Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2017/01329

 

П.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01085 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1499 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч П.Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ю Б Э П” ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 8 916 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Зохигчдын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбартаа: 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр "Ю Б Э П" ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах "Нарру town" хотхоны 72 дугаар байрны 238 тоот орон сууцыг худалдаж авсан бөгөөд 46.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 1.880.000 төгрөгөөр бодож нийт 87 232.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 2.232.000 төгрөгийг гүйцэтгэгч "Ю Б Э П" ХХК-д төлж 85.000.000 төгрөгийг Улаанбаатар хотын банкны 8%-ийн хүүтэй зээлийн шалгуурыг хангаж 20 жилийн хугацаатай. сар бүр 710.241 төгрөгийг төлөх нөхцөлтэйгөөр орон сууцны зээлд хамрагдах замаар тус байрыг шилжүүлэн авсан болно. Гэтэл "Ю Б Э П" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ба нэхэмжлэгч 46.4 м.кв талбайтай орон сууц захиалсан байхад 42.14 м.кв буюу 4.26 м.кв-аар дутуу талбайтай орон сууц хүлээлгэн өгч намайг хохироолоо. "Ю Б Э П" ХХК-д 46.4 м.кв талбайтай орон сууцны үнэ 87.232.000 төгрөгөөр бодож уг орон сууцны үнийг төлж байгаа. "Ю Б Э П" ХХК нь гэрээнд зааснаас дутуу тоо, хэмжээ бүхий биет байдлын доголдолтой орон сууц худалдан авагчид шилжүүлснээр харилцан тохиролцож байгуулсан гэрээгээ болон тухайн харилцааг зохицуулсан холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн. Гүйцэтгэгч талын буруутай үйл ажиллагаанаас болж "Ю Б Э П" ХХК нь м.кв-ын мөнгө болох 8 008 800 төгрөг, банкнаас зээлийн хүүнд 908 000 төгрөг тус тус илүү төлчихөөд байна. Иймд Орон сууцны талбайн зөрүү 4.26 м.кв талбайн үнэ 8 008 800 төгрөг, банкны 8 хувийн зээлийн дагуу Худалдаа хөгжпийн банкинд илүү төлсөн 908 000 төгрөг, нийт 8 916 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: "Ю Б Э П" ХХК нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ"-ний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хайппи таун хотхонд байрлах 71, 72, 73 тоот барилгыг "Өндөрбуянт холдинг" ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан. Мөн манай компани уг хотхоны барилгын ажлыг "Өндөр буянт" ХХК болон "Алъяанстехник" ХХК, "Хай кик" ХХК, "Сигма-Отис" ХХК зэрэг компаниудаар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг орон сууцыг чанар стандартад нийцсэн, барилгыг зураг төслийн дагуу хийгдсэн гэж үзээд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2014/709 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актаар гарсан учир бид худалдан авагчдаа уг орон сууцанд оруулж эхэлсэн. Бид борлуулалтын талбайн хэмжээ, үнийг худалдан авагчдад урьдчилсан байдлаар танилцуулдаг бөгөөд үүнийг худалдан авагч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд уг орон сууцыг худалдан авснаас хойш хуулийн хугацаанд манай ХХК-д гомдол, шаардлага гаргаагүй. Манай ХХК барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компаниудаар зураг төслийг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг зураг төслийн дагуу баригдсан болохыг улсын комисс тогтоосон байгаа тул бид хөндлөнгийн компанийн талбайн хэмжээг тооцож гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхээ алдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01085 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг баритмлан хариуцагч "Ю Б Э П" ХХК-иас 908 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 8 008 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч П.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Ю Б Э П" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 26 342 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Ад олгож, нэхэмжлэгч П.