Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 123/2022/0052/З |
Дугаар | 001/ХТ2023/0060 |
Огноо | 2023-10-02 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2023/0060
Төв аймгийн Борнуур сумын Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ц.Цогт
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
М.Батсуурь
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 311 дүгээр магадлалтай,
Хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Х нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 282 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/272 дугаар захирамжийг хүчингүй болгуулах;
2.Хэргийн нөхцөл байдал: “НА” ХХК нь Төв аймгийн Борнуур сумын, 4 дүгээр багийн Өнжинд, төмс, хүнсний ногооны зориулалтаар, 100 га газрыг эзэмшдэг бөгөөд “кадастрын шинэчилсэн мэдээллийн санд бүртгүүлээгүй, газар эзэмших гэрээ шинээр байгуулаагүй, гэрээгээ дүгнүүлээгүй, газрын төлбөр төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй, 2020, 2021 онуудад тосны ургамал тариалсан, таримлын төрөл тус бүрээр тариалсан болон хураасан ургац, бэлтгэсэн уринш, талбай ашиглалтын талаарх мэдээг жил бүр ирүүлэх үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
3.Нэхэмжлэгчээс “... газрыг зориулалтын дагуу буюу рапс тарьж, үр тарианы зориулалтаар ашигласан, татвар дээр төлбөрөө төлөх гээд очихоор нэхэмжлэх үүсээгүй гээд төлбөр төлж болохгүй байсан, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, мэдэгдээгүй, хүнд өвчтэй байсан учир гэрээгээ шинэчлэн байгуулж чадаагүй, тайлан мэдээгээ утсаар өгдөг байсан” гэж маргажээ.
4.Анхан шатны шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:
4.1.газрын төлбөрөө 2015-2019 онуудад бүрэн төлсөн, харин 2020, 2021 онуудын газрын төлбөрөө төлөөгүй, төлбөрийн нэхэмжлэл үүсгүүлэх талаар газрын даамал болон түүний дээд шатны байгууллага, албан тушаалтанд, шүүхэд хүсэлт, гомдол, нэхэмжлэл гаргаж байгаагүй,
4.2.тухайн газрыг төмс хүнсний ногоо тариалах зориулалтаар ашиглах эрхтэй, эзэмшлийн газартаа 2020, 2021 онуудад тосны ургамал буюу рапс тариалсан нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т заасан газрыг зохистой ашиглах үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэж дүгнэх үндэслэлтэй байна,
4.3.Д.Б нь нэхэмжлэгчийн ажлыг хариуцан ажиллаж буй бөгөөд суманд ирээрэй гэх мэдэгдлийг хүлээн авсан хүний хувьд уг мэдэгдлийг нэхэмжлэгчид мэдээлэх боломжтой, нэхэмжлэгч нь хуульд заасан журмаар сонсох ажиллагаанд оролцох, тайлбар нотлох баримтаа гаргаж өгөх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй,
5.Давж заалдах шатны шүүх: “...Газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг байх тул нэхэмжлэгч компанийн дурдаж буй дээрх үндэслэл нь газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохооргүй байна” гэсэн үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:
6.1.Захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломжгүй олгоогүй, дүр үзүүлсэн ажиллагаа явуулсан,
6.2.“НА” ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөр огноологдсон албан бичгээ манай кампанид хүргүүлээгүй, мэдэгдлийг цахим хаягаар хүргүүлсэн боловч буруу хаяг руу явуулсан болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдсон,
6.3.Газрын эзэмших гэрчилгээ дээр “НА” ХХК-д Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 46 тоот шийдвэрийг үндэслэн 100 га газрыг 40 жилийн хугацаатай, үр тарианы зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон. Төрийн эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас гэрчилгээ дээр “Үр тарианы зориулалтаар” гэж бичигдсэнээр 15 жилийн турш уг зориулалтаар эзэмшиж ашиглаж ирснийг газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж буруутгах үндэслэлгүй,
6.4.Газрын төлбөрийн тухай хуулийг шүүх өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, манай компани татвар дээр төлбөрөө төлөхөөр очиход нэхэмжлэл үүсээгүй байсан. Захиргааны байгууллага хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байхад газар эзэмшигчийг буруутгасан нь үндэслэлгүй бөгөөд Газрын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт орохоос өмнөх бүх хугацаанд газрын төлбөрөө төлж байсныг харгалзан үзээгүй.
