Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 19

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Цээл сумын ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Цээл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Говь-Алтай аймгийн Цээл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдааныг хүчингүйд тооцож, 01, 02, 03, 04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч Г.Б, гуравдагч этгээд Г.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Цээл сумын ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д би Цээл сумын ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчдийн эрх ашгийг хамгаалуулахаар Цээл сумын Сонгуулийн хороонд холбогдох Захиргааны хэрэгт 2016 оны 10 сарын 27-ний өдөр Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргаж, Цээл сумын сонгуулийн хорооны 2016 оны 10 сарын 21-ний өдрийн 06 дугаар тогтоолын Монгол ардын намаас нэр дэвшигч С.Батболд, Г.Б, Ч.Мөнх, Д.Сэржмаа, М.Хүрэлбаатар нарт холбогдох /449-р хэсэг/ хэсгийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 181 дүгээр захирамжаар Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн. Гэтэл 2016 оны 11 сарын 29-ний өдөр Цээл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж Монгол ардын намаас сонгогдсон 12 төлөөлөгчийг оролцуулан сумын ИТХ анхдугаар хуралдааныг хуралдуулсан. Хуралдаанд 1 дүгээр багаас сонгогдсон Бямбажавын Болдсүх МАН, 3 дугаар багаас сонгогдсон С.Батболд МАН, Г.Б МАН, Ч.Мөнх МАН, Д.Сэржмаа МАН, М.Хүрэлбаатар МАН, 4 дүгээр багаас сонгогдсон Галиндэвийн Ц МАН, Намжилын Б МАН, Дүгэржавын Сайнхүү МАН, Тогтбатын Хуягбаатар МАН, Бааюугын Тэгшбаатар МАН, Баянхүүгийн Мөнхдэлгэр МАН нар оролцож анхдугаар хуралдаан хуралджээ.

Эдгээр 12 төлөөлөгчөөс шүүгчийн захирамжаар С.Батболд МАН, Г.Баатсанжаргал МАН, М.Мөнх МАН, Д.Сэржмаа МАН, М.Хүрэлбаатар нар МАН нарын нэр дэвшигчээр сонгогдсон Сонгуулийн хорооны тогтоолын холбогдох хэсгийг захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн байтал хуралдаанд орж санал өгсөн нь анхдугаар хуралдааныг хууль бус болгосон юм. Монгол улсын шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д /”шүүх" гэж Монгол улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д /шүүгчийн захирамж/ 12 дугаар зүйлийн 12.2-д /Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ. I 61 дүгээр зүйлийн 61.3-д I Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байна/, Монгол улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дахь заалтуудыг тус тус зөрчжээ. Анхдугаар хуралдаан хуралдах талаар хуралдааны товыг Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч нарт мэдэгдээгүй, Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч нарыг хуралдаанд оруулаагүй нь мөн Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д /шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй/ заасан иргэний үндсэн эрх зөрчигдөж байна. Тухайн анхдугаар хуралдааныг Дүгэржавын Сайнхүү нь удирдсан нь Монгол улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь заалтыг зөрчжээ. Насаар хамгийн ахмад нь X.Лхагва-Очир төлөөлөгч тул хуулийн дагуу Х.Лхагва-Очир удирдах байсан. Цээл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гаргасан 01, 02, 03, 04 дүгээр тогтоолууд нь Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-д /Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн/ заасан хууль дээдлэх зарчим алдагджээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  12 дугаар зүйлийн 12.2-д /Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ заасны дагуу Цээл сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан хуралдсаныг хүчингүйд тооцож 01, 02, 03, 04 дүгээр тогтоолуудын хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл сумын сонгуулийн хорооны талаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Яагаад гэвэл гомдол гаргасан бэ гэхээр Говь-Алтай аймгийн Цээл сумын орон нутгийн сонгуульд ардчилсан намаас 5 хүн нэр дэвшсэн. Дээрх 5 хүнийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Цээл сумын сонгуулийн хороо нь дээр дуудаад цаас тараасан байсан. цаасан дээр хасах хүмүүсийн нэрс байсан гэсэн. Дээрх 5 хүн надтай ярьсан. Би тэгэхээр нь сонгуулийн хорооныхоо даргад чадах юм бол хас гэж хэлсэн. Би тэгэхээр нь сонгуулийн хорооны хүмүүстэй битгий уулз гэж хэлсэн. Сонгуулийн хорооны дарга нь өөрөө 5 гараад хассан тогтоол гаргасан. Гурван шатны шүүхийн тогтоол байгаа. Би энэ хэргийг хянан шийдвэрлэх явцад захиргааны актыг биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргаж, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн. Түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж заавал биелэгдэх шинжтэй байх ёстой. Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн байгаа. Монгол ардын намаас сонгогдсон 7 төлөөлөгч, эрх нь түдгэлзсэн 5 төлөөлөгч нийт 12 хүн 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Цээл сумын анхдугаар хуралдаан нь хуралдсан. Энэ хуралдаанд Ардчилсан намаас нэг ч хүн ороогүй. Тэгээд энэ 12 хүн хуралдаанд Засаг дарга болон хурлынхаа даргаа сонгосон. Би энэ шийдвэрийг нь эсэргүүцээд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Яагаад хууль бус шийдвэр гэж үзэх үндэслэлтэй байна бэ гэвэл түдгэлзсэн байсан 5 хүнийг оруулсан юм. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар олонх нь ирсэн тохиолдолд хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг. Тэгэхээр нь энэ 5 хүнийг хасахаар үлдсэн 7 хүн нь олонх байж чадахгүй.