Ааас "Эм эм инженеринг" ХХК-ийн шинжээчийн ажлын хөлсөд 54 010 төгрөгийг гаргуулан хариуцагч "Ю Б Э П" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1499 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01085 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 26 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх ИХ-ийн 255.1.1 дэх хэсгийг хуулийг буруу хэрэглэн тайлбарлаж миний нэхэмжлэх эрхийг хязгаарласанд гомдолтой байгаа. Өөрөөр хэлбэл хууль тогтоогчид хуулийн энэхүү зүйлийг тайлбарлахдаа 3 тохиолдлыг оруулж өгсөн байдаг. Хүлээн авч буй эд хөрөнгийг худалдан авагч мэдсэн байх боловч шаардлага гаргах эрхээ алдсан байхыг нэрлэсэн байдаг. Иргэний хэргийн дээд шүүхийн дээрх 3 тохиолдлын казаул тайлбарыг та бүхэн сайтар мэдэж байгаа тул би энд үүнийг нурших илүүц байх. Учир нь нэхэмжлэгч уг доголдлыг анхнаасаа. мэдээгүй байсан гэж маргаж байгаа. Гэтэл хуулийн заалт нь худалдан авч байх үедээ эд хөрөнгийн доголдлыг мэдсэн байхыг шаарддаг. Хуулийн энэ заалтыг шүүх хэрэглэхдээ уг худалдан авч буй эд хөрөнгийн доголдлыг ердийн анхаарал бүхий худалдан авч мэдэх боломжтой байсан тохиолдолд хэрэглэж болдог. Мэдэх боломжтой гэж үзэх энэхүү маргааны хувьд нэхэмжлэгчид хэт өндөр шаардлага тавьж болохгүй тухай тайлбарт дурдсан байдаг. Бусад тохиолдолд хариуцагч этгээд нэхэмжлэгч эд хөрөнгийн доголдолтой байсан гэдгийг нотлох үүрэг хүлээдэг. Гэтэл шүүх хуралдаанд худалдагч энэхүү нотлох зүйл дээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, баримтын хүрээнд мэтгэлцээгүй байхад шүүх хариуцагчийн өмнөөс хуулийн энэхүү шаардлага биелэгдсэн гэж үзсэн. Энэ нь хууль буруу хэрэглэгдэх нөхцөл болсон. Шүүхийн хэрэглээд байгаа ИХ-ийн 255.1.1 дэх хэсгийн энэхүү заалтыг буруу хэрэглэсэн болохыг нотлох нэг баримт нь нэхэмжлэгч этгээд байрны метр кватратын зөрүүтэй байгааг тусгай тоног төхөөрмжөөр хангагдсан, мэргэжил боловсрол эзэмшсэн эрх бүхий хуулийн этгээдийн дүгнэлтээр тогтоогдож байж эрхийн доголдолтой эд хөрөнгө болохыг мэдэж байгаагаар нотлогдож байна. Энэхүү дүгнэлт гараагүй байхад хариуцагч ч энэ доголдлын талаар мэдээгүй байсан байна. Шүүх байрны метр квадратын зөрүүг хариуцагчаас гаргуулахдаа үндсэн үнийг орхигдуулж, харин түүний хүүг гаргуулж байгаагаараа ИХШХШТХ-ийн 40-р зүйлийг ноцтой зөрчиж байгааг харуулж байна. Иймд Сүхбаатар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.14-ний өдрийн 01085 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.06.30-ний өдрийн 1499 тоот магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээ гэж үзэж, мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар орон сууцны талбайн зөрүү 8 008 800 /Найман сая найман мянга найман зуу/-н төгрөгийг хэрэгсэхгүй болгосон боловч орон сууц худалдан авахдаа орон сууцны ипотекийн 8 хувийн хүүтэй зээлд хамрагдаж, түүний хүүнд илүү төлсөн гэх 908 000 /Есөн сая найман мянга/-н төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн тул шийдвэр, магадлалын энэ хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шаардлага гаргах эрхээ алдсан буюу Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосон тохиолдолд түүнээс үүссэн шаардах эрх мөн адил үндэслэлээр хэрэгсэхгүй болно гэж үзэж байна. 2. Талуудын хооронд байгуулсан 2014 оны 12 сарын 09-ний өдрийн ОССГ9201/141209 тоот “Орон сууцны санхүүжилтийн гэрээ”-ээр тогтоогдож байна гэжээ. Гэвч уг гэрээнд орон сууцны зээлийн эргэн төлөлтийн хувиар төлбөл зохих төлбөрийн хэмжээ зэргийг тогтоогоогүй байдаг. Мөн Ипотекийн зээл төлсөн баримт байхгүй бөгөөд Нэхэмжлэгч өөрөө ч уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тооцсон аргачлалаа шүүх хуралдаанд тайлбарлаж чаддаггүй. Уг 8 хувийн орон сууцны зээлд хамрагдаж, түүнийг төлж барагдуулж байгаа талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй буюу зээл илүү төлсөн гэх үйл баримт нь тогтоогддоггүй. 3. Нэхэмжлэгч банкнаас зээл авсан үйлдэл нь Нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу хийгдсэн үйлдэл бөгөөд хариуцагчаас шалтгаалахгүй буюу нэхэмжлэгчийн банкнаас зээл авсан үйлдэл нь хариуцагчийн худалдах худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгээгүйтэй шалтгаант холбоогүй тул хариуцагчийн үйлдлээс учирсан хохирол гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. 4. Мөн байрны урьдчилгаанд төлсөн мөнгө, банкнаас авсан зээлийн аль хэсэг нь доголдолтой холбоотой болохыг тодорхойлох боломжгүй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчид мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлжээ.

