөөрч гаргаж байна.

3.3. Өмгөөллийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т зааснаар Хороо өөрийн санаачилгаар эсвэл дараах этгээдээс гаргасан гомдол, мэдээллээр маргаан үүсгэж, хянан шийдвэрлэхээр хуульчилсан. Үүнд: Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн хүсэлтээр; Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийн хүсэлтээр; шүүгчийн; прокурорын; хүний; хуулийн этгээдийн. Үүнийг Маргаан хянан шийдвэрлэх журмын 41 дүгээр зүйлийн 41.2-т Өмгөөлөгч зөрчил гаргасан талаар хүн, хуулийн этгээд гомдол гаргаж болохоор зохицуулсан бөгөөд тус журмын 3.4.1-т “гомдол гаргагч” гэж өмгөөлөгч мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан тухай асуудлаар гомдол төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүн, хуулийн этгээд болон эрх бүхий этгээдийг ойлгохоор тодорхойлжээ. Ёс зүйн дүрмийн 45 дугаар зүйлийн 45.1-т Өмгөөлөгчийн ёс зүйн зөрчлийг үйлчлүүлэгчийн гомдлыг үндэслэн шалгахаар заасан тул Маргаан хянан шийдвэрлэх журамд заасан гомдол гаргагч хүн, хуулийн этгээдийг өмгөөлөгч О.Ц  миний үйлчлүүлэгч хүн, хуулийн этгээд гэж ойлгож, миний үйлчлүүлэгч хүн, хуулийн этгээдээс гаргасан гомдлоор өмгөөлөгч О.Ц  миний ёс зүйн зөрчлийг шалгах бөгөөд өмгөөлөгч О.Ц  миний үйлчлүүлэгч бус хүн, хуулийн этгээдийн гомдлоор шалгах үндэслэлгүй байна. Өмгөөлөгч О.Ц  би Ерөнхий боловсролын Сант сургуулийн нэхэмжлэлтэй, “Б... ц...” ХХК нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасан эрх болон 34.4-т заасан үүргийг хүлээж оролцохдоо Өмгөөллийн тухай хуулийн 6.1.1-т заасан өмгөөллийн үйлчилгээг нэхэмжлэгчид үзүүлж буй тул “Б... ц...” ХХК болон иргэн Б.Б нар Өмгөөллийн тухай хуулийн 6.1.2-т заасан өмгөөлөгч О.Ц  миний үйлчлүүлэгч биш байна. Тиймээс Ёс зүйн дүрмийн 45.1-т зааснаар Өмгөөллийн тухай хуулийн 6.1.2-т заасан өмгөөлөгч О.Ц  миний үйлчлүүлэгч бус хүн Б.Бболон хуулийн этгээд “Б... ц...” ХХК-иас гаргасан гомдлыг үндэслэн өмгөөлөгч О.Ц  миний ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх үндэслэлгүй тул гомдол гаргах эрхгүй байна.

3.4. “Б... ц...” ХХК болон иргэн Б.Б-ээс  Хороонд гаргасан гомдолд: “... Өмгөөлөгч О.Ц  Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.С-ийг шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6-д ... гэх заалтыг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл энэхүү албан бичиг нь Дээд шүүхийн бусад шүүгч нарынхаа эрхэд халдсан, дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн өмнөөс гаргасан, мэргэжлийн ёс зүйн ноцтой алдаатай албан бичиг юм гэж шууд заасан нь “Б... ц...” ХХК-д ашигтай удирдамж, зааврыг Захиргааны хэргийн анхан болон Давж заалдах шатны шүүхэд өгч, тус шүүхүүдийн хараат бус үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үзэж болохоор байна гэж ярилцлага өгсөн нь шүүгчийг манай компанийн гаргасан хүсэлтэд шийдвэр гаргаж, хариу өгснийг шууд буруутгасан, Монгол Улсын хуулийг зөрчсөн, ноцтой алдаа гаргасан мэтээр олон нийтэд шууд буруутгасан нь Ёс зүйн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн үйлдэл юм...” гэсэн нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр www.news.mn, www.ikon.mn, www.urug.mn цахим хуудаснуудад нийтлэгдсэн ярилцлагын хоёр асуултад өгсөн хариултаас хэсэгчлэн авч, нийтлүүлсэн байна.