Анхдугаар хуралдааныг насаар ахмад хүн удирдах ёстой. Анхдугаар хуралдааныг Лхагва-Очир гэдэг хүн удирдах ёстой байсан. Гэтэл энэ хүнийг анхдугаар хуралдаанд оруулахгүйгээр Сайнхүү хуралдааныг удирдсан. Хуралдааныг шийдвэрийг хууль бус гэж үзэж байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар хуралдааныг хамгийн ахмад настай хүн нь удирдаагүй. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Б, гуравдагч этгээд Г.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид Монгол улсын хууль тогтоомжуудад олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийн үйлчилгээгээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

1. Б.Д нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа сумын ИТХ-ийн дарга, Засаг дарга нарыг дур зоргоороо авирлан төрийн албан хаагчдыг дарамтлан ажлаас хална гэх зэрэг үйлдлүүд нь хэрээс хэтэрч байна гэжээ.

Тайлбар: Өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчдаас ажлаас халагдсан нэг ч төрийн болон үйлчилгээний албан хаагч байхгүй болохыг мэдэгдэж байна. Хууль зөрчөөгүй ажилчдыг айлган сүрдүүлэх, хууль бус шаардлага тавих ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй. Хэрэв ийм тохиолдол байгаа бол баримтаар нотлох.

2. АН-аас сонгогдсон төлөөлөгчдийг хуралд оруулдаггүй гэжээ.

Тайлбар: Ардчилсан намаас сонгогдож бүрэн эрхээ баталгаажуулсан нэр бүхий 9-н төлөөлөгч хуралдааны мэдэгдэл хүлээн авдаг. Төлөөлөгч Я.Ганхуяг албан ажилтай явж байгаа учраас чөлөө олгооч гэж утсаар холбогддог. Нэр бүхий 8 төлөөлөгч хүндэтгэх шалтгаангүйгээр хуралд оролцохгүй байгааг тодотгон тайлбарлаж байна.

3. Биднийг сум дээрээ манай МАН гарсан, шүүхийн шийдвэр бидэнд хамаагүй гэж ард иргэдэд буруу ташаа суртал ухуулга хийж, хуулийг гууль болгож байна гэжээ.