Нэхэмжлэгч П.А нь хариуцагч “Ю Б Э П” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн хэмжээнээс илүү төлсөн 8 008 800 төгрөг, энэ хэмжээнд ногдох орон сууцны зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 908 000 төгрөг нийт 8 916 800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. 

Анхан шатны шүүх 908 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх  шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн гомдол үндэслэлтэй ба “...нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн...” нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив. 

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Нэхэмжлэлийн үндэслэл болох 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, “Нарру town хотхоны 72 дугаар байрны 238 тоот 2 өрөө орон сууцыг худалдан авах, орон сууцны үнэ 87 232 000 төгрөгийг төлөх, хариуцагч орон сууцыг хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг нь шилжүүлэх харилцан үүрэг хүлээсэн байх ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болохыг шүүх хуульд нийцүүлэн зөв дүгнэсэн байна.

Гэрээгээр тохирсон орон сууцны талбайн хэмжээ 46.4 м.кв байхаас 42.14 м.кв буюу 4.26 м.кв талбай дутуу болох үйл баримт тогтоогдсон боловч орон сууцыг доголдолтой гэж үзэх эсэхийг шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу дүгнэж чадаагүй нь буруу болжээ.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэхийг тодорхойлжээ. Хэрэв доголдолтой бол худалдан авагч эд хөрөнгийн доголдолыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсвэл доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардах эрхтэйг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2-т заасан байна.

 Хэрэгт байгаа баримтаас үзвэл “Ю Б Э П” ХХК дутуу баригдсан ХД-71,ХД-72,ХД-73-р байрны барилгыг 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээгээр “Өндөр буянт холдинг” ХХК-иас худалдан авсан, гүйцээн барьж, ашиглалтад оруулсан, нэхэмжлэгч бэлэн болсон сууцнаас өөрийн байрыг сонгож, хариуцагчтай гэрээ байгуулжээ. Гэрээг байгуулах үед орон сууц ашиглалтад орсон, нэхэмжлэгч тухайн орон сууцыг байгаа байдлаар нь сонгон авсан байна. Нэгэнт бий болсон орон сууцыг сонгож авсан байхад орон сууцны талбайн хэмжээг засах, залруулах бодит боломжгүйгээс гадна орон сууцны талбайн хэмжээ дутсан боловч уг байдлыг доголдол гэж үзэж, худалдан авагчийн зүгээс доголдыг арилгуулах, доголдлыг арилгасан зардлыг гаргуулах, доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр орон сууцны үнийг бууруулахыг шаардах боломжгүй болсон байна.

Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнд орон сууцны талбайн хэмжээ нь гэрээний гол нөхцөл байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3-т үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үздэггүй байна.

Иймд орон сууцыг доголдолтой гэж үзэхгүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, шүүхийн шийдвэр, магадлал хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01085 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1499 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2 дах хэсгийг баримтлан хариуцагч “Ю Б Э П” ХХКомпаниас 8 916 800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч П.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т, 57 дугаар зүйлийн 57.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 619 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР                                   

   ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА