Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 135

 

Б.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00165/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 660 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч: Б.С-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Ц.Д-т  холбогдох, 

          “Зээлийн төлбөр 4.000.000 төгрөг гаргуулах”  тухай иргэний хэргийг,

          Хариуцагч Ц.Д-ын давж заалдсан гомдлыг үндэслэн,

          2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч  Б.С-, өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагч Ц.Д-, өмгөөлөгч Л.Оюунсувд, нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          2014 оны 11 дүгээр сарын 4-нд 4 000 000 төгрөг 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан. 2014 оны 11 дүгээр сарын 7-ноос 12 дугаар сарын 5 хүртэл нийт 715 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 6-наас 12 дугаар сарын 24 хүртэл 335 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 10-наас 07 дугаар сарын 21 хүртэл 538 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 07-ноос 2015 оны 12 дугаар сарын 19-нийг хүртэл хугацаанд 405 000 төгрөг, нийт 1 993 000 төгрөгийг авсан. Ц.Д- зээлийн хугацааг 14 сараар хэтрүүлсэн гэж үзэж үндсэн зээл буюу 4 000 000 төгрөгийн 50 хувь тооцож 2 000 000 төгрөг, дээрх 1 993 000 төгрөгийг хүүндээ тооцож үндсэн зээл 4 000 000 төгрөгөө нэхэмжилж байсан бөгөөд шинжээчийн дүгнэлттэй танилцаад 4 000 000 төгрөгөөс авсан 1 993 000 төгрөгөө хасаад 2 007 000 төгрөг нэхэмжлэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Уг нь зээлийн гэрээ байгуулах гэтэл өөрөө гарын үсэг зурахгүй байхаар нь энэ гэрээг хожим хийсэн нь үнэн. Өөрийнх нь тайлбараар 4 000 000 төгрөг авсан. Энэ нь таарч байгаа. Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 10 гэхэд 3 150 000 төгрөг өгсөн гэх юм. Энэ богинохон хугацаанд ийм байдлаар мөнгө төлөлт хийгээгүй, би охиноос нь мөнгө аваагүй. 2 007 000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэжээ.

          Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          4 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би түүнээс авсан мөнгөө хүүтэй нь төлж барагдуулсан. 2014 оны 10 дугаар сарын 14-нөөс 2015 оны 02 дугаар сарын 10 хүртэл 3 150 000 төгрөг өгсөн. 2015 оны 04 дүгээр сарын 10-ны хугацаанд 538 000 төгрөгийг, 2015 оны 07 дугаар сард манай охин А.******* 1 000 000 төгрөгийг, 2015 оны 12 сарын хугацаанд 405 000 төгрөгийг би өөрөө тус тус өгч нийт 5 093 000 төгрөгийг өгсөн. Бид бичгээр гэрээ байгуулаагүй, надаас мөнгө авахдаа гарын үсэг зуруулдаггүй. Надад мөнгө авсан баримт байхгүй, гэсэн ч би мөнгийг төлж дуусгасан. Надад өгөх төлбөр байхгүй гэжээ.  

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 660 дугаар шийдвэрээр:   

          Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч  Ц.Д-аас  2.007.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгож , үлдэх хэсэг болох  1.993.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.С-эс  2016 оны  01 дүгээр сарын 15-ны өдөр Капитал банктөрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 78.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ц.Д-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох         1.993.000  төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 46.838 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  Б.С-д  олгож,

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

          Хариуцагч Ц.Д- давж заалдсан гомдолдоо:

          Өмнө хийсэн гэрээг дур мэдэн засаж шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгч надаас илүү мөнгө нэхэмжилж үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг нэхэмжлэгч оролдсон. Хуурамч гэрээг шүүхээр шалгуулахаар хүсэлт гаргасан. Шүүх шинжээч томилж дүгнэлт гаргуулсанаар гэрээг засварласан гэдэг нь тогтоогдож Ц.Сэлэнгэ ч гэрээг засварласанаа хүлээн зөвшөөрсөн. Шүүх надад хэргийн оролцогчийн эрх үүргийг бүрэн гүйцэд тайлбарлаж танилцуулаагүй, энд гарын үсгээ зур гэсэн байдлаар эрх үүрэг танилцуулсан ор төдий үйлдэл хийснээс би гэрч асуулгах татгалзлаа нотлох баримтаа гаргаж өгөх ёстой байсан гэдгээ ойлгоогүй.

          Ц.******* охин А.******* нь 1.000.000 төгрөг өгсөнөө баримтжуулж бичлэг хийсэн нь надад байгаа би эрхээ танилцаж мэдээгүйгээс болж шүүхэд нотлох баримт болгож өгөх байсан гэдгээ сүүлд ойлгосон. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг эргэлзээтэй талаас нь авч үзэлгүй ач холбогдол өгч надаас 2.007.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хэргийн оролцогч миний эрх ашгийг хамгаалж хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар нэхэмжлэлийн хангагдсан дүн болх 1.993.000 төгрөгт  төлөх тэмдэгтийн хураамж 46.838 төгрөгийг Б.С-д олгосугай гэжээ. Шүүх шийдвэрээрээ 2.007.000 төгрөг гаргуулахаар болсон атлаа нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлүүлэхээр шийдвэрлэсэн нь мөн хууль зөрчсөн байна гэв.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Б.С- хариуцагч Ц.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт  4.000.000 төгрөг гаргуулах  шаардлага гаргаж,  хариуцагч  Ц.Д- 4.000.000 төгрөгийг хүлээн  зөвшөөрөхгүй, бид бичгээр гэрээ байгуулаагүй, өгөх төлбөр байхгүй гэж маргажээ.

Шүүх  талуудын хооронд  4.000.000 төгрөг зээлдүүлсэн талаар маргаагүй гэж дүгнэн, нэхэмжлэлээс 2.007.000 төгрөгийн шаардлагыг хангаж, 1.993.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн  байна.

 Хариуцагч Ц.Д- нь “надад хэргийн оролцогчийн эрх үүргийг бүрэн гүйцэд тайлбарлаж өгөөгүй, энд гарын үсгээ зур гэсэн байдлаар ор төдий үйлдэл хийсэн” гэсэн гомдол, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд “шүүх хариуцагчид хэргийн материал танилцуулаагүй” гэсэн тайлбар гаргасныг шинжлэн судалж  үзэхэд:

 Иргэний хэргийн оролцогч нь Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 25 дугаар  зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар  хэлэлцүүлэх тухай  шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн  материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх эрхтэй  бөгөөд энэ эрхийг  хангах үүргээ  шүүх хэрэгжүүлээгүй болох нь  хавтаст хэргийн  20 дугаар хуудсанд байгаа  нотлох баримтаар нотлогдож байна.

 Дээрх байдал нь Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн   байх тул  гомдлыг  хангах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар  багасгасан эсэх асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийх нь эрх зүйн ач холбогдолтой болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 660 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

         2.Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар Ц.Д-аас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн  хураамжид төлсөн  47.100 төгрөгийг төрийн сангийн орлогоос  шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

           4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ            

                           ШҮҮГЧИД                                                С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                            С.ЭНХЖАРГАЛ