Тайлбар: Бид өнөөдрийг хүртэл АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ын гаргасан гомдлын бичиг дээрх шиг үйлдэл нэгийг ч гаргаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Бид нарын нэр хүндэд ямар ч баримт нотолгоогүйгээр халдаж гутаан доромжлох үйлдэл гаргаж байгаад харамсаж байна. Дахин нэр хүндэд дээрх үйлдлүүд шиг баримт нотолгоогүй халдсан халдсан үйлдэл гаргасан тохиолдолд холбогдох хуулийн байгууллагад хандаж ажиллах болно.

Жич: Бид нарын эрх ашиг мөн адил хөндөгдөж байгаа учраас тайлбараа нэгдсэн нэг гаргаж байна гэжээ.

Мөн шүүхэд гаргасан 2 дахь тайлбартаа: Б.Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн бүхэлд зөвшөөрөхгүй байна. Учир нь:

Б.Д-ын нэхэмжлэлтэй хэргийн материал болох Цээл сумын ИТХ-ын анхдугаар хуралдааныг хууль бус болсон гэж үзсэн нь ямар ч үндэслэлгүй юм.

2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Тэргүүлэгчдийн хуралдаан анхдугаар хуралдааны товыг 2016 оны 11 сарын 08-ны өдөр хуралдахаар шийдвэрлэсэн болно.

ИТХ-ын ажлын албанаас сумын сонгуулийн хороохоос төлөөлөгчийн түр үнэмлэхээ гардан авсан нэр бүхий 21-н төлөөлөгчдөд анхдугаар хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн болно. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 10 цагт хурлын танхимд анхдугаар хурал хуралдахад сумын сонгуулийн хорооноос түр үнэмлэхээ гардан авсан 21-н төлөөлөгч бүрэн ирж, хурлын ирц 100% бүрдэж хуралдаан эхэлсэн. Б.Соронзонболд хурлын ирцийг танилцуулж, сонгогдсон төлөөлөгчдийн насны ахмадаар Х.Лхагва-Очирыг хуралдаан удирдахыг урьсан. Гэвч Х.Лхагва-Очир удирдаагүй, маргалдаж байгаад завсарласан.

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр хуралдах болсныг 21 төлөөлөгчдөд ИТХ-ын ажлын албанаас мэдэгдсэн. Гэвч АН-аас сонгогдсон төлөөлөгчид мэдэгдэх хуудас өгсөн боловч аваагүй.

Мөн МАН-аас хуралд оролцох талаар шаардлага хүргүүлэхэд А.Түдэв хүлээн авсан. Тухайн өдрийн ажлын цагт багтааж 17 цаг 30 минутад анхдугаар хуралдаан эхлэхэд МАН-аас сонгогдсон 12 төлөөлөгч орж ирж ирж 57.1%-тай байсан тул анхдугаар хуралдааныг хуралдуулсан. Анхдугаар хуралдааныг хуралд оролцсон төлөөлөгчдийн насны ахмадаар Д.Сайнхүү удирдсан.

Хурал хуралдааны дэгийн дагуу явагдаж 01, 02, 03, 04 дүгээр тогтоолуудыг хуулийн хүрээнд гаргасан. Иймд анхдугаар хуралдааныг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрх нь түдгэлзсэн байсан 5 хүний асуудлыг Сонгуулийн хорооны эрх мэдлийн асуудал байсан. Хурлын хийх ёстой ажил биш. Монгол Ардын намаас нэр дэвшсэн 5 хүний түр үнэмлэхийг нь өгсөн. Тэгээд сонгуулийн хороо энэ талаар мэдээлэл хийсэн. Хуульд заасан тогтоолын дагуу энэ 5 хүнийг хуралдаанд оруулсан. Тухайн үед анхдугаар хуралдаанд зарлахад Ардчилсан намын иргэдийн төлөөлөгчид бүгд ирчихсэн байсан.  Энэ талаар Монгол Ардын нам руу албан тоот өгсөн. Хурлын ажлын алба хуралдаа ор гэсэн шаардлага тавьсан боловч хуралд оролцохгүй гэж амаар тайлбар өгсөн. Лхагва-Очир төлөөлөгч Говь-Алтай аймаг ажилтай явж байсан учраас дараагийнхаа ахмад төлөөлөгч хуралдааныг даргалсан гэв.