7.Хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
8.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
9.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай бөгөөд дээрх заалтын агуулга нь урьдчилсан гурван нөхцөлтэй, эдгээр нөхцлүүд нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд уг заалтын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзнэ.
10.Тодруулбал, газраа зориулалтын дагуу ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан 2 жил байх, ашиглаагүй шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байхаар хууль тогтоогчоос урьдчилсан нөхцөл заасан, энэхүү маргааны үйл баримтын тухайд эдгээр шаардлагыг хангаагүй, захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө нөхцөл байдлыг тодруулах, холбогдох нотлох баримтыг цуглуулах ажиллагааг бүрэн дүүрэн хийгээгүйгээс захиргааны акт үндэслэл бүхий болж чадаагүй байна.
11.Нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрийн эзэмшил газартаа 2020 онд рапс тарьсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн аль алины тайлбараар тогтоогдсон, энэ үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй, харин хариуцагчаас “төмс, хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлсэн газар дээр үр тарианы зориулалтаар буюу рапс гэдэг тосны ургамал тариалсан тул газрыг зориулалтын дагуу ашиглаагүй” гэж маргасныг шүүхүүд үндэслэлтэй гэж дүгнэсэн нь буруу болжээ.
12.Учир нь Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаар захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхдээ газрын зориулалтыг “төмс хүнсний ногооны зориулалтаар” гэсэн атлаа 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд “үр тарианы зориулалтаар” гэж олгосон нь зөрчилтэй, энэхүү зөрчлөө захиргааны байгууллага өөрөө засаагүй, нэхэмжлэгчийг рапс тарих үед хориглоогүй, хориглосон шийдвэр гаргаагүй тул захиргааны байгууллага зөрчилтэй шийдвэрийнхээ үр дагаврыг өөрөө хариуцана.
13.Тариалангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн, ашиглуулсан газарт дараахь төрлийн таримлын үйлдвэрлэл эрхэлнэ” гээд, 16.2.2-т “төмс, хүнсний ногоо, мөөг”, 16.2.5-д “тосны ургамал” гэж заасан, хариуцагчаас нэхэмжлэгчийн “рапс тарьсан” үйл ажиллагааг ямар үндэслэлээр тариалангийн зориулалт биш болох талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, нөгөө талаар Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор “талбайн 20%-иас хэтрүүлэхгүйгээр тосны ургамал тариалах гэж заасныг зөрчсөн” гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа боловч ийнхүү тогтоол гарсан талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, мэдэгдсэн тухай баримт хэрэгт авагдаагүй, маргаан бүхий газарт хэдэн хувьд нь тосны ургамал тарьсан, үүнээс шалтгаалан ямар хохирол учирсан, хөрсний бүтэц, үржил шимд ямар сөрөг нөлөө учирсан талаар захиргааны байгууллага шалгаж тогтоогоогүй, хөрсний төлөв байдал, чанарт хийсэн аргохими, агрофизикийн шинжилгээ, ямар нэгэн баримт байхгүй тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуулийн үндэслэл бүрдээгүй байна.
14.Тариалангийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “энэ хуулийг зөрчсөн хүн хуулийн этгээдэд Эрүүгийн хууль эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж, Зөрчлийн тухай хуулийн 13.1 дүгээр зүйлийн 3-т “тариалан үйлдвэрлэл эрхлэгч тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөхдөө сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдээгүй ... бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан, хариуцагчийн “бэлтгэсэн уринш, талбай ашиглалтын талаарх мэдээг жил бүр ирүүлэх үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэл нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг шууд хүчингүй болгох хангалттай үндэслэл биш, торгох, урьдчилан сануулах арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой, нөгөө талаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн төлөөлөгч Д.Батсайхан нь хүнд гэмтэл авсны улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй болох нь эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдож байх тул хүндэтгэн үзэх шалтгаанаар газар эзэмшигчийн үүргээ биелүүлж чадаагүй гэж үзэв.