3.5. Өмгөөлөгч О.Ц миний ярилцлагаас дээрх асуултын хариулт нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан өмгөөллийн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг зөрчсөн гэж дүгнэсэн боловч Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан дараах зарчмын алийг нь ямар хэмжээгээр хэрхэн зөрчсөнийг шалган тогтоогоогүй нь Ёс зүйн дүрмийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасныг доор байдлаар харшилж байна. Үүнд: Өмгөөллийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, Хууль дээдлэх, шударга ёсыг сахих гэснийг зөрчөөгүй, Өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох гэсэнд үйлчлүүлэгч Ерөнхий боловсролын Сант сургууль нь өмгөөлөгчөө чөлөөтэй сонгоход саад учруулаагүй, харшлах үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй; Хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх гэсэнд харшлах үйлдэл хийгээгүй; Өмгөөллийн нууц хадгалах гэснийг задруулсан нууц байхгүй; Үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах гэснийг хуульд заасан үндэслэл журам, арга хэрэгслээр үйлчлүүлэгч Ерөнхий боловсролын Сант сургуулийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалсан; хүнлэг, энэрэнгүй байх зармыг мөн зөрчөөгүй.

3.6. Өмгөөлөгч О.Ц миний ярилцлагаас дээрх асуултын хариулт нь Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Үүнд: Гомдол гаргагчаас бичгээр гаргасан гомдолд бичигдсэн албан бичгийн хэлбэрээр өмгөөлөгч О.Ц  би нийтлээгүй. Учир нь тус ярилцлагын үеэр сэтгүүлчийн асуусан асуултад өмгөөлөгч О.Ц  би хариулсан бөгөөд ярилцлагын дор байрлуулсан албан бичгийн гэрэл зургийг сэтгүүлчид өмгөөлөгч О.Ц  би гаргаж өгөөгүй. Тус албан бичгийн гэрэл зургийг сэтгүүлч хэнээс олж авсныг шалгаагүй тул тус гэрэл зургийг сэтгүүлчид хэн өгснийг олж тогтоогоогүй нь түүнийг өмгөөлөгч О.Ц  намайг өгсөн гэж үзэх үндэслэлгүй. Өмгөөлөгч О.Ц  миний ярилцлагаас дээрх асуултын хариулт нь Ёс зүйн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Үүнд: 1) хуульд заасан үндэслэлд тулгуурлаж тайлбарласан хариулт тул худал, төөрөгдүүлсэн агуулгагүй; 2) тус хариултын үр дүнд хэн нэгэн өмгөөлөгчийн нэр хүнд гутаагаагүй; 3) тус хариулт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн үр дагавар үүсгээгүй болно. Өмгөөлөгч О.Ц  миний ярилцлагаас дээрх асуултын хариулт нь Ёс зүйн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Үүнд: 1) тухайн хэрэг маргааныг шийдвэрлэж буй шүүгчээс нөлөөллийн мэдүүлэг бөглөөгүй тул шүүгч болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бусад оролцогчид зүй бусаар нөлөөлсөн гэх үндэслэлгүй; 2) тухайн хэрэг маргааныг шийдвэрлэж буй шүүгч болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бусад оролцогчоос ямар нэг шийдвэр гараагүй тул гаргаагүй шийдвэрийн төлөө тэднийг сайшаагаагүй, буруутгаагүй болно.