Гуравдагч этгээд Г.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын хуралдааныг тараах шаардлагагүй гэж эсэргүүцэж байна. Шалтгаан нь гэвэл хуучин хуралдаан нь бүрэн эрхийнхээ хүрээнд болсон гэж үзэж байна. Сонгуулийн хорооноос түр үнэмлэхээ гаргаж авсан төлөөлөгчийн албан ёсны мэдэгдэл өгсөн.  Анхдугаар хуралдаанд 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 24 хүн ирсэн. Тэр хуралд сонгуулийнхаа хорооны дүнг танилцуулсан байсан. Ардчилсан намаас 449 дүгээр тойрогт нэр дэвшсэн холбогдуулж маргаан үүсгэсэн. Түүнтэй холбогдуулж шүүгчийн түдгэлзүүлсэн захирамж гарсныг уншиж танилцуулсан. Төрийн ажил хийж байгаа учраас дээд шатны байгууллагаас санал зөвлөмж авсны дагуу гарсан зөрчлийг таслан зогсооныхоо төлөө түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжид гомдол гарган гэж хэлээд, шүүгчийн захирамжид хүндэтгэлтэй хандаж тодорхой хугацаагаар хүлээсэн. Тэгээд хуулиараа анхдугаар хуралдааныг товлон зарлагдсанаас хойш хурлаа хийж Засаг дарга нараа сонгож бүрэн эрхийнхээ асуудлыг нь хэрэгжүүлэх ёстой байдаг. Монгол Ардын намаас хурлыг хуралдуулах талаар сонгуулийн хороонд хандсан. Тэгэхэд тухайн үед Ардчилсан намын төлөөлөгчид мэдэгдсэн. Ардчилсан намын бүлгийн даргын өрөөнд 9 төлөөлөгчөөс 7 төлөөлөгч ирсэн. Хуралдааныг хийхэд зөвшилцөөгүй, үл ойлголцсон. Б.Д гэдэг хүн битгий хуралдаанд ор гэж удирдсан юм байна. Ардчилсан намын дарга нь Говь-Алтай аймагт ажлаар явж байсан. Утсаар утастаж хэлэхэд хуц гэж хэлсэн. Ийм л сонин харилцаатай хүмүүс юм. Монгол Ардын намаас сонгуулийн дүн гарсны дараа түр үнэмлэхээ гардаж авсан 12 төлөөлөгч суугаад хуралдсан. 12 төлөөлөгч суугаад хуралдахад хурлын ирц 57.1 хувьтай буюу Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар хүмүүсийн олонх нь ирсэн учраас хуралдсан.