15.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасан, нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2019 он хүртэл газрын төлбөрөө бүрэн төлж байсан, харин Газрын төлбөрийн тухай хуульд 2019 онд өөрчлөлт орж, газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн газрын төлбөр тооцох шинэ зохицуулалттай холбоотойгоор 2020, 2021 оны газрын төлбөрөө төлөөгүй, ийнхүү төлөөгүй шалтгаанаа “татвар дээр төлбөрөө төлөх гээд очихоор нэхэмжлэх үүсээгүй гээд төлбөр төлж болохгүй байсан, газрын алба дээр очиход танай газрыг цуцалсан гээд мэдээллийн санд газрын бүртгэл оруулж өгөөгүй” гэж маргасан.
16.Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/335 дугаар албан бичгээр нэхэмжлэгч хуулийн этгээдэд хандаж, “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хангалттай үндэслэл байгааг мэдэгдэж байна” гэсэн мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч нэхэмжлэгч хуулийн этгээд уг мэдэгдлийг хүлээн аваагүй, газар тариалангийн мэргэжилтний 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн илтгэх хуудаст “шуудан очоогүй гэсэн шалтгаанаар сонсох үйл ажиллагаанд хүрэлцэн ирээгүй” гэснээс үзэхэд захиргааны байгуулага нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо нэхэмжлэгч хуулийн этгээдэд урьдчилан мэдэгдээгүй, сонсгох ажиллагаа хийгээгүй, нотлох баримт цуглуулах, нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа хийгээгүйгээс нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.
17.Энэ тохиолдолд захиргааны байгууллага сонсох ажиллагааг зохих журмын дагуу хийсэн бол хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөх байсан буюу нэхэмжлэгч төлбөр төлөх хүсэлтэй байсан, гагцхүү мэдээллийн сантай холбоотойгоор төлбөрөө төлж чадаагүй, захиргааны байгууллагаас “өөрийн цахим сайт болон сонинд гэрээгээ шинэчлэн батлуулж, бүртгүүлэхийг мэдээлж байсан” гэх боловч энэ нь нийтэд чиглэсэн захиргааны акт биш, газар эзэмшигч хуулийн этгээд тодорхой байхад тухайн хувь этгээдэд мэдэгдэх бүрэн боломжтой байсан, нэхэмжлэгчийн “олон талт хамтын ажиллагааны гэрээ, нийгмийн хариуцлагын гэрээ байгуулахдаа холбогдож болоод байдаг, газар цуцлах болохоор хэлэхгүй, гэрээгээ дүгнүүлэх, шинэчлэн батлуулах боломж олгоогүй” гэх агуулгатай тайлбар үндэслэлтэй байна.
18.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан, анхан шатны шүүхийн “...хөдөө аж ахуйн мэргэжилтэн утсаар яриад хурал болох гэж байгаа суманд ирээрэй гэж хэлсэн, сонсох ажиллагаанд оролцох, тайлбар гаргах боломжтой байсан” гэх дүгнэлт буруу бөгөөд захиргааны байгууллага нь тухайн суманд үйл ажиллагаа явуулж байгаа тариалан эрхлэгч, түүний талбайн нөхцөл байдал, явуулж байгаа үйл ажиллагааг нэг бүрчлэн мэдэх үүрэгтэй, хэрэв зөрчил илэрсэн бол тэр даруй зөрчлийг таслан зогсоох, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой.
19.Тухайн хэргийн хувьд, нэхэмжлэгч хуулийн этгээд нь 100 га газар эзэмшдэг, тариалангийн газрын төлөв байдал ямар байгааг захиргаа урьдчилан шалгах, мэдсэн байх чиг үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдэд 2008 онд газар эзэмшүүлсэн боловч тухайн үед 2008-2019 он хүртэл газар эзэмших гэрээ байгуулж байгаагүй, гэрээг жил бүр дүгнэж байгаагүй, зөрчлийг тухайн цаг хугацаанд нь зогсоож, хяналт шалгалт хийж, гэрээ байгуулах эсэхээ шийдээгүй атлаа урьдчилан мэдэгдэлгүйгээр шууд газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь зөрчлийн шинж байдалд тохироогүй, хүндэдсэн гэж үзэхээр байна.
20.Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 311 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хангаж, Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/272 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
П.СОЁЛ-ЭРДЭНЭ