3.7. Шударга ёсыг сахиулах замаар эх орныхоо тусгаар тогтнол, эрх, эрх чөлөөг хамгаалж, оршин буй нийгмийнхээ эмч нь бас инженер нь байх онцгой чиг үүрэг хуульчид биднийх тул бид бүхэн нийгэмээ эмчлэх, тогтолцооны алдаа, дутагдлыг засахын төлөө хууль зүйн шинжлэх ухааны хувьд тулгарч байгаа асуудлын талаар хуульчийн байр сууриа чөлөөтэй илэрхийлэх нь зүйтэй гэж би ойлгодог. Гэтэл хууль зүйн шинжлэх ухааны хувьд тулгарч байгаа асуудлын талаар хуульчийн байр сууриа илэрхийлсний төлөө “Б... ц...” ХХК буюу Б.Б-ээс  өмгөөлөгч надад холбогдуулж гомдол гаргасан нь Өмгөөллийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчиж, өмгөөллийн үйл ажиллагаагаа эрхлэхэд минь зүй бусаар саад учруулах, сөргөөр нөлөөлөхийг санаархсан үйлдэл юм. Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон Монгол Улсын иргэн би хуульчийн нийгэмд хүлээх чиг үүргийнхээ хүрээнд хууль зүйн шинжлэх ухааны хувьд тулгарч байгаа асуудлын талаар хуульчийн байр сууриа илэрхийлсний минь төлөө өмгөөлөгчийн эрх, ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагаас нь харин ч эсрэгээрээ надад арга хэмжээ авахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын Хорооны 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн МТ/33 дугаар бүхий “Маргаан хэлэлцсэн тухай” тогтоолын “тогтоох нь” хэсгийн 2 болон 3 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг дараах үндэслэлээр хамгаалж байна. Үүнд:

4.1. Мэргэжлийн хариуцлагын хороо нь Өмгөөллийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “Мэргэжлийн хариуцлагын хороо 11 гишүүний бүрэлдэхүүнтэй...” мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.4. дэх хэсэгт “Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүнд шүүгч, прокурор, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, иргэдийн төлөөлөл тус бүр нэг, Өмгөөлөгчдийн Холбооны төлөөлөл долоо байна” 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдаанд нийт гишүүний дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийдвэрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар гаргана” гэж заасны дагуу 9 гишүүний бүрэлдэхүүнтэй 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт заасны дагуу сануулах арга хэмжээ авсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гарсан байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

5. Иргэдийн төлөөлөгч Х.Сувд-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

5.1. “Монголын өмгөөлөгчдийн холбоо, хуульчдын холбооны гишүүн О.Ц г шүүхийн шийдвэрийг буруушааж, нийтийн вэб сайтад ярилцлага өгсөн гэж буруутгасан юм байна. Өмгөөлөгч О.Ц  нь өөрийн байр сууриа илэрхийлсэн, хуулийг буруутгаж, сайшаасан юм байхгүй гэж хэлж байна. О.Ц  нь би хуулийн шийдвэрийг гутаан доромжилсон ямар нэгэн үг хэллэг, үйлдэл гаргаагүй. Өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн.

5.2. Миний хувьд О.Ц нь вэб сайтад өгсөн ярилцлагандаа шүүгч болоод хуулийг гутаан доромжилсон үг хэллэг, үйлдэл гаргаагүй гэж үзэж байна. Өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн гэж бодож байна” гэсэн болно.

                                                                    ХЯНАВАЛ:

1. О.Ц гоос Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн МТ/33 дугаартай тогтоолыг” эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан.

2. Дараах үндэслэлээр маргаан бүхий МТ/33 дугаар тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар тус хороонд буцааж шийдвэрлэлээ.   

2.1. “Б... ц...” ХХК-ийн захирал Б.Б-ээс  “... Өмгөөлөгч О.Ц  нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчим, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь хэсэг, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн...” гэсэн үндэслэлээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргасан байх бөгөөд тус хорооны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн МТ/33 дугаар тогтоолоор “... өмгөөлөгч О.Ц-ийн талаар гомдолд дурдсан зөрчил нь маргааны материалд авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Өмгөөлөгч О.Ц-ийн энэхүү зөрчил нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан “Өмгөөлөгч нь шүүгч, прокурор, мөрдөгч, хууль сахиулагч болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бусад оролцогчид зүй бусаар нөлөөлөх, эсхүл шийдвэр гаргасны төлөө тэднийг сайшаах буруутгахыг хориглоно” гэсэн зөрчилд хамаарч байна” гэж үзээд Өмгөөллийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэх журам”-ын холбогдох заалтуудыг удирдлага болгон түүнд “сануулах” арга хэмжээ авсан” байна.

2.2. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь өмгөөлөгчид холбогдуулан гаргасан гомдлыг шийдвэрлэхдээ тухайн гомдолд дурдагдсан зөрчлийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоохын тулд энэ журамд заасан бүх арга хэмжээг авч, өмгөөлөгч зөрчил гаргасан болон гаргаагүй болохыг бүрэн тогтоох үүрэгтэй бөгөөд гомдлыг шалгахдаа маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт, холбогдох этгээд, гомдол гаргагч, хариуцагчийн тайлбар, маргаан шалгах ажиллагааны болон маргаан хянан шийдвэрлэх хуралдааны тэмдэглэл болон бусад баримтууд, мөн хариуцагчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх бусад нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр хуульд заасан арга хэмжээг авахаар байна. Ингэхдээ цугларсан нотлох баримтыг бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судалж, шинэ нотлох баримтыг цуглуулж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар хянаж шалгаж, тухайн маргаанд хамааралтай, хууль болон энэ журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтууд маргааныг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлж шийдвэр гаргана.

2.3. Харин хариуцагч нь О.Ц д холбогдуулан гаргасан гомдол үндэслэлтэй эсэх, уг гомдолтой холбоотойгоор цугларсан нотлох баримтуудыг харьцуулан гомдолд бүрэн дүүрэн хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хариуцлага ногдуулсан нь “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэх журам”-ын 89.3.3-д заасан “хариуцагчийг буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг маргаанд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн хянан шалгагч, хариуцагчийн саналын үндэслэл болгосон баримт”-ын талаар дүгнэлт хийж тусгахаар заасантай нийцээгүй байна.

2.4. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас “... өмгөөлөгч О.Ц  Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичгийн талаарх ярилцлагыг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “News.mn, Urug.mn, Ikon.mn” сайтуудад өгсөн нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн” гэснийг хангалттай нотлолгүйгээр шууд дүгнээд О.Ц д “сануулах” арга хэмжээ авсныг зөвтгөх боломжгүй.

2.5.Нөгөөтээгүүр, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хянан шалгагч, гишүүн нь зөрчлийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоохын тулд энэ журамд заасан бүх арга хэмжээг авч, өмгөөлөгч зөрчил гаргасан болон гаргаагүй болохыг бүрэн тогтоох үүрэгтэй”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “хянан шалгагч, бүрэлдэхүүн нь тухайн маргаанд хамааралтай, хууль болон энэ журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг маргааныг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж тус тус заасны дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо өмгөөлөгч ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн хүсэлт, гомдол, мэдээлэлд дурдсан болон холбогдсон өмгөөлөгчийн тайлбар, үндэслэл, түүнд хамаарах баримтыг бүрэн цуглуулж, тал бүрээс судалж, үнэлэлт өгөх байдлаар нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй.

2.6. Гэтэл нэхэмжлэгчээс “холбогдох сайтуудад нийтлэгдсэн ярилцлагад өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн, аливаа албан тушаалтныг буруутгасан эсхүл сайшаасан зүйл байхгүй, мөн тус нийтлэлд хавсаргасан Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичгийг тус сайтуудад өгөөгүй” гэж тайлбарлаж байгаа энэ тохиолдолд хариуцагч Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос О.Ц д хариуцлага ногдуулах үндэслэл болсон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хориглосон хэм хэмжээний чухам аль үйлдлийг зөрчилд тооцсон эсэхийг тодруулсны дараагаар түүнийг зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт өгөх, нөгөөтээгүүр маргаж буй үйл баримтын талаар нэмж баримт цуглуулах шаардлагатай эсэх, бодитоор зөрчил гаргасан эсэхийг нягталсны үндсэн дээр нэхэмжлэгчид хариуцлага тооцох ёстой байжээ.

2.7. Өөрөөр хэлбэл, Мэргэжлийн хариуцлагын хорооны МТ/33 дугаар тогтоолд “Өмгөөлөгч О.Ц д холбогдох гомдолд дурдсан зөрчил нь маргааны материалд авагдсан нотлох баримт (нэр бүхий сайтуудад нийтлэгдсэн ярилцлага)-аар нотлогдож байна”, энэхүү зөрчил нь Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгчид “сануулах” хариуцлага хүлээлгэсэн нь Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д “Энэ хуулийн 31.3-т заасан хариуцлага хүлээлгэхэд өмгөөлөгчийн гаргасан зөрчил, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр болон Мэргэжлийн хариуцлагын хороо ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заасантай нийцсэн гэж үзэхээргүй байна.

2.8. Түүнчлэн тус шүүхэд ikon.mn сайтыг эрхлэн ажиллуулдаг “Бенекрафт” ХХК-иас ирүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №А-23/05 дугаартай албан бичигт “... мэдээ, мэдээллийг бүгдийг өөрсдөө бэлтгэх боломжгүй ч түгээх хүсэлтэй хүмүүст өөрсдөө мэдээллээ бэлдээд нийтлэх үйлчилгээг бий болгосон. Энэ зарчмаар Сант сургуулиас ирүүлсэн хүсэлтийн дагуу энэхүү ярилцлагыг нийтэлсэн, манай сэтгүүлч О.Ц той ярилцлага хийгээгүй... нийтлэлд хавсаргасан 4/83 тоот албан бичиг энэхүү и-мэйлд хавсаргагдан ирсэн” гэх, “Ньюс аженси” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01/35 дугаартай албан бичигт “О.Ц : Дээд шүүх Монгол улсын эрх зүйн тогтолцоог үгүйсгэж байна уу? гэх мэдээлэл 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр news.mn сайтад нийтлэгдсэн нь үнэн болно. Энэхүү мэдээллийг... хуульч О.Ц-ийн хүсэлтээр хэвлэн нийтлүүлсэн болно” гэх, “Ворд медиа” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 23/52 дугаартай албан бичигт “Манай www.urug.mn сайтад өмгөөлөгч О.Ц  ямар нэгэн баримтад мэдээ, мэдээлэл, ярилцлага өгч байгаагүй бөгөөд www.ikon.mn сайтад анх нийтлэгдсэн ...мэдээллийг бид дамжуулсан нийтэлсэн” гэх баримтууд хэрэгт авагдсан байгаагаас үзвэл хариуцагч нь маргаан бүхий албан бичгийг О.Ц  дээрх сайтуудад ярилцлага өгөхдөө нотлох баримтаар хавсаргаж өгсөн эсэх зөрүүтэй нөхцөл байдлыг нэг мөр тодруулах шаардлагатай.

2.9. Мөн Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 45 дугаар зүйлийн 45.1-т “Өмгөөлөгчийн ёс зүйн зөрчлийг үйлчлүүлэгчийн гомдлыг үндэслэн шалгана” заасан бөгөөд энэ тохиолдолд гомдол гаргагч Б.Б нь өмгөөлөгч О.Ц-ийн үйлчлүүлэгч биш байхад ямар үндэслэлээр гомдлыг хянасан талаарх дүгнэлтийг хариуцагч маргаан бүхий тогтоолд дүгнэлт хийх нь зүйтэй.

2.10. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгчийг холбогдох хууль, журамд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулсан эсэх, ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоож, шийтгэл оногдуулах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй, тодруулбал, Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг хуульд нийцсэн эсэхийг хянах эрх хэмжээтэй тул дээрх байдлаар “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шийдвэрийн үндэслэл нь дэлгэрэнгүй, тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх” шаардлагыг хангаагүй маргаан бүхий МТ/33 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэлд эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байна. Иймд уг тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар мөн хороонд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.11. Нэгэнт дээр дурдсан үндэслэлээр маргааныг дахин шалгуулахаар буцааж шийдвэрлэж байгаа энэ тохиолдолд иргэдийн төлөөлөгчийн “...О.Ц  нь вэб сайтад өгсөн ярилцлагандаа шүүгч болоод хуулийг гутаан доромжилсон үг хэллэг, үйлдэл гаргаагүй гэж үзэж байна. Өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн гэж бодож байна” гэх дүгнэлтийг хүлээн авч, дүгнэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6, 113.6.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн МТ/33 дугаар тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар мөн хороонд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЮУМАА

     ШҮҮГЧ                                                                  О.ОЮУНГЭРЭЛ

     ШҮҮГЧ                                                                  Г.БИЛГҮҮН