02 дугаар тогтоолоор сумын иргэдийн нийтийн хуралд 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталсан. Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч нар орж ирээгүй, ганцхан хүн нэр дэвшсэн. Тэр хүн нь хариуцагч Б олонхын 100 хувийн саналаар сонгогдсон. 03 дугаар тогтоолоор хурлын тэргүүлэгч нарыг сонгосон. Манайх 21 суудалтай учраас 7 тэргүүлэгчийг баталсан. Хуралд оролцсон 12 төлөөлөгчөөсөө хурлынхаа даргыг оруулаад цаашид хурлынхаа тасралтгүй үйл ажиллагааг хангаад 7 тэргүүлэгчээ баталсан. Гэхдээ 7 тэргүүлэгчээ хуралд ороод ирсэн тохиолдолд цөөнхөө хүндэтгээд явах нь дотоод дүрэм журамд байдаг. Хуулийнхаа дагуу 7 тэргүүлэгчээ баталсан. 04 Засаг даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагаа байгаа. Мөн ганцхан намын төлөөлөл орсон учраас миний нэрийг нэр дэвшүүлээд илээр санал хураасан. Ингээд Аймгийн Засаг даргад ном журмынхаа дагуу өргөн мэдүүлсэн. Бид нар 3 удаа хуралдсан, одоо 4 дэх хурлаа зарласан байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмнөөс харамсах сэтгэгдэл төрж байна. Та сум орон нутаг ямар байгааг очоод юу хэрэгтэй байгааг нь анзаарах ёстой. Төр, орон нутагтаа хэдэн үеэрээ амьдарч байгаа хүмүүс юм. Би Ардчилсан намын хүмүүстэй уулзсан мэндтэй улстай байгаа. Алдаа оноогоо ярилцсан, огт муудалцсан асуудал байхгүй. Надад уулзахдаа ёстой муухай юм бол гэж хэлж байсан шүү. Ардчилсан намын хассан гэх 5 хүн хуулийг зөрчсөн. Өнөөдрийг хүртэл төрийн албан хаагч болон үйлчилгээ албан хаагч нар ажлаас халагдаагүй байгаа. Бид нар хүмүүсийг ажлаас нь халах шаардлага байхгүй. Би захиргааны хэргийн шүүхэд тайлбараа гаргаж өгсөн байгаа.

 Б.Д нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга, Засаг дарга нарыг дур зоргоороо авирлан төрийн албан хаагчдыг дарамтлан ажлаас хална гэх зэрэг үйлдлүүд нь хэрээс хэтэрч байна гэжээ.Өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчдаас ажлаас халагдсан нэг ч төрийн болон үйлчилгээний албан хаагч байхгүй болохыг мэдэгдэж байна. Хууль зөрчөөгүй ажилчдыг айлган сүрдүүлэх, хууль бус шаардлага тавих ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй. Хэрэв ийм тохиолдол байгаа бол баримтаар нотлох ёстой. Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчдийг хуралд оруулдаггүй гэжээ.

Ардчилсан намаас сонгогдож бүрэн эрхээ баталгаажуулсан нэр бүхий 9 төлөөлөгч хуралдааны мэдэгдэл хүлээн авдаг. Төлөөлөгч Я.Ганхуяг албан ажилтай явж байгаа учраас чөлөө олгооч гэж утсаар холбогддог. Нэр бүхий 8 төлөөлөгч хүндэтгэх шалтгаангүйгээр хуралд оролцохгүй байгааг тодотгон тайлбарлаж байна.

 Биднийг сум дээрээ манай Монгол Ардын намын гарсан, шүүхийн шийдвэр бидэнд хамаагүй гэж ард иргэдэд буруу ташаа суртал ухуулга хийж, хуулийг гууль болгож байна гэжээ. Бид өнөөдрийг хүртэл Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ын гаргасан гомдлын бичиг дээрх шиг үйлдэл нэгийг ч гаргаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Бид нарын нэр хүндэд ямар ч баримт нотолгоогүйгээр халдаж гутаан доромжлох үйлдэл гаргаж байгаад харамсаж байна. Дахин нэр хүндэд дээрх үйлдлүүд шиг баримт нотолгоогүй халдсан үйлдэл гаргасан тохиолдолд холбогдох хуулийн байгууллагад хандаж ажиллах болно.

Лхагва-Очир даргыг хуралдааныг удирд гэхэд би удирдахгүй гэж босож ирээд хуралдааныг удирдаагүй. Ингээд л хурал хийж чадахгүй завсарласан. Одоо Цээл суманд сонгуультай холбоотой асуудал ярьж байгаа хүн байхгүй. Хурлыг тараах асуудлыг хүмүүсийг амныхаа зоргоор ярьж болохгүй. Хурал бол Монгол улсын хуулийн дагуу явагддаг ажил юм. Хэлэх юм олон байна. Ийм нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би иргэдийн төлөөлөгчөөс сонгогдсон 7 төлөөлөгчийн нэг юм. Анхдугаар хуралдаан бол хууль номын дагуу хүчин төгөлдөр болсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эсэргүүцэж байна. Сонгуулийн хороотой асуудал яригдаж байна. Эдгээр хүмүүс нь мөрийн хөтөлбөрөөсөө гадуур боршур хийгээд тараагаад явж байсан нь нотлох баримтаар тогтоогоод шүүхээр шийдэгдсэн. Сонгуулийн хэсгийн дарга төрийн албан хаагч учраас бүгдийг мэдэж байгаа. Анхдугаар хуралдааны хуулийн дагуу явуулсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөлдөө: Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Ж.Мөнхнасан миний бие хариуцагч, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч өөр оролцож байна. Өнөөдрийн хэлэлцэж байгаа хэрэгт өмгөөллийн үгээ явуулна. Хавтас хэргээс нотлох баримтыг шинжлэн судлуулсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэлийн хуулийн заалт нь хариуцагчийн эрх, үүрэг байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн эрх, үүргийг эдэлж оролцож байна. Мөн Захиргааны хэрэгт итгэмжлэл хийсэн атлаа, нэхэмжлэгч Б.Д гээд иргэний нэрээр нэхэмжлэл гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс юуг хэлэх гээд байна гэвэл Б.Д нэхэмжлэл гаргах хүн мөн үү гэдэг нь эргэлзээтэй байна. Итгэмжлэл нь нэхэмжлэгчийн байр сууринаас биш, хариуцагчийн байр сууринаас итгэмжлэл олгосон байна. Энэ нэхэмжлэлийг гаргах этгээд биш байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.4-д зааснаар итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус байна. Захиргааны ямар маргаанд оролцох талаараа тодорхой зааж өгөх ёстой. Итгэмжлэл нь тодорхой бус харагдаж байна.

Анхдугаар хуралдааныг эхлэхэд 100 хувийн ирцтэй байсан. Хариуцагч бол анхдугаар хуралдааныг зохион байгуулдаг хүмүүс биш юм. Тухайн үеийн хурлын ажлын алба нь анхдугаар хуралдааныг зохион байгуулж, анхдугаар хуралдаан нь эхэлдэг юм. Анхдугаар хуралдааныг зохион байгуулахад тогтоол гаргаад тэрнийхээ хурлын тэргүүлэгч нартаа мэдэгдэх хуудсыг хүргүүлдэг. 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаартай сонгуулийн хорооны тогтоол нь ажлын албанд очсон. Тухайн 21 төлөөлөгчийг хуралд суухыг мэдэгдэж, анхдугаар хуралдааныг хуулийн дагуу зарласан. 5 төлөөлөгчийн эрхийг нь түдгэлзүүлсэн асуудлыг яриагүй. Энэ талаар нотлох баримт шинжлэн судлахад иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэмдэглэлээс уншиж танилцуулсан. Монгол улсын Засаг  захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8, 23.9-д заасны дагуу 50 хувийн ирц хүрсэн учраас анхдугаар хуралдааныг явуулсан. Сонгуулийн хорооноос нэр дурдагдсан 5 хүнийг оруулж болохгүй гэсэн бичиг ирээгүй.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хурал тарсанд тооцуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Энэ нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлд ямар үндэслэлээр хурлыг тарсан тооцох бэ гэдэг асуудал нь тодорхой байгаа. Иймд хурлыг тарсан тооцуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрх хэмжээ байхгүй байгаа.

2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр түдгэлзүүлэх захирамж гарсан. Захирамж гарсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж зааж өгсөн байдаг. Энэ талаар маргаан гарсан ямар маргаан гарсан бэ гэхээр таны гомдлыг хүлээн авах боломжгүй гэдэг зүйл яригдаж байсан. Тэгэхээр сонгуулийн хорооны Уранбилэг нь анхдугаар хуралдаан дээр уншиж өгөөд танилцуулсан байдаг. Дээрх 5 хүнийг хуралдаанаас гаргах эрх хэмжээ байхгүй байсан. Ахмад настай Лхагва-Очирт хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгаан байхгүй. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг тайлбарласан Улсын Дээд Шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаар тогтоол байгаа.

Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд 106.3.14-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Цээл сумын Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүх хуралдаанд дахин тодруулснаар ”Говь-Алтай аймгийн Цээл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “Цээл сумын Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан хууль бусаар хуралдсаныг хүчингүйд тооцож, уг хуралдаанаас гаргасан 01,02,03,04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах, сумын Хурлыг тарсанд тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 28 дугаар зүйлийн 28.2, 28.2.4-д зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх эрхтэй байна.

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Цээл сумын Ардчилсан намын дарга Х.Лхагва-Очироос 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101 албан бичгээр Б.Д олгосон итгэмжлэлд  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4-д “нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх эсхүл багасгах” эрхийг олгоогүй байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ын “Сумын Хурлыг тарсанд тооцуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “сумын Хурлыг тарсанд тооцуулах, дахин сонгууль явуулахыг сумын сонгуулийн хороонд даалгах” гэж нэмэгдүүлсэн боловч “дахин сонгууль явуулахыг сумын сонгуулийн хороонд даалгах” шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хэргийн оролцогчдоос гаргасан нэмэлт тайлбар зэрэгт үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Цээл сумын Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс Говь-Алтай аймгийн Цээл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 449 дүгээр хэсэгт Ардчилсан намаас нэр дэвшсэн нэр бүхий 5 нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасаж, Монгол Ардын намаас нэр дэвшсэн 5 нэр дэвшигчдийн сонгогдсонд тооцсон Цээл сумын сонгуулийн хорооны тогтоолтой маргаж байжээ. Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус нэхэмжлэлд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181 дүгээр захирамжаар маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-с 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Цээл сумын Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг шүүхэд маргаантай байгаа Монгол Ардын намаас нэр дэвшсэн 5 нэр дэвшигчдийг оролцуулан хуралдсан нь хууль бус гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлана.

Нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл маргаан нь орон нутгийн сонгуулиас үүдэлтэй маргаан байх боловч сонгуультай холбоотой маргаан нь шүүхээр хянан шийдвэрлэгдсэн байх тул сонгуультай холбоотой үйл баримтын талаар талууд маргах эрхгүй байна.

Хариуцагчаас нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасагдсан Ардчилсан намын 5 нэр дэвшигчийн талаар буюу сонгуулийн дүнгийн талаарх маргаан нь сумын сонгуулийн хорооны үйл ажиллагаатай холбоотой тул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал /цаашид сумын Хурал гэх/ хариуцлага хүлээх учиргүй, сонгуулийн хорооны тогтоолоор сонгогдсон тооцсон нэр дэвшигчдийг оролцуулан анхдугаар хуралдааныг хийсэн нь хууль зөрчөөгүй гэж тайлбарлана.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид зарлан хуралдуулахаар заасан байх тул Говь-Алтай аймгийн Цээл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор  2016 оны орон нутгийн сонгуулиар сонгогдсон сумын анхдугаар хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдуулахаар зарласан байна.

2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн сумын анхдугаар хуралдаанд шинээр сонгогдсон төлөөлөгчид бүгд хүрэлцэн ирж нээлтээ хийж, сумын сонгуулийн хорооноос сумын хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг баталсан тогтоолыг танилцуулсны дараагаар Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгчдөөс нэр бүхий 5 нэр дэвшигчдийн талаар маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдээгүй байх тул анхдугаар хуралдааныг бүрэн ирцтэйгээр буюу сонгуулийн хороонд тогтоолд дурдсан 5 төлөөлөгчийг оролцуулан хуралдах нь хууль бус гэж маргажээ.

Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-д “...Сумын сонгуулийн хороо нь сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон сумын хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор тус тус мэдээлнэ.” гэж, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “а”-д Сумын хурал нь хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлэхээр заажээ.

Эндээс үзвэл сумын Сонгуулийн хорооны өргөн мэдүүлсэн тогтоолыг үндэслэн сумын анхдугаар хуралдаанаар сумын хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг шийдвэрлэх нь шинээр сонгогдсон сумын хурлын хуралдааны анхны шийдвэрлэх асуудал байна.

Иймд нэр бүхий 5 нэр дэвшигчийг хуралдаанд оролцуулахгүй буюу төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх үндэслэлээр анхдугаар хуралдааныг хуралдуулахгүй байх үндэслэлгүй юм. Түүнчлэн Сонгуулийн хорооны холбогдох актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг биелүүлэх үүрэг нь сумын Сонгуулийн хороонд хамаарах ба үүнд сумын Хурлыг шууд буруутгах үндэслэл болохгүй юм.

Анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулсан өдөр хуралдаан үргэлжлэх боломжгүй болсон тул 21 хоногийн дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Ардын нам, сумын хуралд сонгогдсон нэр дэвшигчдийн шаардсанаар бүрэн эрх дуусгавар болоогүй байгаа сумын хурал анхдугаар хуралдааныг хуралдуулсныг буруутгахааргүй байна.

  Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13-д ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдааныг хуралдуулж, орон нутгийн удирдлагын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх хуулийн шаардлага байх тул нийтийн эрх, ашиг сонирхлын үүднээс анхдугаар хуралдааныг хуралдуулсан нь зөв бөгөөд Ардчилсан намаас сонгогдсон нэр дэвшигч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буюу сумын сонгуулийн хорооны тогтоолтой маргаж байгаа гэх шалтгаанаар анхдугаар хуралдаанд оролцоогүйг зөвтгөх үндэслэлгүй байна.  

Учир нь анхдугаар хуралдаанаар сонгогдсон нэр дэвшигчдийн төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөөгүй байхад хуралдаанд оролцохгүй байх эрх үүсэхгүй бөгөөд  Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д зааснаас үзвэл хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарах талаар зохицуулалт нь зөвхөн хурлын төлөөлөгчид хамаарахаар байна.

Харин анхдугаар хуралдаанаар төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тогтоолыг батлах үед нэр бүхий 5 нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаараа саналаа гаргаж хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байсан бөгөөд тэдгээр 5 нэр дэвшигчийн эрх, ашиг сонирхлоос хамаарч, нийтийн эрх, ашиг сонирхлыг төлөөлөхөөр сонгогдсон бусад нэр дэвшигчийн эрхийг хязгаарлах улмаар орон нутгийн удирдлагын үйл ажиллагаа тасалдах учиргүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчийн насаар ахмад нь удирдаагүй хууль бус гэж маргажээ.

 Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар ахмад нь удирдахаар заасан боловч тэр хуралдаанд ирээгүй бол хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй ба насны дарааллаар дараачийн хүнээр удирдуулж болохоор байна.

Мөн анхдугаар хуралдааны ирцийн талаар талууд маргаагүй учир энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Хавтас хэрэгт авагдсан 2016 оны 12 сарын 20-ны өдөр  болон 2017 оны 4 сарын 03-ны өдөр  нотариатаар баталгаажуулсан сумын Хурлын анхдугаар хуралдааны тэмдэглэлийн 2-3 дахь хуудаснууд зөрүүтэй байх ч талууд энэ талаар маргаагүй болохыг тэмдэглэж байна.

Иймд Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдааныг хууль бусаар хуралдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Цээл сумын Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ын “Говь-Алтай аймгийн Цээл сумын Хурлыг тарсанд тооцуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

2. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дүгээр зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.4, 23.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Цээл сумын Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ын ”Говь-Алтай аймгийн Цээл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “Цээл сумын Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан хууль бусаар хуралдсаныг хүчингүйд тооцож, уг хуралдаанаас гаргасан 01,02,03,04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ОЮУНГЭРЭЛ